Монголын урлагийн түүхийг хоёр зуун дамнан бичилцэж яваа, яруу дуурьслын удамтай гэр бүлийн залгамж болсон хөгжмийн зохиолчтой уулзлаа. Аавынхаа 74 настайдаа хүртсэн шагналыг даруй 30 жилийн өмнө авчихсандаа сүрдэж, хэд хоногийн турш цочролд орж явсан гэж ярихдаа тэр одоо ч нүдээ бүлтийлгэн хачин жигтэй төв царай гаргах аж.
Төгөлдөр хуурын даруул дээгүүр бөмбөрөн гүйх арван хурууныхаа авьяасыг чамлан “Би уг нь төгөлдөр хуурч хүн л дээ. Оролдолгүй л удчихсан юм. Гэтэл гадаадын зарим оронд надаас ч илүү сайн төгөлдөр хуур тоглодог санхүүгийн мэргэжилтэй залуус байдаг юм билээ. Гайхалтай шүү” гэхийг нь сонсоод даруу зан танд зохижээ гэж магтмаар болсон шүү.
Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Бирваагийн отгон хүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдтой ярилцлаа.
Түүний хамгийн сүүлд үзэгчдийн хүртээл болгоод байгаа “Мял богдын намтар” жүжгийн хөгжмийн талаар ярилцахаар анх цаг товлосон ч зөвхөн нэг уран бүтээлийн тухай яриад салчихвал хайран санагдаж, цаг харахаа ч мартан хэсэг хөөрөлдсөн юм.
Дан хөгжимд зориулсан том хэлбэрийн 22 бүтээл, драмын болон дуулалт 10 жүжгийн хөгжим, гурван киноны хөгжим зохиож хоёр бүжгэн жүжиг, хүүхдийн таван жүжгийн хөгжмөөр уран бүтээлийн намтраа зузаалсан түүний яриаг хүргэе.
-Хүүхэлдэйн театрын шинэ уран бүтээл “Мял богдын намтар” жүжиг үзэгчдийн хүртээл болчихлоо. Шинэ он гарсны дараа үргэлжлүүлэн тоглох төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Жүжгийн хөгжим нь тухайн зохиолынхоо амин сүнс нь байдаг юм шиг санагддаг.
Алдартай дуурь, балет хөгжмийн зохиолчоороо овоглож, драмын жүжиг ч гэсэн хөгжимгүй л бол чихэнд наалдацгүй хуурай санагддаг юм. Их баялаг агуулгатай аялгуу болсон юм шиг санагдлаа.
-“Мял Богдын намтар” жүжгийн хөгжмийг би өдөр, судар харж байж бичиж эхэлсэн. Их бэлгэшээсэн. Би сүүлийн үед шашны хөгжмийн судалгаа хийгээд байгаа. Буриадын Соёлын яамны захиалгаар шинэчлэн сэргээсэн 21 дацанд нь зориулан магтаал бичиж өгснөөс энэ талын ажил эхэлсэн юм.
Тэд намайг ямар урамшуулал авах вэ гэж асуухаар нь “21 дацандаа надад зориулж ном уншаарай” л гэсэн. Дараа нь Янжинлхам бурхны зүрхэн тарнид ая, эгшиг тэрлэсэн. Лам нар их сайхан хоолойтой байдаг болохоор тэднээр дуулуулмаар ч юм шиг санагдаад л, дуучнаа хайгаад л судлаад явна даа.
Өнгөрсөн зургадугаар сард “Мял Богдын намтар” жүжгийн зохиолоо авч уншсан. Их таалагдсан. Төвд гаралтай ардын болон уртын дуу, ая эгшгийг судалсан. Тэгээд бичсэн дээ. Мял Богдын намтрыг энд яривал урт юм болно. Бас их айхтар амьдралын замналтай байсан шүү дээ.
Тухайлбал, өөрийнх нь гэр бүлийг сүйрүүлсэн авга ах, эгчээсээ хариугаа авах гэж хараал сурч, тэднийг хорлосон ч сэтгэлийн амар амгаланг олоогүй болохоор сайн мөр хөөхөөр багшдаа золгож байгаа юм.
Тийм болохоор би хараалын, чөтгөр шулмын гээд сайн муу сүлэлдсэн олон хөгжим бичлээ. Бас Мял Богдын гүр дууг хийлээ. Аялгуу нь бэлэн болчихсон одоо бас л дуучнаа хараалаад л яваа.
Бас Мял Богдыг бурхан болсон багш дээрээ очиж сэтгэлээ ариусгаад ирэхэд ээж нь өөд болж, тамд очсон байдаг. Ижийгээ тамаас гаргахын тулд лүйжин тавьдаг хэсэг бий. Лүйжинг их ёс горимтой, тусгай зэрэг дэвтэй лам нар тавьдаг болохоор би гэр бүлийнхнийхээ заслыг хийлгэдэг “Нархажид” сүмийн Гэлэнмаа Туулаас зөвшөөрөл авч, олон түмэнд буянтай хэмээн лүйжин тавиулж бичлэг хийгээд жүжгийн хөгжимдөө оруулсан. Тэр их гоё болсон шүү.
