Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Наранцацралтай ярилцлаа.
-Монголд адууны нийлүүлгийн ДОХ-той адил өвчин гарлаа, тархалт нь нэмэгдлээ гээд байх юм. Энэ нь хэзээ бүртгэгдсэн, ямар өвчин юм бэ?
-Адууны энэ өвчнийг ДОХ гэж нэрлэж яагаад ч болохгүй. Учир нь ДОХ шиг вирусээр үүсгэгддэг өвчин биш. Нянгаар ч үүсгэгддэггүй. Адууны нийлүүлгийн өвчин нь T.equiperdum зүйлийн эгэл биетээр үүсгэгддэг. Ихэвчлэн ужиг явцтай.
Урьдчилан сэргийлж, эрт оношилж чадвал энэ тийм ч айхтар өвчин биш. Шүлхий, боом шиг агаар дуслын замаар халдварладаггүй учраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Монголд анх 2003 онд бүртгэгдсэн байдаг. Гэхдээ түүнээс өмнө ч энэ төрлийн өвчний шинж тэмдэг адуунд илэрдэг байсан тул 1978, 1999 онд шинжилгээ хийсэн боловч оношийг эцэслэн тогтоогоогүй юм билээ.
-Одоо тэгээд нөхцөл байдал ямар байна вэ. Адууны нийлүүлгийн өвчин хаагуур хамгийн их байна. Адуу олноороо үхсэн тохиолдол бий юү?
-Адуу айхтар олноороо үхсэн тохиолдол байхгүй ээ. Бид 2014-2015 онд 19 аймгийн 80-аад сумын 1200 орчим адуунд шинжилгээ хийсэн. 2014 онд 557 адуунд шинжилгээ хийхэд 8.4 хувь нь нийлүүлгийн өвчтэй байсан. Харин энэ жил 680 гаруй адууны 14.1 хувь нь өвчтэй гэж гарсан. Тэгэхээр ерөнхийдөө өвчлөл өсөх хандлагатай байгаа нь үнэн.
Цахим ертөнц “хүчээ авч”, аливаа мэдээлэл шуурхай түгдэг болсны ачаар энэ зүгт хүмүүсийн анхаарал хандаж эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг Монгол даяар тархсан мэтээр хэт дэвэргэж болохгүй. Өвчилсөн малын 50-70 хувь нь үхдэг гэсэн судалгаа байдаг тул хэт тоохгүй орхиж бас болохгүй.
Адууны нийлүүлгийн өвчин одоогоор төвийн болон зүүн бүсийн аймгуудаар нэлээд тархаад байна. Гэхдээ яг тэнд энд байна гээд зарлачихаар хүмүүс нь өөрсдөө их дургүйцдэг. Уг нь үүнийг заавал зарлан мэдээлэх өвчний жагсаалтад оруулсан байдаг юм.
Гэвч 50, 100 сая төгрөгөөр худалдаж авсан азаргаа ийм өвчтэй гэж зарлуулахыг хэн хүсэх билээ. Шинжилгээ, судалгааны ажил хийдэг бидний хувьд үүнийг заавал зарлан мэдээлэх үүрэг хүлээдэггүй учраас малчид, уяачдын хүсэлтийг харгалзаж үздэг.
-Тэгэхээр чинь л малчид өвчтэй адуугаа хэлэлгүй нуугаад нөгөөдөө зарсаар улам даамжруулдаг юм биш үү. Ядаж “Тэрний тийм адуу өвчтэй байна шүү. Хяналтдаа байлгаарай” гэж малын эмч юм уу, дараагийн шатны байгууллагад мэдээлж болохгүй гэж үү?
-Наадах чинь харин хэцүү асуудал болчихоод байгаа юм. Бид тэгээд зарлачихаар “Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн итгэлгүй хүмүүс” гээд манайд ирж үзүүлэхээ байчих болов уу гэсэн болгоомжлол байна. Хэрэв тэгвэл энэ өвчин улам даамжрах эрсдэлтэй. Тиймээс бидний хувьд одоохондоо нэрийг нь зарлалгүйгээр судалгаа, шинжилгээгээ хийхийг зорьдог.
Нөгөөтэйгүүр, манайд энэ өвчнийг зарлаад, шаардлагатай бол хурдан удмын адууг нь устгах боллоо гэхэд тэр их хэмжээний нөхөн төлбөрийг гаргах боломж хомс. Тиймээс өвчтэй адууг ямар нэг аргаар эмчлэх нь л чухал. Гадаадын томоохон орнуудад бол адуу нь даатгалтай байдаг учраас нөхөн төлбөрт санаа зовдоггүй юм билээ.
Манай орны хувьд одоохондоо бүх зүйл шинэ дээрээ байна. Цаашид энэ өвчний тухай мэдээллүүд цэгцрээд, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх аргууд тодорхой болоод ирэхээр холбогдох байгууллагууд нь ямархуу журмаар ажиллахаа тогтох болов уу.
-Энэ өвчин хүнд халдварлах уу. Өвчтэй адууны махыг идэж, гүүний айргийг нь ууж болох уу?
-Хүнд халдварлахгүй. Өвчнөөсөө болоод айхтар турж эцчихээгүй бол адууны махыг сайтар чанаад идэхэд ямар ч асуудалгүй. Айргийг нь уусан ч болно.
-Өвчний эх үүсвэр яг хаана байна вэ. Гадаадаас хурдан удмын адуу оруулж ирэх, малынхаа үүлдэр угсааг сайжруулах нэрийдлээр айлаас өвчин “олж” ирээд байна гэдэг үнэн үү?
