Гал улаан манеж. Хүрэн хөшиг...Дугариг танхимыг нь дүүргэн цугласан үзэгчид циркт гайхамшгийг мэдрэх ганц л зорилготой очдог.
Бүтэлгүй, мунгинуу алиалагчтай хамт хөгжилдөж, бүр биднээс дээгүүр дүүлэн нисэх гимнастикчдыг нүд салгалгүй харж, бие биетэйгээ холбогдсон итгэлээсээ өөр ямар ч хамгаалалтгүй хэрнээ итгэл төгс, дүүлэн нисэх акробатчдыг үзэх гэж цугладаг.
Бага насных нь дурсамжид цирк холбоотой байдаг 1970-1980- аад оныхон үүнийг илүү сайн мэдэх байх. Харин бидний хүүхдүүд, хойч үеийнхэн ийм дурсамжаар сэтгэлээ баясгахгүй л болов уу.
Учир нь тэдэнтэй хамт хөгжих, өрнөх ирээдүй Монголын циркийн урлагт байгаа эсэх нь эргэлзээтэй.
Байнгын тоглолт нь цөөрч, гадаадын жүжигчдийг урьж ирүүлэхгүй л бол үзэгчдээ урин дуудаж чадахаа больсон энэ салбарт шинэчлэл эрхгүй үгүйлэгдэж байна.
Арваад жилийн өмнө энэ байгууллагыг шинэчлэх хэрэгтэй гэж үзээд төсвөөс хасаж бие даан ажиллуулж, дараа нь эргээд улсын мэдэлд авч, эцэст нь менежментийн хувьчлал явуулж, түүнээсээ хойш хоёр жилийн дараа худалдсан байдаг.
Дэлхийн олон оронд хувийн цирк амжилттай хөгжиж, өрсөлдөж, шоу тоглолтоороо үзэгчдийг баясгаж байгаа учраас үүнийг буруутгах аргагүй.
Харамсалтай нь, улсдаа ганцхан байгаа мэргэжлийн урлагт зориулсан барилгыг зориулалтынх нь дагуу ашиглахгүй түрээсийн байр, байгууллага болгож буй нь харамсалтай.
Хувьчлагдахаасаа өмнө жүжигчдээ цалинжуулан ажиллуулж, тогтмол тоглолт хийж, амьтдаа сургаж байсан.
Харин одоо бол конторын буюу тус Монголын үндэсний циркийн санхүү, удирдлагын хэлтсийнхнээс өөр орон тооны ажилтангүй, жүжигчидтэйгээ тусгай гэрээ хийн ажиллаж байна.
Гал улаан манеж, хүрэн хөшигнөөс цааш юу байгааг үзэгчид мэдэхгүй. Энэ байгууллагыг удирддаг хүмүүсийн ширээн дээр ямар утгатай гэрээ хөглөрч, циркийн урлагт хайртай жүжигчдээ ямар болзлыг мохоодгийг төсөөлөхгүй.
Монголын үндэсний циркт бэлтгэл хийхийн тулд нэг жүжигчин цаг болгоноороо тооцоо хийж төлбөр төлөх учиртай. Төлбөрөө бэлэн мөнгөөр эсвэл тоглолтоороо төлж болно. Тэдний санал болгосон ямар ч тоглолтод үг дуугүй оролцох учиртай.
Нэг үгээр бол АСА циркийг түрээслэн тоглолт хийж байгаа дуучин, жүжигчин, хүүхдийн телевизийн хөтөлбөрийн шоу гээд юунд ч хамаагүй оролцож байж л өрөө төлж болох нь.
Циркийн сургуулийн сурагчдыг бэлтгэл хийлгүүлэхийн тулд урсгал зардлаа тооцоолон улсаас сар бүр 15 сая төгрөгийн төлбөр авахаар гэрээлсэн Үндэсний циркийнхэн одоо дараа дараагийн түрээсийн гэрээгээ үзэглэсээр байна.
Олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн уралдаанд амжилт гаргаж, Монголын үндэсний циркийн жүжигчид хэмээн зарлуулж байсан хамтлагт ч давуу эрх олгохгүй бололтой. Хувийн циркт бэлтгэл хийх гэж л байгаа бол төлбөрөө төлөх ёстой гэдэг зарчим үйлчилнэ.
Гэхдээ Улсын циркийг хувьчлан авсан эзэд нь энэ урлагийн талаар илүү их мэдлэгтэй, шоу тоглолт хийж зах зээлд борлуулах бодлоготой байсансан бол жүжигчид тэдний ямар ч хүнд хэцүү гэрээг хүлээн зөвшөөрөх байсан байх.
“Монголын циркчид эх орондоо олигтой тоглолт хийдэггүй хэрнээ гадаадад очихоороо сайн тоглодог” гэдэг шүүмжлэл байдаг. Харин гадаадын аль ч орны цирк Монголын циркчдэд тогтмол цалин олгож, байр сууцаар хангаж, бэлтгэл хийх нөхцөлийг нь бүрдүүлж чаддаг учраас тэд аялан тоглохыг илүүд үзэх нь аргагүй.
Нэгэн цул, төгс хөгжсөн, том бүтэцтэй, нэгдмэл урлагийг хэсэг хэсэг болгон тарааж, хүчийг нь сулруулан, жүжигчдээ олон хуваах хэнд ч ашиггүй. Чанартай үзүүлбэр, шилдэг тоглолт одоогийн нөхцөл байдалд бий болох ч боломжгүй.
Эцэг, эхийнхээ чихийг халууцуулж, үргэлж л чичлүүлэхийг хүсдэг хүүхэд байдаггүйтэй адил Монголын үндэсний цирк улсынхаа соёл урлагийн салбарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, бодлогоо өөрчилж, илүү сайхан боломжуудыг нээж, ирээдүйгээ сайжруулаасай.
Гадаадын жүжигчдийг урьж ирүүлээд тоглуулахаар 15-25 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг худалдан авч, үзэгчид цирк үзэж байна. Тэдгээр жүжигчдээс ч илүү ур чадвартай хүмүүс Монголын жүжигчдийн дунд бий.
Тиймээс ганцхан бодлого, илүү сайн төлөвлөгөө бас сэтгэл дутаад байх шиг. Урлагийн бүтээл туурвихын тулд бүхэл бүтэн баг ажиллахын зэрэгцээ залгамж халаагаа тасралтгүй бэлтгэн, тэдний авьяасыг хөгжүүлж, өрсөлдөөн бий болгож, чанартай туурвилын төлөө зүтгэдэг.
Гэтэл өдгөө циркт Уран сайхны зөвлөл, мэргэжлийн найруулагч, багшийн аль нь ч алга. Том тоо, давсан хүсэл тэмүүллээс илүүтэй өв соёл, хүүхэд багачуудаа хүмүүжүүлэх ухаантай бодлого чухал юм шүү. Циркийн урлагийг Монголд мөхөөлгүй, гэрэлтэй ирээдүйг бүтээхийг л хүснэ.