Миний шавь Чинбат намайг их сайн мэдэрч чаддаг болохоор би зохиолоо төгөлдөр хуур дээр биччихээд л шавиараа буулгуулсан.
-Олон хоног тоглож чадсангүй дээ.
-Есдүгээр сарын 18-нд нээлтийг нь би үзэж чадаагүй. Дараа нь нэг л удаа үзсэн. Тэр өдөр танхимд ихэвчлэн хүүхдүүд байсан ч огт чимээ гаргахгүй анхааралтай үзэж байсан шүү.
-Шашны хөгжим рүү анхаарал хандуулах болсон нь ямар нэг учир шалтгаантай юу?
-Далай лам сэтгэлийн заслыг өдөр бүр өөртөө дадуулвал цэлмэнэ гэж сургасан байдаг шүү дээ. Үүнийг л өөртөө бий болгохоор оролдож байна. Яваандаа би шашны симфони бичих бодолтой байгаа. Тийм болохоор эхлээд сэтгэлийн засал нь чухал гэж ойлгосон юм.
Өмнө нь шашны сэдэвтэй хийсэн зохиол, бүтээл болгон шат дамжлага болж, намайг хүмүүжүүлж, бэлтгэж байгаа болов уу.
Шашны хөгжим, магтаал бичиж байхдаа би Төвд, Балбын цомгуудыг их сонсдог байлаа. Ванданлхам бурхны тухай магтаалыг унзад хоолойтой лам нар дуулсан байсан. Тэгээд бодохоор Монголын лам нар дунд ч гэсэн сайхан хоолойтой хүн бий байх.
Би гүр дуугаа нэг сайхан ламаар дуулуулахсан. Янжинлхам бурхны магтаалаа харин эмэгтэй хүнээр дуулуулах бодолтой байгаа. Танай сониноор дамжуулж үүнийг заавал уламжилмаар байна.

-Өнгөрсөн зуунд бол шашны бүтээл, ийм төрлийн симфони бичнэ гэдэг байж болошгүй зүйл байлаа. Энэ төрлийн хөгжмийн зохиол Монголд анх бичсэн хүн нь хэн юм бол?
-Шашны хөгжим анх бичсэн хүн нь миний аав. Аав минь зургаан настай байхдаа Ламын гэгээний хүрээ хийдэд шавилж, зургаан жил болсон гэдэг. Өндөр гэгээн, Зая гэгээн, Ламын гэгээн гэж гурван том зул байна шүү дээ. Тэдний үйлддэг шашны цэнгүүн нь ч тус тусдаа дэгтэй.
Аав минь өөрөө Ламын гэгээний хийдэд банди байсан юм болохоор тэр тухайгаа номдоо нүдэнд харагдтал бичсэн байдаг юм. Бас “Дамдинчойжилын дором” симфони зураглал 80 насандаа бичсэн. Өмнө нь бас 1974 онд “Улаан дарцаг” кинонд шашны хөгжим дуугаргасан ч тухайн үедээ бүрэн дүүрэн эгшиглүүлэх боломжгүй байсан.
Миний энэ замнал, уран бүтээлийн заяаг ч бас тэр бүтээл нь түшиж, цайруулсан болов уу гэж санадаг юм.
-Өнгөрсөн жил та Ховд аймаг “Галдан бошгот” жүжгээ тоглуулсан. Аав тань цэргийн хөгжмийн зохиолч гэдгээрээ бас бусдаас ялгардаг. Мөн таны аав Хүүхэлдэйн театраар нэгэн үе овоглож байлаа. Та ч бас энэ байгууллагатай уран бүтээлийн хүйн холбоотой болжээ.
Одоо тэгээд шашны хөгжим бичсэн аав, хүү хоёр гэж ижилсүүлж болох нь. Аавынхаа замыг мөр даран үргэлжлүүлж яваа юм байна.
-Нээрээ тийм юм байна шүү. Би бас тэгж анзаараагүй юм байна. Чиний хэлдэг зөв. Аав минь цэргийн хөгжимд 17 жил ажиллаж, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг санаачлан байгуулалцаж, гурван жил ажиллаад нөгөө айхтар хэлмэгдүүлэлтэд өртөж, хар гэрт орсон.
Аав минь цэрэгтээ их хайртай. Биднийг өглөө бүр 06.00 цагт командлаад, хөнжил хуу татаад босгоно. Ижий минь л “Яах гэсэн юм, хүүхдүүд зовоолоо” гэж өмөөрнө. Бие султай байж дээ, хэд хоног өглөө босож гүйгээд ханиад хүрчихнэ.
