Ухаант хүмүүс хэлдэг дээ, уучилсны дараа уужирдаг, амар амгалан болдог юм гэж. Өгөөмөр нэртэй Өршөөлийн хууль батлагдлаа. Гэтэл улс төрд нэг л өөр. Өршөөсний дараа уурладаг, бужигнадаг урвуу хамаарлаар атгаг улс төр өрнөж эхэллээ.
Өршөөгдөөгүй хүмүүс өс хонзонгоо өшөө авалтаар тайлахаар шулуудав уу гэмээр. Улс төр гэдэг эзэн биегүй, амьгүй зүйл биш. Түүнийг хүмүүс л тээж, хөтөлдөг. Улс төр бол хүн төрөлхтний бодож олсон, үүсгэн байгуулсан бодлого, соёл, дүрэм журам байтал улстөрчид амьдралын энгийн туршлагаас гажуудаж, өршөөл, уучлалын дараах амар амгаланг үгүй хийж байна.
УИХ тав хоногийн өмнө буюу пүрэв гаригийн үдэш Өршөөл үзүүлэх тухай хуулийг эцэслэн баталснаас хойш хэдхэн цагийн дараа олон зүйл өөрчлөгдөв. 2500 хоригдол өршөөлөөр суллагдаж, яллагдсан хугацаанаасаа өмнө гэртээ харьж байна. Тэд энэ өдрийг наймдугаар сарын 11-нээс хойш 60 гаруй хоног хүлээхдээ торны цаана юу эсийг бодон тэсгэл алдаа бол.
Энэ хугацаанд Монголын улс төрд ч бас юу эс өрнөв. Солонгост суурьшаад байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Өршөөлийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсний маргааш АН-ын Засгийн газрыг элэг бүтэн болоход нь туслахаар “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан биш “гэмгүй” хоригдлууд түүний барьцаанд хоёр сар гаруй шоронд гацсан билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй байх үзэл санаагаар уг хуульд хориг тавьсан нь 2500 ялтан хийгээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг Н.Энхбаярын барьцаа болгож хувиргасан. Харин МАХН энэ хугацаанд менежмент сайтай ажиллаж, эгнээнэээсээ гурван сайд төрүүлж, 3000 гишүүнээр бүл нэмэн, хүчээ зузаатгав.
Өршөөлийн хуулийг УИХ ардчилсан хувьсгалын 25 жилийн гэгээн дурсгалд зориулан баталлаа гэх авч Өршөөлийн хуулийг зүтгүүлсэн цаад автор нь Н.Энхбаяр байсныг хууль тогтоох байгууллагад өрнөсөн сүүлийн гурван жилийн үйл явц харуулна. Гэвч өршөөл “эзнээ” дайрсангүй, Ерөнхийлөгчийн хоригоор тойрч одов.
Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авахгүй байхыг Н.Энхбаяраас дутуугүй хүлээсэн хүн бол АН-ын лидерүүдийн нэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байлаа.
Энэ хуулиар үнэнч анд Л.Гансүх, хүргэн дүү Г.Дэнзэн нарынх нь хувь заяа шийдэгдсэн билээ. Тиймээс тэрбээр өршөөлийн дараах өдрөөс эхлээд л Н.Энхбаяртай жаргал, зовлон нэгтэй болж хоцров.
Төрийн өршөөл үйлчилж эхэлсэн өдрийн маргааш нь “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн захирал асан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг үүрээр гэрээс нь баривчлан саатууллаа. Хууль сахиулагчид Өршөөлийн хууль батлагдахыг хүлээж байсан бололтой.
Ийнхүү Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсаны дараа Н.Энхбаяр, Н.Алтанхуяг, Б.Батзаяагийн дотнын ах “Женко” Х.Баттулга гэдэг гурван хүн хамгийн ихээр “хохирлоо”. Энэ гуравт тохиолдсон өршөөлгүй явдлын эргэн тойронд Монголын улс төр долоон сарын дараа болох сонгууль хүртэл бужигнах нь тодорхой болж байна.
Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өшөө авахаар гар нийлэх магадлалтай. Н.Энхбаярын хувьд МАХН-аа Засгийн газраас эгүүлэн татахад л АН-ыг бүхэлд нь барьц алдуулж дөнгөнө. Гэхдээ тэрбээр олж авахыг хичээсэн сонгуулийн эрхээ сэргээж эс чадсанаасаа ч том эрсдэлтэй тулахгүйн тулд сайд нартайгаа хамт сонгуультай нүүр тулахаар төлөвлөж мэдэх юм.
Н.Энхбаяр УИХ дахь өөрийн бие төлөөлөгчдийн нэг, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээр Засгийн газрыг нураалгах бус, зүгээр л шоглуулах ажиллагаагаа эхэллээ. О.Баасанхүү “ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын оффшор дансыг шалгах ёстой. Азаар Эрүүгийн хуулийн 263, 270 дугаар зүйл ангиуд өршөөлд хамрагдаагүй” гэсэн нь жир хэрэг биш.
Өршөөлийн хуульд хориг тавьж, Н.Энхбаярыг цусгүй “алсан” Ц.Элбэгдоржтой хариуцлага ярилгүй өнгөрөх ёсгүй. Татварын хэрэгтэй Жастин Каплад яагаад уучлал үзүүлснээ тайлбарлахыг хүссэн О.Баасанхүүгийн шаардлагад Ц.Элбэгдорж хариу өгөөгүй.
“Ерөнхийлөгчийн шийдвэр хууль зөрчсөн бол УИХ хүчингүй болгох эрхтэй” гэж О.Баасанхүү хэллээ. Ядаж байхад С.Баярцогт, Ц.Элбэгдорж хоёр ч “но”-той, бас. “Женко”-гийн хүн бөгөөд одоо З.Энхболдын хуулийн зөвлөхөөр ажиллаж буй А.Гансүхийг Б.Батзаяагийн хамт шалгах нь цаг хугацааны л асуудал болоод байгаа.
Ийм үед эрхэм спикер Тавантолгойн асуудлаар нэг фракц болж анд бололцсон “Женко”-гийнхоо талд ажиллах, эс ажиллах нь Өршөөлийн хууль батлагдсаны дараах хамгийн сонирхолтой байр суурь болох юм.
З.Энхболд Сөүлд мөрөөрөө байсан Н.Энхбаярыг өөрийг нь дахин хаан болгох Өршөөлийн хуулиар даллан Монголд хуурч авчирсан, тэгээд шанд нь шар тостой боов ганцханыг үмхүүлсэн буюу Засгийн газрын гишүүдтэй болгосон гэмтэй. Харин “Женко” Х.Баттулгын өмнө түмэн буруутай хоцорч мэдэх юм.
“Тавантолгой” төсөл дээр эх орончдын баг байгуулан төдийгөөс өдий хүртэл хамт явсан хэрнээ эцсийн мөчид “нэг муу” Өршөөлийн хуулийг янзалчихаж чадахгүй спикер андтай байхын хэрэг Х.Баттулга, А.Гансүх нарт гарсангүй.
Өршөөлийн дараа өрнөж буй улс төрийн өс хонзон, өшөө авалтын дунд АН-ын дарга, УИХын дарга З.Энхболд юу хэлэх, биеэ хэрхэн авч явах нь анхаарал татаж байна. Тэр одоо болж байгаа болон хойшид өрнөх үйл явдлуудын хаахна зогсох бол.
Б.ЭНХЦЭЦЭГ