“Стоун майнинг” компани Дорнод аймгийн Баяндун суманд ашигт малтмалын хайгуул хийх хүсэлт гаргажээ. Ашигт малтмалын газар хуулийн дагуу сум болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын (ИТХ) саналыг авч байж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох учиртай.
Тус компанийг нутагт нь ашигт малтмалын хайгуул хийхийг Баяндун сумын ИТХ-ын тэргүүлэгчид дэмжээгүй аж. Аймгийнх нь ИТХ сумаас гаргасан шийдвэрийг үндэслэн зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Иймээс тус компани хайгуулын тусгай зөвшөөрөл авч чадахгүй “гацав”.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 2015 оноос хойш Монголын газар нутгийг баруун, зүүн бүсэд хуваан цахим бүртгэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Лиценз олгох ажил баруун бүсээс эхэлсэн бол наймдугаар сарын сүүлчээс зүүнийхийг зарласан юм.
“Стоун майнинг” компани зүүн бүсээс лиценз авах хүсэлт гаргасан компаниудын нэг. Тэднийхээс долоо хоногийн өмнө тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан бүх компани санасандаа хүрчээ. Учир нь жилд гуравхан удаа хуралдах төсөвтэй байдаг сумын ИТХ хуралдах боломжгүй гэсэн учраас аймгийнхан өргөдлийг нь дэмжсэн аж.
Харин “Стоун майнинг” болон бусад таван компанийн хүсэлт сумын ИТХ хуралдах товтой давхцсан учраас тэд авч хэлэлцжээ. Ингээд дэмжихгүй гэж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Стоун майнинг”-ийн аз дутсан хэрэг.
“Стоун майнинг” компанийн захирал Ц.Батбаяр “Сумын ИТХ хуралдахаас өмнө, эсвэл хойно хүсэлтээ гаргасан бол лицензээ авчих байлаа. Өмнөд Азид хөрөнгө оруулагчдын томоохон хурал болгох гэж байгаа. Тусгай зөвшөөрлөө авчихсан бол хөрөнгө оруулалт татах ажлаа эхлүүлчих байсан. Мэдээлэл дутмаг хүмүүсээс болж ажил саатаж байна” гэлээ.
Ашигт малтмалын газраас “Урт нэртэй” хуулийн хязгаараас гадуур, улс, аймаг, сумын ИТХ-аас тусгай хамгаалалт, хэрэгцээнд аваагүй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан. Гэсэн ч компаниуд орон нутгийнхны дэмжлэгийг авч чадахгүй байна.
Лиценз олгож эхэлснээс хойш аймгийн Засаг дарга нар 888 өргөдөлд санал ирүүлснээс 508 нь “Стоун майнинг”-ийнхан шиг татгалзсан хариу сонсчээ. Тэдний олонх нь татгалзах үндэслэлээ нь айлын өвөлжөө, хаваржаа байдаг, малын бэлчээр бүхий газар хэмээн тайлбарлажээ.
Энэ нь хуульд заагаагүй үндэслэл аж. Тиймээс Ашигт малтмалын газрынхан хуулиар олгосон эрхийнхээ дагуу 538 талбайд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байгаа гэнэ.
Орон нутгийнхан лиценз олгохоор өргөдөл гаргасан талбайг тусгай хэрэгцээнд авах тохиолдол нэлээд гарчээ. Тусгай хэрэгцээнд аваад Ашигт малтмалын газрын кадастрт бүртгүүлчихвэл тухайн талбайд лиценз авах өргөдлийг нь цуцалж байгаа аж.
Харин тусгай хэрэгцээнд авах үндэслэл хуульд нийцэхгүй гэж үзвэл өргөдөл гаргасан компаниуд орон нутгийн ИТХ-ыг шүүхэд өгөх нь нээлттэй аж. Нутгийнхан лиценз олгох өргөдөлтэй танилцангуутаа өмнө нь тусгай хамгаалалтад аваагүй байсан шүтдэг уул усаа авах тохиолдол олон гарч байгааг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Д.Одончимэг дуулгав.
Лиценз тойрсон бохир наймаа газар авсан учраас тусгай зөвшөөрөл олгохыг хэсэг хугацаанд зогсоосон билээ. Хуулийг нь ил тод, шударга байх зарчимд тулгуурлан боловсруулаад дахин олгож эхэлтэл орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч буй нь энэ.
Уг нь Засгийн газар ашигт малтмалын хайгуулыг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татан эдийн засгаа тэтгэх зорилго агуулж байгаа. Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байх үед “Лиценз олгож эхэлбэл жилд хайгуулын ажилд хамгийн багадаа тэрбум ам.доллар зарцуулна” гэж ярьж байсан юм.
