АНУ-ын Калифорни мужийн засаг захиргаанаас мал эмнэлэгт эмийн хэрэглээг эрс хязгаарласан хууль баталлаа. Өвчин үүсгэгч бичил биетэн антибиотикт тэсвэртэй болж байгаа тул малын эм, тариаг Калифорни мужийн нутаг дэвсгэрт малын эмчийн жоргүйгээр худалдахыг бүрэн хоригложээ. Ингэснээр эм, тарианы замбараагүй хэрэглээг хязгаарлаж, зөвхөн эмчийн заавраар эмчилгээ хийх болон мэс заслын үед хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Гадаадынхан мал, амьтандаа эм, тариа замбараагүй хэрэглэсээр байгаад дасгачихсан байдаг аж. Уралдааны морьдоо хүч тэнхээтэй байлгах, махны үхрээ хурдан томруулах гэж, галуу, тахианаасаа өдөрт 2-3 удаа илүү том өндөг авахын тулд хүмүүс төрөл бүрийн нэмэлт бүтээгдэхүүн өгч, эм тариагаар “бөмбөгддөг”.
Монголчууд ч ялгаагүй хурдан мориндоо хүч тамир оруулах эм, тариа хийдэг, хаврын туранхай хонь, ямаа, үхэртээ тариа тарьж, таргалуулаад махалчихдаг болсон. Тэд алдаагаа засаж байхад бид алдааг нь давтаж байна.
Байгаль цаг уурын хувирал, орчны бохирдол, хүн, малын нүүдэл зэрэг олон өөрчлөлтөөс болоод өчүүхэн жижиг нянгаас эхлээд амьтад хүр тэл өөрчлөгдөж эхэлсэн. Хүний, малын бүх эмийг хар захаас эхлээд хажуугийн эмийн сан хүртэл жоргүйгээр зардаг, тэрийг нь хүмүүс ч өөрсдөө дураараа авч уудаг, малдаа хэрэглэдэг бидний буруу зуршил үүн дээр нэрмээс болж буй нь дамжиггүй.
Энэ бүхний нөлөөгөөр сүүлийн 30-аад жилд хүн, мал, амьтанд халдварт өвчин үүсгэдэг 90 гаруй бичил биетэн тодорхойлогдсоны 50 хувь нь урьд нь шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагүй шинэ “дайсан” юм байна. Тэрхүү шинэ “дайснууд”-ын тал нь буюу 20 гаруй бичил биетэн нь зоонозын өвчин үүсгэдэг болохыг судлаачид тогтоогоод байна.
Хонь, ямааны уушигны аденоматоз, маеди-висна, хэл хөхрөх (хөх хэлтэх), Баруун Нилийн халуурал, гахайн үржил-амьсгалын замын хам шинж, хачигт борреллёз (Лаймын өвчин), хачигт энцефалит, шувууны томуу, Ньюкаслийн өвчин, үхрийн уушгины синсициал вирусийн халдвар, адууны үений халдварт үрэвсэл гэх 11 өвчин монгол малд шинээр гарлаа.
1974 оноос хойш сураг нь сонсогдоогүй шүлхий 2000 оноос хойш Монголоос салахаа болив. 1977 оноос хойш бүртгэгдээгүй хонины цэцэг 2006, 1967 оноос хойш бараа нь харагдаагүй ямааны цэцэг 2008 оноос дахин сэргэлээ.
Үүний зэрэгцээ адууны, гахайн гэх мэт төрөл бүрийн ханиад томуу, гахайн сонгомол мялзан, галзуу, боом, хонь, ямааны сохор догол, ишиг, хурганы кокцидоз өвчин дахин “зочиллоо”. Өчигдрийн байдлаар гэхэд манай улсын найман газарт мал, амьтны халдварт өвчин гараад байв.
Үүнээс Дорноговийн Сайншанд, Сайхандулаан, Айраг, Сүхбаатарын Халзан суманд хонины цэцэг, Булганы Сэлэнгэд дуут хавдар илэрч, Хэнтийн Мөрөн, Говь-Алтайн Халиунд үхэр, тэмээ галзуурчээ. Хүн, малгүй антибиотик идсээр байгаад ийм болчихсон юм биш үү, бид чинь.
