Байз. Та орон сууцанд амьдардаг юм биш биз. Тийм бол СӨХ-нд төлдөг таны сар бүрийн хураамжийг юунд зарцуулдгийг мэдэх үү. Хэн нэгэнд энэ мөнгө хаашаа орж, хэний гараар угаагдаж буйг мэдэх нь тийм ч сонин биш бол заримд нь энэ тухай лавлаад явах цаг зав үнэндээ байдаггүй.
Тиймээс л хувийн тамга дардастай, хэнээс ч хараат бус, оршин суугчдын мөнгийг юунд, хэрхэн зарцуулж буйгаа тайлагнадаггүй, өөрсдийгөө шагнаж, цалинжуулдаг, улс орон алгасаж зугаалдаг СӨХ хэмээх сорогч хотоор нэг олшроод буй хэрэг.
Сүржин нэртэй, энэ “данхар” байгууллага иргэдийг дураараа мөлжиж байхад шалгадаг, хянадаг хууль эрх зүйн орчин Монголд байхгүй нь бүр ч гутмаар.
ЖИЖИГХЭН СУМААС Ч ОЛОН ХҮНТЭЙ ХОТХОН ӨНЧИН ХҮҮХЭД ШИГ ХАЯГДЖЭЭ
“Хана туургаа “энгэсэгдэж”, зам харгуйгаа янзлаарай. Хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарлах саравчтай болъё” гэсэн оршин суугчдын сэтгэл итгэлээр СӨХ нь хэрхэн “наадаж” буйн амьд жишээг одоо сонирхуулъя.
Баянгол дүүргийн IV хороо, X хороололд байрлах “Голден парк-I” хотхоныг хүмүүс андахгүй. 12-16 давхар, нийт долоон байртай энэ хотхонд 1400 гаруй айл өрх, 5000 орчин иргэн амьдардаг юм байна. Жижигхэн сумаас ч олон хүнтэй энэ хотхон эцэг эхгүй өнчин хүүхэд шиг хаягдаж хоцорчээ.
Учир нь одоогоос дөрвөн жилийн өмнө байгуулагдсан хоёр СӨХ нь иргэдээс мөнгө нэхэхээ мэддэг ч ажлаа хийж чаддаггүй гэнэ. Нүдэнд харагдаж, гарт баригдахаар юу ч хийгээгүй тул тус хотхоны залуус “Оршин суугчдын иргэдийн нэгдэл” хөдөлгөөн байгуулан уг хоёр СӨХ-г татан буулгахаар тэмцэж буй ч тэд байраа суллаж өгөхгүй, тамга тэмдгээ аваад зугтаагаад байгаа аж.

Биднийг тус хотхонд очиход хүүхдийн тоглоомнууд нь энд тэндээ хагарчихсан, орц хонгил нь онгорхой, хаалга, цоож гэхээр зүйл харагдсангүй. Ашиглалтад ороод таван жил ч болоогүй гэхэд “хөгшин” хороолол шиг л харагдсан.
Төмөр замчдын гэгдэх 102, 103, 104, 105 дугаар байрны 800 гаруй өрх “Баянбулаг”-т, Ахмадын 101, 106, 107 дугаар байрны 600 гаруй айл “Чандмань хайрхан” СӨХ-ны харьяанд байдаг аж. Оршин суугчдынх нь ярьж буйгаар “Баянбулаг” СӨХ-г анх байгуулахдаа УБТЗ-ын салбар нэгжүүдээс тэтгэвэртээ гарсан, тухайн үед ажиллаж байсан дарга нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр шууд томилсон гэнэ. 2013 онд тус СӨХ-ныхон нийтийн хурлаа хийж, 20-30-хан хүний саналаар удирдах зөвлөлөө шинэчилсэн байна.
