“Өнөөдөр” сонин энэ удаагийн “Редакцын уулзалт”-аараа “Халх гол” чөлөөт бүсийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Манай редакцад Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, тус яамны Мал аж ахуйн газрын ахлах шинжээч Р.Ганхуяг, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд болон “Халх гол” төслийн захирал Ж.Энхжаргал, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор И.Түвшинтогтох нар хүрэлцэн ирсэн юм.
Мөн бид Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван нарт асуултаа и-мэйлээр явуулж, хариулт авснаа хамтатган хүргэе.
-Бидний урилгыг хүлээн авч, манай редакцад ирсэн та бүхэнд баярлалаа. Дорнодын Халхгол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар сонгосон үндэслэл, шалтгаан юу вэ гэдгээс уулзалтаа эхэлье.
Ж.Энхжаргал: -Хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгоод хөгжүүлэх боломжтой гэсэн долоон газрыг яам сонгон, судалж үзэхэд хамгийн таатай нь Халх гол орчмын нутаг байсан. Бэлчээрийн даац, байгаль экологийн талаасаа ч, ажиллах хүч, зах зээлийн эрэлтийг нь бодсон ч тэнд чөлөөт бүс байгуулахад тохиромжтой гэж үзсэн. Халх гол орчмын бүс нутгийг 1967 оноос хойш манай эрдэмтэн судлаачид тал талаас нь судалсан байдаг. Мөн орон нутгийн иргэд 2011 оноос хойш чөлөөт бүс байгуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Энэ бүхнийг харгалзаж үзсэн.
Р.Ганхуяг: -Хөгжиж байгаа орнууд, тэр дундаа манайхтай ижил төстэй Бразил, Уругвай, Тайвань, Тайланд өөр өөрсдийн онцлогт суурилж, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулдаг. Чөлөөт бүс байгуулах гээд байгаа гол агуулга нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, нэмүү өртөг шингэсэн, экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулах, орон нутгийн иргэд, малчдын орлого, амьжиргааг сайжруулах, тэр хэрээрээ улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх л зорилготой юм.
-Эдийн засгийн үр өгөөжийг ямар судалгаанд үндэслэж, хэрхэн тооцож гаргасан юм бэ?
Р.Ганхуяг: -Манай бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт зарчмаар бол нэг хониноос олох нийт ашиг шим нь 150 мянган төгрөг байгаа. Уг нь Халх голын урдхан талд 10 сая хүний хүнсний хэрэгцээ бий. Гэвч зүүн бүсэд гоц халдварт өвчин их гардаг учраас Хятад руу мал, мах экспортолъё гэхээр хориг тавьчихдаг. Хойд хөрш ч ялгаагүй.
Тиймээс зүүн бүсийн тодорхой нэг газарт хорио цээрийн хатуу дэглэм тогтоон, түүндээ талууд хамтран хяналт тавих замаар асуудлыг шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүсийн хэсэгхэн газрыг хашиж, тэнд нь Хэнтий, Дорнод, Сүхбаатарын малчид малаа оруулж, сар гаруйн хугацаанд маш нарийн хяналтан дор эрүүлжүүлэн, импортлогч орны стандартад нийцүүлбэл нэг хонийг дор хаяж 250 мянган төгрөгөөр үнэлэх боломжтой.
Хоёр дахин илүү үнэ хүрч байгаа биз. Үхэр ч мөн адил. Нэг монгол үхэр зургаан жилийн дараа 300-350 кг жинтэй болдог. Тэгвэл эрчимжсэн аж ахуйн тугал 18 сарын дараа буюу хоёр настайдаа 300 кг жин татдаг юм билээ. Энэ бол бэлчээр, тэжээлийн нөөц сайтай газарт л биелэх боломжтой зүйл. Эдийн засгийн энэ үр ашгаас малчид ч хувь хүртэнэ.
М.Ариунболд: -2010 онд “Халх гол” төслийн нэгж байгуулахад би техник технологийн мэргэжилтнээр томилогдон ажилласан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэлх бүх үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоотой, үе үеийн Засгийн газрын бодлого, шийдвэрүүд төрийн залгамж чанарыг хадгалж байсан юм.
Тухайн үед манай ШУА, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судлаач нар ОХУ, БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран Халхголын судлагдсан байдлыг нягталж үзээд, тэнд тариалан эрхлэх боломжтой 200 мянган га нөөц талбай байгааг тогтоосон.
Мөн тариалангийн эргэлтэд орж байсан 41 мянган га талбай байгаагаас атаршсан 30 мянган га-г нь сэргээх үүргийг манай төслийн нэгжид өгсөн. Ингээд Халх голд 200 га-д загвар аж ахуй байгуулж, сая ашиглалтад орууллаа. Загвар аж ахуйн төлөвлөгөө, техник технологи, тоног төхөөрөмж гээд бүх зүйл дээр Солонгосын КОИКА байгууллага тусалсан.
Одоо энэ загвараар дараа дараагийн ажлаа үргэлжлүүлэх юм. Гэхдээ атаршсан талбайг эргэлтэд оруулахдаа ямар аж ахуйн нэгжүүдийг, яаж сонгох вэ гэдэг дээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Мөн хөрс эвддэггүй технологи баримтлах учиртай.
Зургаан яамны оролцоотойгоор хэрэгжүүлж эхэлсэн “Халх гол” төслийн эхний үе шат 2016 онд дуусна. Дараагийн шатанд Халхголд чөлөөт бүс байгуулах нь зүйтэй гэсэн саналаа бид Засгийн газар, УИХ-д хүргүүлж шийдүүлсэн юм.
