Р.ЧУЛУУН
“Үнэн” сонины 95 жилийн ой дөхсөн өдрүүдэд сэтгүүлчдийн өвөрмөц өнөр бүлийнхэн ахмад үеийнхнээ дурсаж, залуустаа үл мартагдах үйл явдал, хүмүүсийн тухай сануулж эхэлжээ. Тэдгээрээс юуны өмнө “Үнэн” сонины 1960-1962 оны утга зохиолын нарийн бичгийн дарга, 1984-1996 оны ерөнхий эрхлэгч, эрдэмтэн, зохиолч хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайн бичсэн “Үнэн үгийн академид суралцсан минь” ном нэлээд даацтай төдийгүй нэн сонирхолтой баян дурсамжаар дүүрчээ.
Төрийн шагналт докторын эл бүтээлд нэр нь орсон хүмүүс “ноднин жил ноёнтойгоо архи уугаад…” гэдэг үлгэрийн жишгээр би суут Л.Түдэвтэй сонин гаргалцаж явсан толгой, баримт нь энэ гээд сууж байхад эргэлзэх зүйлгүй. Бас залуус миний аав, ээж, өвөө, эмээ гавьяат Л.Түдэв гуайтай хамт “Үнэн” сониныг гаргаж явсан юм шүү гээд дурсах боломж нөхцөл хангагдсан байна л даа. Ажил хийсэн хүн л алдаж, энддэг. Тиймийн учир эрхлэгч дурсамж номоо зэхэхдээ хамт ажиллагчдаасаа ганц нэг хүний нэрийг орхигдуулсан байвал учир мэдэх эрхмүүд уучлах нь мэдээж. Харин ч өөрөө дурсамж бичих учиг ургана.
“Үнэн” сониноос хөдөлмөрийн гараагаа эхлээд орлогч эрхлэгч, доктор болтлоо торниод мөн тэндээс өндөр насны тэтгэвртээ суусан Ц.Мөнхбаатар 95 жилийн ой угтсан өдрүүдэд олон сайхан зүйл хэвлүүлсээр байна, сониндоо. Өгүүлэн буй хоёрыг дуурайгаад ч биш, өөрийн уламжлалаа хадгалан хэдэн мөр шинээр тэрлэхээр шийдлээ. “Үнэн” сонинд 20 он дамжин ажиллаж, эрдэм боловсрол, авьяас чадвартай олон нөхөртэй урт, богино хугацаагаар хамтран хөдөлмөрлөснийх дурсвал дурсмаар, бичвэл бичмээр баримт сэлт зөндөө бий. Түрүүчээс нь “Сэтгүүлчийн үзэг ичимхий” (2013) номондоо хэдийг оруулсан ч тэр бүхэн дундрах яагаа ч үгүй.
Намайг тус сонинд 1976 оны долдугаар сарын 1-нд спортын тоймчоор анх дээд газраас томилогдон очиход тэр хамт олны дунд соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамц, А.Чойжилжав, урлагийн гавьяат зүтгэлтэн А.Гүрсэд гээд гурван алдартан байсан юмдаг. Тэгвэл одоо эргээд бодоход бидний үед “Үнэн”-д шилэгдэн очоод, “гал тогоонд” нь чанагдсан уран бүтээлчдээс ардын болон гавьяат цолтон одоогоор лавтайяа 30 гаруй тодорчээ.
Гавьяат хараахан болоогүй ч нэгээс гурван одонтой явсан Л.Дашням, Б.Ганбат, Г.Бямбажал, Л.Бат-Өлзий, П.Төмөрбаатар нарын олон уран бүтээлч амьд сэрүүн байсан бол… гэж бодогдож л сууна. Л.Түдэв эрхлэгчийн туслахаар өнөөгийн төрийн шагналт Б.Цэнддоо гүйж, С.Лочин, Жа.Пүрэв, Ц.Балдорж, С.Цацралт, С.Цогтбаяр нарын хожмын гавьяат “Үнэн”-ий цэрэг болохоор ирж байсныг мэдэхийн хувьд сониныхоо өгөөж хишгийг магтан бахархмаар байна л даа. Эрхэм Лодонгийн Түдэв гуайн тодотгосон шиг “Үнэн” үгийн академид суралцаад алдар, гавьяатай болсон уран бүтээлчдийг уншигчид нэлээд гадарлах биз ээ.
Харин хүч хөдөлмөр, авьяас чадлаа мөн л сониныхоо төлөө харамгүй зориулсаар шавхсан хэдэн эрхмийг онцлон дурсмаар байна.