СӨХ-НЫ ХУРААМЖИД АВСАН 800 САЯ ТӨГРӨГ ХААЧИВ
“Оршин суугчдын иргэдийн нэгдэл” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнгөнтулга “Манай хотхоны СӨХ-д орцны жижүүрээ загнахаас хэтэрдэггүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтийн эзэмшлийн орц хонгил, гудамж, зам харгуй, тоглоомын талбайд нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй. Оршин суугчдыг аюулгүй амьдрах нөхцөл бололцоогоор нь хангаж өгөхгүй байна.
Орц бүрт нэг нэг камер тавьсан гэж дуулсан. Шөнө хүн, машины дүрс бараг харагдаггүй. Хард дискгүй учраас хүчин чадал муутай, бичлэг ухрааж үзэх боломжгүй. Бэлгэдлийн чанартай хэдэн юм байсан ч хулгайд алдагдаад бараг дууссан.1400 гаруй айл өрх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд СӨХ-ны хураамжид 800 саяас нэг тэрбум гаруй төгрөг хураалгасан гэсэн тооцоог бид гаргаад байна.

Энэ мөнгөөр харуулын байрыг засаж, ойр орчны машины болон явган хүний замыг шинэчилж, хэд бол хэдэн тоглоомын талбай барьчих боломж байлаа. Дээрээс нь хөгшчүүдэд зориулсан “Ахмадын өргөө” нэртэй байрыг СӨХ булааж аваад айлд түрээслүүлчихсэн. Энэ бүхнийг нь хэлэхээр тэд “Айлууд СӨХ-ны төлбөрөө өгөхгүй байна” гэдэг.
Гэтэл “Чандмань хайрхан” СӨХ оршин суугчдыг хураамжаа төлөлгүй нэг сар л хэтэрвэл шууд цахилгааныг нь тасалчихдаг. Мөнгөө өгсөн баримтаа үзүүлж байж цахилгаанаа холбуулдгийг иргэд бүгд мэднэ. Айлуудыг иймэрхүү байдлаар дарамталдаг учраас мөнгөө өгдөггүй айл бараг л байхгүй” гэж ярилаа.
“ОРЦОНД АРХИДАЖ, ЦАХИЛГААН ШАТАНД ӨТГӨН, ШИНГЭНЭЭР БИЕ ЗАСАХ
ТОХИОЛДОЛ БИШГҮЙ”
“Голден парк I” хотхоны оршин суугч Ц.Алтанцог “Манайх энд нүүж ирээд дөрвөн жил болж байна. Өнгөрсөн хугацаанд СӨХ хурлаа хийсэнгүй, тайлангаа ч тавьсангүй. 2013 онд санхүүгийн тайлан гээд самбар дээр хэдэн тоо гаргаад хадчихсан байсан. Хэн ч ойлгоогүй. Биднийг шаардлага тавихад хүлээж авна гэж гонж. Манай оршин суугчид “СӨХ ажлаа хийхгүй байна.
Гаднах орчин бохир, нэг гэр бүлийн хоёрхон хүн СӨХ-ны ажлыг дангаараа хийдэг” гэхчилэн бишгүй ярина. Даанч шийдсэн зүйл алга. Анх энэ хотхон ашиглалтад орж байхад хүүхдийн тоглоомын нэг талбай байсан. Тэрнээс хойш өнгө зүсийг нь тордсонгүй.
Зарим байр жижүүргүй учраас хаалга үүд нь цоож цуургагүй, ямар ч хараа хяналтгүй. Энд тэндхийн архичид, шил, лааз түүдэг хүмүүс орцонд хонож, хүүхэд, хөгшид айлгаж ичээж байна. Цахилгаан шатанд өтгөн, шингэнээр бие зассан тохиолдол ч бишгүй. Хана туурган дээр сараачна.
Үйлчлэгч нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, энэ жил хүртэл нийгмийн даатгалд хамруулаагүй байсан. Хүмүүсээс авсан мөнгийг хүний төлөө зориулах сэтгэл алга” хэмээв.