Халхголд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулснаар Зүүн хойд Азид бүтээгдэхүүн экспортлох, атаршсан талбайг эргэлтэд оруулж, га-гаас авах нэгж ургацын хэмжээг 15-16 центнерт хүргэх, Халхголд буудай хүлээн авах 20 мянган тоннын багтаамжтай эльватор байгуулах гээд төлөвлөсөн зүйл олон бий.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр газар тариалангийн алслагдсан бүс нутагт эльватор байгуулах төсөл хэрэгжих гэж байгаа тул хөрөнгө нь удахгүй шийдэгдэх болов уу. Буудайгаа хадгалж, нөөцлөх савтай болбол аж ахуйн нэгжүүдэд ч ашигтай.
-“Халхгол суманд газар ашиглалтын байдал тун ноцтой, мэдээллүүд нь зөрүүтэй. Тэндхийн удирдлагууд хууль зөрчин гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд удаа дараа их хэмжээний газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосныг аймгийн удирдлагууд мэдэхгүй байна” гэж Р.Бурмаа сайд мэдэгдээд буй.
Таныг Засаг дарга болсноос хойш Халхгол суманд хэдэн компани, хэдий хэмжээний газар эзэмших зөвшөөрөл авсан бэ?
В.Мөнхтайван: -Хууль зөрчин гадаад, дотоодын аж ахуйн нэгжид атар газар олгож, 20, 30 мянган га-гаар нь хагалуулсан асуудал надад байхгүй. 2009 онд Солонгосын хөрөнгө оруулалттай “Хансолмо” ХХК-д фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тарих зориулалтаар Ташгай багийн нутагт 30 мянган га газрыг таван жилийн хугацаатай ашиглуулах зөвшөөрөл олгоод 2011 онд хүчингүй болгосон байдаг.
Дараа нь уг газрыг эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтан өсгөн үржүүлэх зориулалтаар дотоодын зургаан аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байдаг. Мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гарахаар эдгээр аж ахуйн нэгжийн эзэмших эрхийг хүчингүй болгоно. Дээрх газраас нэг га талбайг ч хагалуулаагүй. “Соёмбо буудай” ХХК 2013 онд тариалангийн зориулалттай 1631.2 га газраа өөр компаниас шилжүүлж авахад Монголын гурван иргэний эзэмшлийнх байсан.
Одоо ч хувийн хэрэгт нь ингэж байна. Бид компанийнхаа хувьцааг шилжүүлсэн эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахаар хандсан. Тариалангийн талбай урьд нь ямар хил зааг дотор байсан, тэр хэвээрээ байгаа. Суманд тариалангийн талбай эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн кадастрын зураг, захирамжид хяналт, шалгалт хийлгэх хүсэлтээ 2014 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргаж, 2015 оны төлөвлөгөөнд тусгуулсан.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тариалангийн сумдаар явж, шалгалт хийж, манай сумын тариалангийн талбайд геодезийн хоёр хатуу цэг тэмдэглэсэн нь алга болсныг илрүүлсэн. Уг цэгүүдийг сэргээх шаардлага тавьж, саяхан мэргэжлийн байгууллага геодезийн 10 цэг хийж, суманд хүлээлгэж өглөө.
Ирэх долоо хоногт аймгаас ажлын хэсэг ирж, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж буй тариалангийн газрыг захирамжтай нь тулган, нэг бүрчлэн нарийвчилсан хэмжилт хийнэ. Тэгэхээр бүх зүйл тодорхой болно.
Намайг Засаг дарга болсноос хойш 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу Индүүтэд Дамдинсүрэн гуайн эзэмшиж байсан атаршсан 1300 га талбайг хоёр компани дуудлага худалдаагаар авсан. Түүнийг эзэмших зөвшөөрөл олгосон.
-Чөлөөт бүсэд юу тарих вэ. Зөвхөн буудай юу, эсвэл рапс уу?
М.Ариунболд: -Атаршсан талбайг эргэлтэд оруулахдаа хөрсний үржил шимийг алдагдуулахгүй байх, экспортод чиг баримжаатай таримлууд сонгох, мөн мал аж ахуйд хэрэгцээтэй буурцагт ургамлууд тарина.
Тариалангийн технологи, ямар ургамал тариалах тухай болон эдийн засгийн үр өгөөжийн талаар бид 2010 онд ХААИС-ийн Агробиологийн сургуулийн Эрдмийн зөвлөлөөр оруулж шийдүүлсэн. Өнөөдөр экспортод гаргаж буй ургамлын дунд рапс толгой цохиж байгаа нь үнэн.
Гэхдээ энэ бол жаахан “ховдог” л болохоос ургамал мөн шүү дээ. Буудай ч ургамал. Тиймээс сэлгээнд рапсаа тарьдгаараа тариад, хажуугаар нь үржил шим нөхдөг таримлууд хослуулах технологийн горим байгаа. Гагцхүү түүнийгээ л баримтлах хэрэгтэй.
“Халх гол” төслийн техник эдийн засгийн нарийвчилсан үнэлгээнд тусгасан тэрхүү технологийн горимыг зөрчвөл юун чөлөөт бүс, эдийн засгийн үр өгөөж болно. Энэ ТЭЗҮ-г илүү сайжруулах юм.
-Халх голд чөлөөт бүс байгуулах шалтгаан, үндэслэлийг сонслоо. Одоо тэгвэл тэнд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа нутгийн иргэдийн төлөөлөл, өмгөөлөгч талуудын шалтгаан, үндэслэлийг сонсъё?
Г.Батбаяр: -Чөлөөт бүс байгуулах болсон шалтгаанаа мал, махны экспортыг нэмэгдүүлэх, тэргүүний технологиор газар тариалан, хөдөө аж ахуй хөгжүүлэх гэсэн хоёр үндэслэлээр тайлбарлаад байна. Энэ үнэхээр шалтгаан мөн бол яагаад заавал чөлөөт бүс гэж.
