УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсний улмаас 10.25 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ.
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЛДАЖ 202 ХУУЛИЙГ ӨӨРЧИЛНӨ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.
Манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх үүрэгтэй байгууллагуудын эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудаас гадна Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хуулиар зохицуулж байгаа нь давхардал, хийдэл бий болгохоос гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, хүний эрхийг журмаар хязгаарлах зэргээр Үндсэн хууль гажуудах нөхцөл болдог аж.
Иймд зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж тодорхой хуульчлах зорилгоор Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ Д.Дорлигжав онцоллоо.
Уг хуулийн төслөөр зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлээгүй 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлж, зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас харьяалан шийдвэрлэх зөрчлийг тодорхойлон эрх хэмжээг нь зааглажээ.
Иймд зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг шинээр тогтоож, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулиар бус, салбарын хуулиар зохицуулагдаж байсан прокурор, тагнуулын болон онцгой байдлын асуудал эрхлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг тусгаж өгсөн гэдгийг сайд илтгэлдээ дурдсан юм.
Хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор зургаан цагаас илүү хугацаагаар саатуулахгүй бөгөөд харин согтуурсан, мансуурсан үедээ зөрчил үйлдсэн хүнийг 24 цаг хүртэл, хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох шаардлагатай бол долоо хоног хүртэл хугацаагаар прокурорын хяналтад саатуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 202 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжлээ. Иймээс уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
ТӨСЛҮҮДИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭВ
Монгол Улсын Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш нийт 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Хуулийг боловсронгуй болгох, нэр томъёог нь олон улсын эрх зүйн зарчим, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага бий болж байгааг үндэслэн Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан үг хэлсэн гишүүн А.Тлейхан, О.Баасанхүү, М.Зоригт нар төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Ө.Энхтүвшин “Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж асуудлыг сайн нягталж тодруулсны дараа хэлэлцэх нь зүйтэй”, Х.Тэмүүжин “Хил хамгаалах байгууллагын чиг үүрэг, иргэдийн гадагш дотогш зорчих хөдөлгөөн, гаалийн хяналтын асуудлыг цогцоор нь авч үзэж шийдэх шаардлагатай тул хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар оруулж ирж хэлэлцүүлэх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байлаа.
Н.Алтанхуяг “Манай Засгийн газрын үед хил, гааль, боомтын асуудлыг цогцоор нь авч үзэж нэлээд ярилцаж байж Хилийн боомтын тухай хуулийг баталсан. Гааль нь зөвхөн татвар хураах биш хилээр хууль бус зүйл нэвтрүүлэхийн эсрэг хяналт тавих үүрэгтэй байгууллага.
Иймээс асуудалд бодитой, нухацтай хандаж цогцоор нь шийдэх үүднээс хуулийн төслийг түр буцаагаад дахин сайжруулж оруулж ирэх нь зүйтэй” гэсэн санал хэлэв.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Г.УЯНГА: “ЗООС”-ЫГ ЛУЙВАРДСАН. ХУЙВАЛДАЖ БАНК “ИДДЭГЭЭ” БОЛИХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаан 20-хон минут үргэлжлэв. Н.Алтанхуягийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас З.Энхболд дарга хуралдааныг тараасан юм. Харин 20 минутын хугацаанд УИХ-ын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийн тухайд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсов.
Г.Уянга асуулгадаа “Монголбанкны ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 20-ны 650 дугаар тушаалаар “Зоос банк” ХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлснээс хойш өнөөдрийг хүртэлх таван жилийн хугацаанд банкийг татан буулгах ажиллагаа дуусаагүй байна.
Түүнчлэн тус банкны жижиг хувьцаа эзэмшигч иргэд өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаа тухай гомдлоо удаа дараа ирүүлсээр байгаа. “Зоос банк” ХК-ийн нийт 14 666 703 ширхэг хувьцааг 635 хувьцаа эзэмшигч хуваан эзэмшдэг.
Үүнээс долоон хувьцаа эзэмшигч нь хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 628 хувьцаа эзэмшигч нь жижиг хувьцаа эзэмшигч байна” гээд, “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагааны явцад дээрх 628 жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хангах, тэдний хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой хариулт ирүүлэх хүсэлтийг гаргасан юм. Гишүүний асуулгад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хариуллаа.
Тэрбээр “Зоос банк” ХК нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн анхны шаардлагаар гарган өгч чадахгүйд хүрч, өөрийн хөрөнгө алдагдсан, төлбөрийн чадваргүй болсон тул Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар албадан татан буулгасан.
