“Усаа тосоорой” гэх зарлал орцны үүдэнд хэнэг ч үгүй хадчихаад бүтэн өдрөөр хоолой чийглэх усгүй хатаачихдаг хатуу цаг хаяанд иржээ. Урин дулаан орохтой зэрэгцэн усны хоолой солих ажил эхлэхээр орон сууцны контороос уух усаа нөөцлөх ажлыг оршин суугчдад үүрэгддэг. Усны хязгаарлалтын дайрлагад өртөөд уймарч, бухимдсан өдрүүдийг нэг саная. Улс орон хөгжихтэй зэрэгцэн урагшгүй энэ байдал мөдхөн үгүй болно гэсэн өөдрөг үзлээр өршөөнгүй хандах хүн байхад жил болгон ус тасалж, засвар хийдэг жирийн бус эл үзэгдэл түүх болох цаг болсон хэмээн бухимдах нь түүнээс хэд дахин олон. Халуун ус таслах төдийд л хамаг бухимдлаа гаргадаг нийслэлчүүдийн хувьд зуны аагим өдрүүдэд усанд орохыг хүсэмжлэн суудаг цаг нь жаргал болон дурсагдаж мэдэх нь.
“Яагаад вэ” гэж үү. Метро хотын удирдлага иргэдийнхээ түгжрэл дунд үргүй өнгөрүүлсэн цаг, мөнгөнд харамсдаг шигээ цэвэр усны нөөцийн асуудлыг шийдэхэд дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас нийслэлийн ундны усны нөөц энэ онд дуусаж, эрчим хүч таслан хязгаарладаг шиг усны хязгаарлалтад өртөх аюул бидэнд нүүрлээд байна. Мөдхөн усны хязгаарлалтад өртсөн иргэд уух усаа хөршүүдээсээ гуйлгачилж, эсвэл калифорничууд шиг хүүхдээ усанд оруулах усаа холоос зөөхөөс аргагүй болох вий. Ус алтнаас үнэтэй болох цагийг хүлээх биш, урьтаж арга хэмжээ авах цаг болжээ. Нийслэл хот маань одоогоор дөрвөн эх үүсвэрээс усны хэрэгцээгээ хангаж буй.
Ашиглалтын нөөцийг нь хэдийнэ тогтоож, 2015 онд ашиглалтад оруулна хэмээн төлөвлөж байсан Туул-Тэрэлжийн бэлчрээс “Харзтайн амралт” хүртэлх, Өвөр горхийн хөндий, Яармаг, Буянт-Ухаагийн эх үүсвэрийг ашиглалтад оруулах асуудал цаасан дээрээс бууж бодит амьдралд хэрэгжиж эхлээгүй л байна. Тиймээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж одоо ашиглаж буй эх үүсвэрүүдийнхээ нөөцөд боомилогдон усны хэрэглээгээ хязгаарлахаас өөр аргагүй болно. Гэтэл 1980-аад онд тогтоосноор Улаанбаатар, Зуунмод орчмын газрын доорх усны ашиглаж болох нөөцийг жилд 139.4 сая шоо метр гэж тогтоосон бол нийслэлчүүдийн усны хэрэглээ жилд 585.6 сая байгаа хэмээн тооцоолоод буй. Нөөцөөсөө дөрөв дахин их хэрэглээтэй болсон гэх тоо баримт нийслэлчүүдийн ундны усны хэрэглээний асуудал нэн тэргүүнд тавигдахуйц ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг төвөггүй ойлгуулж байгаа биз ээ.
Газрын гадаргын усыг үл ойшоож, газрын доорх амин чухал баялгаа хайр найргүй цацдаг улс манайхаас өөр үгүй биз. 2010 оны байдлаар харахад жилд нийт 90.2 сая шоо метр ус ашигласны 82.3 сая шоо метр буюу 91.3 хувь нь газрын доорх ус байх юм. Газрын гадаргын ус гүний усны нөөцөөс хамааралтай гэдгийг дунд сургуульд бид заалгасан. Харамсалтай нь жил бүр зөвхөн нийслэлийнхний хэрэглэж буй 500 гаруй шоо метр газрын гүний ус нь жилд ердөө 1 мм-ээр л нэмэгдэх магадлалтай.
Магадлалтай хэмээн тодотгохын учир нь газрын гүний ус нь агаарын тунадас болон гол мөрөн, нуурын ус газрын гүн рүү нэвчих замаар л үүсдэг. Тиймээс бороо хур элбэгтэй жилд газрын гүний усны нөөц ердөө 1 мм-ээр нэмэгдэж, харин гандуу жилд огт нэмэгддэггүй байна. Улаанбаатар хотын газрын гүний усны нөөцийг эрдэмтэд 0.3 шоо км гэж тогтоосон байдаг бол үүнээс ашиглах боломжтой нь ердөө 0.1 шоо км.
