Гэмт хэрэгтнийг өршөөх ээлжит хуулийг сая нэг юм эвлүүлэв. Уг нь Монгол Улс ийм хууль хэд хэдийг баталсан туршлагатай. Өршөөлийн хуулийг томоохон баяр, тэмдэглэлт, түүхэн ойг тохиолдуулан баталдаг жишгийн дагуу энэ жил анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэгтний ялын хугацааг багасгаж, заримыг нь шууд суллан өршөөх гэж буй нь энэ.
Ингэхдээ хөнгөн, хүндэвтэр ялтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хүүхэд, эмэгтэйчүүдийг өршөөж ирсэн. Энэ удаагийн хуульд ч дээрх жишгийг хадгалсан. Гэвч өршөөл хүртэгсдийг халуун зунаар гэрт нь хариулж, элгэн саданд нь хүлээлгэж өгдөг бичигдээгүй хуулийг эвдэж, өвлөөр Өршөөлийн хууль баталсан энэ цагийн хууль тогтоогчдын зарим нь үүнийгээ “хүний хийдэггүй”-г хийчихсэн аятай хөөрч байхад зарим нь “хүнээ алдчихсан” юм шиг уйтгар, уур уцаартай сууна. Яагаад тэр вэ.
Бүх зүйл авлига, албан тушаалын гэмт хэргийг энэ хуулиар өршөөх гэж байснаас үүдэлтэй. Өнгөрөгч наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хуралдаж, ийм агуулга бүхий Өршөөлийн хууль баталсанд хамаг учир байгаа юм.
Үүнээс долоо хоногийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьж, авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Зарим улс төрийн хүчин, улстөрч хоригоос өмнө буюу хууль баталмагц авлигачдыг, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхөөр болчихлоо хэмээн гэнэт мэдсэн аятай хашгирч гарсан.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Өршөөлийн хууль батлах хуралдаанд оролцоогүй гэдгээ мэдэгдсэн бол АН-ын гишүүн Х.Тэмүүжин “...МАН дуугүй хэлбэрээр дэмжчихээд одоо худлаа шоудах хэрэггүй. Нууц хуралдааны протоколыг ил болговол эмгэнэлт хошин шог гайхашрал төрүүлнэ” хэмээж байсан юм.
Гэсэн ч УИХ Монгол төдийгүй дэлхийд “чимээгүй тахал” болсон авлигыг өөгшүүлсэн шийдвэр гаргасанд хамаг учир байгааг дахин тэмдэглье. Өөрөөр хэлбэл, хаалттай хаалганы цаана хэн, юу гэж хэлсэн, тус хуралдаанд оролцсон, эс оролцсоноос хамаарч 20 гишүүн авлигын төлөө гар өргөж, тэр нь Монгол төрийн шийдвэр болчихож байгаа нь эхний эмгэнэл.
Ерөнхийлөгч хориг тавьснаас яг сарын дараа буюу есдүгээр сарын 15-нд УИХ хоригийг хүлээж аван, Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан хэлэлцэж эхлэв. Гэвч өнөөх л авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх зүйл, заалтыг хуулийн төсөлд дахиад л шургуулчихсан байсан нь удаах эмгэнэл.
Ямар сайндаа л олон улсад нэр хүндтэй “Транспэрэнси интернэшнл” байгууллага Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх гэж буйг анхааруулан, ийм хууль батлахаас татгалзахыг хүсэж УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нараас хүсэх вэ дээ. Үүнээс болж МАН-ын бүлэг завсарлага авч, түүнийгээ сунгасаар багагүй хугацаа алдсан.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ч “даага нэхэх” аятай удаа дараа завсарлага авч, хугацаа идсэн. Ингэж нүүрээ улалзуулан, нэр төрөө гишгэлэн байж авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулах гэж чичрэн дайрах нь хэний эрх ашиг байсныг МАХН-ынхнаас бусад нь “Н.Энхбаярынх” гэж хариулах биз.
