Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа “Бид ирээдүйгээ харсан хэлэлцээр хийсэн” гэж тодотгов. Нээрэн ч Япон улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэл хэлэлцээртэй бүрэн танилцвал хэтийн зорилтоо агуулсан гэж ойлгогдоно.
Шүүмжлэмтгий нэгэн нь “Юун ч их санасан юм бэ” гэж өөлж магадгүй юм. Гэхдээ том амбийцаа тодорхойлж чадсан нь энэ хэлэлцээрийн амин сүнс гэлтэй. Хэлэлцээрийн дагуу манайх нийт 97 бүлгийн 5700, Япон улс мөн 97 бүлгийн 9300 төрлийн бараа бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг бууруулахаар тохиролцсон.
Манайх Япон руу зэсийн баяжмал, ноолууран эдлэл, жамц давс, жонш, коксжих нүүрс зэрэг гарын арван хуруунд багтах цөөн бүтээгдэхүүн бага хэмжээгээр экспортолдог. Гэсэн ч 9300 төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглүүлэхээр болоод буй.
Ийм олон төрлийн бараа бүтээгдэхүүн Японд экспортолдог болно гэсэн зорилт тавьсан нь энэ. Зарим бараа бүтээгдэхүүний татварыг хэлэлцээр хэрэгжиж эхлэхэд шууд тэглэх бол бусдынхыг нь үе шаттайгаар бууруулж, 5-10 жилийн дараа чөлөөлөхөөр тохиролцжээ.
Монгол Улс Японы 3429 төрлийн барааны татварыг шууд тэглэнэ. Тэгвэл Япон улс манайхаас импортлох 8000 төрлийн барааг татвараас чөлөөлөх аж. Үүний дийлэнхийг тодорхой тоо хэмжээ буюу квотоор хязгаарлан тэглэх юм байна.
Статистик үзүүлэлт харвал, манайх 2012 онд Японд 24.3 сая ам.долларын бараа экспортолж, тэднийхээс 501.2 сая “ногоон”-ы эд хэрэгсэл импортолж байжээ. Тухайн үед Монголоос экспортолсон барааны 90 орчим хувийг ямааны ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс эзэлсэн байв.
Тэгвэл Японоос импортолсон барааны 70 орчим хувийг автомашин, тоног төхөөрөмж бүрдүүлж байжээ. 2014 оны байдлаар Японоос Монголд нийлүүлдэг барааны бүтэц, тоо хэмжээ өмнөхтэй адил байсан бол манайхаас тус улсад зэсийн баяжмал, мал амьтны үс, ноос, ноолуур, дамжуулах төхөөрөмж экспортолдог болсон байлаа. Тухайн оны нийт экспортын 67 хувийг зэсийн баяжмал дангаараа эзэлж байжээ.
2012 оноос судалгаа, тохиролцоогоо эхэлсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнгөрсөн хоёрдугаар сард хоёр улсын Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Улмаар Монгол Улсын парламент хоёр, Японы парламент тавдугаар сард уг хэлэлцээрийг соёрхон батлаад байгаа.
Одоо хоёр тал хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр улс эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Ялангуяа татварын хуулиа өөрчлөх шаардлагатай.
Манай тал Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Онцгой албан татварын тухай хуульдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Аж үйлдвэрийн яамныхан “УИХ-аар хуулиа өөрчлүүлээд бэлтгэл ажил нэгдүгээр сард дуусах төлөвтэй байгаа” гэв.
Монгол Улс 200 сая хүн амтай зах зээлд үүдээ нээж байгаа нь энэ. Татварын хөнгөлөлт эдэлж буй нь Монголын бараа бүтээгдэхүүн тэдний зах зээлд танигдах, хөлөө олоход том давуу тал болох нь гарцаагүй. Япон бол технологи өндөр хөгжсөн улс. Тэр хэрээр дэвшилт технологиор үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид нь илүүд үзнэ.
Тэдний хэрэгцээг хангах чанар, стандарттай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь монголчуудад тулгарч буй сорилт юм. Япончуудын итгэлийг олсон, сэтгэлийг татсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж амжилт олж, эдийн засгийн түншлэл байгуулсныхаа хэргийг гаргах нь ойлгомжтой. Өндөр чанар, стандарт хангаж байж гарын арван хуруунд багтах биш, хэдэн мянгаар тоологдох бараа бүтээгдэхүүн арлын оронд экспортлох нь дамжиггүй.
