“Өнөөдөр” сонин “Хүүхдүүдээ шоронд хооллох” санал гаргаад байгаа. Монголын төр, засаг бяцхан иргэдээ шоронгийн хоригдол, тэнэмэл хүмүүсээс ч долоон дор үзэж буй учраас тэр л дээ. “Нарсанд” буй хоригдлуудын өдрийн хоолонд 11650 төгрөг, тэнэмэл хүмүүст 3500 төгрөг төсөвлөдөг хэрнээ дотуур байрны хүүхдүүдэд 2300, сургуулийн өмнөх насныханд 1650, 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цайнд 600 төгрөг өгч, “Голоо зогоо” гээд “нулимчихаж” байгаа нь зөв үү. Та бодоод үз дээ. Эдгээрээс хамгийн тансаг нь хэн байна.
Хүн алж, хүрээ талсан ялтнууд. Гэтэл тэдний “бүсийг” чангалахын оронд харин ч улам өөгшүүлж байна. Тэгсэн хэрнээ өгсөн хоол гололгүй, юу ч хамаагүй иддэг гэнэн насандаа яваа балчир үрсдээ хатуурхаж, баян айлын нохойн хоолны үнэд ч хүрэхгүй мөнгө төсөвлөж буй нь эрүүл ёсонд нийцэхгүй. Хэтрүүлж хэлбэл, “Эрт галвын” үед л цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 1650 төгрөг болгосон байх. Түүнээс хойш хэдэн ч засаг солигдов. Хэнбугай нь ч багачуудын хоол унданд санаа зовиносонгүй. Хоолонд нь улсаас ийм бага мөнгө төсөвлөдөг учраас багачууд хоол тэжээлээс авах ёстой шимт чанар, илчлэгээ нөхөж чадаж байгаа, эсэхийг ярих нь илүүц биз.
Цэцэрлэгийн тогооч, эрхлэгч нар улсаас өгсөн багахан хэмжээний мөнгөөр эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйн тулд бор хоног аргацааж буй нь үнэн. Хүүхдүүдийн хоол тэжээлээс авах ёстой илчлэг, шимт чанар нь хүрэхгүй байлаа гээд үхчихгүй биз хэмээгээд нэг удаа хаяж болох ч багачуудад эрүүл хүнс хэрэглүүлж чадахгүй байгаа нь хамгийн гол асуудал болчихоод буй. Хортой, хямдхан хүнсээр хоол гээчийн “хор” бэлдэж буйгаа сургууль, цэцэрлэгийнхэн өөрсдөө ч мэдэхгүй байна. Энэ нь нөгөө л улсаас өгч буй төсөв мөнгөтэй холбоотой. Хэрвээ тэдэнд олигтойхон шиг мөнгө өгдөгсөн бол 2300, 1650, 600 төгрөгийг хоол болгох гэж шат шатны байгууллагууд чардайхгүй байсан биз ээ.
Нийслэлийн хэмжээнд хүнсний хангамжийн таван төв төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг юм байна. Баянгол дүүрэгт ”Асгат”, Баянзүрхэд “Өсвөр үе хүнс”, Чингэлтэйд “Багачууд хүнс”, Сонгинохайрхан дүүрэг, Налайхын сургууль, цэцэрлэгүүдэд “Хүнс хангамж төв” хүнсний бүтээгдэхүүн түгээдэг аж. Тэдний нийлүүлж буй бүтээгдэхүүнүүд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын стандарт шаардлагад нийцэж байгаа, эсэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2014 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 6-нд хоёр үе шаттай шалгасан юм билээ. Тэд шалгалтынхаа нэгдүгээр шатанд хүнсний хангамжийн дээрх таван төвийг хамруулахад “Өсвөр үе хүнс”, “Асгат” НӨҮГ-ын хүнсний агуулах нь 1950-1970 онд барьсан, хүнс хадгалах боломжгүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. Мөн Чингэлтэй дүүргийн “Багачууд хүнс” НӨҮГ-ынхан аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүнээс гэрээ хийлгүй хүнсний бараа татсан, гарал үүсэл нь тодорхойгүй, байгалийн жимс их хэмжээгээр хадгалж, цэцэрлэгүүдэд түгээж байсан аж.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн “Хүнс хангамж төв” хугацаа дууссан гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж, мөн л гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй жимс, жимсгэнийг цэцэрлэгүүдэд өгч байжээ. НМХГ шалгалтынхаа хоёрдугаар шатанд сургууль, цэцэрлэгүүдэд гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчид болон хувийн хэвшлийн нийт 18 үйлдвэрийг хамруулсан байна. Тэгтэл нийслэлийн 54 цэцэрлэгт таван нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн өгдөг “Гум” ХХК, “Хүнс хангамж төв”, “Асгат”, “Багачууд хүнс” төвд гэрээгээр ундаа нийлүүлдэг “Эко-эрдэнэ” компанийн ажилчид эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй байжээ. Түүнчлэн “Мон сүү” ХХК нь Баянзүрх дүүргийн “Өсвөр үе хүнс”, Сонгинохайрхан болон Налайхын “Хүнс хангамж төв” нийслэлийн 35 цэцэрлэгт сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг хэрнээ үйлдвэрийнх нь халуун боловсруулалтын өрөөний плита нь ховхорсон, хананд нь хөгц, мөөгөнцөр үүссэн зэрэг зөрчил илэрсэн байх юм.