Чөлөөт бүстэй, бүсгүй хийчихэж болох ажил шүү дээ. Нөгөөтэйгүүр, Халх голын хөрсөн дор ямар үнэт баялаг байгааг огт судлаагүй. Тэнд үйл ажиллагаа явуулах гадаадын иргэд хөрсийг нь ухахгүй гэх баталгаа алга.
Ингэвэл яах вэ гэдгийг зохицуулах хууль, эрх зүйн орчин манайд байхгүй. Тэнд хөрөнгө мөнгөө зарцуулаад, хэдэн жилээр үйл ажиллагаа явуулах гээд гэр бүлээрээ орж ирээд төвхнөх гадаадынхныг дараа нь яаж буцаах вэ гэдэг мөн л тодорхойгүй байна.
Чөлөөт бүс бол татваргүй орчин. Экспорт, импортын татвараас чөлөөлөгддөг чөлөөт бүс байгуулах нь төрд ямар ашигтай юм бэ.
Н.Ариунболд: -Чөлөөт бүс байгуулна гэдэг нь улс тухайн газрыг тусгай хэрэгцээндээ авч буй болохоос гадаадынханд өгөх гээд байгаа юм биш шүү. Монгол Улсын хуульд захирагдана. Угаасаа чөлөөт бүс бол татварын өөр орчин, дэглэм үйлчилдэг л болохоос бусад бүх хууль тогтоомжид захирагдах нь гарцаагүй.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын, Чөлөөт бүсийн тухай зэрэг олон хууль бий. Манайхан газраа гадаадынханд зарчихлаа гэж яриад байгаа.
Тийм зүйл байхгүй. Дэлхийн зарим улс газраа гадаадын иргэнд өмчлүүлдэг. Монгол бол тэрийг зөвшөөрдөггүй.
Д.Цогтбаатар: -Дорнодын, Халхголын иргэд манай ажил дээр ирж “Халх гол” чөлөөт бүсийн асуудлыг та бүхэн анхаарах хэрэгтэй байна” гэж удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсэн. Зөвхөн дорнодынхон гэлтгүй, газар нутгаа гэсэн сэтгэлтэй олон хүн надад утсаар энэ тухай хэлж, сануулж байгаа юм.
Хүн бүхний хүсэл зориг байсан учраас бид УИХ-ын 75 дугаар тогтоолд анхаарал хандуулж, үнэн мөнийг нь олох гээд явж байна.
Хоёрт, Халх голын тэр бүс нутаг өөрөө их өвөрмөц, олон улсын конвенцоор зохицуулагддаг онцгой газар. Ан амьтан, ургамал, цаг уур, байгаль экологийн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.2.3-д “Бэлчээрийн нөөц газар, Мэнэнгийн тал, говийн баян бүрд, заган ойг улсын тусгай хамгаалалтад авч тал хээрийн эмзэг бүс нутгийн хөрс, ургамал өөрөө нөхөн төлжих боломж бий болгох, хөрсний үржил шим, чийгийг хамгаалах нөөц бололцоо бүрдүүлнэ” гэж заасан.
Гэтэл энэ үзэл баримтлалыг УИХ-ын 75 дугаар тогтоол зөрчсөн. Наадмын өмнөхөн яаран баталсан гэдгээ УИХ-ын гишүүд ч хэлж байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Анх гишүүдэд танилцуулсан хоёр хуудас цаас нь арай өөр утгатай байсан.
Үнэндээ бидэнд тодорхой мэдээлэл өгөлгүй батлуулсан. Гэтэл одоо яриад байгаа нь нэг л биш болчихлоо” гэсэн шүү дээ. Хаана хаанаа ямар ч мэдээлэлгүй байгаа учраас эхлээд бид Үндсэн хуулийн цэцэд хандаж, хууль эрх зүйн талаасаа юу болоод байгааг тодруулъя гэсэн. Гэвч хоёр сарын турш ямар ч хариу өгсөнгүй.
Тогтоол батлахдаа ямар шат дарааллаар явсан бэ гэдгийг тодруулахаар манай хоёр өмгөөлөгч УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн ч хариу алга. Тиймээс Халх голын иргэд “Олон хууль, журам зөрчсөн 75 дугаар тогтоолоо цуцал” гэж шаардаад байгаа юм. Чөлөөт бүс бол дараагийн асуудал. Тэртээ тэргүй бид урьд нь дөрвөн ч чөлөөт бүс байгуулсан.
Байгуулсан хойноо хууль эрх зүйн орчноо эргэж хардаг, дандаа л хойноос нь хөөдөг шүү дээ. Одоо л гэхэд Засгийн газрын 2014 оны 402 тоот тогтоолоо хүртэл зөрчиж, Аж үйлдвэрийн яамны мэдэж шийдэх асуудлыг ХХААЯ-ныхан хийгээд байх юм.
-Халх голд чөлөөт бүс байгуулж, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн интеграцид оруулахыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тодруулах үүднээс бид хэлэлцүүлэгтээ Халх гол, Нөмрөгийн экологи, ургамлын нөөцийг судалдаг эрдэмтэн урьсан. Судлаачийн байр суурийг сонсъё?
И.Түвшинтогтох: -1997 оноос хойш тэр бүс нутагт судалгаа хийсэн хүний хувьд хэдэн тоо баримт хэлмээр байна. Номхон далайн чийглэг уур амьсгалын сэжүүр Хянганы нурууг даваад, манай зүүн хязгаарт ирдэг. Тиймээс Халх гол, Нөмрөгийн сав газарт хур тунадас ихтэй, чийглэг уур амьсгал, өвөрмөц экосистем бүрдсэн.
Тухайлбал, ургамлын аймгийн хувьд Монгол орны нийт дээд гуурст ургамлын 40 хувь буюу 1180 зүйл нь энд ургадаг. Бушийн сараана, Камаровын хорс, Уссурын тавилгана, Япон гиш, Хайлаар ортууз, Монгол банздоо тэргүүтэй 99 зүйл ургамал зөвхөн Халх гол, Нөмрөгийн сав газарт ургадаг. Халх голын тунхуу гэдэг ургамлыг Монголын өөр газраас байтугай дэлхийн хаанаас ч хайгаад олдохгүй.
