Энэ УИХ байгуулагдсаны дараахнаас ажилласан Сонгуулийн нэгдсэн хууль боловсруулах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зорилготой ажлын хэсгийнхэн гурван жил гаруйн дараа буюу өнгөрсөн баасан гаригт төслүүдээ өргөн барилаа.
Чуулган бүрийн хэлэлцэх асуудлын дараалалд багтдаг ч төслийнх нь бараа ч харагддаггүй байсан учраас эдгээр асуудлыг “мөрөөдлийн” хэмээн тодотгох болсон. УИХ-ын дарга З.Энхболд баасан гаригт шинээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд дарагдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаа ч даргалж амжсангүй.
УИХ, Засгийн газраас нийт арав гаруй хуулийн төсөл өргөн мэдүүлсний дотор УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр ч төсөл бий.
Тодруулбал, Су.Батболд нарын зургаан гишүүн, Х.Тэмүүжин нарын таван гишүүн тус тусдаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл санаачилснаа өргөн барив.
“ЭЦЭГ” ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ, ЭСЭХИЙГ АРД ТҮМНЭЭС АСУУНА
Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуульд нийцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж буй. Тиймээс ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг түрүүлж хэлэлцэх бололтой. Гэвч үүнээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг ард түмнээс асуух санал асуулга явуулах тухай хэлэлцэх нь.
Санал асуулгыг энэ сарын 26-нд явуулахаар тусгажээ. Тус төсөлд “эцэг” хуулийн тулгуур зарчмыг хөндөлгүй, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар хоорондын харилцан хамаарал, тэнцвэр, эрх мэдлийн ялгаа заагийг тодорхой болгохоор тусгасан хэмээн ажлын хэсгийнхэн онцолж буй.
Ингэхдээ Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна. Мөн Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг УИХ-аас өргөтгөсөн төлөөлөлтэйгөөр, зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгодог болгох гэнэ. Түүнчлэн хотыг засаг захиргааны нэгжид хамааруулахаар тусгажээ.
2013 оны хоёрдугаар сард УИХ-ын даргын захирамжаар байгуулсан, Р.Бурмаа ахлагчтай ажлын хэсэг Ерөнхийлөгч, УИХ, нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг бүхэлд нь зохицуулах хуулийн төсөл санаачлаад буй.
Ажлын хэсгийнхэн холимог тогтолцоо бүхий, 48:28 харьцаагаар сонгууль явуулахаар тогтжээ. Мажоритар тойргийг нэг мандаттай, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн сонгуулийн хүрээнд Монгол Улсыг таван бүсэд хуваахаар төсөлд тусгасан байна. Сонгуулийн хуулийн төсөлд тусгасан зарчмын зарим өөрчлөлтийг танилцуулъя. Тухайлбал,
• Сонгуулийн хугацааг хэрхэн тоолох журмыг анх удаа тусгажээ. Тодруулбал, сонгуулийн хугацааг Иргэний хуулийн 71-73 дугаар зүйлийг баримтлан санал авах өдөртэй уялдуулан жил, сар, хоног, цаг, минутаар тоолох гэнэ. Уг асуудлыг СЕХ-ны зөвлөмжөөр шийдэж ирсэн юм.
• УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр зохион байгуулна.
• Сонгогчоос заавал иргэний үнэмлэх шаардахгүй, хурууны хээ байхад л хангалттай. Санал авах өдөр ч сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрчлөн, иргэний сонгох эрхийг хангаж, саналыг нь өгүүлнэ.
• Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацаа 60 хоногоос хэтрэхгүй. Тухайлбал, сонгуулийн маргаантай холбогдох нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн шүүгч хэрэг үүсгэх, эсэхээ гурав хоногийн дотор шийдвэрлэж, хэрэг үүсгэсэн бол 30 хоногийн хугацаанд таслах аж.
Дээрх хугацааг нэг удаа арваас дээшгүй хоногоор сунгаж болох бөгөөд давж заалдсан тохиолдолд 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигч холбогдох хууль зөрчсөнийг гишүүний түр үнэмлэхээ авсан, бүр тангаргаа өргөсний дараа тогтоож, нэрийн жагсаалтаас хассан бол бүрэн эрх нь дуусгавар болсонд тооцохоор тусгажээ.
• Хандив, намын болон нэр дэвшигчийн хөрөнгө зэрэг кампанит ажлын зардлын эх үүсвэрийг тодорхой зааж өгнө. Энэ нь нэр дэвшигчид тэгш гараанаас өрсөлдөх боломж олгож буй. Гэхдээ зээлийн хөрөнгөөр сурталчилгаа хийхийг хориглоно.
• Зардлын дээд хэмжээг СЕХ бус, үндэсний аудитын байгууллагаас тойргийн хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан тогтооно.
• УИХ-д суудалгүй улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа болон хамтран нэр дэвшигчийг дэмжих боломжтой.
• Байнгын бус ажиллагаатай хорооны ажилтнууд нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байна.
СОНГУУЛИЙН ХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ЭСРЭГ, ТЭСРЭГ ТӨСӨЛ
Хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар боловсруулсан тул одоогийн УИХ, нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиуд хүчингүй болох юм. Юутай ч энэ долоо хоногт Байнгын хороодын болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд эдгээр төслийг хэлэлцэхээр товлоод байна.
Хэлэлцүүлгийн явцад хэрхэн нэгтгэж, өөрчлөх нь УИХ-ын мэдлийн хэрэг. Гэвч Су.Батболд нарын гишүүний санаачилсан төсөл бол Р.Бурмаа ахлагчтай ажлын хэсгийнхэнтэй тохирч чадаагүй саналуудыг АН-аас бусад улс төрийн нам нэгтгэн оруулж ирж буй хэлбэр юм.
Тухайлбал, сонгогчдын саналыг автоматжуулсан системээр тоолсны дараа ил тод гараар тоолох, тойргийн болон хэсгийн хороодын бүрэлдэхүүний 70 хувь нь нам, эвслийн төлөөлөл байх, УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг тусгайлсан хуулиудаар зохицуулж, тус тусад нь зохион байгуулах зэрэг цөөнгүй нэмэлт, өөрчлөлт тусгажээ.
Тэгвэл Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан төсөлд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу УИХ алдаагаа засдаг байхаар тусгажээ.
Тодруулбал, сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө улс төрийн албан хаагчдаас бусад нь сонгуульд нэр дэвших бол ажлаас чөлөөлөгдсөн байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсны дагуу эмч, багш зэрэг захиргааны албан хаагчид ажлаа өгөлгүйгээр сонгогдох эрхээ эдлэх боломжоор хангах гэнэ.
Б.НОМИН