Тус банк татан буугдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, “Зоос банк” ХК-ийн бүтцийн өөрчлөлтөд зориулж 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. “Зоос банк” ХК дахь Эрх хүлээн авагч дөрөв дэх жилдээ ажиллах хугацаанд “Зоос банк” ХК-иас төлбөрийн нэхэмжлэлтэй этгээдүүдэд 58.5 тэрбум төгрөгийн актив хөрөнгө эргэн төлүүлж, 51.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан.
Банкны хувь нийлүүлэгчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусгасан. Хувь нийлүүлэгчдээс дүрмийн санд оруулсан 14.7 тэрбум төгрөг буюу хувьцаа, нэмж төлөгдсөн капитал, дахин үнэлгээний сан, өнгөрсөн жилийн ашиг, нөөцийн сан, нийгмийн хөгжлийн сан зэргээр санхүүгийн хариуцлага хүлээлгэж, тухайн жилийн ашиг, алдагдлын дансанд шилжүүлсэн.
Хуулийн дагуу “Зоос банк” ХК-ийн бүх хувьцаа эзэмшигчид санхүүгийн хариуцлага хүлээлгэсэн. “Зоос банк” ХК-ийн Эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг төлж барагдуулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг барагдуулах нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Л.Цог: -Төрийн банкийг хувьчлах тухай яригдаж эхэлсэн учраас энэ асуулга өнөөдөр их чухал юм. Төрийн банкийг энэ аргаар хувьчлах бодлого явж байгаа юм биш биз дээ. Хувьцаа эзэмшигчдийг хуралдуулалгүй “Зоос”-ыг татан буулгасан. Банк дампуурах үед УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчид том зээлүүд авсан нь одоо барагдаж байна уу?
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан: -Банк 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, өөрийн хөрөнгө нь -55 тэрбум төгрөг болоод байсан учраас хувьцаа эзэмшигчдийг хуралдуулалгүй татан буулгасан, ийм эрх бий. Европын сэргээн босголт, хөгжлийн банк 3.7 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа буюу нийт хувьцааны 25 хувийг эзэмшдэг байсан. Бусад хувьцаа эзэмшигчийн адилаар энэ банкийг дампууралд хүргэсэн хувьцаа эзэмшигчдийн нэг учраас санхүүгийн хариуцлага хүлээгээд одоо ямар нэг хэл ам хийхгүй байгаа. УИХ-ын гишүүдтэй холбоотой зээлийг шууд хариулж болох эсэхийг мэдэхгүй байна.
Монголбанкны мэргэжилтэн н.Ариунбат: -Тухайн үед Засгийн газрын тогтоол гарч, Төрийн банк байгуулах шийдвэр гарсан. Шууд утгаараа УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл байхгүй. Харин хувиараа бизнес эрхлэгчдийн авсан 58.1 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байгаа.
УИХ-ын гишүүн Г.Уянга: -Д.Дэмбэрэл 2012 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулна гэсэн тогтоол гаргасан. Тэгэхлээр банк дампуураагүй гэж би ойлгож байна. Татан буугдсан юм бол жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй, эдгээрийн эрх ашгийг хамгаалахгүй байгаад гайхаж байна. 55 хувийг эзэмшиж байсан н.Батбаяр хөрөнгөө Монголбанкнаас гаргуулсан гэж үнэн үү. Яагаад том хувьцаа эзэмшигч нь юм дуугарахгүй байгаа юм бэ?
Сангийн яамны ахлах мэргэжилтэн Х.Рагчаа: -Банкны хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах ямар ч боломжгүй. Бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа нь Монголбанкинд байгаа. 55 хувийг эзэмшдэг н.Батбаяр “Зоос” банкнаас хөрөнгөө буцааж авсан.
Г.Уянга: -УИХ-ын тогтоолоос гажсан байна. Бүтцийг өөрчлөн байгуулж, Төрийн банк байгуулагдсан. “Зоос” банкны 86.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр дээр Төрийн банк бий болсон гэж байна. Одоо Төрийн банкийг хувьчлах асуудал яригдаж байна.
Хэрэв хувьцаа эзэмшигчид хариуцлага хүлээх ёстой юм бол эхлээд жижгээс том руу дараалах ёстой. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдсэн бол томчууд нь юмаа авчихсан. Энэ луйварт Монголбанк оролцсон. Маш олон хуулийг зөрчиж, хуйвалдсан нь олон талаараа харагдаж байна.
Та нар ингэж банк иддэгээ болих хэрэгтэй. “Зоос”-ын асуудлыг судлах, хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан боловч ажил нь зогссон, үүнийг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна.
Б.ЭНХ