Монгол орны урд хил дээрх хэдэн боомтын нэг болох Гашуунсухайтын наахна Өмнөговь аймгийн Ханбогд суманд харьяалагдах Цагаанхад хэмээх багийн төв орших агаад суурин маягийн хэдэн гэр, байшин байх.
Засаг захиргааны зүгээс ямар нэг зохион байгуулалттай үйлчилгээгүй, өөрөө удирдах хэлбэртэй юм шиг боловч дотоод, гадаадын олон хэлийн, есөн шидийн улс амьтан хөлхсөн, микро автобус, “Фургон”, суудлын жижиг тэрэгнээс эхлээд зуугаас хол давсан тонн ачаа даах чадалтай, хүнд даацын нүсэр том машин техник холхисон, хүнс худалдаа, хоол цайгаар үйлчлэх гэр байруудтай олон хүн бужигнасан их хөлийн газар буй за.
Цаашлаад хил орчмын ахуй, зорчигсод хийгээд хил, гааль дээр ажиллагсдын араншин, төлөв байдлыг хилээс чанагш өмнөд хөршийнхний байр байц лугаа өнгийж харьцуулаад үзье.
Ингэхдээ өөрсдийнхнийгөө доош хийж муутгах, гадаадынхныг дөвийлгөн магтах гэж ер бодсонгүй, байгаа юмыг бодитоор дүрслэх, манай төр засаг, нутгийн удирдлага гэж байдаг бол харалган бодлогоо цэгцлэх, иргэд, алба ажлаа хувийн эрх ашгийн төлөө бус ухамсрын үүднээс шударгаар хийж эхэлмээр байгааг сануулах зорилго тавьсан юм.
Цагаанхаданд Монголын уул уурхайн томоохон компаниуд Тавантолгойгоос зөөсөн нүүрсийг буулгах, хадгалах, богино зайд тээвэрлэж, сэлгэн ачих зориулалтаар байгуулсан төмөр торон хашаануудыг эс тооцвол хүн ажиллаж амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхүйц барилга объект, талбай, зам байгууламж, дэд бүтэц ер алга. Тийм суурин төлөвлөлт анхнаасаа хийгээгүй бололтой.
Харин энд амьдрагсад нүүрсний их зам даган, урд хөрш рүү хаягдал зэс, гууль, хөнгөн цагаан, ажиллаж дууссан аккумулятор, малын мах тэргүүтнийг гаргаж наймаалах, чихэр, жигнэмэг, хуурай сүү гэх мэт гурав дахь орны хүнсний зүйл худалдах зэргээр амь зуулгын хэдэн төгрөг олох төдийгөөр амьдрах гэж л суурьшсан аж.
Тэд микро автобус, “Фургон”, бага оврын, тэвштэй машины хөндий зай бүрийг дээрх зүйлсээр дүүргэн, өмнөд рүү хөвөрцгөөнө. Үүнийгээ “цэнэг” гэж даруухан нэрлэх. Нэг өдөр 2-3 удаа амжиж хил гарахаар зүтгэнэ, дараалалд зогсоно. Том машины жолооч нар ч ялгаагүй хилийн цаана байцгаана. Мөнгө олж ар гэрээ тэжээж байгаа нэртэй ч олсон хэдийгээ тэнд л “янз бүрийн юм”-нд зарна даа.
Бүгд тийм биш шүү. Гэхдээ энэ зүйл хэвшмэл болж дээ. Үзэж харах, наргиж цэнгэх, угааж арчих, өмсөж зүүх, мэдээлэл авах гээд бүгд л хилийн цаана болох. Тэнд өрөө, байр түрээсэлцгээгээд амьдарна. Тос наалдаж, утаа тортог болсон хувцсаа угаалгахаар тийшээ зөөнө.
Усанд орох, үс засуулах, тансаг хооллох нөхцөл тэнд л бий. Монголд болж буй үйл явдлыг тэнд зурагтаар олж мэднэ. Гоё хувцаслая, үс зүсээ арчилъя, хумсаа будъя гэвэл хилийн наана ямар ч үйлчилгээ байхгүй. Цэцэрлэг, сургууль мөн л өмнөд хөршид. Манайхан ч бас манайхан. Юманд учиртай, бодолтой хандана гэж ер үгүй дээ.