ХУУЧИН СӨХ НЬ ТАМГА ТЭМДГЭЭ Ч ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХГҮЙ БАЙГАА ГЭВ
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд СӨХ-ны бүх нийтийн хурлаар удирдах болон хяналтын зөвлөлийг сонгодог. Ингэхдээ тухайн хороолол, хотхоны оршин суугчдын 51-ээс дээш хувийн саналыг авсан байх ёстой гэсэн амьдралгүй заалт байна.
Өөрөөр хэлбэл, 4000 гаруй иргэнтэй тус хотхоны хуучин СӨХ-г татан буулгаж, удирдах зөвлөл шинээр томилно гэвэл 2000 гаруй хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй болно. Яг сонгуулийн шоу шиг. Ийм олон хүн цуглуулах талбай байхгүй ч “Оршин суугчдын иргэдийн нэгдэл” хөдөлгөөний залуус “Голден парк” хотхоноо хөгжүүлье, шинэчилье гэсэн уриатайгаар 2015 оны долдугаар сарын сүүлчээр 600 гаруй айл өрхийг тандалтын судалгаанд хамруулжээ.
Судалгаанд хамрагдагсдын 95 хувь СӨХ-ны үйл ажиллагаанд муу дүн тавьжээ. Дараа нь буюу өнгөрсөн есдүгээр сард 800-гаад айлаас санал асуулга авч, “СӨХ-г шинэчлэх үү, солих уу. Үнэхээр шинэчлэх шаардлагатай бол танд ямар санаа байна” гэхэд айл өрхүүдийн 98 хувь нь шинэ СӨХ-той болмоор байгаагаа уламжилсан аж.
“Энэ сарын 11-нд бүх оршин суугчдын нэгдсэн хурал зохион байгуулсан. “Голден паркад” урьд хожид цуглаж байгаагүй, олон хүн хуралд оролцож хэд хэдэн асуудал шийдсэн. Дээрх хоёр СӨХ-г тайлангаа тавь гэсэн боловч зугтаагаад алга болсон. Тиймээс хоёр СӨХ-ны үйл ажиллагааг бүх нийтийн хурлаараа татан буулгаж, нэгдсэн нэг СӨХ-той байхаар шийдвэрлэсэн.
Ийм арга хэмжээ авахгүй бол нийтийн эзэмшлийн гудамж талбайд ажил хийх болохоор танайх, манайх гээд асуудлаас бултаж, бие бие рүүгээ бухахаар юм билээ. Тэгээд удирдлагуудаа шинэчилж, байр бүрээс нэг нэг төлөөллийг удирдах зөвлөлд оруулж, нийт 11 хүн сонгосон. Дээрээс нь хууль, эрх зүй болон санхүүгийн мэргэжилтэй гурван хүнтэй хяналтын зөвлөл байгуулсан.

Гэвч хуучин СӨХ байраа суллахгүй, тамга тэмдгээ ч хүлээлгэж өгөхгүй, бидний ажилд саад учруулж байна” гэж тус байрны оршин суугчид ярьж байлаа.
Өвөл болчихлоо. Гэтэл хаалга нь онгорхой, код хийдэг систем нь эвдэрчихсэн. “Намар орцондоо ингэж даарч байгаа юм чинь өвөл хэцүүднэ. Манай байр эзэнгүй айл шиг, эцэг эх нь хаяад явсан өнчин хүүхэд шиг л байна. Одоо тамга тэмдэг булаацалддаг цаг биш. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орцнуудад байсан паар бүгд хөлдсөн тул гаргаад хаячихсан.
Үүнээс болоод байр тэр чигтээ хөлдөж ч мэднэ. Айлуудын халаалт доголдож байна. Зарим айлын паар халахгүй байгаа. Хотхоны халаалт тэр чигтээ үлбэгэр байгаа тул “Комфорт таун” ОСНААУГ-ын сангийн инженерээс асуухад “Цаанаасаа ирж байгаа халаалтыг бид нэмэлт насосаар дамжуулж шахдаг. Хүйтрэхээр халаалт сайжирна” гэх юм.
