Манай орон эрс тэс уур амьсгалтай тул улирлын чанартай өвчин элбэгтэй. Зун гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин ихэсдэг бол өвөл нь ханиад, томуу сална гэж гонж. Жил бүрийн өдийд эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, том жижиггүй ханиаданд дарлуулдаг.
Өчигдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникт очиход энд тэндгүй хүүхдүүд уйлж, тасаг бүрийн өмнө уртаас урт дараалал үүсчээ. “Манай хүү дөрвөн настай. Ханиад хүрээд эдгэдэггүй. Эмнэлгээр олон хоног явж байна.
Өндөр халуурч, гэдэс нь өвддөг ханиад их байгаа бололтой. Мөн аман дотор нь юм гарч, гүйлгэсэн тухай ч эцэг эхчүүд хэлж байсан” хэмээн хүүгийн ээж ярив.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч Ж.Нармандахаас энэ талаар тодрууллаа.
-Энэ жил томуу, томуу төст өвчин ямар шинж тэмдгээр түлхүү илэрч байна вэ?
-Томуугийн вирус долоо хоног бүр өөрчлөгдөж байдгийг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төв тандаж, тогтоосон. Энэ долоо хоногт хоолой нь сөөнгөтөж, өндөр халуурсан, хуурай ханиалгасан хүүхэд олон ирж байна.
Мөн бөөлжиж суулгасан хүүхдүүд ч байна. Энэ нь томуугийн вирусүүд өөр өөр байгааг харуулж буй хэрэг.
-Танайхны ачаалал их байгаа бололтой. Өдөрт хэчнээн хүүхэд үзэж байгаа бол?
-Өдгөө дотрын болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тасгуудаар өдөрт 500-700, онош зүйн тасгаар 200-300 гэх мэтчлэн амбулаториор нийт 700-800 хүүхэд үйлчлүүлж байна. Үүн дээр эцэг эх, асран хамгаалагчдыг нь нэмбэл манай Хүүхдийн зөвлөх поликлиникээр өдөрт 1500 орчим хүн холхидог гэсэн үг.
Томуу ид дэгдэж байгаа учраас энэ долоо хоногт ачаалал эрс ихэссэн. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр томуу, томуу төст өвчний тархалт бүртгэгдэж, арванхоёрдугаар сар хүртэл дэгдэлт үргэлжлэх төлөвтэй байгааг ХӨСҮТ-ийнхөн хэлж байна.
Томуугийн 200 гаруй төрлийн вирус байдаг. Эдгээрийн эхний шинж тэмдэг нь голдуу ханиад шуухинаагаар илэрдэг. Агаарын бохирдол, хүйтэн сэрүүнд даарч хөрснөөс болоод хүмүүс аль нэг төрлийн вирусийг нь идэвхжүүлэх нөхцөл бүрдүүлдэг гэж хэлж болно.
Цэцэрлэг, сургуулийн насныхны дунд томуу их байгаа бол хөхүүл хүүхдүүд харьцангуй цөөн байна.
-Томуугаас урьдчилан сэргийлээд тусахгүй өнгөрөх боломжтой юу. Хүн бүр жилд дор хаяж нэг удаа ёс юм шиг ханиад хүрчихдэг шүү дээ.
-Өөрсдөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангавал томуугаар өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Бага насны хүүхдээ дааруулахгүй, дулаан хувцаслаж, ханиад шуухинаатай бол гэрээс гаргахгүй, гарыг нь савандаж угаан, амны хаалт тогтмол хэрэглэж заншаарай.
Мөн томуу дэгдсэн үеэр үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх, дархлаа сайжруулах амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэн их хэмжээгээр уулгах хэрэгтэй.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамрын хөндийг өдөрт хоёроос олон удаа цэвэрлэж, угаан, гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, өрөө тасалгаандаа агаар оруулаарай. Хэрвээ томуугийн шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэй.
Бага насны хүүхдийн өвчин амархан хүндэрдэг учраас халамж анхаарлаа сулруулж болохгүй гэж ярилаа.
Сонирхуулахад, халдварт өвчний дотор амьсгалын замын үрэвсэл элбэг тохиолддог бөгөөд ийм шинж тэмдгээр илэрдэг өвчнийг амьсгалын замын цочмог өвчин гэж нэрлэдэг аж. Энэ өвчний илрэх шинж тэмдэг нь ханиалга юм.
Үүнийг залгиурын буюу (фарингальный) богино хэмжээний угсруулсан, төвөнхийн буюу (ларингальный) бачуурсан, давталт, дахилттай гэж ангилдаг юм байна.
Харин амьсгалын замын цочмог өвчнийг хамрын салстын үрэвсэл, залгиурын, төвөнхийн, цагаан мөгөөрс, гуурсан хоолойн үрэвсэл гэж ангилдаг аж. НТӨ 412 онд Гиппократ томуугийн халдвар бүртгэгдсэнээс хойш 1580 онд анхны цар тахал, 1918 онд Испанид A (H1N1), 1957 онд Азид A (H2N2), 1968 онд Хонконгт A (H3N2), 1977 онд ОХУ-д A (H1N1) вирус олон хүнийг өвчлүүлэн томоохон дэгдэлт хэлбэрээр гарч байжээ.
ХАНИАДЫГ ЭМГҮЙГЭЭР ЭМЧЛЭХ ЭНГИЙН АРГА
Сүү: 500 гр сүүг бага зэрэг халааж, тахианы нэг ширхэг шинэ өндөг хагалж хийгээд, хутгана. Дээрээс нь нэг халбага зөгийн бал, хоёр халбага цөцгийн тос нэмж хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүгээ унтахын өмнө уухад ханиад эдгэрнэ. Эл аргыг ханиад дөнгөж хүрмэгцээ хэрэглэхэд үр дүнтэй. Мөн сүүнд чихэр өвс чанаж, ууж болно. Цагаан тос, зөөхий хольж, өлөн элгэн дээрээ идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог.
Зөгийн бал: Нэг халбага зөгийн балыг 2.5 халбага манжингийн шүүстэй хольж, өдөрт дөрвөн удаа, хамартаа тав таван дуслаар дусаана (бага насны хүүхдэд). Нярай хүүхдэд нэг халбага зөгийн балыг хоёр халбага бүлээн усанд уусган, хөвөнд шингээгээд хамарт нь 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлээрэй.
Хий ханиалгасан үед: Чацарганыг сайтар нухаад 200 гр усанд 10 гр-ыг хийж, 30 минут буцалгаарай. Хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Мөн цагаан гаа буцалгаж, шүүсийг нь ууж болно. Хөх, цагаан дэгд, царван, цагаан лууванг ижил хэмжээтэй хольж буцалгаад өдөрт гурван удаа уугаарай. Хий ханиалга нам дарна.
Урьдчилан сэргийлэх: Гараа тогтмол бүлээн усаар угааж, амны хөндий, хоолойгоо содатой усаар зайлж хэвшвэл үр дүнтэй. Мөн нэг гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Өдөр бүр уух хэрэгтэй.
О.БАТ-УНДРАХ