-Адууны нийлүүлгийн өвчин ерөнхийдөө манайд шинэ тутам учраас судалгааны ажлууд хийгдэж л байна. Хангалттай судалгаа хийгээгүй байхад яаран дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Тиймээс уг өвчний тээгч нь гадаадаас оруулж ирсэн хурдан удмын хүлгүүд, эсвэл Монгол адуунд үүсгэгч нь угаасаа байсан гэж шууд хэлэх боломжгүй.
Хэдэн жилийн өмнө Орост нэлээд олон адуунд нийлүүлгийн өвчин илэрснийг Монголоос аваачсан адуунаас болсон гэж тус улсын тал мэдээлж л байсан. Тэгэхээр аль нь алиндаа өвчин тараагаад байгааг одоохондоо хэлж мэдэхгүй.
Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх, оношлох, нэгэнт өвчилсөн хойно нь бол эмчилгээний үр дүнтэй арга нэвтрүүлэхийн төлөө бид ажилладаг.
-Тэгвэл малчид энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ. Өвчтэй адуу орж ирж байгаа эсэхэд хил, гаалийнхан ч сайн хяналт тавих хэрэгтэй байх?
-Энэ өвчин адуу, илжиг, тахь зэрэг адууны овгийн амьтдыг өвчлүүлдэг. Тиймээс тахь нутагшуулсан газар нутгийн ойролцоох айлууд адуугаа тогтмол шинжилгээнд хамруулж байх нь чухал. Тахь айлын гүү хураах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.
Ер нь малчид малаа тогтмол үзлэг шинжилгээнд хамруулж байх нь аливаа өвчнөөс сэргийлэх үндэс шүү дээ.
Манайд оруулж ирж буй адуунд хил, гаалийнхан ямар хяналт тавьдгийг сайн мэдэхгүй юм. Лав л нийслэлийн Мал эмнэлгийн газрынхан энэ асуудалд томоохон үүрэгтэй оролцох учиртай байж таарна. ЖАЙКА олон улсын байгууллагийн тусламжтайгаар бидний хэрэгжүүлж байгаа төсөл 2019 онд дуусна.
Тэрнээс өмнө энэ өвчний талаарх зөвлөмжүүд гарчихна. Тэгэхээр ард иргэд, мэргэжлийн байгууллагууд адууны нийлүүлгийн өвчний талаар нэгдсэн мэдээлэлтэй болно гэсэн үг.
-Адууны нийлүүлгийн өвчнийг Японы эрдэмтэн судлаачидтай хамтран оношилж байгаа гэл үү?
-ХААИС-ийн багш, эрдэмтэд Японы судлаачидтай хамтран энэ өвчнийг богино хугацаанд оношлох оношлуур бүтээсэн. Ирэх жил гэхэд Монголдоо өөрсдөө оношлуураа үйлдвэрлэж туршина. Туршилт амжилттай болбол орон нутгийн мал эмнэлгийн алба, эмч нарт оношлуураа тарааж, тэд өвчнийг газар дээр нь оношлох боломжтой болно.
Энэ бол том ололт. Учир нь адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийг сүүлийн 20 жилд дэлхийн хэмжээнд зохиомол орчинд өсгөвөрлөсөн амжилттай оролдлого байхгүй. Тэгэхэд бид нутгийн монгол адуунаас сорьц ялган авч, лабораторийн нөхцөлд өсгөвөрлөсөн нь Монголын мал эмнэлгийн судалгааны салбар өндөр түвшинд хөгжиж буйг харуулж байгаа юм.
Хамгийн гол нь бид өвчнийг зөвхөн оношлоод зогсохгүй, эмчилгээний оновчтой арга нэвтрүүлэхээр эрэлхийлж байна.
-Өвчилсөн адууг заавал устгахгүй, эмчилж болно гэсэн. Бүрэн эмчлэгдсэн адуу дахиад халдвар авах уу. Манайд эмчилгээний ямар арга хэрэглэж байгаа вэ?
-Эрт үед нь оношилбол төгс эмчлэх боломжтой. Харин төгс эмчлэгдсэн ч гэсэн халдвартай малтай үржилд орвол дахин өвчилнө. Тиймээс өвчтэй малыг заавал тусгаарлах хэрэгтэй. Одоогоор бид “Тридамон”, “Демин” гэсэн хоёр эм үйлдвэрлэснээ эмчилгээнд туршиж байгаа.
Энэ төрлийн өвчнийг хамгийн төгс, хамгийн хурдан анагаадаг Францын эмтэй харьцуулахад үр дүн нь удаан гардаг ч гэлээ дээрх эмүүд үнэ өртгийн хувьд манайдаа хамгийн боломжтой нь.
Өнгөрсөн жил бид өвчтэй хоёр адуу худалдаж аваад судалж байгаа юм. Араб удамтай, англи адуу нь өвчнөө тэсэлгүй үхсэн. Харин нутгийн монгол адуу аль ч талаараа илүү тэсвэртэй юм билээ.
Энэ өвчнөөр өвчилсөн адуу идэш тэжээл, бие организмын онцлогоосоо шалтгаалаад хоёр жил хүртэл тэсдэг. Харин бидний судалж байгаа монгол адуу өвчин тусаад ойролцоогоор нэг жил зургаан сар болсон болов уу.
Л.ГАНЧИМЭГ