Хөрсний бохирдол бол утаанаас ч дутахгүй хэрнээ, чимээгүй гэтэж буй аюул. Утаа, энэ хоёрыг бид улиг болтол ярьж байгаа ч харамсалтай нь шийдвэрлэж, бага боловч ангижирсан нь үгүй. Аль аль нь аюул дагуулж, бага биш хохирол учруулахуйц хэмжээнд хүрсэн.
Үр дүн муутай ч агаарын бохирдолд анхаараад байдаг юм. Ядаж хэр хэмжээнд хүрснийг нь харуулж, мэдээлдэг. Харин хөрсний бохирдлыг бүр хаячихсан гэхэд хилсдэхгүй. Өдгөө ямар түвшинд хүрснийг мэдэхэд бэрх, судалгаа, мэдээлэл ч бүрхэг. Хааяа нэг хэцүүдлээ гэж ярихаас хэтрэхгүй байна.
Хөрсний бохирдол утааг бодвол тэр бүр нүдэнд харагддаггүй нь анхаарч, “халамжлахгүй” байх гол шалтгаан. “Жилээс жилд хүрээ тэлэх хөрсний бохирдлын аюул газар авсаар л байна.
Бохирдлын хэмжээ жил ирэх тусам ихсэж, сөрөг нөлөө нь нэмэгдэж буй” гэж ярих нь олонтаа.
Гэсэн ч анхаарч, дорвитой ямар арга хэмжээ авч байна вэ гэхэд дуугарах хүн алга. Аль нэг жалгын хур хогийг цэвэрлэх, бохирдсон газрын хөрсийг бетондохоор л хэмжигдэж байна. Сайшаалтай нэг зүйл нь хөрс бохирдуулагч гол эх үүсвэр гэж нэрлэж болохуйц томоохон захуудыг хотын төвөөс нүүлгэх болсон явдал.
Эхний ээлжинд авто худалдааны захуудыг нүүлгэх болсон. Харин хог хаягдлын менежментийг сайжруулна гэдэг ч хааяагүй тааралддаг хогийн цэг, гэр хороололд ил задгай асгадаг угаадас устаагүй байна. Гэр хорооллын айл өрхүүдийн дунд байрлах гуу жалга, айл буугаагүй багахан хэмжээний газар хамгийн түрүүнд хогийн цэг болон хувирдаг хэвээр.
Агаар болон хөрсний бохирдол “сайн хамтрагчид”. Учир нь өвлийн улиралд бохир агаар хөрсийг, зуны улиралд бохир хөрс агаарыг өвчлүүлдэг. Утаа, нүүрс тортогноос үүсэж буй уг бохирдлыг сульфатынх гэж тодотгодог. Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн газар сульфатын бохирдол ихтэй бол Сүхбаатар дүүрэгт хамгийн бага.
Сульфатын бохирдлын үндсэн шалтгаан нь түүхий нүүрсний тортог, үнс. Тэртэй тэргүй газар авчихсан хөрсний бохирдол утаанаас болж, ирэх хавар гэхэд улам нэмэгдэнэ гэсэн үг. Энэ өвөл гэр хорооллын айлууд нүүрсээ түлдгээрээ түлнэ. Агаар бохирдоно. Агаар бохирдуулагч бодис тэр чигтээ хөрсөнд бууж, тэндээ амьдарч, хэдэн сар, жилээр суурьшина.
Газар хөлдсөн ч тэсвэртэй, 50 градус хүрч хүйтэрсэн ч амьдрах чадвартай гэнэ. Түүгээр зогсохгүй, дулааны улирал эхлэнгүүт үржих таатай нөхцөл нь бүрддэг байна. Хур тунадас унаж, нар гарч, цаг агаар таатай болохтой зэрэгцэн өнөөх нянгууд үржин, хөрсний гүнд шингэж, гүний усыг бохирдуулах нь ч бий гэнэ. Түүгээр нь ундалсан хүн, амьтан өвчилнө.
Манай оронд химийн болон хүнд үйлдвэр хөгжөөгүй учраас хөрсний бохирдол бага байх боломжтой гэж үздэг судлаачид бий. Гэсэн ч сүүлийн жилүүдэд хөрс бохирдон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө нь улам ихсэж, иргэдийн эрүүл мэнд, тав тухтай ажиллаж, амьдрах орчин алдагдахад хүрч байгаа.
Тиймээс нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын захиалгаар ШУА-ийн Газар зүйн хүрээлэн Улаанбаатар хотын хөрсийг өнгөрсөн онд судалсан. Манай улс 1990-ээд оноос л хөрсний бохирдлыг судалж эхэлж л дээ. Тэр үеийн дүн мэдээг одоогийнхтой харьцуулахад тэнгэр газар шиг зөрүү гардаг юм байх.
Хүн амын төвлөрөл, гэр хорооллын тархац, автомашин, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний нэр төрөл олширсон нь үүний гол шалтгаан болжээ. Тэдгээр бохирдуулагч алга болдоггүй, удаан хугацаагаар хадгалагдаж, гүний усаар дамжин мал, амьтан, хүнийг хордуулдаг.
2014 оны судалгааны дүнд Улаанбаатар хотын хөрсний бохирдол их биш, бага ч биш, дундаж хэмжээнд байгааг тогтоосон бөгөөд газар бүрт харилцан адилгүй, алаг цоог, зарим нь их бохирдсон байхад зарим нь харьцангуй бага байжээ.