Миний нэг танил олон өнгийн утсаар 86-гийн тоог хэрсэн зурагтай, богино ханцуйтай цамцаар гангарчихаж. Наадах тоо чинь Хятадын олон улсын харилцааны код, “Би хятад” гэсэнтэй ер ялгаагүй гэтэл “Өө тийм үү, биед эвтэй, зөөлөн болохоор нь авчихсан юм, хэн ажиглаа аж дээ” гэсэн шүү юм хэлээд нэг их ажирсангүй.
Тиймдээ хүрвэл “976” гэсэн том тоотой хувцас өмсвөл асуудал өөр л дөө. Уг нь “хоолон гэр”, зарим гоо сайхны үйлчилгээний газрыг манайхан өөрсдөө ажиллуулдаг ч энэ бүхэн хилийн цаана бий. Хүмүүсийн хилээр оруулж, гаргаж байгаа бараа нь хориотой биш ч нэг төрлийн барааг их хэмжээгээр гаргахгүй гээд машин техниктэй нь хамт болон явганаар буцаах тохиолдол их гарна.
Харин ноцтой зүйл биш бол хураагаад байхгүй юм билээ. Хил, гааль, хорио цээрийнхэн ч аль аль талдаа сонин араншин бас гаргах. Өдөр өдрөөр зан нь хувирна. Зарим үед бүх ачаа барааг нь буулгуулаад буцаачихдаг бол заримдаа албатууд байгаа, үгүй нь үл мэдэгдэх. Хятадын хилийн хорио цээрийн албыг “Таван юань” гэж нэрлэнэ.
Заримдаа энд дөхөж ирсэн хүмүүс 50-тын дэвсгэрт сураад байдаг нь цаагуураа учиртай л буй за. Зөрчилтэй нэг машин байлаа гэхэд түүнийгээ саатуулж шалгахгүй, бүгдэд нь хамаатуулж, удаан хүлээлгэж зогсооно.

Энд хятад нөхдийн хүнд суртал, чирэгдэл гэдэг нь арай л хэрээс хэтэрсэн мэт санагдана. Манайхан ч тэгэж ярьцгаах. Өдөрт долоон цаг хүрэхтэй үгүйтэй ажиллаж, дунд нь хоёр цаг унтаж амарна. Бас жимсний цаг гэж хэсэг амсхийх юм. “Том дарга ирлээ” гээд хэсэг хугацаагаар ажлаа зогсооно. Манайхан хүлээж тарчилна, найр тавьж бөхөлзөнө, царайчилна, гуйж гувшина, дагаж шогшино.
Тэд ихэмсэг дүртэй, маадгар алхана, аймаар муухай зандарна, хөөж тууна, нударч ёврох бол энүүхэнд. Харин өөрсдийнхөндөө асар шуурхай үйлчилнэ.
Бидний тарьсан лай ланчиг, тохиосон хувь тавилан ийм юм уу, яах гэж энэ билээ гэж асуумаар. Гэвч тийм биш шүү дээ. Тэднээс бид олон талаар давуу. Бид илүү эрх чөлөөтэй, илүү мэдлэг боловсролтой, илүү мэдээлэлтэй, үзэл суртлын боомилол байхгүй, илүү нээлттэй орчинд амьдардаг, авьяас чадвараар хэнээс ч дутахгүй дэг. Харин ч байгалийнхаа баялгаар найр тавьж байгаа ард түмэн “авах хүн бөхийж, өгөх хүн гэдийх”-ийн үлгэрээр байх ёстой биш үү.
Тэгвэл бид юугаар дутаад байгаа билээ. Хүн хүнд байх ёстой эдийн засгийн боломж дутаж байна. Үүнийг зах зээлд шилжиж яваа манай төр, засаг тунхаглаад байгаа боловч ачир дээрээ хэрэгжүүлж чадахгүй байна. Эрх баригчид өөрсдөө эд баялагт шунахаас биш, иргэддээ боломж олгохгүй байна, нийгмийн чанартай тэргүүлэх үйлчилгээг олж харж зохион байгуулахыг хүсэхгүй байна.
Ийм олхиогүй байдал чинь юун түрүүнд улсаа, цаашилбал ард түмнээ гүн хямрал руу улам бүр түлхээд байгаа биш үү. Банк, санхүү, даатгал, арилжаа худалдаа, аялал жуулчлал, дэд бүтэц гэх мэт нийгмийн тэргүүлэх үйлчилгээг түлхүү хөгжүүлсээр хөгжлийн тэргүүлэх зэргийн эгнээнд хүрсэн Скандинавын орнуудын жишээ байдаг. Манайхан үүнийг яагаад чадахгүй гэж.