Оёмол, сүлжмэл, ноос, ноолууран эдлэл, зарим төрлийн гутал, уул уурхайн гаралтай түүхий эд, түүн дотроо төмөр, төмөрлөг, зэс зүйлс, боловсруулсан мах, сүү, гоймон зэрэг зарим гурилан бүтээгдэхүүн, архи, дарс, зарим төрлийн жимсний ундаа зэргийн импортын барааны татварыг шууд болон үе шаттайгаар тэглэнэ.
“Говь”, “Гоёо” гэх мэт ноос, ноолууран эдлэл, “Мах импекс”, “Траст” зэрэг мах боловсруулах, АПУ, СББ гэх мэт архи, ундааны үйлдвэр Японы зах зээлийг дайлаар мордох цаг айсуй. Монгол Улс цөөн хүн амтай учраас экспортыг дэмжихгүй, гадаадын зах зээлд өрсөлдөхгүйгээр аж үйлдвэрийн хүчин чадлыг тэлэх боломж хомс.
Хэлэлцээрийг тав, мөн 10 жилийн дараа дахин нягтлах, хэлэлцээний ширээний ард дахин суух боломжтой аж. Тэр үед шинэ бараа бүтээгдэхүүн нэмэх, ахицгүйг нь хасах арга хэмжээ авах гэнэ.
Аж үйлдвэрийн яамныхны мэдээлснээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 14 чиглэлээр хамтарч ажиллах юм байна. Үүнээс аж үйлдвэрийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүчний чиглэлд хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх дэд хороог байгуулахаар болжээ.
Илүү анхаарал хандуулж ажиллах чиглэлээ ийнхүү тодотгосон байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг зөвхөн бараа, бүтээгдэхүүний импортын татварын тарифыг тэглэх арга хэмжээгээр төсөөлөх нь өрөөсгөл.
Хөрөнгө оруулалт хийх, дэвшилт технологи нийлүүлэх, туршлага солилцох зэрэг өргөн хүрээтэй ажил үүнд багтаж буй. Ялангуяа манайх Японы талаас хөрөнгө оруулалт хийх, технологи нийлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ тавьж зөвшөөрүүлсэн.
Аж үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхай, эрчим хүчний салбарт Японы хөрөнгө оруулалт, технологи нэмэгдэх нь гэж ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, технологи нийлүүлэх ажилд дэд хороо илүү төвлөрч ажиллана гэж төсөөлж байна. Япончууд технологио, мөн хөрөнгөө гаргана.
Тэгээд Монголын түүхий эд, эрдэс баялгаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Улмаар Японы зах зээлд нийлүүлнэ. Зөвхөн Японы ч гэлтгүй аль ч орны зах зээлд нийлүүлэх, стандарт хангах үйлдвэрлэл бий болно. Эцэст нь Монголын аж үйлдвэрийн хүчин чадал сайжирна, дэлхийн жишигт нийцсэн чанартай бүтээгдэхүүн экспортолно, валютын орлого нэмэгдэнэ.
Илүү дутуу үггүй шууд хэлэхэд монголчууд баяжина. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, шинэ зах зээлийн үүдийг нээсний эцсийн зорилго энэ. Түншлэлийн “хөдөлгүүр” нь татварын хөнгөлөлт биш, Японы хөрөнгө ба технологи байх болов уу.
Япон хэмээх шинэ захын босго намcаж, үүд нь нээгдэнгүүт монголчууд хөлжчихнө гэж эндүүрч болохгүй. Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын худалдааны хэмжээ 50-60 хувиар нэмэгдэнэ,
Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0.34 хувиар өснө гэсэн даруухан тооцоо хийгээд буй. Эдийн засаг, худалдааны харилцаа ямх ямхаар нэмэгдэнэ гэсэн үг. Угаасаа бодит байдал ч ийм байх. Монгол болон Япон улсын худалдааны эргэлт жилд 500 сая ам.долларт ч хүрдэггүй шүү дээ.
Манай улс Хятадтай хийх гадаад худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн зорилт тавьж буйтай харьцуулбал хол зөрүү гарна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд гадаад худалдааны хэмжээ төдөн “ногоон” хүрнэ гэж ам бардам хэлэх хэн ч алга.
Түншлэл таван жил үргэлжилсний дараа ирээдүйн боломж илүү тодорхой харагдах болов уу.
Т.ЭНХБАТ