Түүнчлэн 63 зүйлийн нэн ховор, ховор ургамал тэнд байдгаас 16 нь манай “Улаан ном”-д орсон. Гэтэл ийм ховор ургамлуудын тархац нь чөлөөт бүсийн газарт орсон, эсэхийг судалсан уу. Хэрэв устаж алга боллоо гэхэд хэн, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь бүрхэг юм байна.
Нэг зүйл ургамлыг ч гэсэн хамгаалах гэж явдаг судлаач хүний хувьд нэн ховор, эмийн ургамлууд устах вий гэж эмзэглэж байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын конвенцод Монгол Улс нэгдсэн тул ургамлын аймгаа хамгаалах үүрэгтэй.
“Улаан ном”-д орсон ховор ургамлуудаа устгахгүйн тулд байгаль дээр нь нөхөн сэргээх гэж бид баахан хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулдаг. Тийм байдалд орох юм биш биз дээ. Нэг зүйл ургамал устаж үгүй болох нь ямар хор хохиролтойг дэлхий дахинд өнөөдөр тооцож тогтоогоогүй.
Магадгүй тэр нэг зүйлийн эмийн ургамал ирээдүйд Монголд эдийн засгийн ямар их ач тустай байж болохыг эхлээд тооцох хэрэгтэй байна.
Халх гол, Нөмрөгийн сав газар ургамлан нөмрөгийн хувьд том хялганат хээр, зүр өвст хээр, алаг өвст нугын хээрээс бүрддэг. Том хялганат хээр Өвөрмонгол, манай хоёрт л байдаг. Гэхдээ Өвөрмонголд улам бүр доройтож, устахад хүрсэн тул яаж хадгалж хамгаалах тухайд манай эрдэмтдээс асуудаг.
Зүр өвст нугын хээрийн талбай сүүлийн үед маш их багасаж байгаа учраас хамгаалах шаардлагатай. Алаг өвст нугын хээрт гэхэд 100 ам метр талбайд 40-50 зүйлийн ургамал ургадаг. Ийм баялаг зүйлтэй газрыг хашиж, хадаад өөр ямар шим тэжээлтэй ургамал тарих юм бол.
Улаан буудай, рапс тарих бололтой. Бас малын тэжээлийн өндөр ач холбогдолтой ургамал тарина гэлээ. Миний мэдэхээр малын тэжээлийн өндөр ач холбогдолтой ургамал гэхээр шар царгас л байгаа.
Гэтэл байгаль дээрээ 40-50 зүйлийн ургамалтай бэлчээрийг хагалж, хадаад оронд нь шар царгас тарих нь хэнд хэрэгтэй юм бол.
Н.Ариунболд: -Бид бүгд улсаа хөгжүүлэх гэсэн нэг л зорилготой. Нэг хэсэг нь ургамал, амьтан хамгаалах гээд, нөгөөдүүл нь устгах гээд байгаа хэрэг биш шүү дээ. ХХААЯ ганцхан газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй.
Мал аж ахуй гэж маш том салбар манайд харьяалагддагийг мартаж болохгүй. Сүүлийн үед олон улсад газар тариалан, эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлдэг туршлага дэлгэрээд байна.
Халх голд таны ойлгож байгаа шиг тийм их хэмжээний газар хагалах гээгүй юм шүү. Харин ч хялганат хээр, манай үүц газар гэж явсаар байтал байдал бүр дордох вий. Биднийг тэнд очиход компаниуд ямар ч дүрэм журамгүй ажиллаж, ойн хамгаалалтын зурвас ч бариагүй байсан.
Өнгөрсөн зуунд Канадад яг ийм байдал үүссэн. Тэд тэг элдэншүүлгийн арга буюу хөрсийг хагалж эргүүлэлгүйгээр нарийхан зүсээд үрээ суулгах технологи нэвтрүүлсэн юм билээ.
Тиймээс бид Халх голд үйл ажиллагаа явуулж байгаа 18 компанид ойн хамгаалалтын зурвас татах, тэг элдэншүүлгийн технологи нэвтрүүлэх шаардлага тавьж байгаа.
М.Ариунболд: -Үнэхээр дэлхийд байхгүй ховор ургамал Халх голд бий. Тиймээс ХХААЯ зөвхөн атаршсан талбайг эргэлтэд оруулах бодлого баримталж байгаа. Үүнд технологи хэрэгтэй. Шинэ газар хагалах бол тэнд байгаа амьтан, ургамлын төрөл зүйлийг тогтоож, үнэлж байж шийднэ.
Д.Цогтбаатар: -Чөлөөт бүс байгуулах нь Аж үйлдвэрийн яамны ажил. Танайх яагаад өөр яамны ажлыг шүүрч авч хийгээд байгаа юм бэ. Яагаад заавал чөлөөт бүс гэж. Чөлөөт бүс байгуулахгүйгээр атаршсан газраа эзэмшиж болно шүү дээ?
Н.Ариунболд: -Чөлөөт бүсийн газар бол улсын тусгай хэрэгцээнийх гэсэн үг. Чөлөөт бүсэд татварын хөнгөлөлттэй орчин үйлчилдэг учраас хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой. Жишээ нь, Бразил нэг сая орчим га талбайтай эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, 538 га талбайг нь хөдөө аж ахуйнх болгоод дэлхийн үхрийн махны зах зээлийн 20 хувийг атгаж байна.
Манай улс хөдөө аж ахуйн чөлөөт бүсгүйгээр 1990 оноос хойш 25 жил боллоо. Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Газар тариалан бүхэлдээ төрийн татаасаар явж байна. Өндөр ашиг шимтэй, эрчимжсэн мал ахуй хөгжүүлж чадахгүй байгаа.