Хэдийгээр тэд зөрчил дутагдлаа арилгасан гэх боловч НМХГ дээрх ханган нийлүүлэх төв, хүнсний үйлдвэрүүдийг ноднингоос хойш дахин шалгаагүй гэнэ. Хүүхдүүдийн ходоодонд орж буй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг, үйлдвэрлэдэг газрууд нэг иймэрхүү л ажилладаг бололтой. Ийм нөхцөлд хүүхдүүд хоргүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж чадна гэж үү. Дээрээс нь ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгчдийн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг машинууд нь зориулалтын бус, тусгай тоноглолгүй, хөргөх төхөөрөмж, дулаан хэмжих хэрэгсэлгүй байгаа нь бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах горим зөрчиж, чанар, аюулгүй байдлыг нь алдагдуулах гол нөхцөл болж буйг ЭМСЯ-ны хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Ганзориг хэлж байна.
Тэрбээр сургууль, цэцэрлэгүүдэд хүнс ханган нийлүүлж буй төвүүдийн үйл ажиллагааг цэгцлэхээр “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрт тусгасан байгаа. Тэднийг нэгдсэн системд оруулж, дүүрэг бүрт байгаа төвийг цөөлж, нэг шат дамжлагаар эрүүл, аюулгүй хүнс түгээх ажлыг үе шаттай зохион байгуулна. Ингэхгүй бол эдгээр төв чанарын баталгаагүй, хаяг, шошгогүй бүтээгдэхүүн нийлүүлэхийн зэрэгцээ танил талдаа үйлчилж, далд бизнес хүртэл цэцэглүүлж байгаа учраас энэ олон дамжлагыг үгүй болгоно” гэж хэлсэн.
Тэгвэл хүнсний хангамжийн төвүүд хэрхэн ажиллаж буй талаар ”Асгат” НӨҮГ-ын захирал Д.Майцэцэгээс тодрууллаа.
-Танай төв дүүргийнхээ хичнээн сургууль, цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг вэ?
-Манайх Баянгол дүүргийн төрийн өмчийн 31 цэцэрлэгийн 14000 орчим хүүхдэд эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан 70 орчим нэр төрлийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Нэг цэцэрлэгт долоо хоногт 1-2 удаа бүтээгдэхүүн нийлүүлж, гэрээний дагуу хамтран ажилладаг.
-Хүүхдүүдэд хүртээмжтэй, аюулгүй, эрүүл хүнс хаанаас, хэрхэн сонгодог бол. Ямар ямар үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг вэ?
-Бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулдаг. Тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтдоо тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуйн стандарт шаардлагыг тодорхой зааж өгдөг. Гурил, төмс, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн худалдаж авахдаа дотоодынхоо үйлдвэрүүдийг дэмждэг. Мөн амархан муудах сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боовыг үйлдвэрлэгчээс хэрэглэгч буюу цэцэрлэгүүдэд шууд нийлүүлэхээр гурвалсан гэрээ байгуулж, хяналт тавьдаг. Жишээлбэл, “Эрдэнэ-Энх трейд”, “Эко-эрдэнэ”, “Алейск импекс”, “Таванбогд интернэйшнл”, “Мон масло”, “Мон сүү”, “Гум”, “АПУ”, “Талх, чихэр”, “Өгөөж”, “Атар өргөө” ХХК-тай хамтран ажиллаж байна. Манайд хүнсний хоёр эрүүл ахуйч ажиллаж, бүтээгдэхүүнүүдийн сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн он, гарал үүслийн бичиг, холбогдох шинжилгээ зэргийг шалгаж авдаг.
