Тавантолгойн төмөр замтай холбоотой дуулиан дэгдсэн энэ үед Гацууртын ордын талаар бичих нь цагаа олоогүй байж магадгүй. Гэхдээ таван жил гацсан, одоо ч бас тодорхойгүй байгаа Тавантолгойн асуудал өмнө нь бас л энэ Гацуурт шиг улстөрчдийн үл ойлголцол, талцал, УИХ, Засгийн газрын тодорхой биш байр суурь, эргэлзээ, хардлага сэрдлэгээс үүдэж байлаа.
Тухайн үед УИХ-ын гишүүн бүр геологич, эдийн засагч болж, бүгд шахам тоо бодон мэдэмхийрцгээн, зөв буруу ашиг орлого, зардал мөнгөний тооцоогоор өөрсдийнхөө ч, өрөөлийн ч тархи, толгойг эргүүлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн юм.
Сүүлдээ олон тооныхоо учрыг ч олохоо байж, эцэст нь Тавантолгойг хөдөлгөх, эсэх нь гадаадын хөрөнгө оруулагчдаас шууд хамааралтай болчихоод байна. Тухайн үед УИХ удаа дараагийн тогтоолоороо Засгийн газарт үүрэг чиглэл өгч, энэ дагуу Засгийн газар төмөр замын ажлаа эхлүүлж, хөрөнгө оруулалтын тендерийг хоёр, гурван ч удаа зарлан, шалгаруулсан гэж ойлгодог.
Гэвч өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн Тавантолгойтой холбоотой ажлууд эхнээсээ хууль хяналтын байгууллагаар шалгагдан, зарим нэг албан тушаалтныг эрүүгийн ноцтой хэрэгт холбогдуулан барьж хорилоо.
Энэ нь “Тавантолгой” мэтийн уул уурхайн том төслүүдийг гацаадаг, удаашруулдаг, УИХ-ын хэдэн чуулган дамнан хэлэлцэж, хэрэлдэж буйн цаана улстөрчдийн ямар том ашиг сонирхол нуугддагийг илчлэх олон үйл явдлын эхлэл, тайлал болж магадгүй байна.
Ялангуяа Тавантолгойгоос эхлэлтэй, төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх замаар өөрсдийнхөө ашиг сонирхлыг тулган хүлээлгэдэг улстөрчдийн дарамт сүүлийн үед иргэний хөдөлгөөнийхнөөр хүрээгээ тэлэх боллоо. Гацууртын тухайд улстөрчдийн гэхээсээ илүүтэй иргэний хөдөлгөөнийхний төр, засагт нөлөөлөх шахалт шаардлага, тулгалт хэрээс хэтрэв.
Өөрсдийг нь дэмжсэн УИХ, Засгийн газрын гишүүд, сэтгүүлчдийг “эх оронч” хэмээн өргөмжилдөг. Эсрэг байр суурьтай хэнийг ч Хятадын эрлийз, урвагч, худалдагдсан гэх нэр хаяг зүүн, гутаан доромжилдог боллоо.
Монгол Улсын иргэн хэнбугай ч өөрийн үзэл бодлоо хаана ч, хэзээ ч илэрхийлэх бүрэн эрхтэй. Хэн нэг эх оронч нэр зүүсэн иргэний хөдөлгөөн, хэсэг бүлэг хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлсэн хүмүүсийн энэ дарамт шахалт дор УИХ, Засгийн газрын гишүүдээсээ эхлээд салбарын мэргэжилтнүүд, тэр байтугай ажлаа хийж яваа сэтгүүлчид хүртэл жийрхэн болгоомжилж байна.
Ийм сэтгэхүйн дарамт, айдас нийгэмд бий болгочихоод байхад үүнийг яагаад хүлцэнгүй хүлээн зөвшөөрсөөр байна вэ?
Байгаль орчин, түүх дурсгалаа хайрлан хамгаалдаг эх оронч сэтгэл, зүрх монгол хүн бүрт бий. Хас тэмдэг шүтсэн тэр залуусын дарамттай, дарамтгүй Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах ёстой бол авч л таарна.
Гацууртын ордыг ашиглах нь зөв бол ашиглаж л таарна. Харамсалтай нь Хүннүгийн булш гэх Монголд байтугай дэлхийн өвд аль хэдийнэ бүртгэгдээд, ухаж гаргаад ОХУ-ын Эрмитажид үзмэр болгочихсон түүх дурсгалаар түрий барин нийгмийг талцуулж, “Хүннүгийн булшны тоог нэмнэ шүү” хэмээн тэмцэл бослогод уриалан дуудаж буй хүмүүсийг бид хэдий болтол хүлээн зөвшөөрсөөр байх вэ? Тэд л эх орончид, бусад нь урвагчид юм уу?
Тэдний энэ эрээ цээргүй түрэмгийллээс болоод төрийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдийн үг хүртэл “урвагч, худалдагдсан” гэх хардлагад өртөх нь олширлоо. Үүнд төрийн зарим түшээ хүртэл итгэж, төрийн сайдынхаа УИХ-ын танхимд хийсэн мэдээлэлд эргэлзсэн байр сууринаас хандаж, иргэний хөдөлгөөнийхний тоо баримтад тулгуурлан ярьдаг болсон нь “эх орончдын дарамт” ямар хэмжээнд өндөр авч буйн бодит жишээ болж байна.
Төрийн албан хаагчийн үг худал, тэмцэгчдийн үг үнэн хэмээх шалгуур УИХ-д үйлчилж эхэлсэн юм бол “худалдагдсан” төрийн түшмэдээр дүүрсэн монгол төр дампуурчихсан юм биш үү.