Бидний байрны төлбөр дээр ус халаасны мөнгө гэж тусдаа авдаг” гэж иргэн Л.Жанчив хэлж байна.
НЭГ АМ МЕТР ТУТАМД 150 ТӨГРӨГ ТУШААДАГ
Ам метрээсээ хамаараад эндхийн оршин суугчид СӨХ-ны хураамжид харилцан адилгүй төлбөр тушаадаг аж. Дундаж хотхонууд нэг ам метр тутамд 140-150 төгрөгийн хураамж авдаг бөгөөд эднийх 150 төгрөг аж. “Баянбулаг”, “Чандмань хайрхан” СӨХ хорооллынхоо өмнө харуулын байр бариулсан гэнэ.
Тухайн үед СӨХ-ны мөнгөн дээр харуул ажиллуулсны цалин гэж айл бүрээс сар бүр 10-15 мянган төгрөг авна гэснээс нь болоод манаач ч үгүй, манааны шовгор ч үгүй хоцорсон тухай иргэд хэлэв. Одоо энэ объектыг нь айл түрээсэлж амьдардаг гэх. Ойр орчинд нь хулгай дээрэм ихтэй.
Машины дээрээс юм шидэж, шил, толийг нь хагалах энүүхэнд тул харуул хамгаалалт нэн хэрэгтэй байгааг тэд учирлаж байсан. “СӨХ-ны удирдах зөвлөлийг сонгохдоо нийт оршин суугчдын 51-ээс илүү хувь нь дэмжсэн байх ёстой гэсэн хуулийн заалтыг өөрчилж, орон сууцнууд давхар давхартаа төлөөллөө сонгодог болмоор юм.
Давхраас гарч ирсэн төлөөллүүд нийлж байгаад байрны төлөөлөгчөө сонгодог. Хэдэн байр дундаасаа удирдах зөвлөлийн гишүүдээ сонгох замаар СӨХ-ны асуудлыг шийдэхгүй бол иргэд хохирч гүйцлээ. Хэдэн төгрөгөө хүний халаасанд хийх гэж хуруу хумсаа хугалан байж ажиллаагүй” гэж “Оршин суугчдын иргэдийн нэгдэл” хөдөлгөөнийхөн хэлж байна.
Энэ мэт СӨХ тойрсон маргаантай асуудлаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны хяналтын газрын ахлах мэргэжилтэн Д.Гантөмөртэй цөөн хором ярилцлаа.
-Улсын хэмжээнд хэчнээн СӨХ үйл ажиллагаа явуулж байна вэ. Тэдний эрх үүргийг тодорхойлооч?
-660 гаруй СӨХ байдаг гэсэн судалгаа бий. Нийслэлд ихэнх нь үйл ажиллагаа явуулдаг. СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө гэгдэх орц хонгил, орчны зам, талбай, суурийн давхрын тоног төхөөрөмжийн эд хөрөнгийг цэвэрлэх, арчлах, бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг бүхий оршин суугчдын сайн дурын байгууллага юм.
Үйл ажиллагааг нь Сууц өмчлөгдчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар зохицуулдаг. Хоёроос дээш оршин суугч бүхий нийтийн зориулалттай байшин болгон СӨХ байгуулна гэж хуульчилсан.
Эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал юм. Энэ хуралд нийт оршин суугчийн 51 хувь нь ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Тэр хурлаараа удирдах болон хяналтын зөвлөлийн 5-7 хүн томилно. Олон айлтай хорооллууд 11 хүртэлх хүнтэй байж болдог.
Хэд байх нь хамаагүй л дээ. Тэд даргаа сонгодог ийм л тогтолцоогоор ажиллах ёстой. СӨХ-ны дарга өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдана.
-СӨХ-ныхон өөрсдийгөө цалинжуулж, иргэдийн мөнгийг дур зогоороо зарцуулж буй талаар гомдол гарч байна?