Тэгвэл орон нутгийнханд ямар ашиг сонирхол байна вэ? Засгийн газрын шийдвэр бол сумын ИТХ-д аавын захиас гэсэн үг. Гэтэл юунд эсэргүүцнэ вэ? Эцэг өвгөдийнхөө эртнээс нутаглаж ирсэн ариун дагшин газрыг хөндүүлэхгүй гэсэн бодол тэдний толгойд эргэлдэж буйг үгүйсгэмгүй.
Хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан компанийн удирдлагууд “Эдийн засгийн ямар ч хөшүүрэггүй учраас тэд хайгуул хийлгэх дургүй байна. Орон нутгийн хөгжилд хувь нэмэргүй болохоор газраа хөндүүлээгүй нь дээр гэж боддог” гэж ярьж байна.
Тухайлбал, ус ашигласны төлбөрийг орон нутагт нь үлдээдэг байсан бол одоо төв рүү татдаг болжээ. Энэ мэт шийдвэрийн улмаас орон нутаг уул уурхайн үйл ажиллагаанаас ямар ч үр ашиг хүртэхээ больжээ.
Нутгийнхны эсэргүүцлийг хэрхэх зохицуулалтыг Засгийн газар гаргаж чадахгүй удлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч “Ингэх ёстой, тэгэх хэрэгтэй” гэсэн бодитой гаргалгаатай, дорвитой мэдэгдэл хийсэнгүй. Ер нь төр зохицуулах гэж оролдохгүй, хичээхгүй байгаа харилцаа уул уурхайн компани, орон нутгийн удирдлагуудын хооронд бий.
Нутгийн иргэдийн эд баялгийг маань хөрөнгөтнүүд хамаад явж байна, эзэн учраас бид үр ашгийг нь хүртэх ёстой гэсэн сэтгэлгээ хуучраагүй байгаа. Энэ сэтгэлгээг сэдрээхгүйн тулд уул уурхайн компаниуд нутгийн иргэдийг аргадах шаардлагатай. Шаардлагатай бүтээн байгуулалтад тусална, зарим бийлэгжүү нь хувь, хишиг тараадаг.
Ийм эмзэг харилцааг уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг сумын удирдлагууд овжиноор ашиглаж, хувьдаа хөлжих үзэгдэл газар авсан нь нууц биш. “Заамар сумын Засаг дарга хүүхэн алтны компаниудыг холгоод баяжиж гүйцлээ” гэх мэт баримт нотолгоогүй явган яриа түгдэг шүү дээ.
Заамар гэснээс тус сумын ИТХ-ын гишүүд алт олборлогчдын хөрөнгөөр Бээжин хотоор аялсан явдал нь компани болон орон нутгийн удирдлагуудын хоорондох өгөө, авааны бэлэн жишээ юм.
Нэлээд судалсны үндсэн дээр Засгийн газар Австралийн жишгийг дагахаар шийдэж байх шиг. Тус улс компани болон орон нутгийн удирдлагуудыг хамтран ажиллах тохиролцоонд хүрэх хугацаа өгдөг аж. Хэрвээ тохиролцож чадахгүй бол хуулиар олгосон зохицуулалтаа баримтлаад тухайн нутгаас ашиг малтмал хайх, олборлуулах, эсэхийг шийддэг байна.
Манайхан үүнтэй адил хувилбарыг боловсруулж байгаа аж. Тэр нь компани, орон нутгийн удирдлага хооронд гэрээ байгуулах журам юм. Уг журмын дагуу хоёр тал гэрээ байгуулж, харилцан ашигтай хамтран ажиллах гэнэ.
Сумын Засаг даргад шинэ жийп авч өгөх, ИТХ-ын гишүүдийг Бээжингээр аялуулах биш, нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсролыг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаанд компанийг хөрөнгө оруулалт хийхийг дэмжсэн байдлаар журамлана гэж эх сурвалж ярилаа. Тэгэхээр “Стоун майнинг” компанийн захирал Ц.Батбаяр Дорнод аймгийн Засаг дарга, Баяндун сумын ИТХ-ын даргатай тохиролцоонд хүрэх замтай болох нь.
Ц.Батбаяр Баяндун суманд нийтийн халуун усны газар барьж өгдөг сөн үү, хэдэн оюутанд сургалтын тэтгэдэг олгодог сон уу. Тиймэрхүү хөрөнгө оруулалт хийж байж л хайгуул хийх зөвшөөрлөө авч чадах нь байна. Аваа, өгөөний тэнцвэрийг олчихвол уул уурхай урагшлахад ч тустай, тоглоомын дүрэм нь ойлгомжтой байх биз.
Т.ЭНХБАТ