Дүүргүүдээр авч үзэхэд Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг бусдаасаа илүү бохирдсон гэнэ. Мөн хотын гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрс найдлагагүй болж буй юм байх.
Бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг тэлэхгүй байх, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийн ухамсрыг дээшлүүлэх зэрэг урт хугацааны цогц арга хэмжээ авах шаардлагатай.
Үүнийг хэрэгжүүлэхээр манайхан ажиллаж буй. Үр дүнд нь “Тэр хэсгийн хөрс бохирдсон байна” гэж мэдээлэхээр тухайн байгууллага нь арга хэмжээ авчихдаг, дараа нь очиж үзэхээр хог хаягдлаа ачуулчихсан, цэвэрлэчихсэн байдаг зэргээр тодорхой хэмжээний дэвшил гарч буйг төрийн байгууллагынхан онцолж байна.
Нөгөө талаар хөрс байгалийн жамаар нүүдэг учир барьцгүй, тэр хэсэг үнэхээр хэцүүдсэн гэж хэлэхэд хүндрэлтэй гэнэ.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн зун Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Баянзүрх дүүргийн XIV хороо, “Нарантуул” зах орчимд нийтийн эзэмшлийн хийсэн хөрсний бохирдлын шинжилгээ. Нэг грамм хөрсөнд агуулагдах нянгийн тоо 1-1.5 сая байвал цэвэр, хоёр сая бол бага зэрэг бохирдсон, 2.5-3 сая байвал дунд зэрэг, гурван саяас дээш бол их бохирдсон гэж үздэг.
Гэтэл шинжилгээ хийсэн газраас авсан дээж нянгийн тоогоор их бохирдолтой буюу 2.9-7.3 сая байжээ. Тиймээс тэр хавийн хатуу хог хаягдлыг цуглуулж зайлуулах, газрыг нь зүлэгжүүлэх, бохирдсон орчинд хүүхдэд тоглуулахгүй, тогтмол ариутган халдваргүйжүүлж хэвших, стандартын бие засах газартай болгох шаардлагатай гэсэн зөвлөмжийг тус байгууллагаас гаргаж байв. Үүний дараа аж ахуйн нэгжүүд арга хэмжээ авч, газраа цэвэрлэсэн тул одоо асуудалгүй болсон гэнэ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн хөрсний бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалдаг. Тус байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Батдэлгэр “Бид Улаанбаатар хотын хөрсийг нийтэд нь судалдаг байсан бол сүүлийн үед дүүргүүдэд судалгаа хийж байна.

Хамгийн сүүлд 2013 онд Баянзүрх дүүргийн хэмжээнд судалсан. Ялангуяа, дүүргийн сургууль, цэцэрлэг орчмын хөрснийг судлахад нэлээд бохирдсон гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн юм. Манайхан хөрсний бохирдол бууруулах ажлын хүрээнд хог цэвэрлэж, газрыг нь бетондох арга хэмжээ авдаг.
Ингэснээр хөрс гаднаа цэвэрхэн юм шиг харагдаж буй. Гэтэл нэгэнт бохирдсон бол цас, бороо орж чийглэг болох тусам бохир нь газрын гүн руу нэвчдэг тул дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгардаг байна.
Улаанбаатар хотын хөрсний бохирдлын нэг том эх үүсвэр нь гэр хорооллын жорлон. 2010-2012 онд “Тамир эм” бэлдмэлээр 176.000 ил жорлон, бохирын цооног ариутгаж, нянгийн хэмжээг 42.5-75 хувиар бууруулсан гэнэ.
Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн хөрсний хар тугалгын агууламжийг нанотехнологийн аргаар бууруулахаар туршиж, үр дүнд нь хар тугалгын гүний ус руу нэвчих чанар 80 хувь, амьд организмд шингэх чанар 91 хувь хүртэл буурсан байна.
Манайхан хөрсний нянгийн бохирдлыг бууруулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, халдварт өвчин үүсэх, тархах зэрэг сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор хлорамины 10 хувийн уусмал түлхүү ашигладаг. Үүгээр манай орны хөрсний бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хязгаарлагдаж байгаа юм.
Гэтэл хлорамины уусмал ашиглах нь тийм ч сайн арга биш гэнэ. Нянгийн бохирдлыг бууруулахын тулд уусмалаар хөрсийг ариутгадаг энэ арга нь хөрс өөрийгөө цэвэрлэх үйл явцыг зогсоон, үржил шимгүй болгодог байна. Ингэж цэвэршүүлсэн хөрсний үржил шим сэргэж, “амилахын” тулд 7000 жил шаардагддаг аж.
Харин орчин үеийн нанотехнологийн аргаар цэвэршүүлж, хөрсний өөрөө цэвэрших процессыг хадгалах нь хамгийн зөв зам аж. Энэ аргыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд хэдийнэ боловсруулсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас төдийлэн хэрэгжүүлж чаддаагүй юм байна. Тиймээс олон улсын байгууллагаас дэмжлэг хүсчээ.
Уг нь нанотехнологийн арга хамгийн өртөг багатай, байгальд ээлтэй, дэвшилт технологи. Дэлхий нийтэд бохирдлыг багасгах олон арга ашиглаж буйн дотор хими, биологи, нанотехнологийн арга хамгийн оновчтойд тооцогдож буй билээ. Гэсэн ч төсөв мөнгөний асуудлаас болж манайх ойрын хугацаанд л лав ийм арга хэмжээ авч чадахгүй гэсэн сураг дуулдаж байна лээ.
Ч.МӨНХЗУЛ