Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөлтэй холбогдуулан БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, бусад албаны хүмүүс болон сэтгүүлчдийн баг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллалаа.
Энэ үеэр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах Уул уурхайн яам болон орон нутгийн удирдлагын саналыг нутгийнханд танилцуулж, зөв шийдвэр гаргахад бүх талын байр суурийг тусгах зорилгоор тус сумын иргэдтэй уулзсан юм.
Салбарын яамнаас Ноён уул орчмын 11.1 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргаж буй. Гэвч зарим хүчин зүйлээс хамаарч хамгаалалтад авах газрын хэмжээг өөрчлөх шаардлага гарч байгаа ажээ.
Уулын 11.1 мянган га газрыг хамгаалалтад авбал ашиглалт болон хайгуулын зориулалттай 12 лицензийг хүчингүй болгох шаардлага гарах гэнэ. Тиймээс Уул уурхайн яамнаас “Зөвшөөрөл авсан талбайг тусгай хамгаалалтаас гаргаж, үлдсэнийг нь тусгай хамгаалалтад авна уу” гэсэн хүсэлт гаргажээ.
Хэрэв компаниудын зөвшөөрөлтэй газрыг тусгай хамгаалалтад авбал гэрээ байгуулчихсан “Сентерра гоулд” зэрэг компани Арбитрын шүүхэд хандаж, улмаар бид ялагдал хүлээх магадлал их гэнэ. Тэгвэл сумын удирдлагууд уулын оргил хэсгийн 900 га газрыг хамгаалалтад авах хүсэлтэй байгаа аж.
Учир нь орон нутгийн иргэд нөхөрлөл байгуулан эмийн ургамал түүж, мод бэлтгэдэг байна. Тиймээс иргэдэд хөдөлмөрлөх боломжийг нь нээлттэй үлдээх зорилгоор ийм санал гаргажээ.
Харин нутгийн иргэд тогтоолын төслийн талаар эсрэг, тэсрэг байр суурьтай байсан бөгөөд үүнийгээ ингэж тайлбарлалаа.
“МАЛТАЙ НЬ МАЛААСАА, МАЛГҮЙ НЬ БӨГЖӨӨ ӨГЬЕ”
Ноён ууланд алт олборлох үйл ажиллагааг зогсоож, 11.1 мянган га газрыг бүхэлд нь хамгаалалтад авах хүсэлтэй иргэд цөөнгүй байв. Тэд “Ноён уул орчмын бүс нутаг ашигт малтмалын арвин их нөөцтэй, түүх соёлын асар их өвийг агуулж байдаг үнэ цэнэтэй газар.
Тус уулыг нутгийн ард үеийн үедээ тахин шүтэж ирсэн. Монгол Улс газар дорх баялгаа гадаадын улсад зүгээр өгөөд удлаа. Яагаад бид 50 тонн алтаа хойч үедээ үлдээж болдоггүй юм бэ” гэж байсан юм. Тиймээс олборлолт болон хайгуулын лицензтэй байгууллагууд Арбитрын шүүхэд хандвал нэхэмжлэх мөнгийг нь төлөхөд бэлэн байгаагаа хэлж байлаа.
Тухайлбал, Мандал сумын иргэн Чимэдрэгзэн “Сентерра гоулд олон улсын шүүхэд нэхэмжлэлээ гаргаг. Шүүх тэдний талд шийдвэр гаргаж, мөнгөн торгууль төлөх бол нутгийн иргэд зүгээр байхгүй.
Би хэдэн үхрээсээ өгөхөд бэлэн. Эмэгтэйчүүд ч бөгжөө тайлаад өгөх байлгүй” гэсэн юм. Нутгийн иргэд ч түүний саналыг дэмжиж байсан.
Мөн зарим иргэн “Хүн амын нягтаршил ихтэй бүсэд олборлолт явуулж болохгүй, усны эх бохирдвол Байгал далайд бохир ус нийлж, хоёр улсын найрамдалт харилцаанд сэв сууна” гэж байлаа.
ӨНГӨРСӨН НЯМ ГАРИГТ ХОЁР “НИНЖА” АМИА АЛДЖЭЭ
Ноён уулыг олон нөхөрлөл тойрон, уулан дахь баялгийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг болох “Бат” нөхөрлөл дээр бид очлоо. Арван айл нэгдэн уг нөхөрлөлийг байгуулан, 1628 га талбайг хамгаалан эзэмшдэг аж.
