Шүүхийг УИХ “шүүгээд” сүйд. Хууль тогтоох, шүүх гэсэн тусдаа хоёр засаглал “мөргөлдөөд” ч байх шиг. Энэ “мөргөлдөөн” 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс үүдэлтэй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн, УИХ-д шууд өргөн мэдүүлнэ” гэж заасан.
Үүнд үндэслэн ШЕЗ хоёр жилийн өмнөөс төсвөө өөрөө төлөвлөдөг болсноор цалингаа нэлээд хувиар нэмж, бүх шатны шүүгчдийн цалинг 3.7-4.2 сая төгрөгөөр шинэчлэн тогтоосон юм. Энэ нь тухайн үедээ УИХ-ын даргыг бухимдуулан, нэлээд асуудал үүсгэсэн ч шүүгчид өндөр цалинтайгаа үлдсэн.
Харин энэ жил эдийн засгийн хямралтай холбоотойгоор ШЕЗ-ийн 2016 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа Засгийн газар шүүгчдийн цалин, нийгмийн даатгалын санг өмнөх оныхоос 10.8 тэрбум төгрөгөөр багасгаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн цалинг бууруулахаар тогтоолын төсөл боловсруулан өргөн барьсанд шүүгчид эгдүүцэж, “Шүүхийн бие даасан, шүүгчдийн хараат бус байдал алдагдахад хүрч болзошгүй” гэж мэдэгдэж байна.
Энэ нь цалин багасгавал авлига авна гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. УИХ 1996 оноос эхлэн өнөөг хүртэл шүүгчийн цалинг есөн удаа шинэчлэн тогтоожээ. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ шүүгчдийн цалинг өсгөдөг байв. Гэхдээ тэдний цалинг бусдынхаас өндөр тогтоож ирсэн байгаа юм.
Үүн дээрээ шүүгчид нэмэгдэл авдаг. УИХ-ын 1996 оны аравдугаар сарын 31-ний Шүүгчид нэмэгдэл олгох журмын тухай 57 дугаар тогтоолоор онцгой нөхцөлийн гэж 15 хувь (Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журмын хавсралт 1), УИХ-ын 2006 оны зургадугаар сарын 15-ны Шүүгчид зэрэг дэв олгох журмын тухай 53 дугаар тогтоолоор зэрэг дэвийн нэмэгдэл гэж 25-35 хувь, УИХ-ын 1996 оны аравдугаар сарын 31-ний “Шүүгчид нэмэгдэл олгох журмын тухай” 57 дугаар тогтоолын II хавсралтын дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл гэж 10-25 хувийн нэмэлт цалин авч иржээ.
Үндсэн цалин дээрээ нэмээд 50-75 хувийн нэмэгдэл авдаг гэсэн үг.
УИХ 2011 оны арваннэгдүгээр сарын 25-нд 54 дүгээр тогтоол гаргаж, он гармагц шүүгчдийн цалинг хоёр удаа нэмсэн байна. Ингэснээр 2012 онд хяналтын шатны шүүхийн ерөнхий шүүгч 2.092.000, шүүгч дунджаар 1.809.300 төгрөгийн цалин авч эхэлжээ (Шүүгчдийн цалинг хүснэгтээр үзүүлэв).
Дараа жил нь тэдний цалинг мөн л нэмснээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн цалин гэхэд 215.800 төгрөгөөр өсөн, 2.307.800 болжээ. Гэсэн ч шүүгчид “Олон улсад шүүгчийн цалинг төрийн албан хаагчийн цалинтай харьцуулж тогтоодоггүй. Шүүгчийн албан тушаалд хамгийн ур чадвартай, өндөр мэдлэг боловсролтой хуульчид сонгон шалгаруулалтаар өрсөлдөж томилогддог.
Тухайн хуульч хувийн салбарт мэргэжлээрээ ажилласан бол хэдий хэмжээний орлого олох боломжтой байсан, тэр хэмжээгээр гэр бүлийнх нь баталгаа нь хангагддаг. Иймд олон улсад шүүгчийн цалинг тогтоохдоо хувийн салбарт ажиллаж буй хуульчдын орлогыг харьцуулдаг” гэж ирээд чамласан.
Харин одоо шүүгч сард дунджаар 5.5 сая төгрөгийн орлоготой, нэмэгдэлтэйгээ нийлээд шүү дээ. Дээр дурдсан гурван төрлийн нэмэгдлийг өгөхөө болиод энэ оноос хоёр төрлийн нэмэгдэл авч байгаа. Шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн цалинг нь жил тутам хоёр хувиар нэмэхээс гадна мэргэшлийн түвшингийн үнэлгээнээс хамааран, цалингийнхаа 50 хүртэлх хувийг нэмж авдаг болсон юм.