Х.БОЛОРМАА
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
М.Галбадрах: Нүүдлийн мал зэрлэг амьтантай хамт бэлчиж, өвчин тусдаг
Мал эмнэлэг, үржлийн газар (МЭҮГ)-ын дарга М.Галбадрахаас малын халдварт өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа талаар тодруулахад,
-Манайх малын халдварт өвчний тархалтыг зогсоох боломжтой. Гэхдээ хэд хэдэн бэрхшээлтэй асуудал бий. Тухайлбал, нүүдлийн мал аж ахуйн орон учраас мал нь зэрлэг амьтантай нэг газраар бэлчдэг. Гэтэл зээрийн шүлсэнд шүлхий өвчний нян байх магадлалтай. Тэгэхээр малын өвчин намдахгүй байгаа юм. Үүнээс гадна бид урьдчилан сэргийлэх ажлаа хангалттай хийж чаддаггүй. Уг нь бусад орон өвс үнэгүй идэж байгаагийнх нь төлөө нэг малаас тодорхой хэмжээний татвар авдаг. Манайх энэ жишгээр нэг малаас жилд 1000 төгрөгийн татвар авахад 60 тэрбум төгрөг цуглана. Гэвч Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан учраас бүх ачааллыг төр үүрдэг. Хэрэв малаас татвар авдаг болчихвол урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай хийх мөнгөтэй болно. Манай улс мал эмнэлэгтээ жилд 18 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгийг 60 сая малдаа хуваарилахаар нэг малд 50 төгрөг л зарцуулах болдог. Тиймээс Үндсэн хууль, Татварын хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байгаа юм.
Ц.Пүрэвхүү: Хилийн боомтууд, эрсдэлтэй бүс нутгаа “дархлаажуулах” шаардлагатай
Малын гоц халдварт өвчний дэгдэлт, түүнийг бууруулах арга замын талаар МЭҮГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.
-Манай оронд энэ онд гоц халдварт өвчин хэр олон гарав?
-Оны эхний арван сарын байдлаар шүлхийн найман тохиолдол бүртгэгдсэн. Ховд аймгийн Булган, Үенч суманд дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян-Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол оношлогдсон.
Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарлаа. Аравдугаар сарын 23-ны байдлаар 89.677 малыг урьдчилан сэргийлэх тарилгад бүрэн хамрууллаа. Цэцэг өвчин намжмал байснаа энэ жил газар авч байна.
Аравдугаар сарын 26-ны байдлаар хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Сүхбаатар, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн, Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Өргөн, Сайхандулаан, Сайншанд зэрэг 15 суманд гарч, 200 гаруй толгой мал өвчилсөн. Үүнээс өөр гоц халдварт өвчин илрээгүй.
-Манай улс улаан бурхан өвчнийг устгачихлаа гэсэн чинь дахиад гарсан. Үүн шиг устгасан гэж үзэж байсан өвчин дахин сэргэж байсан уу. Тухайлбал, үхрийн мялзан өвчин дахиад дэгдэх магадлалтай юу?
-Хамгийн анх устгасан өвчин бол үхрийн мялзан. Аливаа өвчнийг дэлхий даяар, эсвэл нэг орон, тодорхой бүсэд устгалаа гэж гэрчилгээ олгох нь бий. Улаан бурханыг зөвхөн манай улсад л дарсан байсан юм. Бусад орноос манайд дамжин ирэх боломжтой гэсэн үг.
ДМАЭМБ гоц халдварт таван өвчнөөр эрүүл гэсэн статус олгож нийтэд зарладаг. Гэхдээ тухайн бүс нутаг эрүүл гэсэн статус авсан ч тэр өвчин дахин дэгдвэл жагсаалтаас хасдаг. Харин дэлхий даяар үхрийн мялзан устсан шүү гэж зарласан.
-Монгол малаас өвчин салахаа болилоо. Яагаад зөвхөн урд хөрштэй хил залгаа бүс нутагт гараад байна вэ. БНХАУ малын өвчин гарахад маш их нууцалдаг, 10-20 хоногийн дараа ДМАЭМБ-д мэдээлдэг. Нууцлах хугацаанд манайд хэдийнэ орж ирээд тархчихаад байна гэх юм.
