Улаанбаатарын гудамжинд уран гулгалтын тэмцээн эхэллээ. Жилийн жилд хүүхэд, хөгшид, эр, эм гэлтгүй хотынхныг бүх нийтээр нь “уран гулгалтын дамжаа”-нд үнэгүй суулгадаг өвөл ирлээ. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн 200 гаруй ажилчин хамаг л хүрз, тармуураараа “зэвсэглэн” цэвэрлэгээнд гараад ч хотын явган хүний замын цасыг тухай бүрт нь арилгаж хүчирдэггүй.
Тэгээд бодохоор манай хотод явган зорчигчдоос илүү автомашинууд “азтай” юм шиг ээ. Авто замын цас хайлуулах бодис, элс, давс, дайрга гээд зам цэвэрлэхэд зориулсан олон зүйл бий. Харин явган хүний замд зориулсан зүйл алга. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр саяны цаснаар зам, талбай цэвэрлэхэд 180 орчим тонн давс, бодис, элс, дайрга зарцуулжээ.
Одоо цаана нь 9-10 удаа хэрэглэх л нөөц байгаа аж. Тэгэхээр хотын тээврийн хэрэгслүүд лав өвлийг ажралгүй давах нигууртай гэнэ. Гэхдээ л жолооч нар үнэтэй машиндаа хэтэрхий хайртай болоод тэр үү, цас хайлуулдаг тэрхүү бодисыг дугуйнд муу, хортой, эдэлгээг нь богиносгодог хэмээн харддаг.
Амнаас ам дамжин түгсэн энэ ярианд одоо болтол хэн ч хариулт өгөөгүй. Тиймээс цас хайлуулах бодисын найрлагад юу байдаг, тэр нь авто зам болоод машины эд ангид ямар нөлөөтэй болохыг сонирхлоо. Цасыг давс шиг хурдан хайлуулчихгүй хэрнээ бас мөстөөд хөлдөхгүй байлгаад байдаг тэр бодис ямар найрлагатайг та ч бас сонирхох болов уу.
ТҮК-ийн ажилчдын ярьснаар бол энэхүү бодисыг зориулалтын төхөөрөмжөөр нь бус, хүрзээр цацах үед хоолой, ам нь хатаж, сэрвэгнэн, хамар нь битүүрч, ихээхэн ханиалгадаг гэсэн. Баянзүрх дүүргийн тохижилт, үйлчилгээний компани нь дөрвөн бүсэд хуваан, ажлаа хариуцаж авчээ.
Цас орсон үед эдгээр бүсийн гуравт нь зориулалтын төхөөрөмж хүрэлцдэг, нэгэнд нь хүрэлцээгүй учраас ачааны машин дээрх бодисоо ажилчид “гараараа” цацах хэрэг гардаг аж. Энэ нь наанадаж гутал, хувцсанд тун халгаатай, цаашлаад эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй байж болохыг ч ТҮК-ийн ажилчид хэлсэн. Гутлын улыг түлээд, халуун нурман дээр гишгэчихсэн юм шиг болгодог гэнэ.
Үнэхээр тийм бол тэр бодис автомашины дугуй зэргийг өлхөн “иддэг” байж таарах нь. Тийм бодис хотын ногоон байгууламж, мод, зүлгэнд хүрвэл юу болох вэ гэсэн асуултад албаны хүмүүс арай өөр, сэтгэл тайвшрам хариулт өгч байна.
Манай улс 2008 оноос хойш цас хайлуулах бодисыг Оросоос оруулж ирэн, туршиж эхэлсэн бөгөөд энэ жил гэхэд л 200-гаад тонн-ыг авчээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эмнэлгийн болон аюултай хог хаягдал хариуцсан мэргэжилтэн С.Аригууны хэлснээр хойд хөршийн цаг уурын нөхцөл байдал манайхтай ойролцоо учраас тэнд хэрэглэдэг бодисыг оруулж ирсэн гэнэ.
Тэрбээр “Өдгөө манайд хэрэглэж байгаа цас хайлуулах бодисын 70 хүртэлх хувь нь кальцын хлорид, үлдсэн нь натрийн хлорид. Өөрөөр хэлбэл, давсны агууламж нь эрс багасаж, шохойлог бодис нэмэгдсэн гэсэн үг.
ОХУ-д тогтмол хэрэглэдэг энэхүү бодис нь замын чанар болон автомашины дугуй, төмөр эд ангид ямар нэгэн сөрөг нөлөөгүй болохыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан байдаг. Хамгийн гол нь цасыг давс шиг шууд хайлуулдаггүй, өөрөө ууршаад алга болчихдоггүй, эсвэл хөлдөж мөстдөггүй.
Шохойлог бүтэцтэй учраас хатуу хучилттай зам талбайд 2-3 хоног байдаг. Үүний үр дүнд өдөр бүр дахин дахин бодис, давс цацах шаардлагагүй болгодог” хэмээн ярив.
Энэ талаас нь харахаар эдийн засгийн үр өгөөжтэй ч юм шиг. Гэвч ОХУ-аас нэг тонн бодис 600 гаруй мянган төгрөгөөр оруулж ирэх, дотоодынхоо давс үйлдвэрлэгчдээс тал үнээр нь тонн давс худалдаж авах хоёр ачир дээрээ тийм ч хол зөрүүгүй мэт.
Тэгэхээр “Өнөөг хүртэл манай нийт хэрэглээний 60-70 хувийг давс эзэлсээр байгаа” гэдэг нь нэг их халаглаад байхаар зүйл биш бололтой. “Цаашид цас хайлуулах бодисын хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа” гэдэг ч айхтар баярлаад байх мэдээ мөн, эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Улаанбаатарын автозамын цасыг хайлуулахын тулд нарны илч, машины дугуйны үрэлтийн хүч хоёроос өөр зүйлд хайлдаггүй шидтэй бодис ашиглаж байгаа юм байна.