-Чөлөөт бүсэд хаанахын хөрөнгө оруулалт татах гэж байна вэ. Хятадтай ямар тохиролцоо хийсэн юм бэ. Өмнөх дөрвөн чөлөөт бүсээ байгуулж чадаагүй монголчууд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг өөрсдөө босгоно гэж үү?
Н.Ариунболд: -Та бүхэнд хардах эрх бий. Энд Хятад, Солонгос, Япон гэдэг ч юм уу, тухайлсан ямар нэг улстай хийсэн тохиролцоо байхгүй. Яагаад гэвэл Халх голын газрыг 18 компани аль хэдийнэ эзэмшээд явж байгаа. Тэдний гэрчилгээг хүчингүй болгоод, дараагийн компанийг оруулна гэж байхгүй шүү дээ.
Тэдэн дунд Солонгосын нэг компани байсан ч хэл амнаас айгаад сая больчихсон юм шиг байна лээ. Гадаадынхан чөлөөт бүсэд орж ирээд, өсөөд үржээд байх боломжгүй. Энэ бол боомтын чөлөөт бүс биш. Гадаадаас ажиллах хүч авахын тулд Хөдөлмөрийн яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Эхлээд салбар агентлагуудаас санал авдаг.
Г.Батбаяр: -Ариунболд оо, Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.1-д “Чөлөөт бүсэд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулахад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4 дэх заалт хамаарахгүй” гээд заачихсан.
Нэг ёсондоо чөлөөт бүсэд ажиллах хүчин квотгүй, тоо нь хязгааргүй гэсэн үг. Чөлөөт бүсэд жуулчид ирэхгүй, ажиллах хүч л орж ирнэ.
Н.Ариунболд: -Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хууль гээд бодчихвол Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль дор нь бий.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29.5-д “Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын 0.5 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.17 хувь хүртэл байж болно” гэсэн байгаа.
Квотыг үүнд үндэслэж тогтоодог. Чөлөөт бүсэд ажиллах гадаадын иргэдийн тоо хязгааргүй гээд үүнээс давуулна гэж байхгүй.
Г.Батбаяр:-Газар тариалан, мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа учраас Халх голыг чөлөөт бүс болгож, хөрөнгө оруулалт татах гэж байгаа гэж Төрийн нарийн бичгийн дарга хэллээ. Тэгсэн хэрнээ монголчууд өөрсдөө чөлөөт бүсээ байгуулна гэх юм.
Энэ чинь зөрчилдөөд байна. Монголчууд газар тариалан, хөдөө аж хуйн салбараа хөгжүүлж чадахгүй, хөрөнгө оруулахгүй байгаа учраас чөлөөт бүс байгуулж, гадаадынхныг татах юм байна гэж ойлголоо.
Ж.Энхжаргал: -Хэн нэгнийг оруулж ирэх тохироо байхгүй. Чөлөөт бүсийн 500 мянган га талбайн 14.4 хувь буюу 72 мянган га газарт тариалан эрхэлнэ. 5.6 хувь буюу 26 мянган га газрыг л хашиж, хяналт үйлдвэрлэлийн бүс болгоно. Орон нутаг өөрөө зургадугаар сарын 19-нд нэмж 67 мянган га газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглах хүсэлт ирүүлсэн. Бидний судалгаагаар 67 мянган га-г нэмж болохгүй юм байна, 38 мянган га-тай нийлээд 72 мянган га байж болох юм гэж гарч байгаа.
М.Ариунболд: -Чөлөөт бүсийн 500 га талбайг бүхэлд нь хаших юм биш.
-Энэ жил Халх голд хэдэн компанид, ямар зориулалтаар хэдэн га газар олгосон бэ?
В.Мөнхтайван: -Манай сум 353 мянган га хадлангийн талбайтай. Энэ жил 150 мянган га-гаас хадлан бэлтгэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусган ИТХ-аар батлуулсан. 19 аж ахуйн нэгж, иргэн 96 хүн ажиллуулж 113450 га талбайгаас 30-аад мянган тонн өвс хадан, орон нутгийн төсөвт 68 сая төгрөгийн татвар төлсөн.
Сумын аюулгүйн нөөцөнд 64 тн өвс үнэгүй бэлдүүлээд байна. Манай сумаас өвс хадах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон. Бэлтгэсэн өвсөө одоо ч Улаанбаатар хот руу зөөсөөр байгаа. Зуд үзсэн Засаг дарга нар хадлан бэлтгэхийг дэмжих байх, бусад нь ойлгохгүй ээ.
2013 онд манай суманд зуд болж, мал сүргийнхээ талыг алдан, сумынхан маш их хохирол амссан. Үүнийг Халх голын ард түмэн мартаагүй. Тиймээс сумандаа өвс, тэжээлийн аж ахуй хөгжүүлэхийн төлөө тасралтгүй явсан.
Олон ч хүнд “Манай сумаас хадлан бэлтгээч” гэхэд Улаанбаатараас 1000, аймгийн төвөөс 350 км зайтай гээд хэн ч хүлээж аваагүй. Харин энэ жил манай суманд үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж “Жилд 30-40 мянган тонн төрөл бүрийн багсармал тэжээл бэлтгэх үйлдвэр барина. 20-30 мянган га-гаас хадлан бэлтгэж, 40-50 хүнийг байнгын ажлаар хангана.
Хадлангийн талбайг урт хугацаагаар ашиглах зөвшөөрөл олгооч” гэсэн тул олгосон. Гэхдээ гэрээндээ талбай ашигласны төлбөрөө нэг жил төлөөгүй, хоёр жил үйл ажиллагаа явуулахгүй бол цуцлах заалт оруулсан.
Одоо манай суманд Монголдоо хамгийн том, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хадлангийн бригад байгуулагдаад байна. Тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах л үлдсэн.