-Урд хөршөөс орж ирдэг нь үнэн. Тээврийн хэрэгсэл, хүн, зэрлэг амьтан зэрэг төрөл бүрийн хүчин зүйлээр дамжин ирж байна. Гэхдээ зөвхөн гадаад хүчин зүйлс биш, малчид хариуцлагагүй, мал нь өвчилсөн байхад нэн даруй мэдээлэхгүй, хожуу оношилуулдаг тал ч бий. Хилийн боомтууд, эрсдэлтэй бүс нутгуудаа сайн “дархлаажуулах” шаардлагатай.
-Уг нь манайх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийдэг ч өвчин салахгүй юм. Манай малын эмч нар вакцинаа зөв хадгалж чадахгүй байна уу. 2010 онд Сүхбаатар аймагт шүлхий гарахад вакцинаа хөлдөөж байсан шүү дээ.
-Вакцин зургаан сар л хамгаалдаг учраас жилд хоёроос доошгүй удаа тарих ёстой. Түүнээс гадна бид тийм ч олон малыг вакцинжуулж чадахгүй байна. Шүлхий гарлаа гэхэд бүх зардлыг нь улс даан, ариутган халдваржуулдаг.
Малчин малынхаа ашиг шимийг хүртдэг хэрнээ өвчин гарангуут улс арга хэмжээ ав гэдэг. Вакцин буруу хадгалсан тохиолдол гардаг. Үнэхээр вакцин хийж буй, эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллага хянадаг. Гэхдээ хариуцлага алдсан хүнд тооцох торгууль маш бага.
Малын эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан. Шинэ хуульд иймэрхүү чухал асуудлыг зөвөөр шийдэх талаар тусгасан.
Я.Номхон: Вакцин үйлдвэрлэл хангалтгүй байна
Малын халдварт өвчин сүүлийн жилүүдэд ихсэж буй, эсэхийг МЭҮГ-ын ахлах мэргэжилтэн Я.Номхоноос тодрууллаа.
-Галзуу, боом өвчин өмнөх жилүүдээс өсөөд байна гэх юм. Үнэн үү?
-Зөвхөн мал өвчилдөг, мөн хүн, мал хоёулаа өвчилдөг зоонозын өвчин гэж бий. Сүүлийн жилүүдэд нэлээд аюул дагуулж буй нь зоонозын өвчин. Үүнд бруцеллёз, галзуу, боом багтдаг. Сүүлийн үед галзуу өвчин их гарч байна.
Одоогоор 19 аймгийн 126 суманд 282 голомтоор 410 мал галзуугаар өвчлөөд байна. Жилд 1.6 сая малыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулдаг. Цаана нь 50 сая мал үлдэж байна. Сүүлийн үед боомоор адуу маш их өвчилдөг болсон.
Жишээ нь, энэ жил долоон аймгийн 20 суманд 40 голомтоор 170 гаруй мал боомоор өвчилсөн. Үүний 170 гаруй нь адуу. Ер нь жил ирэх тусам малын өвчин нэмэгдэж байна. Энэ нь малын тоо өссөн, вакцинжуулалтад шаардлагатай хөрөнгө дутмаг байгаагаас шалтгаалж буй юм. Бэлчээрийн даац, малын идэш муудаж байгаатай ч холбоотой.
-Шинэ төрлийн өвчин хэр гарч байна?
-Дэлхий дахинд малын 300 гаруй өвчин бий. Үүний 60 орчим нь Монголд гарч байсан болон гарч болзошгүй. Жилд 24-28 төрлийн өвчин гарч байна. Саяхан адууны ДОХ өвчин гарлаа, Өмнөговь аймагт тэмээний өвчин гарлаа гэж шуугилаа.
Гэтэл тийм ч аюултай өвчин биш, адууны нийлүүлгийн паразит өвчин байсан. Үүнийг эмчилж болно. Тэмээний өвчнийг шинжлэхэд хордлого байгаа юм. Аль алиныг нь эмчилж эдгээх боломжтой байхад нийгэм даяар буруу ойлгочихоод байна.
