Манай хил, гаалийнхан гэж “будаач будаач гэхээр сахлаа будсан” хүмүүс байх. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн тангарагтаа хэтэрхий “үнэнч” тэдэн дээр яам, тамгын газруудын хүнд суртал нь дэндсэн янтгар албатууд нэмэгдчихээр далайлт нь ч, буулт нь ч сүртэй гэж юу гэх вэ.
Гагцхүү энэ далайлт заримдаа байгаа онодоггүйн улмаас олон иргэн, аж ахуйн нэгжийг хөлдөө чирэх нь бий. Төрийн байгууллагын захын нэг мэргэжилтэн Монгол Улсын хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаад сууж болдог гаж тогтолцоотой нь ч мэдээж үүнд нөлөөлдөг.
Тиймээс өнөөдөр гэмтэн, гавьяатан ялгаагүй хоёул гааль дээр “саатуулна, хураана, устгана” гэсэн үгийн буулган дор гэлбэлзэж зогсдог.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын буцалтгүй тусламжаар, эсвэл гадаад, дотоодын сайн санаат хүмүүсийн хандиваар ирж буй эмнэлгийн голдуу тоног төхөөрөмж, элдэв бараа бүтээгдэхүүнийг Монголын хилээр нэвтрүүлэх гэж үйлээ үзсэн бэлэн жишээ өчнөөн.
Хамгийн сүүлд л гэхэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын эмч нар ирж, зүрхний хүнд хэлбэрийн гажигтай хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийх гэтэл тэдний авчирсан хагалгааны багаж хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгслүүдийг манай өнөөдүүл хураагаад авчихсан.
Монголд эмчлэх боломжгүй зүрхний хүнд хэлбэрийн гажигтай 15 хүүхдэд эрүүл энх, урт удаан амьдрал бэлэглэх гэж ирсэн эмч нарын өөдөөс манай хил, гааль, мэргэжлийн хяналт, тагнуулынхан бөөн бөөнөөрөө сүрийг үзүүлэн очсон гэж байгаа.
Хүнд хэлбэрийн гажигтай хүүхдэд хагалгаа хийхэд шаардагддаг сэхээн амьдруулахын, зүрхний үйл ажиллагааг дэмжих, уушгины артерын даралт бууруулах зэрэг манайд ашигладаггүй, улсын эмийн бүртгэлд байхгүй эм, эмнэлгийн хэрэгсэл авчирлаа гээд хилийн мэргэжлийн хяналтын байцаагч тагнуулынханд “алтан хошуу өргөж”, нөгөөдүүл нь ч хурааж авч л байдаг мөн их хичээл зүтгэл ээ.
Тэдний хичээл зүтгэлийн “ачаар” зургаан хүүхэд яаралтай хагалгаандаа орж чадалгүй, “Солонгос эмч нар намайг хэзээ ир гэх бол” гэсэн горьдлогоор өдөр хоногуудыг аргацааж буй.
Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн дээрх эм, эмнэлгийн хэрэгслээ авахын тулд одоо хэр нь Сангийн яам, Эрүүл мэнд, спортын яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар гурвын хооронд шогшиж буй гэсэн.
Германд ажилладаг нэгэн эмч мөн л хоёр жилийн өмнө Гэмтлийн эмнэлэгт нэн хэрэгцээтэй ор нэлээдийг авчирч өгөх гэсэн боловч хил гаалийнхан татвар нэхээд гэдийчихсэн удаатай. Монголчууддаа туслах гэсэн элгэн халуун сэтгэл рүү нь ус цацсаныг ч үл тоон хөөрхий эмч ажлаасаа хоёр сарын чөлөө авч байж, үйл хэргээ бүтээсэн юм.
ГССҮТ-д нэн хэрэгцээтэй орнууд үнэгүй өгөх гэсэн түүний сэтгэлийг Герман дахь монголчууд ойлгон дэмжиж, ачиж тээвэрлэх зардлыг нь гаргасан учраас ажлаа бүтээгээд очихгүй бол эвгүй шүү дээ. Уг нь бол Гаалийн тухай хуулийн 38.1.2-д “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг гаалийн татвараас чөлөөлнө” гэж тов тодорхой заасан байдаг.
Энэ заалт дээрх хоёр жишээний алинд ч хамаатай баймаар. Гэтэл гаалийнхан “Татваргүй оруулах боломжтой гэсэн бичгээ Сангийн яамнаас авчир” гэнэ, нөгөөдүүл нь болохоор “Энэ тохиолдолд НӨАТ-аас чөлөөлнө гэж байхгүй. Та нар татвараа төлөх л ёстой” гэxчилэн яаж ийгээд шалтаг олж буцаахаа мэднэ.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4-д “Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг НӨАТ-аас чөлөөлнө” гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Энэ ч бас аль алинд нь ихээхэн хүртээлтэй заалт.

Гэтэл Солонгосын “Руйсанса” корпорац, нийслэлийн Эрүүл мэндийн газар хоёрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр манайд нийлүүлсэн тэрбум гаруй төгрөгийн үнэтэй аппарат гаалийн агуулахад хагас жил “зэвэртлээ” хэвтсэний эцэст саяхан очих ёстой эздэдээ хүрсэн нь хуулийнхаа яг эсрэг үйлдэл байв.
Нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт шаардлагатай, шээсний орчин үеийн хурдавчилсан оношлууруудыг хил дээр саатуулахдаа албаныхан мөн л татвараар “барьцаалсан”. Харин эдгээр тоног төхөөрөмжийн тухайд Сангийн яамны мэргэжилтний хэлсэн тайлбар үнэхээр хөөрхийлөлтэй. “Засгийн газар хоорондын хэлэлцээ бус, хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээ учраас энэ тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тас гүрийсэн билээ.
Эцэст нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс 105 сая төгрөг гаргуулахаар тохирсноор дээрх тоног төхөөрөмжийг хав дарсан “хар хайрцагнаасаа” гаргаж ирсэн юм. Тэгээгүй бол дахиад хэдэн сар гаалийн агуулахад саатуулагдах байсныг хэн ч таашгүй.
Монголд хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар оруулж ирэх эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн тухайд иймэрхүү намтар зузаан. Энэ хооронд хэчнээн их цаг хугацаа алдаж, хэдэн хүний эрүүл мэнд, цаашлаад амь нас эрсдэлд орж болохыг “чулуун зүрхтэй” хууль сахиулагчид яагаад ойлгодоггүй юм бол.
Харин энэ сарын 6-нд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт олон улсын буцалтгүй тусламж, хариу төлбөргүйгээр орж ирж байгаа тоног төхөөрөмжийг НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөхөөр тусгасныг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн нь сайн хэрэг.
Уг татварын чөлөөлөлт нь зөвхөн эмнэлэг, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад хамаарах юм гэсэн. Хэрэв энэ төслийг баталбал ядаж боловсрол, эрүүл мэндийн салбарынхны хувьд нэг том бул хар чулуунаас саллаа гэсэн үг. Дахиад л дээрх шиг юм болж, хуулийг гууль болгогчид дундуур нь жороолчихгүй бол шүү дээ.
Хил, гааль, тагнуул, мэргэжлийн хяналтынхны шууд оролцоотойгоор бараа бүтээгдэхүүн агуулахад саатуулагддаг хатуу уламжлалыг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж бол яаж ийгээд “тэсэж” гарах байх л даа. Гэтэл манайхан амьд амьтдыг хүртэл тэр бараа бүтээгдэхүүнтэй адилхан гэж бодсон бололтой юм аа.
Тэгээд эцэст нь 20.000 мянган жараахайны “аминд хүрчихээд” сууж байна. Загас үржүүлгийн “Хилэм ост” компанийнхан өнгөрсөн зургадугаар сард Германаас хилэм загасны 20.000 жараахай оруулж ирснийг татварын асуудлаар гааль дээр саатуулсны улмаас өнөөдүүл нь бүгд үхсэн тухай Ерөнхий сайдын чихэнд ч хүрсэн байсан.
Тус компани НҮБ-ын “Монгол Улсад цөөрмийн аж ахуйн загас үржүүлэх төсөл”-ийн гүйцэтгэгч, мөн Засгийн газраас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Загас” дэд хөтөлбөрт хамрагдан, 1.7 тэрбум төгрөгийн зээл авсны 200 сая нь “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжсэн тул экспортолж буй жараахайнуудаа гаалийн болон бүх төрлийн татвар, хураамж, төлбөрөөс чөлөөлүүлдэг аж.
Гэтэл манай хил, гаалийн байцаагч нар тэднийг татвараас чөлөөлсөн тухай албан бичиг байхгүй гэх шалтгаанаар гурван цаг гаруй саатуулсан байна. Компанийнхан нэгэнт аваад ирсэн жараахайнуудаа үхүүлчихгүйн тулд татварт гурван сая төгрөг барьцаа болгон төлөөд, загас үржүүлгийн газраа очиход хэдийнэ оройтсон байжээ.
Ингэхэд цаана нь дахиад хэчнээн бараа бүтээгдэхүүн, амьтан ийнхүү гаалийн агуулахын “манаач” хийж байгаа бол. Дорвитой хариулт өгөх албан тушаалтан ч алга. Гааль дээр саатуулагдсан барааны “халааг” өдгөө хөнгөн атлетикийн гүйлтийн зам авчээ. Өнгөрсөн сард Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос манайд хандивласан хөнгөн атлетикийн гүйлтийн замыг хилээр оруулах гэтэл мөн л 100 сая төгрөгийн НӨАТ, гаалийн татвар нэхэгдсэн тул саатуулсан байна.
Эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгаа энэ үед Засгийн газар дахиад 100 сая төгрөг нөөцөөсөө гаргаж чадах уу гэдэг эргэлзээтэй. Өөрсдөө худалдаад авчихаж чадахгүй юм байж бусдын хандивласан зүйлийг зүгээр л үг дуугүй оруулж, хөнгөн атлетикийн тамирчдаа ирээдүйн олимпод бэлдэхгүй дээ. Тэр нэг гүйлтийн замыг татваргүй оруулж ирлээ гээд хэнээс, юу уначих гээд байгааг гайхаад барахгүй юм.
Л.ГАНЧИМЭГ