-Тэд ямар ч цалин хөлс, урамшуулал авах ёсгүй. Төрийн бус, сайн дурын байгууллага шүү дээ. Зарим СӨХ удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүддээ цалин олгох, байрны төлбөр хураамжид нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр оршин суугчдын хуримтлуулсан мөнгийг хувь хүнд зарцуулж болохгүй. Энэ нь хууль бус үйлдэл.
Иргэний хуульд СӨХ ашгийн бус байгууллага гэж заасан нь учиртай. Байр талбай, машины зогсоолоо түрээслээд мөнгө олж, түүгээрээ бизнес хийх ямар ч эрх зүйгүй. Иргэдийн хуримтлуулсан мөнгөөр нийтийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тэнд ажиллагсдын цалин хөлсийг олгох, засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ ариутгал, орц хонгилд тавьсан гэрэлтүүлгийн мөнгийг төлөх ёстой.
Жилд хоёр удаа бүх гишүүний хурлыг зарлаж, түүгээрээ санхүү болон үйл ажиллагааныхаа тайланг заавал тавихыг СӨХ-ны хуульд тусгасан. Сүүлийн үед зарим дүүрэг, хорооны Засаг дарга, төрийн захиргааны байгууллага, нам эвслийн хүмүүс СӨХ-ны хурлыг хийгээд, хэн нэгнийг нэр дэвшүүлээд явж байсан, одоо ч иймэрхүү дутагдал байсаар л байна.
-СӨХ-ны хураамж хороолол, хотхон бүрээр харилцан адилгүй байх юм. Үүнд хэн хяналт тавих ёстой юм бэ?
-Иргэдийн нэгдсэн хурлаар сард төлөх хураамжийн хэмжээг тогтоох ёстой. Үүнийг нь иргэн бүр төлөх үүрэгтэй. Хэрвээ хураамжаа төлөхгүй бол СӨХ тухайн өрх, иргэнийг шүүхэд өгч төлбөрийг албадан гаргуулах хуультай. СӨХ-ны хураамж харилцан адилгүй байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт СӨХ-г барилга барьсан компаниуд байгуулсан тохиолдол цөөнгүй байна.
Ялангуяа 2010 оноос хойш баригдсан томоохон хороолол, хотхонуудад ийм зөрчил их. Барилга ашиглалтад өгөхөөс өмнөх захиргаа цахилгаан, дулааны байгууллагуудтай ажиллаж байгаад улсын комисс орон сууцыг хүлээж авмагц нөгөө түр байгууллагаа СӨХ болгоод өөрчилж байх жишээтэй. Энэ бол хууль бус үйлдэл.
Бүх айлууд байрандаа орж дуусмагц оршин суугчдын хурлыг зохион байгуулан, өөрсдийн хариуцаж буй бүх ажил үйлчилгээгээ СӨХ-нд нь шилжүүлж өгөх үүрэгтэй. Гэтэл үүнийг иргэд мэддэггүйгээс барилгын компаниуд далимдуулаад байна. Шинэ байранд ортол СӨХ гээд хэт их өндөр төлбөр нэхсэн байгууллага гараад ирэх нь тэр.
Нөгөө талаар оршин суугчид СӨХ-гоо хууль ёсны дагуу өөрсдөө байгуулаад бүх гишүүдийн хурлаараа төлбөр тогтоомжоо ярих хэрэгтэй. Ярилцаагүй учраас л өндөр төлбөр нэхээд байна. Иргэд өөрсдөө үнээ тогтоосон СӨХ-ны хураамж дунджаар 30-50 мянган төгрөг байдаг. 3000 төгрөгийн хураамж төлдөг өрх байхад сард 380 мянган төгрөг СӨХ-д тушаадаг айл ч байна шүү дээ.