-Эдгээр өвчнөөс салахын тулд багагүй хөрөнгө зарцуулж, улсын хэмжээнд кампанит ажил өрнүүлж, нэлээд далайцтай арга хэмжээ авах шаардлагатай юм уу?
-Ер нь хэчнээн вакцин хийгээд ч 50 гаруй сая малыг жилд хоёр удаа вакцинжуулж чадахгүй. Мэдээж манай вакцин үйлдвэрлэл хангалтгүй, хүчин чадал нь хүрэлцэхээ больсон. Манай улс 20 сая малтай, түүнийхээ 40 хувийг вакцинжуулж байя гэж 1923 онд үйлдвэр барьсан юм.
Гэтэл одоо 50 гаруй сая малтай. Өмнө нь өвчтэй малыг шууд устгадаг байснаа одоо больсон. Төсөв бага байгаа нь үнэн. Бид одоогийн төсвөөр яагаад ч малаа эрүүлжүүлж чадахгүй. Улс багахан хэмжээний мөнгө гаргаад эрсдэлтэй бүс нутгийн цөөн хэдэн малыг л вакцинжуулдаг.
-Вакцин үйлдвэрлэхэд хэр их мөнгө зарж байна вэ?
-Жилд 5-6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр вакцин үйлдвэрлэдэг.
ИНФОГРАФИК

БАЙР СУУРЬ
Малын халдварт өвчин болон түүнтэй хэрхэн тэмцэх талаар албаны хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИА ХИЙЛГЭМЭЭР БАЙГАА Ч ХИЙДЭГГҮЙ
Б.ТУЛГА (Хэнтий аймгийн Биндэр сумын малчин):
-Манайх 1000 гаруй малтай. Бруцеллёз зэрэг өвчин гарч байсан. Нуулгүй хэлэхэд орон нутагт малчид л өөрсдөө малын эмч болдог. Бид өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэггүй. Тэгээд ч малыг шинжилгээнд тогтмол хамруулдаггүй юм.
Ойр хавьд маань өвчин гарсан тохиолдолд л эмч нар үзлэг хийж, тариа тарьдаг. Түүнээс биш жил бүр урьдчилан сэргийлэх тарилга хийдэггүй. Өвчин гарвал бид халдвар авсан малаа нядлаад, устгалд л оруулдаг. Хэрэв урьдчилан сэргийлэх ажил сайн байвал малчид бас хохирохгүй шүү дээ.
ЭМНЭЛГИЙН ГОЛ ҮҮРЭГ БОЛ МАХ, СҮҮГ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙЛГАХ
Ц.ӨЛЗИЙТОГТОХ (Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч):
-Одоогийн мөрдөж буй Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хангалтгүй. Тус хуулиар зөвхөн гэрийн тэжээвэр амьтныг хамгаалахын хуульчилсан байдаг. Харин шинэчлэхээр өргөн барьсан хууль дэлхийн жишигтэй нийцэж байгаа.
Мал эмнэлгийн нийгэмд гүйцэтгэх хамгийн том үүрэг бол бидний хэрэглэж байгаа мах, сүүг эрүүл, аюулгүй байлгах явдал юм. Гэтэл өнөөдөр ийм ажлаа хийгээгүй байж, УИХ-ын гишүүдээс эхлээд махаа экспортлоод бөөн мөнгө олж ирнэ л гэх юм.
Үнэндээ мал эмнэлэг нь малаа өвчтэй юү, үгүй юү гэдгийг баталгаажуулах чадавхгүй байхад мах экспортлох боломжгүй. Мал эмнэлэг малтай биш, өдөр тутам хүнтэй харьцаж байдаг.
МАЛЧДЫН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Г.ГАНБИЛЭГ (Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлагч эмч):
-Энэ жил манайх маш их ачаалалтай ажиллаж байна. ЗӨСҮТ өнөөдрийн байдлаар хүн зоонозын халдвар авсан байж болзошгүй 585 яаралтай дуудлага хүлээн аваад байна. Ер нь хүн амын эрүүл мэндийн боловсрол, ялангуяа малчдын мэдлэгийг сайжруулах нь чухал.
