Монгол төвийг сахина. 22 жил баримталсан гадаад бодлогын статусыг ийнхүү өөрчлөн тунхаглах гэж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн өглөө олон нийтэд гэнэтхэн мэдэгдсэнээс хойш ердөө 19 хоногийн дараа НҮБ-ын чуулганы индрээс дэлхий даяар шийдэмгий зарлав.
Энэ жил тохиож буй Ерөнхий ассамблейн 70 насны ойд барьсан монгол сюрприз. Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласан 1911 оны үйл явдал гуравдагч хөршийг хайх, төвийг сахих бодлогыг хүсэмжлэх улс төр-дипломатын шинэ түүхийн эх болсон билээ. 104 жилийн өмнөх Монголын улстөрчдөд Швейцарь шиг хөгжих, төвийг сахих дипломат мөрөөдөл байсан гээд бод доо.
“Төвийг сахих бодлого” гэж чухам юу юм бэ. Энэ бол тухайн үндэстний сонгосон хөгжлийн стратеги. Тиймээс монголчууд үүнд аль нэг талыг дагахгүй гэсэн шиг бөөрөнхий хандаж болохгүй. “Төвийг сахих” гэдэг нь яахыг хэлдэг юм бэ. Нэг өгүүлбэрээр, аль нэг талыг дагахгүй байхыг хэлнэ. Энэ статусыг шүүмжлэгчдийнхээр бол, “бөөрөнхий” бодлого. Намууд, улстөрчид, эдийн засагчид, дипломатчид, цэргийнхэн, шинжлэх ухааны байгууллагууд бөөрөнхий бодлогын өмнө бөөрөнхийлж байгаа нь эс үйлдлээрээ эх оронч бус үйлдэл мөн.
Өнөөдрийн байдлаар дипломатчдаас Ж.Энхсайхан, Д.Баярхүү, Ж.Чойнхор, Ж.Баясах, судлаачдаас Д.Ганбатыг эс тооцвол бусад нь төвийг сахин чимээгүй сууж байна. Өндөг шиг өөгүй болтол нь задлан шинжилж, харьцуулан дүгнэж, нэг мөр ягшсан ойлголтод хүрч байж бөөрөнхий бодлогоо албан ёсоор тунхаглая.
УИХ 1993 онд Гадаад бодлогын үзэл баримтлалыг баталсан түүхтэй. Энэхүү баримт бичгийн төслийг түүхчид, дипломатчид, улстөрчдийн баг хоёр жилийн турш уйгагүй судалгаа, шинжилгээ явуулсны дүнд, 18 удаагийн уулзалт, мэтгэлцээн, эрдэм шинжилгээний хурлын эцэст боловсруулан УИХ-д өргөн барьсан гэдэг.
Ийнхүү ардчилсан Монгол нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тунхаглан зарлаж, анх удаа гуравдагч хөршүүдээ хуульчилсан байдаг. Энэ нь өнөөдрийг хүртэлх 22 жилийн түүхэнд нэг удаа буюу 2010 онд багахан засвар орсон, Монгол Улсын гадаад бодлогын гол тунхаг юм.
2015.09.08. Улаанбаатар. Төрийн ордон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн УИХ, Засгийн газарт хандаж зөвлөмж гаргалаа.
09.10. Ц.Элбэгдорж “Монгол-Төвийг сахих” нийтлэлээ цахим ертөнцөд танилцуулав. Түүний нийтлэл “Монгол Улс төвийг сахисан бодлоготой орон болох. Нэлээд бодлоо. Санал солилцлоо. Судалгаа дүгнэлт ч гаргуулж үзлээ. Нийтээрээ тунгааж, хөндөж ярилцах цаг нь болжээ” гэж эхэлнэ.
09.11. Москва. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзахдаа манай улс гадаад бодлогын хувьд байнгын төвийг сахих бодлого баримтлах болж буй талаар албан ёсоор мэдээлэв.
09.29. Нью-Йорк. НҮБ-ын чуулганы индэр. Ц.Элбэгдорж “Монгол Улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн нь байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байгаа юм... Иймд та бүхнээс манай улсын энхтайванч, нээлттэй, төвийг сахисан, идэвхтэй гадаад бодлогын хүчин чармайлтыг дэмжихийг хүсье. Монгол Улсын байнга төвийг сахих статус нь бүс нутагт төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
10.17. Бээжин. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Кун Сюаньютай уулзаж, байнгын төвийг сахих бодлого баримтлах болж буй талаар мэдээлж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй тогтоолын төсөл болон холбогдох бусад баримт бичгийг гардууллаа.
10.20. Төрийн ордон. УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив. Уг хуулийг УИХ-аар баталснаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ.
