Үүнийг уншиж байх энэ мөчид эрт оношлуулаагүйн улмаас өвчнөө даамжруулсан хэн нэгэн амьсгал хурааж буй. Мөн үүнийг уншиж байх ахуйд хавдар оношлох долоон сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж Монгол Улсын гаалиар нэвтэрч буй.
Монгол айл болгонд хорт хавдраар хорвоог орхисон хэн нэгэн байдаг. Хорт хавдрын аюул манай улсад даанч түгээмэл болжээ. Гурван саяулхнаа Монгол долоон тэрбум хүнтэй дэлхий дээр эмгэнэлт эрэмбүүдийг тэргүүлж байна. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн УИХ-ын гишүүдэд бичсэн захидлаас эш татвал, “Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар хоёрдугаарт, улаан хоолойн өвчлөл, нас баралтаар гуравдугаарт бичигджээ.
Хорт хавдраар өвчилсөн дөрвөн хүн тутмын гурав нь хожуу буюу III-IV үе шатандаа оношлогдож байна. Энэ бол нийт өвчлөгсдийн 75 хувь нь билээ. Гэтэл өдөр бүхэн 3-5 хүн хорт хавдар гэсэн оноштойгоор шинээр бүртгэгддэг ба үүнээс өдөр бүр 2-3 хүн нь нас барж байна. Энэ бол манайх шиг цөөхөн хүн амтай улсад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал гэж би боддог юм аа.
Харин энэ өвчнийг хазаарлах гол хүчин зүйл бол эрт оношилгоо, урьдчилан сэргийлэлт юм” гэжээ. 2015 он гарахад ганцхан хоног дутуу байхад Л.Мөнхбаясгалан 58-хан настай ижийгээ хорт хавдраар алдаж, харин өөрөө эрт оношлуулсан учраас хорт хавдрын өмнөх шатанд аюулт өвчнөөс ангижирч чадсан. Тэрбээр хувийн амьдралдаа тохиолдсон сайн, муу хоёр мэдээг нууцлаад өнгөрөхийг хүссэнгүй.
Эртхэн оношлуулсан бол ээж минь энх тунх амьдрах байсан гэх харуусал, хэн нэгний элэг зүрх өөрийнх шиг нь бүү эмтрээсэй гэх чин хүслээр сэтгүүлч бүсгүй УИХ-ын гишүүдэд захидал бичжээ.
“Монгол ньюс” группийн “25 дугаар суваг” телевизийн санаачилсан “1000 төгрөг” сайн үйлсийн аян зорилгодоо хүрч, ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх болсон тухай сайхан мэдээг энэ ялдамд дуулгая.
Эдийн засгийн хямрал хүн бүрийн хэтэвчинд нөлөөлж байгаа боловч, сайхан сэтгэлээр асаасан галд цучил нэмэн дулаацах гэсэн хүмүүст 1000 төгрөг олдож л таарна. “Олны хүч оломгүй далай” гэдэг энэ билээ.
Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүй болсоор удав. Тэнд оношилгооны аппарат ч хүрэлцээ муутай. Өвчтөнүүд мэс засалд орох ээлжээ 1-3 сар хүлээж байна. Хорт хавдрын эс хурдан тархдаг учраас дугаарт “зогсох” 10 өвчтөн тутмын гурав нь хагалгаа хийлгэж амждаггүй. Шуудхан хэлэхэд тэд үхдэг.
Мэс засалд орж чадсан “азтанууд”-ын хувь заяа ч мөн л ээдрээтэй. Тэдэнд шаардлагатай хагалгааны дараах эмчилгээг манайд ганцхан ХСҮТ л хийдэг гэхээр улсын хэмжээнд хавдраар мэргэшсэн цорын ганц энэ эмнэлэгт монгол хүний амьд явах эрхийг тунхагласан Үндсэн хуулийг дагаж мөрдөх боломжийг нь УИХ, Засгийн газар олгох үүрэгтэй бөгөөд царцаан тасалдуулах эрхгүй билээ.
Гэвч... ХСҮТ-ийг өргөтгөх шаардлагатай гэдгийг УИХ 2010 онд “ухаарч”, 2011 онд өргөтгөлийн ажил эхэлсэн боловч гурван жил дараалан царцаав. УИХ-ын гишүүдийн мэдэлд 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл дэлгээтэй байгаа. Тэнд ХСҮТ-ийн өргөтгөлд шаардлагатай 4.5 тэрбум төгрөгийг энэ удаа мөн л хасчихсан байгаа.
Энэ удаа хасалгүй батлахыг Л.Мөнхбаясгалан 76 гишүүнээс захидалдаа гуйж байна. Түмний төлөөх түүний гуйлтад ямар ч цензур байхгүй. Ингэж байгаад улс төрд орох бодол ч байхгүй. Түүнд болон энэ санаачилгыг дэмжих гишүүдэд ч эд мөнгөний ашиг унахгүй. Гэхдээ энэ захидал, төсвийн хуулийн цаана олон халуун зүрх лугшиж байгаа юм шүү.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд ХСҮТ-ийн өргөтгөл баригдаагүйн улмаас эрт оношлуулаагүй, оношлуулсан ч хагалгааны оочероо хүлээж тэсээгүй, мэс заслын дараах эмчилгээнд хамрагдаж чадалгүй хорвоог орхисон хүмүүс, тэдний ар гэр, үр хүүхдүүдийн өмнө хэн буруутай вэ.
Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр авсан, оношилгооны амин чухал тоног төхөөрөмжийг гааль дээрээс яаралтай авч ашигламаар байвч ХСҮТ-ийн өргөтгөл баригдаагүй учраас эмнэлгийнхэн хаана хадгалахаа мэдэхгүй байна.
ХСҮТ-ийн 4.5 тэрбумыг батлуулах Л.Мөнхбаясгалангийн уриалгад хорт хавдрын улмаас гэргийгээ алдаад удаагүй байгаа дуучин Т.Дэлгэрмөрөн нэгджээ. Эрүүл энхийн манаанд зогсоо эмч нараас болон салбарын сайд Г.Шийлэгдамбаас цензургүй хөдөлгөөнд нэгдэн дуу хоолойгоо өргөхийг хүсье.
Энэ хөдөлгөөн сайхан сэтгэлт хүн бүрийн хүсэл, ерөөлөөр давалгаалан төрийн шийдвэрт эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна.
Б.ЭНХЦЭЦЭГ