-Хүнс хадгалах, түгээх, нийлүүлэх явцад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна?
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн түгээх нэг автомашинтай ажиллаж байна. Дугаарын хязгаарлалтын улмаас ажлын таван өдрийн нэгд нь бүтээгдэхүүнээ түгээх боломжгүй учраас ажлын ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн тухайн нэг бүтээгдэхүүнийг нэг аж ахуйн нэгжээс сонгох хуультай учраас өөр компаниудыг өрсөлдөх, тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмуудтай зөрчилдөхөд хүргэж байна.
-Танай хүнсний агуулахыг 1950-1970 онд барьсан, хүнс агуулах боломжгүй, зориулалтын бус байртай гэж 2014 онд НМХГ дүгнэсэн байсан. Агуулахаа шинэчилсэн үү?
-Манай барилгыг 1957 онд коммунист субботникийн ажилд зориулан босгосон юм билээ. Энэ байранд акт тогтоосноос хойш манайх нийслэлийн 70 дугаар сургуулийн хичээлийн II байрыг түрээсэлж байна. Харин хүнсний агуулахыг нь 1998-1999 онд барьсан. Энэ барилга нь стандартын зарим шаардлага хангахгүй байгаа учир бид жил бүр тодорхой зардлаар засварлаж, бүтээгдэхүүнээ хадгалж байна. Гэхдээ энд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 1-7 хоног л хадгалдаг. Өдгөө хуучин барилгын суурин дээр шинэ барилга барихаар нийслэлийн 2016 оны төсөвт тусган, зураг төслийг нь боловсруулж, Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлээд байгаа.
-Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг автомашинууд зориулалтын бус, тусгай тоноглолгүй, хөргөх төхөөрөмж, дулаан хэмжих хэрэгсэлгүй байдаг гэж дуулсан?
-Нийслэлээс манайд зориулалтын тоноглолтой, хөргөх төхөөрөмж бүхий хоёр автомашиныг өгөхөөр тендер зарласан байгаа. Манай түгээгч машин төмөр амбаартай. Мэргэжлийн хяналтынхны тавьсан шаардлагын дагуу амбаарын дотор талыг төмөрлөж, ариутгах, цэвэрлэх ажлыг графикийн дагуу гүйцэтгэдэг гэж ярив.
НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Алтантуулаас цэцэрлэгийн хүүхдүүд, сурагчдын үдийн цай, дотуур байрныхны хоол тэжээл чанар, аюулгүй байдал талаасаа хэр хангагдаж буйг тодруулахад “Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлдэг. Хүн амын дундаж наслалт тэдэнтэй салшгүй холбоотой. Учир нь ихэнх архаг өвчний суурь нь энэ насанд тавигддагийг судлаачид тогтоосон байдаг тул тэдний эрүүл мэнд, сурч хүмүүжих орчныг аюулгүй байлгахад анхаарах нь чухал болоод байна. Энэ жил бид МХЕГ-ынхантай хамтарч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг төлөвлөгөөт шалгалтад хамруулсан.
Хүүхдийн хоол тэжээлийн илчлэгийг ч давхар тодорхойлсон. Цэцэрлэгүүдийн хоолны илчлэгийн хэмжээ ерөнхийдөө хүрч байсан ч хүүхдүүдийн хүнсээс авах ёстой микро элемент, эрдэс бодис, шимт чанар дутмаг байгаа нь гол асуудал болоод буй. Шаардлага тавьсан байгууллагууд энэ дутагдлаа бага багаар арилгаж л байна. Хувийн цэцэрлэгүүдийг энэ удаа шалгалтад хамруулаагүй. Сургуулийн өмнөх боловсрол олгож буй төрийн бус байгууллагуудыг 2016 онд шалгахаар төлөвлөж байна. Хувийн цэцэрлэг, өндөр өнжүүлэхүүдийн зарим нь хоёр, гурван өрөө байранд, гал тогоогүй, хоол хүнсний материал ч байхгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байх жишээтэй.
