Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ ойрд тун баясангуй царайтай “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 10 хувийг хэрэгжүүлэх ажил тун ойртлоо”, “Хонгилын үзүүрт гэрэл аслаа” гээд л зурагтаар ярих болов. Үнэн юм болов уу.
Байртай болох гэсэн ч урьдчилгаа мөнгөн дээрээ гацчихаад байсан иргэд энэ үгийг зөвхөн чихээрээ бус, итгэл, хүлээлт, горьдлого тээсэн зүрх сэтгэлээрээ сонссон гэдгийг сайд ойлгож байгаа гэж найдъя.
Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын эхээр баталснаас хойш олон хүний тархинд “Урьдчилгаа 10 хувь” гэдэг үг кодлогдож, өнгөрсөн дөрвөн сарын турш зүүдлэх нь холгүй хүлээсэн.
Арилжааны банкуудын босгыг элтэл өнөөхөө сураглаж, эдийн засагчийн дургүйцсэн харцанд тас шилбүүрдүүлж яваа иргэдээ бодсон ч тэр одоо дахиад хүмүүсийг хий горьдоомооргүй байна.
Ажиллах хүч, бараа эргэлт, хөрөнгө оруулалт, зах зээлд эзлэх байр суурь гээд аль ч талаараа Монголдоо нэлээд томд тооцогдох салбарын толгойлогчоор гэнэт тодорсон түүний духан дээр 10 хувь хэмээх бэлэн сайхан лоозон өөрөө “ирээд наалдчихсан” нь аз уу, эз үү гэдгийг шийдэхээр З.Баянсэлэнгэ чадлаараа мэрийж байгаа бололтой.
Гэхдээ “Арваннэгдүгээр сард багтаан энэ асуудлыг шийднэ” гэсэн амандаа хүрэхийн тулд сайд нь, салбарын яамныхан юу хийж байгааг тодруулахад бас л бүрхэг санагдаад явчихав. БХБЯ, Сангийн яамны төлөөлөл саяхан хуралдаж, энэ тал дээр өөр өөрсдийн байр суурь, хувилбаруудаа илэрхийлэн, олон талаас нь судалж үзсэний эцэст Засгийн газарт хүргүүлэх саналаа нэгтгэж чадсан юм байх.
Гэвч яг юуг, яаж хийхээр болсныг нь лавлахад тодорхой зүйл хэлж өгсөнгүй. “Санхүүгийн эх үүсвэрээ баталгаажууллаа. Зээлийн хөрөнгийг үе шаттайгаар гаргахаар болж байгаа” гэх атлаа хэрхэн баталгаажуулсан, ямар үе шаттайгаар хөрөнгө босгох гэж буйгаа нуух нь хачирхалтай.
“Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь төр (Хөгжлийн банк) 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргана” гэсэн журам батлагдсанаас хойш өдий хүртэл иргэдийн тэвчээрийг сорьсон шалтгаан нь ерөөсөө л санхүүжилт.
Хөгжлийн банк ипотекийн зээлийн баталгаа гарган, санхүү, төсвийн болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны банкуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм. Тэгээд зээлдэгчийн сар бүрийн үндсэн төлбөрөөс эхний ээлжинд Хөгжлийн банкны баталгааны дүнтэй тэнцүү хэмжээний мөнгө бүрэн төлөгдөж дуусмагц баталгаа дуусгавар болохоор журамд заасан.
Гэвч арилжааны банкууд дээрх 20 хувийн баталгааг мөнгөн хэлбэрээр байршуулах шаардлага тавьж, өнөөхөд нь дансаа улайлгасан төр, засаг маань бүдэрч, иргэдийнхээ өмнө хэлэх үггүй сууж байна.
Нэг байрны үнийг 100 сая төгрөгөөр тооцоход 200 тэрбумын баталгаагаар 10 мянга орчим хүн орон сууцтай болж, тэр хэрээрээ царцсан барилгын салбар ч гэсэх боломжтой гээд Монголбанк уг нь энэ ажлыг дэмжиж байгаа юм билээ.
Засгийн газар Төвбанкнаас тэр мөнгийг зээллээ гэхэд буцаагаад хэдий хугацаанд, ямар арга замаар, хэрхэн төлж барагдуулах үндэслэлээ бодитоор, нарийн тооцоод гаргаж ирвэл эхний ээлжийн 80 тэрбумыг маргааш ч “Май” гээд өгөх боломжтой гэнэ.
Даанч ипотекийн зээлийн баталгааны журам гарсантай холбоотойгоор “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулах санал боловсруулж, аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн Д.Цогтбаатар, Ж.Эрдэнэбат хоёр хоёулаа сайдын суудлаасаа “хийссэн” тул энэ ажил удааширсан талтай.
Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатарын байгуулсан ажлын хэсэг ч өөртэй нь хамт тарж бутарснаар орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд төрөөс даах баталгаа хөрөнгийг хэрхэн төлж барагдуулах судалгааг шинэ хүмүүс дахиад эхнээс нь хийх шаардлагатай болжээ. Энэ хооронд хөөрхий бид нь манан дунд төөрсөн хэвээрээ л яваад байж.
Байртай болчих санаатай цалингаасаа илүүчилж хав дарсан хэдэн төгрөгөөрөө урьдчилгаа 10 хувиа төлөөд, 150 хүртэлх ам метр талбайтай орон сууцанд хэзээ хэзээгүй орох юм шиг гэгэлзсэн өдөр хоногууд үнэндээ зүүд байсныг одоо л сэхээрэв.
Долдугаар сард гарсан, “Наймдугаар сараас хэрэгжиж эхэлнэ” гээд байсан тэр журам ор нэр төдий байж. Өөрөөр хэлбэл, “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулах, эсэх саналыг Засгийн газар хэлэлцэж, эцэслэн баталсны дараагаар дээрх шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх ёстой юм гэнэ.
Хэрэв тийм байсан юм бол яах гэж анхнаасаа “Зээлийн урьдчилгааг 10 хувь болголоо. Талбайн хэмжээг шийдэх хэрэгтэй байна. Хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс шалтгаалаад болохгүй байгаа бол иргэдэд ойлгуулж үнэнийг хэлэх хэрэгтэй. Тэгвэл байранд орох гээд захиалга өгсөн иргэд урьдчилгаа 30 хувиа яаж ийгээд гүйцээж төлнө. Энэ нь бидний бүтээн байгуулалтад ч нэмэр болно” хэмээн бодит байдлыг нуулгүй хэлжээ.
Эдийн засгийн хямралаас болоод тэртээ тэргүй барилгын компаниудын борлуулалт хумигдаж, өдгөө 36 мянган айлын орон сууц эзнээ хүлээж байхад дээрээс нь төрийн түшээдийн энэ мэт болчимгүй үг, үйлдэл нэрмээс болж л байдаг. Уг нь орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэнд тавих шалгуур айхтар өндөр биш юм билээ.
Ипотекийн зээлээр анх удаа шинэ орон сууц худалдан авч буй, тогтмол орлоготой, сүүлийн хоёроос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн, найман хувийн хүүтэй зээлээ эргэн төлөх орлого нь банкны шалгуураар нотлогдсон, “Өрхийн мэдээллийн сан”-гийн VII-XV ангиллынхан буюу дундаж давхаргын иргэд байхаар тогтоожээ.
Орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувийг урьдчилж төлөөд, үлдсэн 90 хувь дээр нь ипотекийн зээлд хамрагдах учраас иргэдийн амьдралд дарамт үүсгэхгүйн тулд одоо мөрдөж байгаа 20 жил хүртэл гэсэн хугацааг арваар нэмж, 30 болгох тухай яриа бас л эцэслэн шийдэгдээгүй зүйл гэнэ шүү. Одоо л Засгийн газарт хүргүүлэх саналд энэхүү хугацааны тухай заасан гэнэ.
Мөн дээр яригдсан 200 тэрбумын баталгаа ч үнэндээ эцсийн тоо биш гэдгийг сайд нь хэлнэ лээ. “Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод зээлд олгох хөрөнгийн хэмжээг одоогоор тохирч чадахгүй байна. Засгийн газар болон банк санхүүгийн байгууллагууд саналаа нэгтгэн, тохиролцож чадвал энэ сардаа багтаад асуудал шийдэгдэнэ” гэсэн З.Баянсэлэнгэ сайдын үг өөрийнх нь цаг үеийнх ороо бусгаа төрхийг илчлээд байх шиг.
Гэхдээ юу болохыг харж л байя. Эцэст нь орон сууцны ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгаа шийдэгдлээ гэхэд нэг л зүйлийг бид мартаж боломгүй байна. Төрөөс батлан даах гээд байгаа 20 хувь бол өвлийн өвгөний бэлэг биш, ирээдүйд эргүүлэн төлөх өр юм.
Тиймээс урьдчилгаа төлбөр 10 хувь болсонд баярлан, талбай томтой орон сууц руу санаархаж байгаад эцэст нь олон айл өрх өрийн дарамтад орж, нугачуулах вий гэдгийг хаана хаанаа бодох ёстой.
Засгийн газар хэдий болтол урьдчилгаа мөнгөний 10 хувийг батлан даасаар байх вэ, энэ нь цаашид ямар үр дагавар авчирч болохыг эрүүл ухаанаар тунгаах хэрэгтэйг Төвбанкныхан ч сануулдаг юм билээ.
Л.ГАНЧИМЭГ