Ч.Лодойдамба гуайг сайд байхад аав Хүүхэлдэйн театрт ажилд орж, “Алладины шидэт дэнлүү”, “Би алаг бөмбүүлэй” гээд гоё жүжгийн хөгжмөө бичсэн. Бодоод байх нь ээ, Хүүхэлдэйн театр хөгжмийн зохиолчдыг өдлүүлж нисгэдэг газар юм уу даа.
Миний хөгжмийн зохиолч болох гараа бас эндээс эхэлсэн. Найм бил үү, есдүгээр ангид байхад аав Хүүхэлдэйн театрт нэг жүжгийн хөгжим бичихдээ надаар жижигхэн хэсгийг нь бичүүлж байсан. Би бас нэг өгүүлбэр бичсэн шүү.
-Аав хүү хоёр уран бүтээлд хамтрах тохиолдол хэр олон удаа тохиож байв?
-Аав тэтгэвэртээ гарсны дараа 18 аймгийн театрын захиалгаар хөгжим бичдэг байсан юм. Тухайн үед соёл, гэгээрлийн бүтээн байгуулалт сайхан өрнөдөг байж дээ. Тэр үед би одоогийнхоор бол аавын хөгжмийн зохиолын фонограмм буюу арын бүтцийг нь хийдэг байсан.
Дүрслэлийн хөгжмийг ингэж бичдэг юм байна гэдэг ойлголтыг тэндээс авсан шүү. Аав, Мөнхдорж ах хоёр л намайг түшээд, дэмжээд гаргаад ирсэн юм шүү дээ.
Сургууль төгсөөд ирэнгүүт л Армийн театрт тавьсан “Сократын сүүлчийн шөнө” жүжгийн хөгжмийг Мөнхдорж ах надаар бичүүлсэн. Юу ч мэдэхгүй ногооноороо байгаа амьтныг шууд дэмжсэн хэрэг. Сургуульд сурах гэдэг өөр ойлголт, сурснаа амьдрал дээр хэрэгжүүлэх ч бас өөр.
-Та зохиол бичихдээ өглөө, өдөр, оройн алийг нь сонгодог вэ?
-Өглөө нь сайхан тунгалаг байдаг юм. Миний нэг шавь бас өглөө 04.00 цагт босож бясалгал хийдэг гэсэн. Учрыг нь асуувал дэлхийн бүх гэгээнтэн, бясалгагчид тэр цагт бясалгал хийдэг гэнэ. Өглөө агаар тунгалаг, орчин нь цэвэр байдаг болохоор тэгдэг юм билээ.
-Аавдаа командлуулаад 06.00 цагт босдог байсан болохоор эрт босоод сурчихсан уу?
-05.00 цагт баараггүй сэрнэ дээ. Ингэж босдог болсон нь “Монголын их хатад” бүжгэн жүжигтэй холбоотой. Зургаахан сарын хугацаанд есөн хатан тус бүрийн онцлог, өнгө төрх, хайр дурлал, хүсэл тэмүүллийг шингээсэн 15 минутын, богино хэмжээний кино шиг зохиол бичсэн. Тэр үед хэцүү санагдаж байсан ч Монголын их хатдад хүндэтгэл үзүүлсэн түүхэн агшин байлаа.
-Та хэр их шүтлэгтэй вэ?
-Сүсэгтэй. Шүтлэгтэй гэвэл илүү гүнзгий байх ёстой байх.
-Гэхдээ сүсэг бишрэл хүн болгонд хэрэгтэй байх аа. Ядаж ч ёс суртахуун асар том хүмүүжил бишрэлийн цаана байдаг.
-Айж, эмээх, ичих, буруу зөвийг ялгах ёс зүйтэй болгодог учраас байх ёстой юм. Сүсэг байхгүй бол хүн төрөлхтөн араатнаас дор болно. Урьд манайхан ээ заяа нь дэлгэр, тосоор гоож, алтаар урс гэж сайхан уулга алддаг байж. Харин одоо П үсгээр эхэлсэн нэг айхтар үг л хүн болгоны амнаас гарах юм. Уг нь монгол заншил сайхан шүү дээ.
Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд “Алтан намар” наадамд “Талын аялгуу” хэмээн морин хуурын жижиг хэлбэрийн бүтээл сойжээ. Сүүлийн жилүүдэд морин хуур хөгжимд зориулсан том хэлбэрийн бүтээл хангалттай хэмжээнд хүрсэн хэдий ч жижиг болон дунд хэлбэрийн бүтээл дутагдах болсон байна. Тэрбээр ХБК-д багшилдаг учраас морин хуурын багш нарынхаа санал бодлыг харгалзан үзэж, энэ зохиолоо бичсэн гэсэн.
Ж.СОЛОНГО