Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах ажил бөөн маргаан дагуулав. Ялангуяа иргэд найр наадамд анхаараад ажил хийхээ больдог цаг буюу өнгөрсөн долдугаар сарын 9-нд УИХ “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг баталчихсан нь олон нийтэд сэжиг төрүүлсэн. Энэ нь даамжирсаар Хөдөлмөрийн үндэсний намынханд сонгуулийн сурталчилгааных нь нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
“Чөлөөт бүс байгуулчихвал Халх гол сумын 500.000 га газар цөлжинө. Монгол нутгийн хамгийн үржил шимт газрыг гадаадынханд бэлэглэснээс ялгаагүй” гэж тэд эсэргүүцэж буй. Нөгөө талаас “Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх төдийгүй ажлын байр бий болгож, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлнэ” гэж харах хэсэг ч буй юм.
Тэгвэл энэ маргааныг тасалж, бодит байдал, чөлөөт бүс байгуулснаар юу өөрчлөгдөх талаар өнгөрсөн баасан гаригт талууд санал солилцов. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хөдөө аж ахуйн орон гэгддэг Монгол Улс малын халдварт өвчнөөс ангижраагүйгээс махаа экспортолж чадахгүй байгаа нь эмгэнэл гэдгийг дурдаад, чөлөөт бүсэд малын халдварт өвчингүй бүс байгуулж, энэ зовлонгоос сална гэв. Цаашлаад улсын эдийн засгийг солонгоруулах үндэс болохыг тайлбарласан юм.
Тэгээд ч Халх гол орчим нь хөдөө аж ахуйн чиглэлээр хамгийн өргөн хүрээнд, урт хугацаанд судалсан бүс нутаг аж. Анх 1967 онд Монгол, Оросын хамтарсан баг судалгаа хийж, Халх голд 10 сангийн аж ахуйн байгуулах ТЭЗҮ гаргажээ.
Түүнээс хойш тэнд экспортын баримжаатай хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэх нийт 13 судалгаа хийсэн гэнэ. Тэдгээрийн үр дүнд Халх гол орчим хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт, зөвлөмж гаргажээ.
“Халх гол чөлөөт бүс байгуулах тухай тогтоол гаргахдаа судалгаанд үндэслээгүй, орон нутгийн саналгүй” гэж зарим хүний шүүмжилж буйг энэ баримт няцаана гэж албаныхан тэмдэглэв.
Тэр ч байтугай чөлөөт бүсийн 270.000 га газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох эрдэмтдийн судалгаа ч бий гэнэ. Гэсэн ч “Эхний ээлжинд 72.000 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоотой” гэж чөлөөт бүсийн захирал Ж.Энхжаргал онцолсон юм.
Уул уурхай юу, хөдөө аж ахуй юу. Энэ асуулт чөлөөт бүс байгуулах бас нэг шалтгаан. Халх гол орчмын газрыг “Петро Чайна дачин тамсаг” компани сүйтгээд зогсохгүй, зөвхөн нэг баррель газрын тос олборлоход л 10.000 тонн гүний ус ашигладаг.
Тиймээс хайгуул хийх талбайг нь тэлбэл ажлын байр нэмэхгүй, дэд бүтэц бий болгохгүй, зөвхөн эвдэрсэн хөрс шороо үлдээх аюултай гэнэ. Харин “Халх гол” чөлөөт бүсийн газрыг 500.000 га-гаар тогтоон, шинжлэх ухаанд суурилсан, байгальд ээлтэй, дэвшилт технологи бүхий үйлдвэрлэл хөгжүүлбэл цаашид улсын эдийн засагт үлэмж үр ашиг авчрах аж.
Үржил шим сайтай гэгддэг уг газрыг сүйтгэчихгүйн тулд хамгийн дэвшилт, сүүлийн үеийн технологи ашиглахыг гол зарчим болгох юм байна.
Халхгол суманд газрын дээрэм газар авчээ. Уг нь тус суманд атаршсан 30.000 га талбайг эргэлтэд оруулах хууль, тогтоомжтой ч бодит байдалд дээрх хэмжээг 108.000 га газраар хэтрүүлэн ашиглажээ. Орон нутгийн мэдээллийн санд бүртгэснээр Халх гол сум 51.000 га газрыг тариалан, 36.000 га-г эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар олгосон гэнэ.
Харин сансрын хиймэл дагуулын зурагт бууснаар 58.000 га газрыг тариалангийн зориулалтаар ашиглаж буй юм байна. Энэ мэтээр тал бүрээс авсан мэдээлэл зөрүүтэй, аль нь үнэн болохыг тодорхойлох аргагүй аж. “Дорнод гурил” компани 2734 га газрын зөвшөөрөлтэй хэрнээ 5900 га талбайг эзэмшдэг, “Нью ариг ус” компани 3658 га газартай ч 9630 га газар ашигладаг зэргээр талбайгаа хэтрүүлсэн хэд хэдэн аж ахуйн нэгж бий. Мөн мэдээллийн санд бүртгээгүй байхад “Миний газар” гээд эзэн суучихсан нь ч бий аж.
Замбараагүй газар олгох, хэн хаана, ямар үйл ажиллагаа явуулаад буй нь тодорхойгүй олон асуудлыг шийдвэрлэх нь чөлөөт бүс байгуулах бас нэг үндэс гэнэ. Сүүлийн гурван жил Халхгол сумын тариалангийн газрыг шалгахад илэрсэн зөрчлүүдийн олонх нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчин газар эзэмшсэн явдал байсныг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ярьсан.
Одоогоор газар ашиглалтыг ХХААЯ, хамгаалах асуудлыг БОНХАЖЯ, бүртгэлийг БХБЯ, хяналт, шалгалтыг Шадар сайдын мэдлийн агентлаг хариуцдаг нь хяналтгүй, бүртгэлгүй газар ашиглах нөхцөл бүрдүүлж, орон нутгийн удирдлагууд албан тушаалаа ашиглан газар зарах зөрчлийн үндэс болжээ.
Халх гол чөлөөт бүс байгуулснаар хууль бус олон явдлыг таслан зогсоож, ил тод болгох гэнэ. Мөн газар ашиглах, хянах, хамгаалах ажил нэг цэгт буюу чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд төвлөрөх юм байна. Гагцхүү иргэд үүнийг ойлгож, хүлээж аваасай гэж албаныхан хүсэж байна.
УИХ-ын тогтоол гарсан даруйд нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан нь мэдээлэл дутуу өгсөн, нарийн учрыг сайн тайлбарлаагүйгээс үүдсэнийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид уг ажилтай холбоотой бүх ажлыг “шилэн” болгохыг амлав.
Ч.МӨНХЗУЛ