Бидэнд өргөдөл бичиж байхынхаа оронд СӨХ-ныхоо удирдах зөвлөлийн даргатай уулзаад “Та энэ СӨХ-г анх яаж байгуулсан бэ. Бүх гишүүний хурлын тэмдэглэгээгээ үзүүлээч” гэж асуух хэрэгтэй. Хурлын проткол нь нийт оршин суугчдын 51 хувийн гарын үсэгтэй байж хүчин төгөлдөр байна.
Хэрэв тийм баримт материал байхгүй бол “Уучлаарай, та хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү. Бид СӨХ-гоо байгуулна” гэж хэлэх эрх иргэн бүрт бий. Шаардлагатай бол хорооны Засаг дарга нь бүх нийтийн хурлыг зохион байгуулж өгөх үүрэгтэй. Удирдах зөвлөл хэдэн ч удаа хуралдаж болно.
Тиймээс л СӨХ-ны үйл ажиллагаанд хэн ч гар дүрж чадахгүй байгаа хэрэг. Уг нь СӨХ-ны хуулийг хэрэгжүүлж, хяналт тавих объект нь орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байх ёстой ч Барилга хот байгуулалтын яам юу ч хийдэггүй, огт хяналт тавьж, анхаардаггүй.
-СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах ажил юу болж байна вэ?
-Одоо хүртэл асуудал шийдэгдээгүй л байна. Шүүхээс биднийг “Эвлэр” гэсэн ч дээд зөвлөлийнхөн манайхны тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, дахиад л төлбөр хураамж авсан байсан. Төлбөр мөнгөтэй холбоотой маргааны уг нь Хууль зүйн яам зохицуулах ёстой.
Манайх Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт хийдэг. СӨХ-ны асуудал бидэнд тийм ч хамаатай биш. Гэсэн ч бид 2010 оноос эхэлж шалгасан. Учир нь иргэдээс ирж буй өргөдөл гомдлын олонхыг СӨХ-той санал гомдол эзэлдэг. Хэрэглэгчид хаана хандахаа мэдэхгүй, манайх руу ирдэг л дээ.
СӨХ-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. ШӨХТГ СӨХ-дод гарч буй цэвэрлэгээ, орчны тохижилт муу, гүйцэтгэх захирлууд нь ажлаа хийдэггүй, дур мэдэн төлбөр хураамж тогтоодог зэрэг нийтлэг дутагдлыг тогтоогоод тэдэнд сануулж, шаардлага хүргүүлсэн. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Уг нь иргэд өөрсдөө СӨХ-гоо сонгож, ажиллаж чадахгүйг нь халчихад асуудал шийдэгдэх юм шүү дээ. Харамсалтай нь, хэдэн ч удаа хурал зарлаад хүмүүс ирдэггүй юм билээ. Өөрсдөө ямар ч идэвх оролцоогүй учраас нөгөөдүүл нь яаж хандах нь ойлгомжтой.
15 мянган төгрөгийн хураамж нь 20 мянга болж нэмэгдэхээр наашаагаа гомдоллож, “Халаад өгөөч, хатуу арга хэмжээ аваад өг” гэх юм. Тэгээд ч тэдний санхүүгийн тайлан тооцоог шалгах эрх бидэнд байхгүй.
-СӨХ-ны мөнгө өгөхгүй гээд цахилгаанаар хязгаарлах эрх байдаг юм уу?
-Байхгүй. Таслах хэд хэдэн заалт бий. Тэгээд ч энэ эрх нь зөвхөн ОСНААУГ-т байдаг. Цахилгааны төлбөрөө удаа дараа төлөөгүй тохиолдолд хязгаарладаг болохоос биш, СӨХ-д төлбөр төлөөгүй гээд ус, дулаан, цахилгаан тасалж байгаа бол хууль бус үйлдэл мөнөөс мөн. Харин ч энэ асуудлаар манайд хандах ёстой. Бид шалгаад буруутай этгээдэд нь 10 сая хүртэлх төгрөгөөр торгох эрхтэй л дээ.
О.БАТ-УНДРАХ