УИХ, Засгийн газар аль аль нь нийгмийг талцуулсан энэ асуудалд маш няхуур хандаж, иргэний хөдөлгөөнийхний тавьсан шаардлага бүрийг хүлээн авсаар ирэв. Өнгөрсөн зунжингаа л мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь ажиллаж, нарийн судалгаа шинжилгээ хийн, түүх дурсгалын олдвор байж болзошгүй бүх л газар, байрлалыг олж тогтоосон.
Ноён уулаар, Хүннүгийн булшаар мэргэшсэн, ШУА-ийн эрдэмтэн судлаачид газар дээр нь ажиллаж, техник текнологийн бүх боломжоороо судалж шинжилж, бодит байдлыг олон нийтэд ч, Засгийн газарт ч танилцуулсан. Гэвч УИХ нь Засгийн газрынхаа ажлын хэсгийн дүгнэлтэд эргэлзсээр байгаа нь Ноён уул, Гацуурт руу чиглэсэн олон нийтийн хандлагад ч нөлөөлсөөр ирлээ.
Байдал улам хурцадсаар л байна. Гэтэл төр, засгаас нэгэнт тодорхой байгаа асуудлыг тодорхойгүй мэт болгож ийнхүү хугацаа алдан, байдлыг улам хүндрүүлэх нь хэнд ашигтай юм бэ?
Төрийн байгууллагын албан ёсны дүгнэлт баримтад тулгуурласан мэдээлэл бүхэн “худалдагдсан” юм бол ард түмэн хэнд итгэж, хэний үгийг үнэн гэж хүлээж авах болж байна вэ?
“Худалдагдсан” хэмээн пайз зүүн, нэр хүндийг нь гутааснаар өнөөдөр бодит байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой мэдээлэх хүн олдохоо больж байх шиг. Ийм байхад УИХ, Засгийн газар ямар итгэл үнэмшил, бодит байдалд үндэслэн шийдвэр гаргах болж байна.
Удахгүй болох 2016 оны УИХ-ын сонгуулийн ажлаа улстөрчид хэдийнэ эхэлсэн. УИХ-ын гишүүд нийгэмд, ард түмэнд таалагдахын тулд л асуудалд хандаж буй нь ил цагаандаа гарч байна. Тэр тусмаа иргэний хөдөлгөөн нэртэй, эх оронч масктай хүмүүсийн үгээр үг хийж, чуулганы танхимд байр сууриа илэрхийлэх болсон нь УИХ-д төрийн зангараг гэж зүйл шалдаа унатал доройтсоныг харуулж байгаа хэрэг. Сайдын мэдээлэл “худлаа”, иргэний хөдөлгөөнийхний мэдээллийг “үнэн” хэмээн эрхэм гишүүд үзэж буй юм бол төрийн өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн салбар салбартаа мэргэшсэн эрдэмтэд хэний төлөө яах гэж ажиллаад байгаа юм бэ?
Үүнийг бичих болсон нь Гацууртын ордыг ашиглах, Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авахад аль нэг талыг нь дэмжих гэсэн санаагүй юм шүү.
Харин энэ асуудлаас үүдэн олон нийт хоёр хуваагдан, төрийн түшээд нь хүртэл дэмжсэн, дэмжээгүй санал өгснийхөө төлөө эх оронч, урвагч хэмээн олон нийтийн сүлжээгээр цоллуулж, яллуулж байгаа нь УИХ-ын гишүүнийг ажлаа хийснийх нь төлөө халдашгүй бүрэн эрхэнд нь халдаж, хүссэн шийдвэрээ тулган гаргуулдаг байдал улам даамжирах вий гэдэгт санаа зовсонтой холбоотой.
Өнөөдөр Гацуурт дээр, маргааш өөр ямар стратегийн ордын асуудал дээр ийм дарамт шахалт, бас тэмцэл эсэргүүцэл өрнөхийг хэлэх аргагүй. Тэр болгонд төр, засаг иргэний хөдөлгөөн, эсэргүүцэж тэмцсэн хүн болгоны аясаар эргэж буцаж, эргэлзэн тээнэгэлзэж, тодорхойгүй байдал үүсгэсээр байх уу?
УИХ, Засгийн газрын шийдвэргүй, бодлогогүй, тодорхойгүй энэ бүх байдлаас болоод “Тавантолгой” зэрэг төслүүд олон жилээр хойшлогдож, хугацаа алдсан. Эцэст нь төрийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн, хэсэг бүлгийнхэнд завших боломжийг бий болгож, цагдаа шүүхдээ тулан төрийн ажлыг хийж гүйцэтгэсэн хувийн хэвшлийнхнийг ч хамруулж, хохироох байдалд хүрч болзошгүй нь.
Төр нь төр шиг байж, төрийн түшээд нь зангарагтай байсан бол улс орон тартагтаа тултал ядуурч, түмэн олон нь эх оронч, урвагчаараа талцан хуваагдахгүй байх байлаа. Тиймээс цаашид яах вэ? Төр нь төр шиг байж чадахаа больсон юм бол түмэн олон төрийн түшээдийг сонгох хэрэг ер нь байна уу.
Хэсэг бүлгээрээ нийлж нэгдэн, ард түмний нэр барьж гудамжинд өлсөж тэмцээд хэн дийлснийгээ хүлээн зөвшөөрөөд хөгжицгөөх үү. Байдал ийм л байна. Ард түмэн байгаа цагт төр буй. Харин төр нь ийм байхад ард түмэн бид яах ёстой юм бэ? Монгол төрийн минь сүлд, хийморь, мэргэн ухаан дахин сэргэж, монгол түмнийг минь нэгтгэн зангидах болтугай.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