-Таныг ашиг сонирхлын зөрчилтэй, олон компанид дур мэдэн газар эзэмшүүлдэг гээд байгаа. Та өөрөө Халхголд газар тариалангийн бизнес эрхэлдэг юм биш үү?
В.Мөнхтайван: -Миний аав насаараа газар тариаланд амьдралаа зориулсан хүн байсан. Улсын ургацын гурван удаагийн аварга хамт олныг удирдаж явсан. Би аавынхаа мэргэжлийг өвлөж, 2012 он хүртэл салбартаа ажилласан. 2010 онд аж ахуйдаа хөрөнгө оруулж, хувьцаагаа зарсан.
Одоо газар тариалангийн ямар ч бизнес эрхэлдэггүй. Би дураараа газар эзэмшүүлнэ гэж байхгүй, тариалангийн талбайнууд бүгд эзэмшигчтэй.
Ж.Энхжаргал: -Халх голд одоо 42 мянга биш, 58128 га талбай хагалчихсан байгаа шүү, өнөөдрийг хүртэл. Энэ бол Ус, цаг уурын хүрээлэнгээс авсан зураг. Газрын нэгдсэн мэдээллийн санд хагалсан талбайн хэмжээ 49 мянган га гэж бий.
Гэтэл аймаг нь 41 мянга, газрын даамал нь 52 мянга гэдэг. Бодит зургаас харахад 58128 га байна. Үүн дээр 32 мянгыг нэмээд нийт 72 мянган га талбайг тариалангийн бүс болгоно. Нийт 500 га талбайн 80 хувь нь бэлчээр, хадлан, аялал жуулчлал, мал аж ахуйд зориулагдана.
Үүнийг бид хөндөхгүй. Энд малчид өвөлжөө, хаваржаагаа хууль дүрмийн дагуу эзэмшээд, нүүж суугаад, малаа бэлчээгээд явна. Гагцхүү малчид энд байгаа малаа борлуулах бол хяналт, үйлдвэрлэлийн бүсэд аваачиж шалгуулаад, эрүүл байвал тэнд 3-6 сар шахаж бордоод гадаадад гаргах юм. Энэ бол малчинд олгож буй давуу эрх.
Р.Ганхуяг: -Үүнд зөвхөн Халх голынхон хамрагдахгүй. 500 мянган га газар дотроос л мал авах юм биш. Сүхбаатарын Эрдэнэцагаанаас ч хонио тууж авчраад өгч болно. Малыг нь гурван сар хатуу хяналтад байлгаж, эрүүл гэдгийг нь батлаад зарах юм.
Малынхаа гарал үүслийг тодорхой болго гэж орос, хятадууд биднээс шаардаад байна. Гарал үүслийг нь тодорхой болгож, эрүүл мах гаргах нөхцөлөө л энэ 26 мянган га газарт бүрдүүлэх гээд байгаа юм.
-Махны үйлдвэрийг хэн барих юм бэ?
Ж.Энхжаргал: -Мэдээж хувийн хэвшлийнхэн. Хэн нэг хятад хүн орж ирээд үйлдвэрээ бариад, мах боловсруулаад гаргах юм биш. Монгол Улс өөрөө үйлдвэрээ бариад, махаа нэг цонхоор гаргана.
Р.Ганхуяг: -Мах авах орны эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцүүлж бүх юмаа хийхгүй бол авахгүй байна. “Танай үйлдвэрлэл шаардлага хангахгүй байна, тэнцэхгүй нь ээ” гээд мах авахаа больчихдог.
Д.Цогтбаатар: -Зүүн бүс шүлхийн голомттой. Тийм газартаа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлнэ гэж яриад байдаг. Гэтэл биднийг бүх ажлаа хийсэн хойно “Шүлхийтэй бүсээс мах авахгүй” гэвэл яах вэ.
Р.Ганхуяг: -Сая Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хурал Монголд болсон. Дээрээс нь Орос, Хятадын мал эмнэлгийн байгууллагатай манайх тусгайлан уулзалт хийсэн. Тэгэхэд зургаан сарын хатуу дэглэмд малаа байлгаж, мах авах улсууд нь хяналтаа хамтран тавьж чадвал малаа экспортолж болно гэсэн.
Тэгэхээр бид зургаан сар хяналт тавих л асуудал үлдээд байгаа юм. Тэгэхгүй бол зүүн бүсийг бүхэлд нь хянаж хэзээ ч чадахгүй. Энэ олон мал, машин, зээрийн хөдөлгөөнийг хянаж чадахгүй. Баруун бүсийг бол хянаж болоод байгаа.
-Халхгол сумын иргэд “Иргэдээс санал аваагүй. Наадам далимдуулаад УИХ 75 дугаар тогтоол гаргачихлаа” гээд байгаа. Яагаад иргэдээс санал аваагүй юм бэ, эсвэл авах шаардлагагүй гэж үзсэн юм уу?
Ж.Энхжаргал: -Яалаа гэж дээ. 2011 оноос хойш орон нутаг чөлөөт бүс байгуулъя гэсэн саналаа дөрөв, таван удаа илэрхийлсэн байдаг. Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сард хийсэн уулзалтын үеэр ч тэгж хэлсэн.
Тухайн үед Ганболд дарга байсан. Халх гол сум өөрөө хүртэл Өвөрмонголтой чөлөөт бүс байгуулах санамж бичигт гарын үсэг зурчихсан байдаг. Тэр нь хил дамнасан чөлөөт бүсийн тухай байсан.
Тэр санамж бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Хил дамнасан чөлөөт бүс нь үндэсний аюулгүй байдалд харшилна” гээд зогсоосон байдаг.
-ИТХ-ын хүсэлтийг иргэдийн санал гэж тооцсон юм аа даа.