Энэ цалингаа ШЕЗ “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэсэн шалгуурыг хангахыг эрмэлзлээ.
Гэвч энэ удаагийн шинэчлэн тогтоосон цалингийн хэмжээ нь хуульд заасан шалгуур үндэслэлийг бүрэн хангана гэж хэлэх нь зохимжгүй. Тэр шалгууруудыг хангахад дөхөм болгохыг зорьсон” хэмээн бас л голж, цалинг тодорхой төлөвлөгөө, стратегитэйгээр нэмэхээр төлөвлөөд байсан юм.
Цалингаа хасуулах дуртай хэн ч байхгүй л дээ. Эмч, сувилагч нар саяхан цалин хаслаа гэж баахан шоудсан. Гэтэл хасаагүй, өмнөх хууль бус тогтоолыг л хүчингүй болгосон байж таарсан. Одоо шүүгч нар “Ер нь шүүгчийн цалин дэлхийн аль ч улсад өндөр байдаг. Тэгж байж шударга ёсоо хамгаалдаг” хэмээн хэвлэлийн хурал хийж, ярилцлага өгч, хэчнээн ч юм болж байна даа.

“Шүүгч нарын цалинг багасгавал шударга ёс алдагдана” гэж айлгах нь аймшигтай. Авлига авна гэдгээ ил цагаан хэлээд ч байгаа юм шиг. Үнэхээр тэгнэ гэж үү.
УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газраас жил бүр хийдэг “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн судалгаа”-наас үзвэл шүүх байгууллагын авлигад өртөх эрсдэлийн үнэлгээ 2008 онд 4.20 байсан бол дараа жил нь 3.49, 2010 онд 3.46 болж багасчээ.
Гэхдээ давж заалдах (авлигад өртөх эрсдэлийн үнэлгээ 3.67) болон хяналтын (үнэлгээ 3.75) шатны шүүхийн шүүгчдийг авлигад өртөх эрсдэл өндөр гэж үзсэн байна. 2010 онд хийсэн яг энэ судалгаагаар хууль хяналтын байгууллагууд дотроос прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох (үнэлгээ 4.40), хорих ял эдлэх хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, дэглэм бууруулах, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, ялын хэмжээг бууруулах, өр барагдуулах (4.00) үедээ авлигад өртөх эрсдэл харьцангуй өндөр гэж гарчээ.
Нэг ёсондоо шүүгчдээс илүү прокуроруудыг авлигаас сэргийлэхэд анхаарах хэрэгтэй гэж шинжээчид үзсэн байна. Тэгвэл 2014 оны судалгаагаар цагдаагийн байгууллага 3.25, прокурор 3.16, шүүх 3.11 гэсэн үнэлгээ авчээ. Хэрвээ цалинг нь нэмснээр авлига авахаа больдог бол шүүгчид өдийд авлигаас ангижирчихсан баймаар.
Гэтэл авлига байсаар үнэлгээ нь 0 биш 3.11 гэж гарсан байна. Гэхдээ бас ч гэж үнэлгээ нь жилээс жилд багасаад байгаагаас үзвэл өндөр цалинтай болсных нь ач гарч байгаа бололтой. Үнэхээр тийм бол цагдаа, прокуроруудын цалинг бас нэмэх ёстой бус уу. Тэд авлигын хар дансанд шүүгчдийн урд гишгэсээр ирсэн, одоо ч өмнө нь явж байна.
Шүүгчид өндөр цалин авах шаардлагаа ажлын ачаалал ихтэй, хариуцлага өндөртэй... учраас гэж тайлбарладаг. Ажлын ачаалал яривал амар ажил хийдэг хүн энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй. Замын цагдаа нар хүртэл “ЗЦГ 1990 онд батлагдсан бүтэц, орон тоогоороо өдий хүртэл ажиллаж байна. Улаанбаатарын зам дээр өдөр бүр зогсдог 400 цагдаад 2000-3000 машин ногдож байна. Уг нь “353 тээврийн хэрэгсэл тутамд замын нэг цагдаа байна” гээд Засгийн газар 2012 онд 153 дугаар тогтоолоороо нормчилж өгсөн” гээд л бухимддаг.
Тэгвэл өнгөрсөн жил улсын хэмжээнд ажиллаж байсан 442 шүүгчийн орон тоог энэ оноос 718 болгож нэмсэн. Хөр цас, халуун нар, усан бороо, улаан шорооноор ч гадаа зогсож байдаг замын цагдаа нараас өндөр цалин авч байж шүүгчид цалингаа чамлавал арай хэтэрнэ ээ.