Үнэхээр ч МАХН-ын дарга Н.Энхбаярт намын байртай нь холбоотойгоор Эрүүгийн хуулийн 148.4 дэх хэсэг буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэгт буруутган, шалгаж буй. Тиймээс ч МАХН-ынхан 2012 оны сонгуулиас хойш буюу Засгийн газарт хамтарснаасаа эхлэн Өршөөлийн хууль нэхэж, шаардсаар ирсэн гэхэд болно.
Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг батлах үеэр ч “Н.Энхбаярын улаан хамгаалагч” гэгддэг З.Баянсэлэнгэ гишүүн “Би Байнгын хорооны хуралдаанд цөөнх болсон учир тусгай санал хураалгамаар байна. “Шүүх хууль бус шийдвэр гаргавал өршөөлд хамруулна” гэсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны ажлын алба санаатайгаар хассан.
Өмнө нь Эрүүгийн хуулийн 148.4-ийг өршөөлд хамруулчихаад, одоо нэмэлт, өөрчлөлтөөр өршөөхгүй гэж байна. Энэ бол эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг анх удаа оруулж ирсэн хэрэг” хэмээн бусад руу үсчин дайрч, бухимдлаа илэрхийлж байсан юм.
Мөн Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунбаатар гишүүн “Монголчууд хуулийг зэвсэг болгон бие биеэ намнахдаа “авлига” гэдэг үгийг их ашигладаг болж.
Иргэний шүүхээр шийдэх асуудлыг онц ноцтой залилангийн хэрэг болгон шалгаж байна” гэж байв. Энд Н.Энхбаяр, ер нь хэнбугайн ч эрх ашиг хөндөгдсөн байлаа ч ингэж аашилж болж буй нь эмгэнэл, эзэнгүйдэл биш гэж үү.
Юутай ч Өршөөлийн хуулийг ээлжит болон ээлжит бус чуулган дамнуулан гурван сар хэлэлцэхдээ “хөгөө хөлдөө чирж”, олон улсад булайгаа дэлгэн байж баталлаа. Гэмт хэрэгтнүүдийг суллах бэлтгэл ажил хэдийнэ эхлээд байна. Харамсалтай нь Өршөөлийн хууль Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг “өршөөхгүй” гэх яриа газар аваад эхэллээ.
Энэ удаагийн Засгийн газрын хүссэн ч, эс хүссэн ч сугадахаас өөр аргагүй “Шударга ёс” эвслийн гол хүн Н.Энхбаярыг Өршөөлийн хуулиар ирэх сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас автоматаар хассаны хариу нь гүйцэтгэх засаглалын задралаар илэрнэ гэж ёрлох хүн бишгүй.
Үнэхээр ч МАН-ын зургаан сайдыг танхимаасаа гаргасны дараахан Өршөөлийн хуулийг хэлэлцэж эхлэх үед өргөн барьсан төслийг орвонгоор нь эргүүлчихлээ гэж Хууль зүйн сайд нь Засгийн газрын тэргүүндээ гомдоллож, татаж авах хүртэл санал тавьсан гэдэг.
Ийм нөхцөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээ хазаад өнгөрсөн нь Засгийн газраа бүрэн, бүтнээр авч үлдэх гэсэн ганцхан шалтгаантай байсан гэх юм билээ. Өнгөрөгч пүрэв гаригт Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан эцэслэн баталсны дараа “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн Н.Энхбаяр даргатай уулзаж, ярилцсан сурагтай.
Энэхүү сураг ажиг батлагдан, биеллээ олвол, тэр хамгийн том эмгэнэл болно. Хувь улстөрч, улс төрийн нам, нам дамжсан бүлэглэлийн хөшигний цаадах тохироогоор хөдөлдөг төр, тэдэнд л нийцүүлсэн бодлоготой байна гэдэг юутай эмгэнэл.
“Тос дотроосоо өтвөл аюултай” гэдэг. Эрх баригчид өөр хоорондоо өчүүхэн эрх ашгийн төлөө яаж үгсэж, бас хөл жийлцэж байгааг Өршөөлийн хууль бидэнд харууллаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойд барьсан жүжиг шиг “бэлэг” цаашид илүү ээдрээтэй, бүр эмгэнэлтэй үзэгдлээр үргэлжлэхгүй гэх газарүгүй ээ.
Б.НОМИН