10.27. Төрийн ордон. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэв. (Төвийг сахих бодлогын талаар байр суурийг нь асуухаар уржигдар Төрийн ордонд ажиллахдаа энэ талаар мэдээлэлгүй, Монголд ямар ач холбогдолтой, ямар сөрөг үр дагавар байж болох тухайд судлах нь бүү хэл огтоос ойлголтгүй гишүүн УИХ-д цөөнгүй байгааг олж мэдсэн билээ)
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл УИХ-ын босгоор алхчихлаа. Монгол Улсын бүрэн эрхт байдлыг тодорхой хэмжээнд хязгаарлаж болзошгүй тул төвийг сахих бодлогыг зайлшгүй баримтлах ямар шаардлага урган гарсныг тэнд нягтлах байх.
Юуны өмнө учирч болох бодит эрсдэлүүдийг УИХ-ын гишүүд хэлэлцэх болов уу. Далайд гарцгүй Монгол Улсад маань төвийг сахих бодлого явуулах эдийн засгийн боломж байгаа эсэх ч эргэлзээтэй.
Төвийг сахихгүй л бол хөрөнгө оруулалт сэргэхгүй байх ямар тооцоо хийсэн юм бол. Түүнчлэн их гүрнүүд манай шинэ бодлогыг дэмжих дүр эсгээд хэтдээ өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхээр оролдохгүй гэж итгэхэд бэрх. Төвийг сахиснаар олон тулгуурт гадаад бодлогын нум тэнийж, нөлөө бүхий гуравдагч хөршүүдтэй харилцах бай бүдгэрч болно.
Хоёр хөршийн зүгээс энэ бодлогод ирэх дэмжлэгийн цаана ямар барьцаа байж болох вэ. Байнга төвийг сахих бодлого явуулж байтал гадаадын цэргийн аюул заналхийлбэл яах вэ. НҮБ-ын энхийг сахиулах хүчинд манайх цэргээ явуулсаар байх уу гэсэн асуулт ч заавал гарна.
Манай батлан хамгаалах салбарын хүчин чадал хэр билээ, өөрөө өөрийгөө хамгаалах нөөц бололцоо бий юү. Энэ мэт амин чухал олон асуудлын эргэн тойронд зөвхөн асуултын тэмдгүүд хөвөрч байна. Тиймээс шинэ бодлогоо хөшүүн хойрго болгохгүйн тулд нухацтай хэлэлцэхээс өөр сайн гарц үгүй.
Гурван бүлэг, 11 зүйлтэй уг төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Ц.Элбэгдорж “Манай гадаад бодлогын утга агуулга, хэлбэр, үйл ажиллагаа нь төвийг сахих зарчимд бүрнээ нийцэж иржээ. Мөн бидний баталсан, нэгдэж орсон үндэсний болон олон улсын хууль, эрх зүйн баримт бичгүүд нь дээрх бодлоготой зөрчилдөхгүй байгаа нь сайшаалтай. Тэр тусмаа манай улсаас хөрш орнуудтайгаа байгуулсан гэрээ хэлэлцээрийн утга агуулга, үг үсэгт төвийг сахих бодлого нарийвчлан тусгалаа олсон байдаг” гэж нийтлэлдээ тайлбарлажээ.
Зарим дипломатчийн үзэж байгаагаар, Үндсэн хуульд ч өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй аж. Түүнчлэн Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын XIII конвенцод нэгдэн орох шаардлагатай байгаа тул УИХ-д оруулан шийдвэрлүүлэх шаардлага үүсэх юм байна.
Сүүлийн 200 жилд олон улсын харилцааны түүхэнд дэлхийн 20 гаруй улс төвийг сахих бодлогыг тунхагласан боловч одоо 10 орон баримталж байна. Тэн хагас нь яагаад уг бодлогоос гажсан, ухарсан нь өөр, өөрийн түүхтэй, гашуун сургамжтай. Дийлэнх нь дотоод дахь улс төрийн тогтворгүй байдлаасаа болж золиослогдсон байх аж. Аймаар юм.
Манай улсын улс төр тогтвортой ангилалд ордог бил үү. Гэсэн ч Монгол Улс бөөрөнхий бодлогыг өө сэвгүй ашиглая, өсөж дэвжье гэсэн санаачилга гаргалаа. Дэлхий дахинд урьдчилан зарлаж, УИХ хаалттай хэлэлцэж эхлэв.
Парламент шийдвэрээ гаргахаас өмнө энэ талаар идэвхтэй ярилцах, хэлэлцэх, шүүн тунгаах учиртай юм. Түүнээс биш одоогийнх шиг бөөрөнхий царайлаад амаа хамхих хэрэггүй.
Б.ЭНХЦЭЦЭГ