Ганцхан тийм бодлого руу төвлөрөхгүй, бодлого дагуулсан стратеги арга хэмжээг төлөвлөхгүй, зохион байгуулахыг хүсэхгүй байгаад л хамаг учир оршино. Гэтэл олон нийт буюу “масс” хаашаа тэмүүлж байна вэ. Тийм үйлчилгээ зонхилсон хөрш орон руу чадан ядан, ундуй сундуй зүтгэсээр байх аж. Тэд хүнийхээ төлөө ажиллаад байх юм. Манайхан үгүй байна.
Хамгийн хялбар нэгэн жишээ татъя. Гашуунсухайтын боомтын ойролцоо манайхны нэрлэдгээр “Ганц мод”, хятадуудын хэлдгээр “Оар ба ба” буюу “288” гэсэн хилийн багана байх. Энэхүү багана дээр цаад талаас ямар их хүн гэр бүлтэйгээ ирж, зураг хөргөө татуулаад буцаж буй нь өдөр бүр шахам ажиглагдана. Аялал жуулчлалын шугамаар хүмүүс очих дуртай, түүхэн газар болоод авчээ.
Тэр баганы цаад талд урд хөрш маань манай баялгийг ачаад очиход тосож аваад байх бэлтгэлтэй, олон хүн зорчин явж өнгөрөх, ирж суурьшихад зохилдсон худалдаа, үйлчилгээ, дэд бүтцийн нүсэр байгууламж бүхий томоохон суурин газар байгуулаад эхэлсэн байна. Мод, зүлэг тариад, зам талбай тохижуулжээ.
Гэвч эндхийн том том объектууд нь сүүлийн үед манай талаас нүүрс, баяжмал очих, үгүйтэй холбогдож, үндсэндээ зогсонги байдалтай болсон аж. Зарим “хоолон гэр”, үйлчилгээний газар хаалгаа барьж эхэллээ. Харин хүмүүсийн хөдөлгөөн тасраагүй, манайхан нөгөөх өмнөдийн суурин тийш хөвөрсөөр хил, гаалийнхны уур ундууцлыг хөдөлгөсөөр л байх аж.
Бид тийшээ хөлхөөд, тэд биднийг “угтаж аваад” байдаг зохисгүй араншинг зогсоомоор байна. Манайх ч бас хилийн баганатай шүү дээ. Түүнийхээ цаана биш, наана нь ажилламаар байна. Тэднийг нааш нь татах орчин бий болгох талаар удирдлагын дээд түвшинд ч, орон нутгийн түвшинд ч анхаармаар.
Хил, гааль, худалдаа, мал эмнэлэг, хорио цээрийн уян хатан бодлого, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих шаардлагатай. Эдийн засгийн чөлөөт бүсийг улсын хилийн боомт орчмын зохистой газар байгуулж, худалдаа арилжаа, санхүү даатгал, аялал жуулчлал, нийгмийн тэргүүлэх үйлчилгээг үр ашигтай хөгжүүлмээр байна.
Олон түмний эрх ашигт нийцсэн үзэсгэлэн худалдаа, яармаг, бөхийн барилдаан, морин уралдаан, тэмээн поло зэрэг спорт, урлаг, соёлын бусад арга хэмжээг хилийн орчимд зохион байгуулаад байх юм бол тэдний сонирхлыг татаад зогсохгүй, мөнгө зоос хуримтлуулах боломж гараад ирж болох юм.
Биднийг бага балчир ахуйд дутуу дулимаг хийсэн, эсвэл хийж чадаагүйг “өөх ч биш, булчирхай ч биш болголоо” хэмээн томчуул зэмлэдэг байв. Манайхан аливааг өөх ч биш, булчирхай ч биш болгож байхад хятадууд юмхнаар юм хийж, нэг ёсны “чулуу болгож” байна.
Манайхан асар их нөөцтэй, түүнийгээ эзэгнэх гэж улайрах атлаа аманд ч үгүй, хамарт ч үгүй хоцорно. Харин тэд амандаа ч, хамартаа ч тостой үлдэж байх жишээтэй. Өөх, булчирхайн төлөөх дажин тэдний хувьд ашигтай, манайхны хувьд алдагдалтай байгаад байна даа. Сэрмээр, сэргэмээр, сэтгэмээр байна аа, та минь.
Н.ДАШДОРЖ
Ахмад хуульч