Мөн гоц халдварт өвчинтэй тэмцэх төлөвлөгөө хэрэгжүүлэх бүх шатны байгууллагууд жил бүр төлөвлөгөөг тодотгож, дадлагажуулах хэрэгтэй. Өвчний голомттой нутгийн малчид, эрсдэлт бүлгийн хүн амд өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалт хийж хүн амыг дархлаажуулах шаардлагатай.
Г.БАЯРЦЭЦЭГ
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Бруцеллёз, боомын вакцин түлхүү үйлдвэрлэдэг
Манай улсад малын халдварт өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэдэг ганц үйлдвэр нь “Биокомбинат” ТӨААТҮГ. Уг үйлдвэрийг байгуулан мал эмнэлгийн зориулалттай тарилга, вакцин үйлдвэрлэж эхэлснээр мал сүргийг олон төрлийн халдварт өвчнөөс эрүүлжүүлж, өвчнийг тодорхой хэмжээгээр бууруулж, хязгаарлаж чаддаг болжээ.
Тус үйлдвэр жилд 60-аад нэрийн 50 орчим сая тун шингэн болон шахмал вакцин үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дийлэнх нь бруцеллёз, боом зэрэг өвчний вакцин байдаг ажээ. Малын тарилга, вакциныг өвчин үүсгэгч нянгаар нь хийдэг бөгөөд тэд туршилтаа хулгана, усан гахай мэт амьтан дээр туршдаг байна. Гэвч тус үйлдвэр вакцины төрлөө нэмэгдүүлж, шүлхий зэрэг өвчний вакцин үйлдвэрлэдэг болох шаардлага тулгарч буй.
2000 оноос эхлэн уг үйлдвэр жил бүр тодорхой хэмжээний ашигтай ажиллаж, тухайн жилийнхээ ашгийг дараа жилийнхээ дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ажилладаг аж. Ингэснээр сүүлийн 10 жилд хоёр тэрбум гаруй төгрөгөөр биотехнологийн үйлдвэрт ашиглах зориулалттай тоног төхөөрөмж худалдаж авсан байна.
Гэхдээ нян үүсгэгчийг гадаадаас худалдан авахад өндөр өртөгтэй байдаг тул тус үйлдвэр технологийн бүрэлдэхүүнээ солих зайлшгүй шаардлага байгаа аж. Энэ талаар тус үйлдвэрийн удирдлагууд “Манайх бүх олон улсад зөвшөөрөгдсөн технологи ашиглаж байгаа.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань ч олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа. Гэхдээ бид ашиглаж байгаа технологи, техникийн дамжлагаа шинэчилж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Дотоодын хэрэгцээгээ манай үйлдвэр 100 хувь хангадаг.
Бид вакцин үйлдвэрлэхгүй бол таван тэрбум төгрөгөөр дотоодын хэрэгцээгээ хангах бус 50 тэрбум төгрөгөөр гадаадаас тарилга, вакцин авах болно” гэж ярьж байв.
“Биокомбинат”-ад үйлдвэрлэсэн вакциныг Засгийн газар худалдан авч, аймаг, сумдад тараадаг гэнэ. Монгол Улс 50 орчим сая малтай гэсэн статистик мэдээ бий. Дотоодын хэрэгцээнд 10 орчим сая малыг нь нийлүүлэхэд цаана нь 40 орчим сая үлдэнэ.
Хэдийгээр тус үйлдвэр жилд энэ хэмжээний малд хүрэлцэхүйц вакцин үйлдвэрлэж байгаа ч энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хангалттай хүрдэггүй байна. Тодруулбал, малын халдварт өвчнийг төрөл тус бүрээр нь ангилбал вакцин хангалттай биш ажээ. Эдний галзуугийн вакцин гэхэд л Монголын нийт малын таван хувьд нь хүрэлцэх гэнэ.
Тиймээс шинэ тоног төхөөрөмж, хөрөнгийн асуудлаа шийдвэл хангалттай вакцин үйлдвэрлэх боломжтой аж. Хэрэв технологийн бүрэлдэхүүн хэсгийн нэг нь л орчин үеийн биологийн үйлдвэрт тавигдах шаардлагыг хангахгүй бол бүтээгдэхүүний чанар, стандартаа хангахгүй болдог гэнэ.
