Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг билээ. Агаар дахь хорт бохирдлын агууламжийг бууруулбал өвчлөлөөс сэргийлж, хүн амын амь насыг аван, асар их хэмжээний эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтойг ч Дэлхийн банкнаас зөвлөж байсан. Иймдээ ч агаарын бохирдлыг бууруулах олон аргыг авч хэрэгжүүлж байгаа ч төдийлөн амжилттай болсон нь ховор.
Жилээс жилд агаар дахь бохирдлын хэмжээ нэмэгдэж, иргэд ялангуяа гэр хорооллын оршин суугчид хотын агаар мандалд тархсан өтгөн хар, хортой утаагаар амьсгалсаар байгаа нь нууц биш. Эрдэмтдийн РМ буюу “тоосонцор” хэмээн нэрлэдэг тоос нь хүмүүсийн уушгиар шүүгдэж, тэндээ хуримтлагдан үлддэг байна. Харин 2.5 микроноос жижиг ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замын маш хүнд өвчлөлийн эх үүсвэр болдог аж.
2012 онд Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд РМ2.5 тоосонцорт өртөж буй хэмжээ жилийн дунджаар үзэхэд Монгол Улсын агаарын чанарын үндэсний стандартаас даруй 10 дахин, харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн зөөлөн зорилтот шаардлагаас 6-7 дахин их гарч байжээ.
Тэгвэл Японы олон улсын байгууллага болох ЖАЙКА-гаас стандарт хэмжээтэй харьцуулахад хорт бодисын хэмжээ ямар түвшинд байгаа болон тоосонцроос үүдэлтэй агаарын бохирдуулах бодисын судалгааг хэрэгжүүлж, Улаанбаатар хотод хэмжилт хийсэн бодисын найрлагын шинжилгээг хийжээ. Тодруулбал, Япон улсын БОЯ-ын судалгааны хорооны гишүүнээр ажиллаж байсан профессор багш Мизохата Акира 2014 оны хоёрдугаар сар, 2014 оны 6-7 сар, 2014 оны арванхоёрдугаар сараас 2015 оны нэгдүгээр сар, 2015 оны 4-5 сард Улаанбаатар хотод хэмжилт хийсэн РМ10 болон РМ2.5-ын найрлагын шинжилгээний үр дүнгийн талаар өнөөдөр илтгэл тавилаа.
Энэ үеэр Осака их сургуулийн бүс нутгийн уялдаа холбоог судлах байгууллагын хүндэт доктор Мизохата Акира хэлэхдээ “Ерөнхийдөө энэхүү шинжилгээг Гурван улирал дараалан Улаанбаатар хотын агаараас хэд хэдэн дээж аваад шинжлээд, бүтэц найрлагыг нь тодруулж эх үүсвэрийг нь гаргаж ирэх зорилготой. Энэ тоосонцрын эх үүсвэр нь юу вэ, хаанаас орж ирдэг вэ гэх мэтчилэн судлаад 80 хувийн тооцооллоор гаргаж ирсэн. Өшөө нарийн тоо баримтаар илүү дэлгэрүүлж судлахын тулд багагүй хугацаа хэрэгтэй. Цаашдаа улирал тутамд тоосонцор нь хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдгийг тооцох шаардлагатай.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг олон улс, ялангуяа Япон улстай харьцуулахад эх үүсвэрийн хувьд арай өөр онцлогтой байгаа нь ажиглагдсан. Тодруулбал, нүүрснээс үүдсэн тоосонцрын бохирдол их байгаа. Найрлага дахь бодисын хувьд өөр гэсэн үг. Миний бие Осака хотод амьдардаг учир тэндхийн агаараас дээж авч, дөрвөн жилийн турш судалгааны ажил хийж байна. Улаанбаатар хотын агаарт хүхрийн давхар исэл хүйтэн орчинд хийн төлөвтэй гарч ирээд тоосонцор болдог юм. Хүхэр гэдэг нь нүүрс гэсэн үг” гэлээ.
