Америкчууд энэ зун л Иракаас цэргээ гаргаж дуусав. Гэхдээ үнэн хэрэг дээрээ байнгын армийн дайчид нь л тэндээс явснаас биш цэргийн хувийн компанийн багагүй хүч Иракт үлджээ. Цэргийн хувийн компани гэгч юу вэ.
Анхны хувийн арми XX зууны 1960-аад оны эцсээр бий болсон ч энэ нэр томъёо улс төрийн хийгээд цэрэг, дайны хэл ярианд орж ирээд харьцангуй богино хугацаа өнгөрч байгаа юм. Ийм арми бий болох эх үндсийг Өрнөдийн орнуудын, юуны урьд Их Британийн тагнуулын алба тавьжээ. Агаарын десантын тусгай албыг үндэслэснээрээ нэрд гарсан хурандаа Дэвид Стерлингийн 1967 онд зохион байгуулсан Британийн “Уотчгуард Интернэйшнл”-ийг анхны ийм фирм гэж үздэг. Агаарын десантын тусгай алба нь дэлхийд хамгийн алдартай тусгай анги, салбарын нэг юм.
Цэргийн хувийн компанийн үйл ажиллагаа одоо хэр нь тусгай байгууллагуудын, юуны урьд АНУ-ын ТТГ, Английн МИ-6-гийн хатуу хяналт дор явж байна. “Хувийн арми” нь зөрчил тэмцэл гарсан бүсэд хүчний дэмжлэг үзүүлсээр ирэв. Ийм компаниуд хүнийг ажилд хөлсөлж авахдаа тусгай зориулалтын хүчинд алба хааж байсан эрчүүдэд илүүтэй хандана, мөн байнгын армид байсан цэрэг, офицерууд ээлжийн амралтаа аваад энд ажиллах нь ч цөөнгүй байдаг аж. Тусгай албад хувийн цэргийн компаниудад гэрээгээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай ажиллагаа явуулахдаа, ялангуяа бохир ажил хийхдээ халхавч болгож ашиглах явдал ч байдаг байна.
“Блэкуотер” гэдэг цэргийн хувийн томоохон компаниудын нэгний Иракт явуулсан үйл ажиллагааны эргэн тойронд саяхан АНУ-д ихээхэн хэл ам дэгдлээ. “Блэкуотер” нь Бразилийн “Тукано” хэмээх бөмбөгдөгч онгоц, Америкт үйлдвэрлэсэн байлдааны нисдэг тэрэг, танк, явган цэргийн байлдааны машин, хуягт техник зэрэг орчин цагийн шинэ техникээр хангагдсан үндсэндээ жинхэнэ армийн хэмжээнд хүрсэн бүтэц юм. Тус компанийг Тэнгисийн цэргийн тусгай зориулалттай хүчний офицер байсан Эрик Принс гэгч АНУ-д хүчний байгууллагад алба хаах хүмүүсийг бэлтгэдэг хувийн бааз дээр түшиглэн 1996-1997 онд байгуулжээ. Яваандаа 51 мянга хүртэл хүнтэй “хувийн хүчирхэг арми” болж хувирсан байна. Тус компанид улсын захиалга ирэх болсноор улам бүр хөгжиж дэвжив. 2001 онд холбооны төсвөөс 736 мянган доллар авсан бол 2005 онд 80 сая доллар, 2006 онд 600 сая орчим долларын гэрээ байгуулсан аж. Иракт явуулсан байлдааны үеэр “Блэкуотер”-ийн орлого жилд нэг тэрбум доллараас давж байжээ. Ийм амжилт олоход тус компанийн удирдлага БНН болон хүү Бушийн захиргаатай холбоо сүлбээтэй байсан нь гол үүрэг гүйцэтгэсэн аж.
“Блэкуотер”-ийн хөлсний нэг цэрэгт Америкийн төсвөөс өдөрт дунджаар 1222 доллар зарцуулж байна. Гэтэл АНУ-ын армид алба хааж буй түрүүч хугацаанаасаа хамаараад 140-150 долларын зардалтай байдаг аж. Цэргийн хувийн компанийн нэг дайчин Америкийн төсвөөс 6-10 дахин их зардал шаардаж байгаа биз.
Брукингийн хүрээлэнгийн баримтаас үзвэл Ирак дахь байлдааны ажиллагаанд 160 мянган цэрэг оролцож, цэргийн хувийн компанийн 200 мянган ажилтан хүч хавсарсан бөгөөд тэднийг албан ёсоор энгийн иргэн гэж тооцож байжээ. Эдний 120 мянга нь Иракийн иргэн, 21 мянга нь америкчууд, 59 мянга нь гуравдагч орнуудын, тэр дундаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын харьяат аж. Тэнд Британи, Австрали болон бусад улсуудаас хамгаалалтын фирмийн албан хаагчид бас тулалдаж явсан байна. Хөлснийхөн тооны хувьд эвслийн армиас илүү гарч байв.
