Монголын Эл хаадын улсын түүхийн судалгааны ажил шинэ шатанд гарах боломж бүрдлээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Исламын Бүгд найрамдах Иран улсад хийсэн айлчлалаар Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Эл хаадын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Түүний дагуу Монгол Улсын ШУА, Исламын БН Иран улсын Гадаад хэргийн яамны Боловсрол, судалгааны төв хамтран “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа.
Тус хуралд Исламын БН Иран улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУ зэрэг олон улсын эрдэмтэн, судлаачид оролцож, XIII-XIV зуунд Азийн соёл иргэншилд монголчуудын дэлгэрүүлсэн Гэрэгэний нийгэм, улс төр, эдийн засгийн ач холбогдлын тухай хэлэлцэхийн хамт Монголын Эл хаадын явуулж байсан гадаад дотоод бодлогын талаар хэлэлцсэн аж.
Энэ талаар академич Л.Болд гуайгаас тодрууллаа.
-2013 онд Ерөнхийлөгч Иран улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Монголын Эл хаадын түүхийг хамтран судлах тухай санамж бичиг байгуулсан гэсэн. Тэгвэл уг судалгааны ажил ямар түвшинд явж байгаа вэ?
-Өнгөрсөн зургадугаар сард Иран болон Монголын тал судалгааны багийн эрдэмтдийг томилсон байгаа. Одоо бид эх материал цуглуулах хүрээнд ажиллаж байна. Уг судлагдахууны ажилд хэд хэдэн судалгааны чиглэл бий. Үүнд, урлаг соёл, хэл, түүх ёс заншил гэх мэт. Харамсалтай нь Монголын судалгааны эрдэмтэд Иранд цөөхөн хоног ажилласан. Гэхдээ Ираны эрдэмтдийн тусламж дэмжлэгтэйгээр багагүй материалыг цуглуулж чадсан. Тиймээс уг судалгааны ажлын үр дүн ирэх оноос гарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан нь тэрхүү үр дүнд хүрэх нэг алхам болж өглөө хэмээн дүгнэж байна.
-Олон улсын эрдэм шинжилгээний хурлын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Маш өндрөөр дүгнэж байгаа. Хүлээсэн хүлээлтийг минь талаар өнгөрүүлсэнгүй. Урьд нь Эл хаадын түүхийг бараг судалдаггүй байсан гэхэд болно. Яахав, эхлэлийн чанартай, өөрсдийн гарт байгаа баримт материал дээр үндэслэж, тулгуурласан зүйл бий. Гэхдээ Иран болон бусад улс орнуудад хадгалагдаж байгаа баримт бичгүүдэд огт ашиглагдаж байгаагүй олон зүйл байсан.
-Үндэсний хэмжээнд энэхүү сэдэв бараг судлагдаж байгаагүй гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Өөрсдийнхөө баримт материалд тулгуурлаж судалгаа хийсэн ч тэр нь бүрэн гүйцэд болж чаддаггүй байсан.
ШУА-ын Нийгмийн ухааны салбарын эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ц.Энхчимэг:
-Цөөн хэдэн Монголчууд яаж асар том газар нутгийг эзэлж, удирдаж чадсан бэ гэдэг өөрөө маш том судлагдахууны нэг хэсэг юм. Эрдэмтэд үүнийг янз бүрээр л тайлбарладаг. Гэхдээ нотлошгүй үнэн бол Чингис хааны тогтоосон төрийн бодлого буюу хар хайрцагны бодлогод улс орнуудыг зэвсгийн хүчээр бус сэтгэлийг нь хураах бодлогыг баримталж байсан. Тодруулбал, тухайн ард түмний шашны нэрт зүтгэлтнүүдийг урвуулж өөрийнхөө төрд зүтгүүлдэг байсан юм. Энэ бол тухайн үедээ геополитикийн цоо шинэ зарчим байсан гэдэгтэй эрдэмтэд санал нийлдэг. Тиймээс энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын ШУА, Исламын БН Иран улсын Гадаад хэргийн яамны Боловсрол судалгааны төвтэй хамтарч зохион байгууллаа. Энэ утгаараа Эл хаант улсын түүхээр дагнан судалгаа хийдэг Ираны талын эрдэмтэд ирж, санал бодлоо хуваалцсан их үр дүнтэй ажил боллоо.