-ИТХ нь иргэдээ төлөөлж байгаа гэж би ойлгодог. Энэ бол төлөөллийн зарчим. Тэгэхээр ИТХ, Засаг даргын хүсэлтийг ард түмний санал гэж ойлгож байгаа. “Жанлав даргын үед чөлөөт бүсийг 100 га-д байгуулна гэж байсан, та нар 500 га болгочихлоо” гээд байгаа.
Зүгээр бодож байгаад 500 га-д чөлөөт бүс байгуулъя гэчихээгүй юм аа. Тэнд махны үйлдвэрлэл эрхэлнэ, аялал жуулчлал хөгжүүлнэ гээд тооцоо судалгаатайгаар энэ тоог гаргаж ирсэн. Тэрийгээ Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлсэн.
М.Бадамсүрэн: -Дорнод аймгийн ИТХ 2011 онд тогтоол гарган, Баянхошуу-Өвдөг боомтыг түшиглэн, 100 га газарт чөлөөт бүс байгуулах саналаа тухайн үеийн Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд, хамгийн сүүлд 2014 онд өмнөх аймгийн Засаг даргаас Эдийн засгийн хөгжлийн яаманд тус тус явуулсан байдаг.
Аймгийн Засаг дарга нь ИТХ-ын шийдвэрийг мөрдөх үүрэгтэй болохоос давсан шийдвэр гаргаж дээш уламжлах эрх байхгүй. ИТХ-ын шийдвэрийн хүрээнд асуудлыг тавьж байгаа гэсэн үг. Иргэдэд мэдээлэл байхгүйгээс, иргэдийн саналыг авалгүйгээр УИХ тогтоол гаргаснаас ийм асуудал үүсэж, эсэргүүцэж байгаа.
Анхнаас нь тодорхой үндэслэл, тооцоо судалгаагаа олон нийтэд танилцуулах хэрэгтэй байсан болов уу. Чөлөөт бүс байгуулах газрын хэмжээ олны анхаарал татаж байна. Энэ бол асар уудам газар.
-Компаниуд Халх голын үржил шимтэй газарт рапс тарьж, хөрсийг нь сүйдэлдэг юм билээ. Уг нь Дорнод гурилын үйлдвэртэй. Түүнийгээ дэмжих ёстой баймаар. Ер нь компаниуд авсан газраа зориулалтаар нь ашиглаж байна уу, үгүй юү гэдгийг яагаад хянадаггүй юм бэ?
В.Мөнхтайван: -Атаршсан талбайг эргэлтэд оруулахдаа аж ахуйн нэгжүүд рапс түлхүү тарьсан. ХХААЯ-ны бодлого, аймгийн ИТХ-аас рапсыг нийт талбайн 25 хувиас ихгүй тарина гэсэн шийдвэр гарч, 2015 онд аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээ байгуулснаар нийт талбайн 21.7 хувьд рапс тарьсан.
Улаанбуудайг 17400 га талбайд тарьж 17995 тн ургац хураасан. Аймгийн гурилын үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Тариалангийн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг сумаас гадна аймгийн Мэргэжлийн хяналтын болон Хөдөө аж ахуйн газар хянадаг.
-Компаниуд рапсаа урд хөрш рүү гаргахдаа Дорнодоос Багануурт машинаар авчраад, тэндээсээ галт тэргээр Хятад руу ачуулдаг. Гэрээтэй, захиалагчтай байдаг юм билээ. Энэ жил Халх голоос хэдэн аж ахуйн нэгж, хэдий хэмжээний рапс урагшаа гаргасныг та мэдэж байна уу?
В.Мөнхтайван: -Рапс гаргах зөвшөөрөлтэй боомт нь Замын-Үүд. Тээврийн зардал өндөр ч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ борлуулж, ажилчдынхаа цалин, зээлээ төлөхийн тулд Багануур луу зөөж байгаа байх. Ихэнх компани ажилчдынхаа хоёр, гурван сарын цалинг өгөөгүй байсан.
Рапсаа зараад түргэн бэлэн мөнгөтэй болдог тул аж ахуйн нэгжүүд сэлгээндээ тариалсаар байгаа. Энэ жил есөн аж ахуйн нэгж 6850 тн рапс хурааж авсан.
М.Бадамсүрэн: -Энэ намар манай аймаг 9.6 мянган тонн рапс хураасан. Манай аймаг БНХАУ-тай гурван боомтоор харилцдагаас нэгээр нь ч рапс гаргах боломжгүй. Тиймээс Багануур луу татаж, тэндээсээ цааш зөөдөг гэсэн мэдээлэл бий. 2014 онд нийт талбайн 70 хувьд рапс тарьсан.
Үүнээс үүдэж бид рапсын тариалалтыг бодлогоор хязгаарласан. Аймгийн ИТХ тогтоол гаргаж, нийт талбайн 25 хувиас хэтрүүлэлгүй рапс тарих, нэг талбайд давтан тарихгүй байх, 3-4 жилд нэг удаа л таримлын сэлгээнд ашиглаж байхаар тогтоосон.
Манай аймгийн иргэдэд нэг жилд 8-9 мянган тн гурил шаардлагатай. “Дорнод гурил” ХХК жилдээ 11-12 мянган тн улаан буудай авч, 8-9 мянган тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай. Аравдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 19.5 мянган тн улаанбуудай хураасан.
Дотоодоосоо гурилынхаа хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Ирэх жил тариалалтад шаардлагатай 3000 тонн буудайн үрээ хадгалаад, “Дорнод гурил”-д 11-12 мянган тонныг, үлдсэнийг нь Хэнтий, Улаанбаатарын гурилын үйлдвэрт нийлүүлэх боломжтой.
М.Ариунболд: -Сэлгээнд бид эрдэнэшиш, арвай зэрэг тэжээлийн ургамал тарина. Халх голд эрдэнэшиш тарин, туршиж байсан. Монгол оронд хамгийн зохицсон ургамал бол эрдэнэшиш. Түргэн болцтой, үхэрт хамгийн хэрэгтэй ургамал.