Цэргийн хувийн компанид гэрээгээр ажиллах юм уу, өөрөөр нэрлэдгээр “шуурхай” ажилтан болоход цэргийн албаны таваас доошгүй жилийн туршлагатай, тэгэхдээ цэргийн цагдаа, тусгай салбар эсвэл явган цэрэгт алба хаасан байвал бүр сайн гэж үзнэ. Хэрэв тухайн хүн хууль сахиулах байгууллагад байсан бол найман жил ажилласан байхыг шаардана. Цэргийн хувийн компанид гэрээгээр орсон “шуурхай ажилтан” эхлээд гурван сар завсар чөлөөгүй ажиллаад гурван долоо хоног цалинтай амралт эдэлнэ. Компани нь ажилтнуудаа зэвсэг, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, хоол, эрүүл мэндийн даатгалаар бүрэн хангана. Амиа алдсан юм уу, ноцтой хохирол хүлээсэн бол гэр бүлд нь тусламж үзүүлдэг.
Үйлчилгээнд нь их мөнгө төлөхөөс буцдаггүй АНУ-ын хувьд “хувийн арми”, хамгаалалтын компаниуд үнэ цэнэтэй байдаг нь энэ “шуурхай ажилтнууд” Америкийн төрийн албан ёсны хүмүүс биш байдаг бөгөөд тиймээс ч өөрийн бүрэн эрхийг хэтрүүлж, өөрийн үзэмжээр ажилладаг юм. Энэ хүмүүсийн оролцсон аливаа ажиллагааны үед гарсан будлианы төлөө төр нь ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Түүнээс гадна хөлснийхөн Иракт ердөө л хамгаалах үйл ажиллагаа явуулдаг юм биш, байлдааны ажиллагаанд татагдан оролцож, өөрсдийн алба хаагчдын амь насыг үрэхээс зайлсхийн Пентагон хуруугаа дүрж чаддаггүй эрсдэлтэй үйлдлийг ч хийж л байдаг аж.
Түүнчлэн ямар нэг статистик мэдээнд хөлснийхөн хамрагддаггүй, тэдний хүлээсэн хохирлыг барагцаагаар мэдээлдэг болохоор Иракаас ирж буй албан ёсны мэдээнд оруулдаггүй юм байна. Тэгээд ч Америкийн засаг захиргаа олон түмний эсэргүүцлээс жийрхээд татвар төлөгчиддөө энэ талаар тайлагнадаггүй. Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үзэж буйгаар мөнөөх шуугиан тарьсан “Блэкуотер” л гэхэд Иракт 1000 гаруй хүнээ алуулж, 15 мянгыг шархдуулсан аж. Тэгэхдээ энэ чинь бас хамгийн том компани нь биш. Энэ бүс нутагт Америкийн цэргийнхэнтэй гар нийлж ажилладаг томоохон фирмийн тоонд “Келлог, Браун энд Рут” (KBR) ордог. Ирак, Кувейтэд түүний бүрэлдэхүүнд багтдаг 70 мянган хүн байдаг гэж үздэг. Зарим баримтаар бол “Блэкуотер” нь KBR-ийн нэг л үүрэг гүйцэтгэгч нь гэлцэнэ.
Цэргийн хувийн компанийн статус, тэдгээрт болон түүний амжилтнуудад олон улсын конвенц, гэрээний, тэр дундаа Женевийн конвенцийн шаардлагыг хэрэглэх эсэх талаарх маргаан өнөө хэр нь нэг тийш болоогүй байна. Гэтэл түүний үйл ажиллагааны хүрээ тэлээд байдаг. Орчин цагт Өрнөдийн орнуудын оролцоотой гарч буй зөрчилдөөнт явдал, байлдааны ажиллагаанд олон улсын цагдаагийн хүчин дэх Америкийн хэсгийн бие бүрэлдэхүүнийг цуглуулах үүргийг ийм фирмүүд хэрэгжүүлж, Багдадын нисэх онгоцны буудал, нефтийн талбай, дамжуулагч хоолой, Иракийн эрчим хүчний системийг хамгаалж, дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдлыг ханган, Афганистаны Ерөнхийлөгчийн хамгаалалтыг хариуцаж байна. Тэд мөн Ирак, Афганистанд НҮБ-ын хүчийг хамгаалж, Ирак, Саудын Арабын армийн бие бүрэлдэхүүнийг сургаж, цэргийнхэнд хэлмэрчийн үүрэг ч гүйцэтгэдэг аж. Тэгэхдээ янз бүрийн объектыг хамгаалахдаа цэргийн хувийн компаниуд гуравдагч орны хүн амын нөөцийг, түүний дотор сард 250-2500 долларын хөлс аваад ажиллачих арми, цагдаагийн хангалттай бэлтгэгдсэн туршлагатай ахмад ажилтнуудыг ашигладаг байна. Тухайлбал, Синайн хойгт байдаг Балба, Фижи улсын ахмад дайчид, Филиппин, Латин Америкийн орнуудын тэнгисийн явган цэргүүдээс англи хэл сайтай, Өрнөдийн стандартыг мэддэг хүмүүсийг хөлсөөр авч ажиллуулж иржээ.
Олон улсын энхийг сахиулах хүчнээс одоо явуулж буй ажиллагаанд энэхүү цэргийн хувийн компаниуд бусадтай адил тэгш оролцох боллоо гэж шинжээчид үзэж байна. Ийм компаниуд улс орнуудын байнгын армиуд шиг зорилго тавьж, тэдэн шиг ажлаа төлөвлөж байх болж. Гагцхүү тавьсан зорилгодоо хүрэхийн тулд арга хэрэгслээ чөлөөтэй сонгох эрхтэй байдгаараа ялгардаг аж.