Үүнийг бүрдүүлэгч натрийн хлорид, кальцын хлорид хоёр хоёулаа танил сонсогдож байгаа биз. Нэг нь хоолны давс, нөгөө нь бидний сайн мэдэх “амь тэмцүүлдэг” халуун тариа. Тэгвэл энэ хоёр химийн урвалд орохоороо хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд, авто замын насжилтад, машины эд ангид хэрхэн нөлөөлдөг юм бол.
Үүнд манайхан хэр зэрэг анхаарч, хяналт тавьж буй нь сонирхол татаж байна. Оросууд яах вэ, хэрэглэдэг л юм байгаа биз. Тэнд ядаж л хүний эрүүл мэнд, байгаль орчин гэхээр хууль, журам нь “яс” хэрэгждэг. Ийм зүйл дээр хайнга хандвал, үл ойшоовол үүрэх хариуцлага нь ч тодорхой. Харин манайд ямар билээ дээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэд хэдэн ч хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс энэ талаар тодруулах гэсэн боловч “Манай улсад химийн бодис шинжилдэг лаборатори байхгүй. Мэргэжлийн хяналтын төв лабораторид хүнсний бүтээгдэхүүн л шинжилдэг. Гаалийнхан ч үүнийг шинжилдэггүй” гэсэн тул олигтой мэдээлэл олдсонгүй.
Тус газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийнхэн харин цас хайлуулах бодисын дийлэнхийг бүрдүүлдэг кальцын хлоридын талаар бага сага зүйл хэлж өглөө. Химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын лавлагаа мэдээллийн хуудас гэж олон улсад мөрдлөг болгодог баримт бичгээс харахад кальцын хлорид нь цочроомтгой бодисын ангилалд ордог гэнэ.
Агаарт их хэмжээгээр тархвал хүний нүд болон амьсгалын замын эрхтэнүүдийг цочроох аюултай юм байна. Мөн кальцын хлорид, натрийн хлорид, кальцын карбонат зэрэг давсархаг химийн элементүүдээс бүрддэг цас хайлуулах бодисыг ямар ч үед мод, зүлэг, ногоон байгууламж руу ойртуулж болохгүй гэсэн заалт энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын мэдүүлэгт байдаг аж.
Тэгвэл манайхан ийм бодис оруулж ирээд, хэрэглэх, хадгалах, устгах горимыг нь хэрхэн биелүүлдэг бол. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эмнэлгийн болон аюултай хог хаягдал хариуцсан мэргэжилтэн С.Аригуунаас энэ талаар асуухад “Цас хайлуулах давс, бодисыг хаа хамаагүй цацдаг үе ард хоцорсон. Тохижилт үйлчилгээний компанийнхан бүгд зориулалтын машин техниктэй болцгоосон.
Ажилчид нь ч хуучин шигээ давс, бодис цацсан цасны үлдэгдлийг мод, зүлэг, ногоон байгууламж руу асгаж болохгүй, зориулалтын хогны саванд хийж, ачуулах ёстой гэдгийг ухамсарладаг болсон. Улаанбаатар одоо урьд урьдынхаасаа илүү сайхан ногоон байгууламжтай болж байгаа шүү дээ. Үүнийг хайрлах ёстой гэдгийг иргэд ч ойлгож, мэдэрч эхэлсэн нь анзаарагддаг” гэлээ.
Нэг үеэ бодоход хүмүүсийн ухамсар дээрдсэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ л авто замын давстай, бодистой, элстэй халтар цасыг Улаанбаатарын гудамж талбайн ногоон байгууламж дотор овоолоод орхисон дүр зураг өвлийн өвөлд харагддаг шүү дээ. Замын хажуугийн ногоон байгууламж руу бохир цасаа асгаж л байдаг.
“Халуун цэг” дээр нь ажилладаг хүмүүс ч өөрсдөө анхаармаар зүйл байсаар байгааг нуугаагүй. Зориулалтын төхөөрөмж хүрэлцээгүй газрын ажилчид ачааны машин дээрээс хүрзээр бодисоо цацах үед салхины нөлөөгөөр замын хажуугийн ногоон байгууламж, зүлэг, мод руу ямар нэг хэмжээгээр хорт бодис хүрдэг байхыг тэд үгүйсгээгүй.
“Бодис цацах үед ам, хамар хатаад, хоолой сэрвэгнээд хэцүү байдаг. Бодвол хортой л эд шиг байгаа юм. Хортой нөхцөлд ажилласан хүмүүст сүү, цагаан идээ өгдөг юм билээ. Гэвч бидэнд тэгдэггүй. Хүнийхээ эрүүл мэндийг бодсон ч, байгаль орчинд нөлөөлөх талыг нь харсан ч тэр дүүргүүдийн тохижилт үйлчилгээний бүх компанийг нэн түрүүнд зориулалтын төхөөрөмжөөр хангах шаардлагатай байна” хэмээн Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилчин Э хэлсэн юм. Бодох зүйл мөн байгаа биз.
Ер нь эцэстээ бол давс ч, бодис ч аль аль нь хоцрогдсон, арга ядсан зүйл шүү дээ. Орос, манайх хоёр л бүдүүн баараг тулдаа нэгнээсээ авч, өгөлцөөд, сар жилийг аргацааж байгаа болохоос Солонгос, Япон гэх мэт технологи өндөр хөгжсөн оронд бол авто машины болон явган хүний замаа дороос нь халаагаад цасыг нь хайлуулчихаж байна. Даанч манайх тийм болтол мөн ч хол байдаг.
Л.ГАНЧИМЭГ