Тэд ойн цэвэрлэгээнээс түлээний мод бэлтгэн иргэдэд худалдах, эмийн ургамал нийлүүлэх зэрэг олон ажил хийдэг гэнэ. Нөхөрлөлийн гишүүд “Уулыг бүхэлд нь хамгаалалтад авбал бидний ажил үгүй болох байх. Бид хайрхнаа л түшиглэж үйл ажиллагаа явуулдаг.
Тэртээ тэргүй ашиглах баялаг юм чинь найдвартай компанид эрх өгөөд, нөхөн сэргээлтээ хийлгэчихсэн нь дээр шүү дээ. “Нинжа” нар уулыг ухаад энд, тэндгүй нүх гаргалаа. Голын эхийг ч их бохирдуулж байна.
Тэд нөхөн сэргээлт хийнэ гэж байхгүй. Өнгөрсөн ням гаригт хоёр хүн амиа алдсан. “Нинжа” нарыг буулгах нь зүйтэй” гэж байв.
Өнгөрсөн ням гаригт Ноён ууланд буудалцаан болж, нэг хүн амиа алдсан гэж мэдээлж байсан. Гэвч буудалцаан болоогүй аж. Хэргийг тодруулбал, энэ сарын 1-2-нд шилжих шөнө “нинжа” нар нүхээ булаалдан зодолджээ.
Зодооны улмаас нэг хүн даландаа хутгалуулж, нэг нь хус модоор тархиндаа цохиулж, дагзандаа хүнд гэмтэл авснаас нас барсан гэнэ. Хохирогчдын нэг нь Түнхэл сумын харьяат, Франц улсад 10 жил амьдарсан бөгөөд Монголд ирээд арав гаруй л хонож байсан гэнэ.
Сэжигтнүүдийг Мандал сумын цагдаагийн хэлтэст өнгөрсөн даваа гаригт саатуулсан байна. Энэ мэтээр нутгийн иргэд болон бусад аймгаас ирсэн “нинжа” нар алтны гарц ихтэй нүхээ булаалдан зодолдох тохиолдол цөөнгүй гардаг гэв.
Сумын цагдаагийн хэлтсийн дарга Ц.Ганболд “Хүн амины хэрэг гарсны дараа гар аргаар алт олборлогчдыг уулнаас буулгасан. Манай таван алба хаагч ууланд ажиллаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 26 удаа албадан буулгах ажил зохион байгуулсан боловч дахиад л ууланд гардаг.
Эдийн засгийн хямралтай үед шатахуунаас эхлээд бидэнд хүндрэлтэй асуудал олон гарч байгаа. Цаашид ямар арга хэмжээ авахыг удирдлагууд л шийдэх байх” хэмээн ярив.
Мөн тэднийг буулгах ажилд олонх алба хаагч дайчлагддаг учраас нийгмийн хэв журмыг сахиулах бусад ажилд хүн хүч хүрэхгүй байгаа ажээ. Гэвч нутгийн иргэд “Нинжа нарыг бүгдийг нь буулгаж чадаагүй” гэж байсан юм.
Ийнхүү ажлын хэсэг нутгийн иргэдээс тогтоолын төслийн талаар санал авсны дараа “Сентерра гоулд” компанийн олборлолт явуулах талбайтай танилцлаа. Өмнө нь уулын 146 га талбайд шороон ордын олборлолт хийж байсан ч нөхөн сэргээлт хийгээгүй аж.
Нийт талбайн 70 га-д хог хаягдлын овоолго байгуулах, ажилчдын байр барих зэрэгт багагүй газар зарцуулагдах учраас 40 га талбайд л олборлолт явуулна гэдгийг “Бороо гоулд” компанийн үйлдвэрийн дарга Д.Пүрэвраш хэллээ.
Мөн тус компанийн удирдлагууд “Бид улсдаа хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Ийм ч үүднээс орон нутгийн авто замыг сайжруулах ажил хийж байгаа. Одоогоор УИХ-ын шийдвэрийг хүлээж, үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна.
Уул уурхайн яамтай эхний гэрээгээ хийчихсэн учраас нааштай хариу гарна гэж найдаж байгаа” гэв.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ажлын хэсгийн тайланг нэгтгээд, ирэх даваа гаригт Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж. Үүний дараа Ноён уулыг ямар байдлаар тусгай хамгаалалтад авах нь тодорхой болох юм.
Г.БАЯРЦЭЦЭГ