ГЭРЭЛ ЗУРАГЧИН Б.ЛУВСАНЖАМЦ МАРТАГДАХ УЧИРГҮЙ
Лууяа “Үнэн” сонинд 1961 онд гэрэл зурагчнаар ажилд орсон юм билээ. Сонин бүл нэмж, хөдөө орон нутгийн сурвалжлагчтай, редакц гэрэл зургийн тасагтай болсны дараагаас түүнийг лаборантаар ажиллуулжээ. Б.Лувсанжамц гуай 1922 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн гэдэгсэн. “Үнэн” сонинд 20 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ суусан буурлын өмөг түшгээр М.Цэрэнжамц, М.Лхагвасүрэн, Р.Чулуун, Т.Дамбадаржаа, Н.Бөхдамбий ер нь орон нутагт урт богино хугацаагаар ажилласан сурвалжлагч нар фотог тэр гэж бичүүлэхтэй болдог гэхэд ононо. Бид бие биенээсээ сурдагсан. Б.Лувсанжамц ажлын хариуцлагатай. Бас өвөрмөц арга барилтай. Бидний үед хальс өтгөдөх, шингэдэхээс эхлээд бэрхшээл мундахгүй. Биднийг хөөрхөн зэмлэнэ дээ.
-За залуу минь энэ чинь нуруу маажих нь дээ гэсхийгээд сүрхий харна. Яая гэх вэ, хамт оролдъё гээд ёстой оролдоно доо. Хоёр хорны завсар үлээнэ, долоож ч магадгүй. Хамгийн амаргүй ажлыг харанхуй өрөөнд голдуу гүйцэтгэсээр явсан буянтныг мартах болоогүй юмсан. Одоогоос таван жилийн өмнө “Үнэн-90” гэрэл зургийн цомог хэвлүүлсэн хүмүүс Лууяаг мартсан байсан л даа. Тэр тухай дуугарвал өөрөө, үлдсэнээс далим гаргалаа гэж андуурна. Сониныхоо гэрэл зурагтай өчнөөн жил зууралдсан тэр эрхмийг нэг мартсаны гай давтагдлаа шүү. Дөнгөж саяхан 2015 оны аравдугаар сард “Монголын гэрэл зурагчид” ном гаргажээ, залуучууд. Тэнд Б.Лувсанжамцын бүтээл бас орсонгүй. Харин миний хэдэн юм нийтийн жишгээр орсон байна. Цаг хугацааны хүчин зүйл аливаа зүйлийг мартуулах гэмтэй ч наанадаж, “Үнэн” сонины гэрэл зургийн тасгаар дамжсан, ер нь гэрэл зурагчин нөхөд минь хойш хойшдынхоо бүтээлд Баянхүүгийн Лувсанжамцын нэрийг төдийгүй бүтээлийг оруулж байхыг хичээгээсэй.
БИЧЭЭЧ НАР МИНЬ
Өнгөрсөн зуунд сонин гаргахад бичээч нар нэгэн тулгуур болдог байлаа. Одоо сэтгүүлчид тэдний ажлыг нэлээд хөнгөлдөг төдийгүй ажлын байргүй болгох дөхсөөр… Энэ бол мэдээж дэвшил. “Үнэн” сониныхоо бүх бичээчид бид хайртай байсан. Бидний муухай сайхан бичгийн учрыг олоод машиндаад гаргадагсан. Тэднийгээ Мартаар марзагнаж жаахан баярлуулдаг уламжлалтай, бид. Бичээч бүрийн тухай бичвэл онигоо болж мэднэ. Тэдний төлөөлөл болгон Ч.Наранцэцэгийн талаар хэдэн мөр тэрлэе.
1980 онд шиг санагдаж байна. “Нямаагийнхан” гээд нэгэн гар бичмэл Нараад өгч таарч л дээ. Машиндуулсан зүйлээ авахаар очиход, нөгөөх чинь,
-Таны бичээгүй хоёр үг нэмчихсэн шүү, бас нэгийн зэрэг алдааг чинь олж зассан, сайн уншаад буруу болгосон бол өөрчлөөрэй гэлээ. Өрөөндөө ирээд машиндсан эхийг гар бичмэлтэйгээ тулгаад үзтэл яалтгүй хоёр зөв үг оруулаад, нэг алдааг засаад бичсэн байв. Үүнээс үүдээд нэмэхэд зөвхөн ганц Наранцэцэг биш, манай бичээч нар, тухайлбал Ч.Сувд, Д.Даваасүрэн, А.Лхагвадулам, Ц.Гарамханд гээд бүгд л ажилдаа үнэхээр хариуцлагатай, өөриймсөг ханддаг нь сайхан л даа. Ч.Наранцэцэгийг онцлох хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, тэр бичээч нарын ахлагч байж, сониныхоо тэргүүн өгүүллэгийг голдуу бичдэг байсантай холбоотой. Хоёрдугаарт, түүнийг Чулууны Наранцэцэг гэдэг тул би охин минь хэмээн бусдыг төөрүүлсэн удаа цөөнгүй. Тэр одоо байхгүй ч “Үнэн”-ий үл мартагдах бүсгүй дээ.