Тэдэнтэй хоолны илчлэг, шимт бодисын талаар ярих ч юм биш. Цэцэрлэгийн хүүхдийн болон сурагчдын үдийн цайны мөнгө хангалтгүй гэж би боддог. Дээрээс нь хүнсний хангамжийн төвүүд дайвар байгууллагын үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс цэцэрлэгүүдийг төсвөө захиран зарцуулах, хүнсний аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүнийг зах зээлээс өөрсдөө зөв сонгох хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихвөл байдал шал өөр болно. Хүнс ханган нийлүүлэх төвүүдийг шалгаж байхад нэгдсэн журмаар, нэг төрлийн бүтээгдэхүүн түгээгээд байдаг. Тухайлбал, хятад үзэм, чангаанз маш их байна. Мөн хаяг, шошгогүй бүтээгдэхүүн хүртэл олон байдаг. Махаа хүртэл яг нэг газраас авчихсан байдаг.
Энэ нь бидний хэлж заншсанаар шахааны бараа нийлүүлэгдээд байна гэсэн үг. Үүнээс болоод хүүхдүүдийн хоол хүнснээс авах ёстой шимт чанар, илчлэг нь хадгалалт, түгээлтийн явцад буурдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн гэдсийг дүүргэх гэж л хооллоод буй хэрэг. Иймээс цэцэрлэгүүд сүү, тараг, жимс, хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүнээ өөрсдөө худалдан авах нь зүйтэй. Цэцэрлэгийн тогооч нар чадварлаг. Гэлээ гээд улирлын чанартай өвчин гарсан үед аарц, чацарганаа ч хүүхдүүддээ өгч чадахгүй л байна. Энэ нь нийлүүлэлттэй холбоотой” гэж ярьсан юм. НМХГ өнгөрсөн хавар найман дүүргийн 42 сургуулийн 40 цайны газрын үйл ажиллагааг шалгасан юм байна. 2006-2015 онд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буйг нийт 15 удаа шалгасан аж. Хаврын шалгалтаар сургуулиуд зориулалтын цайны газаргүй (50.5 хувь), хүчин чадлаасаа 2-2.5 дахин олон сурагчдад үйлчилдэг, усан хангамжийн төвлөрсөн сүлжээнд бүх сургууль хамрагдаагүй, тусдаа цайны газаргүй байжээ.
“Үдийн цай” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүдийн зарим нь хоолны технологийн горим мэдэхгүй, үдийн цайнд ямар ямар хүнсний бүтээгдэхүүн байх ёстойг ч ойлгоогүй хүмүүс байдаг гэх. Дээрээс нь сургуулиудын цайны газруудад хийжүүлсэн ундаа, шарж, хуурсан хоол, хүнс худалдахыг хориглосон атал үдийн цайны хажуугаар иймэрхүү бүтээгдэхүүн борлуулж буй сургууль олон байж. Тодруулбал, хөлдөөсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, нүүрс-ус ихтэй бүтээгдэхүүн, чихрийн төрлийн амттан зэрэг 20 гаруй нэр төрлийн хүнс зарахыг Эрүүл мэндийн сайдын 207 тоот тушаалаар хориглосон байдаг ч үүнийг амьдрал дээр хэрэгжүүлдэг газар тун цөөн аж. Мэргэжлийн хяналтынхан сургууль, цэцэрлэгүүдийг нэг бүрчлэн манах боломжгүй учраас системээр нь өөрчлөх хэрэгтэйг хэлж байсан юм.
Харин өнөөдөр бид томчуудын хүнсний аюулгүй байдалд илүү санаа тавьж байна. Таргалалт, чихрийн шижин, зүрх, судасны өвчин, хавдар үүсгэдэг тэргүүлэх шалтгаан нь буруу хооллолт, архи, тамхины дам хэрэглээнээс боллоо гэх хэрнээ багачуудын хоол тэжээлийн тогтолцоонд хэн ч анхаарал хандуулахгүй байгаа нь хачирхалтай. Аюул нүүрлээд байхад шүү дээ. Бизнесмэн, хүнсний хангамжийн төвүүд, үйлдвэрлэгчид хүүхдийн мөнгөөр “тоглож”, чанарын шаардлага хангахгүй, үйлдвэрлэсэн газар, он, сар, өдөр нь тодорхойгүй бүтээгдэхүүн нийлүүлсээр байхад хүүхдээ цэцэрлэгт өгч, сургуульд сургамааргүй санагдлаа. Энэ байдал удаан үргэлжилбэл ирээдүйд эрүүл монгол хүн үлдэхгүй биз ээ.