Монголын ногоон хүрэм жилээс жилд нимгэрсээр байна. Жилд дунджаар 392.5 мянган га талбайн ой түймэрт, 50-80 мянган га талбайн модыг огтолж нүцгэлэн, 101.1 мянган га талбайн ой мод хөнөөлт шавьжинд өртөж манай орны ойн сангийн нөөц улам багассаар байгаа учраас тэр юм. Ой мод бол хүн төрөлхтөн бидний хувьд агаар юм. Гэтэл төрийн түшээд агаараас илүүтэйгээр алт эрдэнэсийг илүүд үзсэн бололтой. Учир нь төсвийн хэмнэлт нэрийдлээр улс оронд нэн шаардлагатай судалгааны байгууллагыг татан буулгаж байгаа аж.
Тодруулбал, БОНХАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг эдийн засгийн хямралын хүрээнд жилд 230 сая төгрөгийн төсөвтэй байгууллагыг татан буулгахаар холбогдох байнгын хороод хэлэлцэж байгаа ажээ. Татан буулгаснаар жилд 75 сая төгрөгийг хэмнэх гэнэ. Гэтэл энэхүү байгууллагаас гаргасан судалгаагаар улсын ойн бодлогыг тодорхойлдог.
Бусад улс орон дэлхийн дулаарлын эх үүсвэр болоод буй хүлэмжийн хийн шингээлтийн гол хүчин зүйл болох ойгоо өсгөн үржүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажилладаг. Жишээлбэл, ОХУ-ын зөвхөн Красноярскийн ойн судалгааны төв нь 200, Белоруссын ойн судалгааны төв 300, БНСУ-ын Ойн газар 150 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл манай улс 12-хон ажилтантай улсын ойн бодлогыг тодорхойлдог Ойн судалгаа, хөгжлийн төвийг татан буулгахаар хэлэлцэж байна.
Энэхүү байгууллага нь 1958 онд байгуулагдсан цагаасаа эхлэн ойн зохион байгуулалтын ажлыг жилд дунджаар 4-4.5 мянган га-д, хортон шавжийн судалгааг жил бүр 2.0 сая га-д, устгал, тэмцлийн ажлыг жил бүр 150 мянган га-д гүйцэтгэж, улсын хэмжээнд жил бүр 7.5-8.0 сая ширхэг мод сөөгний тарьц суулгац ургуулах, 2500-3000 га талбайд ойн нөхөн сэргээх ажлыг, 306 га-д ойн зурвас байгуулах ажлыг зохион байгуулсаар иржээ.
Энэ талаар Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимэдээс тодрууллаа.
-Ойн судалгаа, хөгжлийн төвийг татан буулгах талаар хэлэлцэж эхэлсэн. Ингэснээр мэргэжилтнүүд улсын ойн бодлого алдагдана хэмээн үзэж байгаа юм билээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-75 сая төгрөг бол дээд албан тушаалтай цөөн хэдэн хүний жилийн цалин. Ой бол асар их баялаг, хөрөнгө юм. Үүнд зөвхөн ой мод бус ангийн асуудал ч хамаарагдана. Тиймээс жилд 75 сая төгрөг хэмнэхийн тулд судалгааны гол байгууллагыг татан буулгана гэдэг бол Монгол Улсад ойн талаарх баримтлах чиглэл, зарчим гэж байхгүй болсны илрэл юм. Мөн ой бол хүчилтөрөгч ялгаруулдаг гол хүчин зүйл. Хэрэв ой байхгүй бол амьсгалах агааргүй болно гэсэн үг. Өнөөдөр 75 сая төгрөгийг хэмнээд ойгоо устуулдаг юм байж. Тэгвэл хэдэн арван жилийн дараа хэдэн зуун тэрбум төгрөгийг зарцуулж байж л дахин ойжуулалтын ажлыг шинээр эхэлж чадна. Төр засаг тогтворгүй, дахин дахин шинэ дарга, сайд нар солигдож, мэргэжлийн бус хүмүүс гарч ирэхээр өмнө нь байсан зөв системээ устгадгийн тод жишээ энэ.
-Татан буугдчих юм бол судалгааны ажлыг хийх өөр ямар ч газар байхгүй юм уу?
-Байхгүй. Судалгааны ажил ч хийгдэхгүй. Би бүхий л насаа ойн мэргэжлийн ажилд зориулж явж байгаа хүн. Өөрөөр хэлбэл, БОНХАЖЯ бодлого боловсруулах байгууллагагүй болно гэсэн үг.
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч С.Жамъяансүрэн: Мөстлөгийн дараа дэлхий дээр үлдсэн хоёрхон хэсэг газрын нэг юмсан
-Ойгоо судлаж ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ тогтоодог байгууллагыг татан буулгачихаар БОНХАЖЯ юунд түшиглэж бодлого боловсруулах юм бэ. 75 сая төгрөг хэмнэхийн төлөө Засгийн газар ийм бодлого боловсруулж байгаа нь туйлын эмгэнэлтэй хэрэг болж байна. Уг нь манай ой мөстлөгийн дараа дэлхий дээр үлдсэн хоёрхон хэсэг газрын нэг. Нөгөө нь Канадад байдаг юм. Төв Азиас эх авч байгаа гол нуурууд, Байгал нуур болоод Хойд мөсөн далай руу цутгаж байгаа бүх голуудын эх болох мөнх цэвдгийг барьж байгаа гол эх үүсвэр нь гэсэн үг.
Тэгэхээр үүнийг яаж зөв, ашиглах вэ гэдэг асуудлыг дэлхий нийтийн байгалийн дулаарал, өөрчлөлттэй холбоотойгоор судлах гэж Герман, Чех, Беларусь, Хятад, Оросын эрдэмтэд ирж судалж байна. Ийм ач холбогдолтой, үнэ цэнэтэй баялгаа 75 сая төгрөгөөр сольж байгаа гэдэг нь үнэхээр харамсалтай. Амьсгалах агаараа алт эрдэнэсээр сольж байгаа хэрэг.