Мал эмнэлгийн хүрээлэнд 40 гаруй жил ажиллаж буй Б.Пүрэвцэрэн доктортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед манайд адууны төрөл бүрийн өвчин гарах боллоо гэх юм. Адууны нийлүүлгийн өвчин хэмээх аюултай зүйл газар авч байгаа гэнэ. Гэтэл бас хэд хэдэн газарт адууны хачгийн халуун хэмээх өвчин дэлгэрсэн гэв үү?
-Дээр үед манайд адууны янз янзын өвчин гарч байсан л даа. Гэхдээ тэр үед манайхны судалгаа, шинжилгээ, эмчилгээ сайн байсан учраас газар авахуулахгүй дардаг байсан юм. Тухайлбал, одоо манайхны сүр болгоод ярьж, бичээд буй хачгийн халуун (бабезиоз) тэртээ 1950, 1960-аад онд ч гарч л байсан, байгалийн голомтот халдварт өвчин.
Харин сүүлийн 20 гаруй жил судалгаа, шинжилгээ огт хийгдсэнгүй, өвчин ч төдийлэн их дэлгэрсэнгүй. Гэвч ойрын арваад жил хурдан морьдын наймаа хил хязгааргүй өргөжиж, малчид, уяачид шинэ цагийн шилмэл үүлдрийн адуу бий болгох, өсгөх сонирхолтой болсонтой холбоотойгоор хачгийн халуун өвчин дахин эрчимтэй дэгдэх нөхцөл бүрдсэн.
Адууны нийлүүлгийн өвчин ч бас ийм шалтгаантай. Нийлүүлгийн өвчин бол манайд харьцангуй шинэ зүйл л дээ. Одоогоор Төв аймгийн Баянцагаан, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Бүрэн болон Сүхбаатарын Баяндэлгэр суманд хачгийн халуун өвчин гараад байгаа юм билээ.
-Хачгийн халуун гэхээр гол үүсгэгч нь хачиг гэсэн үг үү. Өвчин дэлгэрэхэд гадаад, дотоодын хурдан морьдын наймаа арилжаа яагаад нөлөөлдөг юм бол?
-Энэ нь Babesia equi, Babesia caballi зүйлийн эгэл биетээр үүсгэгддэг, бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг. Цусны улаан эсэд шимэгчлэн амьдардаг гэсэн үг. Гадаадаас оруулж ирсэн адуу дээрх эгэл биетүүдэд мэдрэг, түүнийг тэсвэрлэх чадваргүй, дархлаа нь сул байдаг учраас хачгийн халуунаар өвчлөх нь элбэг. Нэг адуу өвчилчихөөр бусдадаа халдвар тараана.
Ингэснээр монгол адууны цусанд байсан нуугдмал эгэл биетийг сэдээж, өвчлүүлэх нөхцөл бүрддэг. Гэхдээ хачгийн халуун дэлгэрэхэд зөвхөн хурдан морьдын наймаа, адуун сүргийн гадаад, дотоод шилжилт хөдөлгөөн нөлөөлдөг гэж хэлж болохг үй л дээ.
Үүнд цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал ч нөлөөлж байгаа. Учир нь хачиг дулаан орчинд илүү их өсөж үрждэг. Нэг хувалз 3000-13.000 өндөг гаргадаг. Тэдгээрээс дор хаяж 30 хувь нь байгалийн шалгарлыг давлаа гэхэд ойролцоогоор 2500 гаруй өндөг дараа жилийн хавар гарч ирнэ гэсэн үг.
Тэгэхээр хачгийн халуун дэгдэх нөхцөлт хүчин зүйлүүд тал талаасаа бүрдээд байгаа юм. Ийм үед мал эмнэлгийн тогтолцоог сайжруулж, үйлчилгээний чанар, хүртээмжинд анхаарах хэрэгтэй байна.
