10 залуу эрдэмтэн сайдын нэрэмжит тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ. Тодруулбал, БСШУЯ-наас “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2015 онд судалгааны тэтгэлгийг 45 хүртэлх насны 10 шилдэг залуу эрдэмтэнд гардуулах ёслол болж өнгөрсөн нь энэ.
Тус тэтгэлгийн зорилго нь эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж, шалгарсан залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, эрдэмтдийн залуу халааг бэлтгэхэд оршдог аж.

Тус ёслолын үеэр БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ирсэн бүтээлийн тоо олширч байна. Залуу эрдэмтдэд олгодог энэхүү тэтгэлэгт хамрагдах бүтээлийг залуу эрдэмтдийн хурлаар шийдвэрлэгддэг. Эхний шатанд ирсэн 300-400 бүтээлээс шүүгээд сүүлийн 50 бүтээлийг ахмад эрдэмтэд шүүн хэлэлцдэг.
Жилээс жилд залуучуудын шинжлэх ухаанд хандаж буй хандлага их өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Бодит үр дүнг маш сайн тодорхойлдог болжээ. Тухайлбал, МУБИС-ийн эрдэмтэн Г.Чулуунаагийн “Тоглоомны аргаар хүүхдийг хэрхэн сургах вэ” сэдэвт бүтээл нь анги дотроос урган гарсан, хүүхдүүд тоглож байхдаа юуг хэрхэн сурдаг вэ, шинжлэх ухааны мэдлэгийг тоглоомоор дамжуулж хэрхэн олгодог вэ гэдгийг маш сайн судлаад, үүндээ олон эрдэмтнийг хамруулж чадсан нь маш оновчтой шийдэл болж чадсан” гэлээ.

ХААИС-ийн эрдэмтэн М.Нарангэрэл
-БСШУЯ-ны сайдын нэрэмжит “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг”-т бидний бүтээл шалгарсанд маш их баяртай байна. Би 2013 онд “Ямааны сүүний онцлог, уурагт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн судалгаа” буюу шар сүүний уураг үйлдвэрлэх технологийг хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Мөн судалгааныхаа ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Залуу эрдэмтдийн докторын дараах судалгаанд зориулж Төрөөс инновацийн тэтгэлэг олгож, бодитойгоор дэмжиж байгаа нь эх орныхоо хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан ажиллах боломжийг олгож, цаашлаад судалгааныхаа ажилд урам зоригтойгоор орохын зэрэгцээ бидэнд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа чухал алхам болж байна.
ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний салбарын мэргэжилтэн, анагаах ухааны доктор Т.Болормаа
-Би Зүрхний төрөлхийн гажигийн катетерын эмчилгээний үр дүн, зүрхний хөндийн өөрчлөлтийн загвар сэдвээр докторын зэрэг хамгаалж, сайдын нэрэмжит шагнал хүртсэндээ маш баяртай байна. Манай судалгааны ажил бол хүүхдийн төрөлхийн зүрхний гажигийн эрт оношлогоо, орчин үеийн дэвшилтэт эмчилгээ буюу судсан дотуурх эмчилгээний арга, үр дүнг тооцох, зүрхний төрөлхийн гажигийн үеийн эмгэг физиологийн нарийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлийн судалгаа юм.
Мөн судалгааныхаа ажлын төслийг нэг жилийн өмнө бичиж боловсруулсан.
Түүнчлэн урагийг төрөхөөс өмнө буюу эхийн хэвлийд байхад зүрхний гажигийг оношлох судалгааг эрсдэлтэй бүлгийн жирэмсэн эхчүүдэд хийгээд, одоо үндсэндээ дуусаж байна.
“Армоно нэгдэл”-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Насанжаргал
-Би 2015 онд Чех улсын Пардубицийн их сургуульд “Липосомийн систем дэх микрокапсулын эко-будгаар ширхэглэг уургийг будан бүтээгдэхүүний колористикийн үзүүлэлтийг сайжруулах өндөр технологийн судалгаа” сэдвээр докторын судалгааны ажил хийгээд амжилттай хамгаалаад ирсэн. Энэхүү судалгаан дээрээ үндэслээд үндэсний технологийн шийдлийг боловсруулж, өөрийн орны үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
“Докторын дараах судалгааны инновацийн тэтгэлэг”-ийг олгож буй нь залуу эрдэмтдийн нөөц бололцоог дайчлах, улс эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжийг бий болгож байгаа хэрэг гэж бодож байна.
АШУҮИС-ийн анагаах ухааны доктор Ц.Билэгтсайхан
-Би ДНХ агуулсан бактерийн эсрэг өрнөх дархлааны хариу урвалыг зохицуулах асуудалд судалгаа хийсэн. Энэ нь гаднаас вирус, бактер, мөөгөнцөр зэрэг бичил организмууд орж ирэхэд хүний бие махбод тэдгээрийн эсрэг дархлааны хариу урвал, өөрөөр хэлбэл хамгаалах хариу урвалыг үзүүлдэг.
Тэгэхээр энэхүү хамгаалах хариу урвал нь нэг, хоёрдугаар шатаараа өөр өөр байдаг бөгөөд өвөрмөц болон өвөрмөц бус дархлааны хариу урвалыг идэвхжүүлснээр халдварын эсрэг эмчилгээний аргыг сайжруулахад судалгааны үр дүн маань оршдог юм. Энэхүү судалгааны хэрэглэгдэхүүн бол Монголд цоо шинэ бөгөөд үүнийг судлахад арав гаруй жилийг зарцуулсан.
МУБИС-ийн эрдэмтэн Г.Чулуунаа
-Миний бие тоглох явцдаа суралцахуйн арга зүйг сургуулийн өмнөх боловсролд нэвтрүүлэх, технологи түгээлтийг судалгааны ажил болгон хэрэгжүүлж, докторын зэрэг хамгаалсан. Үүнийг судлах болсон шалтгаан нь бидний сургалтын хэрэглэгдэхүүн болгон авч үзэж буй ардын тоглоом, наадгайн зүйлс бүрийн цаанаа монголчуудын үр хүүхдээ сургаж, хүмүүжүүлдэг аргын арвин их нууц агуулагдаж байдаг. Энэ нь бүхэлдээ ардын сурган хүмүүжүүлэх зүйн их өв сан бөгөөд хүүхэд багачуудын бүх талын мэдлэг, хүмүүжилд онцгой нөлөө үзүүлдэг. Иймээс сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын онцлогт тохирсон тоглоом наадгай үйлдвэрлэн сургалтын биет хэрэглэгдэхүүн болгон ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Харин төслийн зорилго нь орчин үеийн боловсрол судлал, монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны судалгаанд тулгуурлан “Тоглонгоо суралцах сургалтын арга зүй”-г боловсруулж, сургуулийн өмнөх болон бага болосвролд туршин хэрэгжүүлснээр сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар сургалтын хэрэглэгдэхүүн болох модон тоглоом үйлдвэрлэн түгээхэд оршиж байгаа юм.