Хариуцлагын тухайд ч ялгаагүй, эх, үрсийн хагацал учралыг шийдэж, өвчиндөө шаналсан хүмүүсийн утсан чинээ улаан амийг хариуцдаг эмч нар, гал, ус сөрж, шатсан, шалзарсан хүнд тусалж, спиртээр биеэ арчсан болоод цэв хүйтэнд ус руу үсэрч ордог аврагч нар тэгээд хариуцлагагүй ажил хийдэг хэрэг үү.
Үүнийг хамгийн сайн мэдэж, мэдэрч, ойлгож байх учиртай сэхээтнүүдийн маань нэг болох шүүгчид өнөөдөр цалингийн хэрүүл хийгээд байвал замын цэвэрлэгч, орцны үйлчлэгч хүртэл шүүрээ бариад жагсаж мэднэ. Үндэсний статистикийн хорооны энэ оны судалгаанаас үзвэл эмч, багш, сэтгүүлчид 500-700 мянган төгрөгийн цалин авч байна.
Тэд ажилтай, орлоготой хүмүүсийн 21 хувийг бүрдүүлдэг. Тэгвэл 18.4 хувь нь 300-500 мянга, хамгийн өндөр цалинтай баймаар барилга, уул уурхайнхан ердөө 358.848 төгрөг авдаг аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авч, шар нар бор хоногийг арай чамай өнгөрүүлдэг хүмүүс ч зөндөө. “Боловсролгүй, хар ажилчдыг бидэнтэй харьцууллаа” гэж эрхэм цагаан гарт шүүгч та бүү эгдүүц. Тэд ч бас яг тантай адил ходоодтой, тэр нь хоол нэхдэг.
Тэдэнд ч бас мөрөөдөл бий. Өндөр цалинтай, аятайхан ажил хиймээр, машин унамаар, гоё ганган хувцас өмсмөөр байгаа. Бас хүүхэдтэй, түүнийгээ ч их, дээд сургуульд сургамаар, 50-60 хүүхэдтэй улсын сургуульд өвөлжин ханиад тусгаж байхаар 15-20 хүүхэдтэй хувийн дунд сургуулиудад өгөх юмсан гэж мөрөөддөг юм шүү дээ.
Манай шүүгчдийн голоод байгаа 1.5 сая төгрөгийн цалинг авч үзэхсэн гэж хүсдэг хүн Монголоор дүүрэн. Гурван жилийн өмнө шүүгч нарын 50-иад хувь нь зээлтэй, сар бүр 500 мянгаас нэг сая төгрөг банкинд төлдөг байсан бол одоо 98.5 хувь нь 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Гурван жилийн өмнө хоёр шүүгчийн нэг нь зээлтэй байсан бол эдүгээ бүгд шахам зээл авсан байгаа биз. Энэ бол муу зүйл биш, харин ч сайн үзүүлэлт.
Цалин хангамж нь сайжирч, амьдрал нь дээшилсэн учраас л өр гээч зүйлээс айхаа больж, зээл авдаг шүүгчийн тоо нэмэгдсэн хэрэг. Тэдний 72.9 хувь нь илүү тэнгэртэйд нь олдож, ижил тэнгэртэйд нь сонсогддог орон сууцны зээлийг авчихсан байгаа юм. Үүнийхээ төлбөрт сард 583.000-3.250.000 төгрөг төлдөг ажээ. Үнэхээр мундаг.
Тэгэхэд сэтгүүлчид ам метр нь 1.350.000 төгрөгийн үнэтэй, нэг өрөө байр зээлээр авах гээд урьдчилгаанд төлөх таван сая төгрөг олж чадахгүй ядаж цөхөж явна. Түүнийхээ төлбөрт сард 500 гаруй мянган төгрөг төлөх учраас хамаг цалингаа зээлд өгчихөөд яаж амьдрах вэ гээд сонсохоос ч халширч байгаа нь ч цөөнгүй.
Тэгэхэд эрхэм шүүгч нар гурван сая гаруй төгрөг байрны зээлд төлж байгаа гэхээр нэлээд том байр авсан байж таарав. Энэ бол шүүгч нарын амьдрал сайн байгаагийн шинж. Тамын тогооны үлгэрээр муухай монгол зангаа гаргалаа гэж өчүүхэн намайг буруутгахаасаа өмнө “Нээрээ, би сайхан амьдарч байгаа юм байна шүү” гэж бодоод үзвэл ямар вэ. Монголын эдийн засаг сайжирна, улс мөнгөтэй болно. Тэр үед цалин ч нэмэгдэнэ. Монгол хүний уужуу ухаанаар хандвал болно доо, болно.
Х.БОЛОРМАА