-Хачгийн халуун ингэхэд хэр их хор хөнөөлтэй өвчин бэ. Адууг үхэлд хүргэдэг үү?
-Адууг үхэлд хүргэх суурь шалтгаан болдог. Адууны улаан эсийг эгэл биет иддэг учраас цусны дутагдалд оруулдаг. Ингэснээр дархлаа сулрахаас эхлээд зах хязгаарын судсанд цус очихгүй байсаар яваандаа дөрвөн мөч нь мэдээгүй болох гэх мэт олон сөрөг үр дагавартай.
Ийм үед нь томуугийн ч юм уу, өөр ямар нэг бактерын халдвар авбал тухайн адуу өвчнөө дийлэхгүй үхдэг. Тиймээс өвчин гарсныг мэдвэл адуугаа заавал толгой дараалан эмчлүүлэх хэрэгтэй. Уг нь үүнээс урьдчилан сэргийлэх боломж малчдад хангалттай бий.
Хамгийн гол нь хачигтай л тэмцэх хэрэгтэй. Малчид хаврын улиралд адуугаа хачигтуулахгүй байхад анхаарч, шаардлагатай бол амин дэмийн эмчилгээ хийлгэж байх нь зүйтэй юм.
-Хүнд халдварладаг уу. Сүүлийн үед хачигт хазуулсан хүмүүсийн зарим нь нэлээд хүндээр өвддөг болсон шүү дээ?
-Хачигт хазуулсан хүмүүс янз бүрийн халдвар аваад, хүнд, хөнгөн өвдөж байгаа тухай дуулдах болсон л доо. Гэхдээ адууны хачгийн халуун өвчин үүсгэдэг Babesia equi, Babesia caballi зүйлийн эгэл биет хүнд халдварлахгүй. Уг нь бол хүнийг ч, адууг ч ялгаагүй нэг л төрлийн хачиг хазаж байгаа, тийм үү.
Гэвч хүнд халдварладаг тэр үүсгэгч нь өөр байдаг бололтой юм билээ. Хүний эмч биш учраас үүнийг би хэлж мэдэхгүй (инээв).
-Өвчилсөн адууны мах, сүүг хэрэглэж болох уу?
-Өвчилсөн адууны мах, сүүг боловсруулаад хэрэглэхэд яах ч үгүй.
-Энэ өвчнийг бүрэн эмчлэх эм бэлдмэл манайд хангалттай бий юү?
-Гадаадаас оруулж ирсэн, дотоодод үйлдвэрлэсэн олон төрлийн эм бэлдмэл байгаа шүү дээ. Улаан эсийн төлжилтийг сайжруулах, шингэн нөхөх, дархлаа дэмжих, хордлого тайлах гээд бүх төрлийн эм бэлдмэл манайд бий. Хачгийн халууныг эмчлэх, урьдчилан сэргийлэх өртөг зардал ч харьцангуй бага.
Гагцхүү манай малчид юм л болбол төр засаг руу хандаж, хувийнхаа өмчийг бусдын хөрөнгөөр эмчлүүлэх гээд байдаг нэг дутагдалтай. Шагнал урамшуулал авах болохоор 200-300 адуутай гээд онгироод байдаг хүмүүс мал нь өвдөхөөр өнөөхөөсөө ганц, хоёрыг зарж, эм бэлдмэл аваад бүх сүргээ эмчилж, урьдчилан сэргийлж яагаад болдоггүй юм бэ. Хувь хүмүүст бас үүрэг хариуцлага гэж нэг юм байх ёстой.
-Тэр ч үнэн шүү. Манайд үүрэг хариуцлага гэдэг зүйлийг хаана хаанаа орхигдуулдаг болсон. Мал эмнэлгийн салбарыг хувь хүмүүсийн мэдэлд шилжүүлснээр мөн л хариуцлага хүлээх эзэнгүй болсон юм шиг ээ?