Тус судалгааны үр дүнд РМ-ын агууламжтай харьцуулахад дулааны цахилгаан станцын нүүрсний шаталтаас үүссэн үнс, замын тоосыг дээжлэгдсэн РМ-ын доторх агууламжийн харьцаагаар тайлбарлах боломжгүй бөгөөд тодорхойгүй эх үүсвэртэй тоосонцрууд оршин байгаатай холбоотой аж. Түүнчлэн эх үүсвэрийн тоосонцорт дүн шинжилгээ хийсний үр дүнд Налайх болон Багануурын нүүрсний шаталтаас үүдэлтэйгээр ялгарч буй тоосонцрууд нь ийм шинж чанартай байгааг тодорхойлсон байна.
Мөн энэ талаар Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханаас тодрууллаа.
-ЖАЙКА-гаас Улаанбаатар хотод хэмжилт хийсэн тоосонцрын найрлагын шинжилгээний үр дүнг танилцууллаа. Өмнө нь энэ төрлийн судалгааг хийж байв уу?
-Манай улс өмнө нь агаарын бохирдлын эх үүсвэрийг олох шинжилгээг хийж, агаарын бохирдлын учир шалтгааныг хайж олох судалгааг хийж байсан боловч ЖАЙКА-гийн хийсэн нарийн судалгааг хийж байгаагүй. Тус судалгаагаар агаарыг бохирдуулдаг бохирдуулагч долоон төрлийн бодис байдгаас хамгийн тос элемент нь нарийн ширхэгт тоосонцор байдаг гэдгийг тогтоосон. Харин тэрхүү тоосонцрын хэмжээ Улаанбаатар хотод стандарт хэмжээнээс тав дахин их байгаа нь тогтоогдсон.
-Судалгааны үр дүнгийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг эзэлж буй бохирдуулагч бодис бол нарийн болон бүдүүн ширхэгтэй тоосонцор юм. Судалгаагаар хотын агаарын бохирдол 16-17 хувиар буурсан хэдий ч стандарт хэмжээнээсээ тав дахин нэмэгдсэн. Автомашинаас үүдэх бохирдлын хэмжээ Япон улсынхтай харьцуулахад 20 дахин их гарчээ. Бид энэхүү бохирдлыг бууруулах олон арга хэрэгжүүлсний үр дүнд бага ч болов ахиц дэвшил гарч байна.
-Ахиц дэвшил юугаар илэрч байна вэ?
-Жилээс жилд ахиц дэвшил гарч байна. Энэ бол бидний авч хэрэгжүүлсэн түлш, нам даралтын халаалтын зуух, төвлөрсөн дулаанд холбох, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг ажлуудын үр дүн юм.
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ямар шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа вэ?
-Энэ жилийн хувьд маш түвэгтэй нөхцөл байдал үүсээд байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо долоо хоног тутамд хуралдаж, дор бүр нь шийдлүүдээ гаргаж ирсэн ч сүүлийн үед хуралдах нь багассан. Хуралдсан ч дорвитой асуудлуудыг шийдвэрлэсэнгүй.
-Гэр хорооллын иргэд нүүрсний хэрэглээгээ бууруулж байж агаарын бохирдол буурна гэж шинжээчид үздэг?
-Агаарын бохирдол үүсэх нэг шалтгаан нь нүүрсний дутуу шаталт мөн. Гэхдээ зөвхөн гэр хорооллын асуудлыг шийдсэнээрээ агаарын бохирдлын асуудлыг шийдэхгүй.
Түрүүн хэлсэнчлэн энэ жилийн хувьд маш хүнд байдалтай байгаа. Учир нь хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадахаа байсан. Муу, сайн ч гэсэн хэрэгжүүлж байсан аргуудаа больчихлоор их л түвэгтэй байдалд орно гэж бодож байна.