И.Түвшинтогтох: -Манай судалгааны ажил, төрийн бодлого хоёр уялдахгүй байна. Халх голын 72 мянган га талбайд тарих ургамлаа судалгааны байгууллагуудтай хамтарч сонгооч ээ. Энэ маш чухал. Рапс битгий тариач. Дэрвэгэр жиргэрүүг байгалиас бэлтгэж, байгаль сүйтгэхийн оронд тарьж болно.
Ийм судалгааг өмнө нь хийх ёстой. Төдөн га талбайд ийм ургамал тарьж, ийм ургац хурааж, тэрэнд төдөөр зараад ийм ашиг олно гэсэн судалгаа, тооцоо манайд дутагдалтай байдаг. Сүүлд нь хариуцах хүн олдохгүй.
М.Ариунболд: -Атаршсан 30 мянган га талбайг эргэлтэд оруулахын тулд МХЕГ, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Халхгол сумын Засаг дарга, даамлуудтайгаа нийлээд тооллого хийсэн юм. Улмаар сумын ИТХ газар зохион байгуулалтынхаа жилийн төлөвлөгөөнд оруулж шийдээч” гээд “Халх гол” төслөөс журам, төслийн загвар боловсруулаад сумын ИХТ-ын дарга Насанхүүд өгсөн.
Огт хөдлөөгүй. Тэнд төсөл хэрэгжүүлэхэд ашигласан 120 морины хүчин чадалтай комбайн, жаатка, үрлүүр, трактор гэх мэт техник бий. “Сумандаа иргэдийн оролцоотой хоршоо байгуулаад энэ техник тоног төхөөрөмжийг аваач.
Иргэдэд давуу эрхийнх нь дагуу 100, 100 га газрыг нь өг. Томоохон аж ахуйн нэгжүүд иргэдийг нь бодолцохгүй” гэдэг санал тавьсан ч хүлээж аваагүй. Харин ч сумын Засаг дарга нь “Манай суманд тариаланч байхгүй” гэж хэлсэн.
“Энэ үгээ чи өрөөнөөсөө гараад хэлбэл тархиа зад цохиулна даа” гэж би түүнд хэлсэн. Ингэж газар тариаландаа иргэдийг оролцуулахгүй, булхайцан, мэдээллийг нууж явсаар эцсийн бүлэгт ийм асуудал үүсгэж байгаа юм биш биз дээ. Тал талаасаа л ярих асуудал.
Г.Батбаяр: -УИХ-ын 75 дугаар тогтоолоо цуцалчихаад бүгдийг тооцоо судалгаатайгаар хийе. Ямар ч тооцоо судалгаагүй ажил хийчихээд буруутвал үр дагаврыг нь чи бид хариуцахгүй.
Хэрвээ чөлөөт бүс байгуулчихвал мөнгө олж магадгүй юм гэж хандаад байна. Ядаж л ашигт малтмал, археологи, палеонтологийн судалгаа хийгээгүй.
-Халхгол сумын ИТХ-ын гишүүдийг болон таныг нутаг усныхаа төлөө биш, өөрсдийнхөө хуудуутай үйлдлийг нуухын тулд “Халх гол” чөлөөт бүсийг эсэргүүцээд байна гэх юм. Тийм үү, В.Мөнхтайван дарга аа?
В.Мөнхтайван: -УИХ-ын 75 дугаар тогтоолыг долдугаар сарын сүүлчээр Legalinfo-гоос татаж авч, харсан ч сайн ойлгоогүй. Есдүгээр сард Дорнодын нутгийн зөвлөлийн дарга Д. Цогтбаатар, хуульчидтай хамт Халх голд ирж иргэдтэй уулзсан.
Тэр үеэр иргэд 500 га газрыг хятадуудад зарчихлаа гээд бидэн рүү дайрсан. Бидэнд ямар ч мэдээлэл байгаагүй тул загнуулсаар байгаад уулзалт дууссан. УИХ, Засгийн газраас есдүгээр сарын 15-нд суманд төлөөлөл ирж, чөлөөт бүсийн талаар мэдээлэл хийнэ гэсэн ч хойшилсон.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд мэдээлэл хийхээр аравдугаар сарын 16-нд очоод чөлөөт бүсийн тухай мэдээлэл анх авсан. Р.Бурмаа сайдыг суманд очиход би ээлжийн амралттай байсан. Намайг шууд буруутгаад гэмтэн болгочихлоо.
Эрх мэдэлтэй хүн юу ч хэлж, хийж болдог. Эрх мэдэлгүй нь ингээд буруутан болоод явдаг. Шударга ёс хаана байна. Би буруутан болсон ч иргэдийн тэмцэл зогсохгүй. Иргэд ИТХ-ын төлөөлөгчдөө, сумын удирдлагуудаа 75 дугаар тогтоолыг цуцлуул гэж шаардаж байгаа.
Д.Цогтбаатар: -Бидний туйлын зорилго бол УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлуулах. Засгийн газрын тогтоолоо, хууль зөрчсөн гээд маш олон асуудал дагуулж буй энэ тогтоолыг цуцлах ёстой. Энд яриад шийдэгдэхгүй бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг хүргүүлнэ.
Бид асуудалд ингэж л хандахгүй бол энэ маргаан дуусахгүй юм шиг байна. Үүнийг албан ёсоор хэлье. Төрийн ажил шинжлэх ухаанч байдлаар явахгүй байна.
Төр, тэнд ажиллаж байгаа хүмүүс үүнд анхаарахгүй бол болохоо байжээ. Иргэд, судлаачдын үгийг сонсох ёстой. Газартай холбоотой энэ асуудалд нухацтай хандах ёстой. Бид байр сууриа тууштай хамгаална.
Тэмдэглэсэн Х.БОЛОРМАА, Л.ГАНЧИМЭГ