2010 онд тус үйлдвэрийг шинэчлэхэд зориулж БНУУ-ын Засгийн газраас 14 жилийн хугацаатай, 25 сая ам.долларын хүүгүй зээл авах гэрээг хоёр улсын Засгийн газар байгуулсан ч өмнөх удирдлагууд нь уг ажлыг үгүй хийжээ. Тиймээс салбарын яамандаа үйлдвэрийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлох шаардлага байгааг уламжилсан байна.
Г.ЦЭЦЭГ
ДЭЛХИЙН ЖИШИГ
100 ОРОНД ШУВУУНЫ ХАНИАД ГАРЧЭЭ

Хүн төрөлхтөн зэрлэг ан амьтныг гаршуулан тэжээж эхэлсэн тэр үеэс амьтны биеийн бүтэц, яагаад өвчин тусдаг, хорогддогийг судалж иржээ. МТӨ амьдарч байсан эрдэмтэн Гиппократ, Аристотель нарыг мал эмнэлгийн эх суурийг тавьсан гэж үздэг.
1761 онд Францын Лион хотноо дэлхийн анхны мал эмнэлгийн сургууль байгуулагджээ. Тэр үед мал, гэрийн амьтны гоц халдварт өвчин гардаг байсан ч улс орнууд нэгдэн тэмцдэггүй, олон улсын нэгдсэн холбоо, байгууллага ч байсангүй.
Харин 1920 онд Бельгид бод малын тахал өвчин гарч, Европ тивийн улсууд ихээхэн хохирол хүлээсний дараа 28 улс нэгдэн, Олон улсын мал амьтны халдварт өвчний товчоог байгуулжээ. Улс хооронд мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэх, солилцоход тавигдах аюулгүй байдлыг хангаж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой тус байгууллагыг 2003 оноос Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага гэж нэрлэх болсон.
Энэхүү байгууллагын анхаарлын төвд мал аж ахуй байдаг. Учир нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаар дэлхийн ядуу хүн амын 70 хувь нь амьдралаа залгуулдаг. Дэлхийн хүн амын өсөлт, мах, сүү, өндөг зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн, хүнс бэлтгэх арга технологи сайжирсан зэрэг шалтгаанаар малын тоо ихэд буурч байгаа аж.
Үүн дээр халдварт өвчин нэмэгдэхээр малын тоо эрс буурах тооцоо гарсан гэнэ. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчнөөс гадна дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт малд ямар нөлөө учруулж байгаад их анхаарах боллоо.
Малын өвчнөөс дэлхийд хамгийн аюултай нь шүлхий. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн 180 орноос шүлхийн вакцин тариагүй, шүлхийгээр эрүүл статустай 67 орон, шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай хоёр улс, шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 12 улсын 17 бүс нутаг, шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай найман улсын 12 бүс байгаа бол үлдсэн 100 гаруй орон нь статус нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, өвчин үе үе гардаг буюу шүлхийгээр тайван биш гэж ойлгож болно.
Манай улстай хамгийн ойр ОХУ-д малын өвчин их байгаа. Тус улсын мал эмнэлгийн албанаас ойрын үед тавьж буй зорилго нь 2008 оноос эхлэн гарсан Африкийн үхрийн мялзангийн голомтыг устгах, гахайд вакцин тарих замаар гахайн сонгодог мялзанг устгах, галзуу өвчин гарч байгаа бүс нутгуудад буй мал болон гэрийн тэжээвэр амьтныг вакцинд хамруулах, зэрлэг амьтдыг хянах бүсийг өргөжүүлэх, Хятад, Монгол, Казахстан улсуудтай хиллэдэг мужуудад шүлхий өвчин үүсгэгч оруулахгүй байх, хяналтыг сайжруулах, сүүлийн үед дахин гарч эхэлсэн малын бруцеллёз өвчнийг бүрмөсөн эмчлэх ажил багтаж байгаа аж.
М.СУГАР-ЭРДЭНЭ