-Зөвхөн хувьд гарсан гэдэг шалтгаанаар мал эмнэлгийн албыг тэгж дүгнэж болохгүй. Энэ салбарт босоо удирдлагын тогтолцоо хэрэгтэй. Гэтэл Засгийн газрын түвшинд ч, салбарын яам нь ч нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж ажиллахгүй байна шүү дээ.
Шулуухан хэлэхэд, сүүлийн 20, 30 жил манай улсад мал эмнэлгийн салбарыг ор тас мартсаны гор одоо зах зухаасаа гарч ирж байна. Энэ байдлаараа яваад байвал монгол мал сүрэг элдэв янзын өвчинд баригдаад сүйрч ч мэднэ гэж эмзэглэдэг юм.
Өнөөдөр манайд мал эмнэлгийн биеэ даасан агентлаг алга. Байгаа ганц газрынх нь удирдлагыг сонгохдоо улс төрийн нам, эвслээс хэт хараат болгочихсон. Өнөөдөр Монгол Улсын малын ерөнхий эмчээр энэ талын ямар ч мэдлэг, боловсролгүй нөхөр ажиллаж байна.
Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, цаашлаад хүнс, хөдөө аж ахуйн салбараар дамжуулан үндэсний аюулгүй байдлын манаанд зогсох учиртай мэргэжлийн байгууллага бол мал эмнэлгийн алба. Гэтэл энэ салбарыг ийм арчаагүй тогтолцоотой болгосон орон дэлхийд манайхаас өөр байна уу. Үүнээсээ болоод бага сага мах экспортлох гэсэн ч гадаадынхны аманд унаад байдаг.
-“Гадаадад мах экспортлох хэрэгтэй байна”, “Хоёр хөрш маань манайхаас адуу хөлөөр нь авна гэсэн” гээд л байдаг. Гэтэл манайдаа арай тайван бүс гэгддэг газруудаар хүртэл малын өвчин гарсаар байна. Ийм байхад Орос, Хятад манайхаас мах авна гэж та бодож байна уу?
-Хоёр, гурван жилийн өмнө Путин Монголд ирэхдээ “Танайх эхлээд мал эмнэлэгтэй болох хэрэгтэй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадавхитай мал эмнэлэгтэй болсон цагт Монголын мал бүрэн эрүүлжинэ. Тэр үед бид танайхаас мах авахад хэзээд дуртай байх болно” гэсэн шүү дээ.
Гэтэл одоогийн манай улстөрчид болохоор Орос руу хэзээ хэзээгүй мах гаргах гэж байгаа мэтээр яриад байдаг. “Хятад руу бас мах гаргана. Бог малын махыг кг-ыг нь хоёр ам.доллараар авна гэсэн” гээд л байна. Хэцүү дээ. Уг нь бол хачгийн халуун гэх мэт өвчнийг долоохон хоногт эмчлээд, махыг нь авч болно гэдгийг хятадууд ч, оросууд ч мэдэж байгаа.
Авах дээрээ хүрвэл энэ нэг их асуудал болохгүй. Харин манай төр, засгийнхан өөрсдөө салбараа, асуудлаа сайн мэдэхгүй байж худлаа мэдэмхийрэхээ болих хэрэгтэй. Эцсийн эцэст хоёр доллар юу юм бэ. Тэрнээс малчинд хэд нь очих вэ. Хэдийг нь ямар хүмүүс дундаас нь зувчуулах бол.
Үнэхээр мах гаргах гээд байгаа юм бол ядаж эхлээд үнийн саналаа нэгтгэх хэрэгтэй биз дээ. Эрээнд нэг кг мах монгол мөнгөөр бодоход 21-23 мянган төгрөгөөр зарагддаг. Харин манайхан болохоор малчдаасаа малыг нь үнэгүй шахам аваад, гадагш нь зарахын түүс болоод байдаг. Ийм байж таарахгүй.
Л.ГАНЧИМЭГ