СОНИНЫ ДОТОРХ ЯАМ
Манай сонины хэлтсүүд өвөрмөц онцлогтой. Тухайлбал, хөдөө аж ахуйн хэлтсийг өдгөөгийн гавьяат Ш.Цэен-Ойдов толгойлж суух. Тэр эрхэм салбарынхаа хос мэргэжилтэй, “цэргүүд” нь малын эмч, усны инженер, агротехникч байхад соёлийн хэлтсийг утга зохиол судлаач Г.Жамсранжав ахалж, одоогийн ардын уран зохиолч Ш.Дулмаа, зохиолч сэтгүүлч Хивзэнгийн Ганбат, эдгээр мөрийг эвлүүлэгч зэрэг цөөнгүй сэтгүүлч тэр хэлтсээр дамжсан.
“Үнэн” сониныхон гадаад харилцааны хэлтсээ манай Гадаад яам гэнэ. Өнгөрсөн зуунд боловсон хүчний үндсэн шалгуур “Үнэн” сонинд төдийгүй Монгол Улсын хэмжээнд орос хэлний мэдлэг чадвар байсан нь нууц биш. Тус хэлтсийг нэг хэсэг толгойлж суусан доктор Д.Нямсүрэн харин англи хэлтэй, тэнд ажиллаж явсан Ц.Дашдондов гавьяат бас орос, англи, эрхлэгч доктор Л.Түдэв орос, англи, испани бас юу юутай ч гэлээ… Германд төгссөн Д.Бодьгэрэл, Р.Энхбат нар “Үнэн” сонинд ажиллаж байсан юмдаг. ЗХУ-д сургууль төгссөн олон сэтгүүлч тэр хэлтсээр дамжсан. Харин тэр хэлтэст хамгийн тогтвортой ажилласан нь Москвад олон улсын харилцааны дээд сургууль дүүргэсэн Н.Шүр.
“Үнэн” сонинд цөөнгүй нөхрийнхөө дурсамжийг нийтлүүлсээр буй Ц.Мөнхбаатар, хожмоо гавьяат болсон С.Жамбалдорж, залуухнаар бурхны оронд заларсан Б.Мэндбаяр гурав гадаад хэлтсийн өрөөнд татуулсан зурагт тайлбар зүүх яалдамд нөхдөө мартаагүй дурссаар яваа Ц.Мөнхбаатарт талархлаа илэрхийлж аз жаргал ерөөе.
“ТОНШУУЛ”-ЫНХОН ОНЦГОЙ
“Үнэн” сонины газрын хэвлэл “Тоншуул” сэтгүүлд нэг жил ажиллаж билээ. Бид дамждаг хоёр өрөөтэй. Тухайн жилд “Тоншуул”-д ажиллаж байсан ажилтнуудаас бараг нэгээс бусад нь, бас бидний өрөөгөөр орж гарч явсан өчнөөн хүн одоо гавьяат алдар цолтны эзэн болсон нь онцгой баримт юм. Хөдөлмөрөө хараахан гүйцэт үнэлүүлж амжилгүй бурхны оронд явсан нь Жамцын Шагдар буюу бидний Амбаа. Төрөлхийн хошин шогийн, уран сэтгэлгээний авьяастай Амбаа минь нэгдүгээр ангид ч сууж үзээгүй атлаа хуучин шинэ бичгээр баруун солгойгүй татаж, зохиол бүтээлээ туурвин “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлд уригдан 1966-1988 онд ажиллаад тэтгэврийн нас нь болж, чөлөөт уран бүтээлчдийн эгнээнд шилжиж билээ. Би Амбааг насаараа чөлөөтэй бичиж ярьж явснаар нь бахархдаг.
Шог зохиолч Жамцын Шагдар өдгөөгийн төрийн шагналт, соёлын
гавьяат зүтгэлтэн нутгийн дүү Ц.Доржготовтой
Хамт олны нэгэн хурал дээр архи ууж, ажил тасалдаг хүмүүсийн дунд нэр нь дурдагдахад, тэр эрхэм босож ирээд,
-Ууж ажил таслах, сууж ажил таслах хоёрт үнэрийн ялгаа байна гэхээс биш чанарын ялгаа байхгүй шүү! Бидний ажлыг байснаар нь бус бичсэнээр дүгнэж бай гээд инээж байсан эр дээ.
Нөхдийн хэлдгээр явах нь залхуутай, ярих нь шорвогтой Жамцын Шагдар “Уулсын цаана уулс”, “Энэ яваа нас”, “Найргийн дугараа”, “Эр чулуу”, “Хангайн туульс”, “Тайгын хүний тууж” зэрэг олон ном туурвисан уран бүтээлч байлаа. Тэр л гавьяагүй үлдсэн байх юм, “Тоншуул”-ынханаас. Тиймээс дурсамжаас үлдээвэл бүр нүгэл болох биз ээ. Үргэлжлэх дурсамжийг түр завсарлая.