Зөвхөн нийслэл хотод л гэхэд 5331 гүний худаг ашиглаж буйг 2013 онд Нийслэлийн Засаг даргын гаргасан А/621 дүгээр захирамжийн дагуу хийсэн тооллогын үеэр тогтоожээ. Гэхдээ газрын гадаргын усанд хашлага хийх аргаар газрын гүний нөөцийг нөхөгдөх боломжийг бүрдүүлдэг гэдгийг тэр бүр мэдэхгүй. Тиймээс усгүйдэж, ундны усаа бусдаас гуйх ичгүүртэй байдлаас сэргийлэн, яаралтай арга хэмжээ авах боломж бидэнд бий гэсэн үг. Байгалийн жамаараа нөхөгдөхийг нь хүлээвэл тэнгэр ширтэж, хурмаст хураа хайрлахыг хүлээхээс өөр аргагүй байдаг бол гадаргын усыг хүрээлсэн хашлага хийснээр газрын гүний ус түргэн нөхөгдөж, нөөц ихэсдэг арга туршлага хөгжингүй орнуудад хэдийнэ хэрэгжээд буй.

Гэрэл зургийг Э.Харцага
Хар хэмээн үнэгүйдүүлж, хайр найргүй цацсан ус мөдхөн алтнаас үнэтэй болж, мөхөлд хүргэх аюул ойрхон байна. Харамсалтай нь гудамж талбайгаа цэвэрлэхдээ, машин унаагаа угаахдаа, дулааны цахилгаан станцын хөргөлтөд, арьс шир боловсруулахдаа гээд дахин шүүж, цэвэрлэсэн ус ашиглаж болох тохиолдолд ч ундны усаа ашиглаж, хайр гамгүй цацсаар л байна. Гэтэл хэрэглээний хэмнэлт хийх нь цэвэр усны талаас илүү хувийг хэмнэх боломжтойг судалгаа харуулдаг. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас 2012 онд хэрэгжүүлсэн “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн судалгааны үр дүнгээс ахуйн хэрэглээнд 17.4 хувийг зарцуулдаг бол мал аж ахуй, газар тариаланд 54 хувийг зориулдаг байх юм.
Түүнчлэн усны ашиглалтад хяналт тавьж, ус ашиглах эрх олгох замаар усны замбараагүй хэрэглээг багасгах аргыг цөөнгүй орон хэрэгжүүлдэг. Энэ нь үйлдвэр, аж ахуй эрхлэгчдийн жилд зарцуулах усны хэрэглээний нормыг тогтоож, ашиглах эрх олгоно гэсэн үг. Гаднын орнуудад хэдийнэ хэрэгжээд эхэлсэн эл асуудлыг хариуцдаг газар манай оронд бий. Тэднээс ялгаатай нь усны норм тогтоож, зарцуулалт, ашиглалтыг хянах мундаг эрх мэдэл Туул голын сав газрын захиргаанд байхгүй. Энэ мэтчилэн усны хомсдлоос гарах аргуудыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төслийн хүрээнд гаргасан “Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент төлөвлөгөө”-нд хэдийнэ тоо баримт, зарцуулах хөрөнгөтэйгөө нарийн тусгагдсан. Харамсалтай нь нөр их судалгааны үр дүнд гаргасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх эх орноо гэсэн сэтгэлтэй, иргэдээ гэсэн зүтгэлтэй эрх мэдэлтэн л үгүйлэгдээд байна.

Гэрэл зургийг Э.Харцага
Нийслэлчүүдийн 2010 оны усны хэрэглээний 91.3 хувийг газрын гүний ус эзэлсэн.
Энэ онд газрын гүний усны хэрэглээ нийт хэрэглээний 94 хувь болж өсөх төлөвтэй байгаа. Гэтэл газрын гүний усны нөөц жилд 139.4 сая шоо метр
Гадаргын усны нөөц жилд 76.7 сая шоо метр
Гадаргын усны экологийн нөөц жилд 70.24 сая шоо метр
Гадаргын усны ашиглах боломжит нөөц жилд 70.24 сая шоо метр
Усны нөөцийг 20 жилд тутамд шинэчлэн тогтоодог жишигтэй.
Харин манай оронд 1980 оноос хойш нөөцийн судалгаа дахин хийгээгүй байна.
Нийслэлчүүдийн усны хэрэглээ энэ онд 585.6 сая шоо метр хүрнэ.
2021 он гэхэд үйлдвэрлэлийн усны нийт хэрэгцээний 85 хувийг эрчим хүч, дулаанд ашиглахаар байгаа. Үүнд шинээр баригдах ДЦС-5-ын хэрэгцээг тооцож оруулаагүй.
О.УНДАРМАА