18 настай охид юу бодож мөрөөддөг болсныг мэдэхгүй юм. Харин тэр охин барилгачин болохыг хүсдэг юм байна. Багаасаа л барилгын мэргэжил эзэмшихийг хичээж, хүнд хэцүү ч гэж тоолгүй, дөнгөж дунд сургуулиа төгсөөд тэр салбартаа хэдийнэ хөл тавьчихсан.
Тэр хэрээрээ багагүй амжилт ч гаргажээ. Түүнийг Ж.Энхчимэг гэдэг. Барилгын политехникийн коллежийн угсралтын техникчийн 2А ангид сурдаг түүний “Нэг өдөр”-ийг сурвалжиллаа. Тэр 18 настай.
Насандаа баймгүй том мөрөөдөлтэй, хурдхан том болж, бие даагаад гэр бүлийнхнээ сайхан амьдруулах хүсэлтэй. Түүнийхээ төлөө хичээн суралцаж буй юм байна.
Яаж ийж байгаад их, дээд сургуульд сурч мэргэжил эзэмшихийг хүсэгчид олширсон. Санаа нь ч зөв. Хүн болж төрснийх бусдаас дутахгүй амьдрахыг хүсэх юуных нь буруу билээ. Гэтэл үүнээс үүдэн дипломтой ажилгүйчүүдийн арми бүрдэж, дарга болж амьдрах гэсэн хүсэл энэ үеийн залууст төрөх болсон.
Энэ эрэлтийг дагаад хувийн их, дээд сургууль ч олноор байгуулагдсан нь эх орны бүтээн байгуулалтад багагүй хувь нэмрээ оруулсан техник мэргэжлийн сургуулийг дампууруулахад хүрсэн гэхэд хилсдэхгүй.

Улс орны бүтээн байгуулалтын тэргүүлэх салбарын ирээдүйн эзэд нь техник, мэргэжлийн сургуулийг дүүргэсэн залуус байдаг тухай социализмын үеийн кинонд бишгүй харагддаг. Харин зах зээлийн нийгэмд шилжих үед байдал өөрөөр эргэлээ. МСҮТ, коллежийг хар ажилчны сургууль гэж нэрлэн, тэнд сурдаг хүүхдүүдийг муу сурдаг гэж шоолж байсан цаг саяхан.
Төр, засаг үүний эсрэг нэлээд арга хэмжээ авч, зүтгэсэн, багагүй хөрөнгө зарсны дүнд байдал өөрчлөгдөж буй. Эх орны эздийн нэр төрийг сэргээх үйл ажиллагаа багагүй өрнөж, байдал бага зэрэг засарч, тэнд суралцагчдыг харах өнцөг ч өөрчлөгджээ.
МСҮТ-ын хүүхдүүд өдгөө хуучин дээр үндэслэсэн “шинэ зүйл” болон харагдах болжээ. Ингэж харагдахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь манайхан “Монгол ур чадвар” тэмцээн зохион байгуулж, шалгарсныг нь Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулах болсон явдал байлаа. Тэр тэмцээнд оролцсон мундаг хүүхдүүдийн нэг нь Ж.Энхчимэг билээ.
Дэлхийн ур чадварын байгууллага нь мэргэжлийн ур чадварыг дэмждэг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд олон орны залуу мэргэжилтнүүдээс хамгийн шилдгийг нь сонгох замаар залууст үйлдвэрлэл, нийгэмд мэргэжлийн боловсролын сургалт, дадлага хэр чухлыг харуулахыг зорьдог аж.
Улмаар Дэлхийн ур чадварын тэмцээнийг гишүүн улсынхаа дунд хоёр жил тутамд зохион байгуулдаг аж. Оролцогч нь 23 хүртэлх насных байх ёстой. Манай улс энэ онд анх удаа уг тэмцээнд оролцсон.
Тэнд оролцох хүүхдүүдийг шалгаруулахын тулд дотоодод шат дараатай олон тэмцээн явуулсан. Ж.Энхчимэг Дэлхийн ур чадварын тэмцээнд барилгын өрөг мэргэжлээр оролцсон юм.
12.00 цаг. Бид Ж.Энхчимэгийнхийг зорилоо. Өдөр 14.00 цагт хичээлтэй учраас тэр гэртээ байгаа аж. Толгойтын Бага наранд байдаг гэрт нь 12.30 цагийн үед очлоо. Олон эмэгтэй бужигнасан, өөрсдийнх нь дүгнэлтээр “Охид нь ундраад л байдаг” айл аж.
Ам бүл гурвуулаа ч өдгөө гэртээ эмээ, ээж, хоёр дүү, эгчтэйгээ амьдарч буй юм байна. Ээж Д.Энхтуул нь бас л барилгын ажилтай тул гэртээ алга. Эмээ нь хэдэн охинтой хамт байв. Тэднийх Архангай аймгийн Батцэнгэл сумынх.
Ж.Энхчимэг 2004 оноос сумынхаа сургуульд сурч байгаад есдүгээр ангиа төгсөөд хот руу явж, барилгын сургуульд орохоод шийджээ. Багш нар нь эсэргүүцэж байсан ч нэгэнт шийдчихсэн байсан учраас тэр бодлоосоо ухарч няцаагүй гэнэ.
Ээж, өвөө нь барилга барьдаг, түүнийг нь харж өссөн охин багаасаа энэ мэргэжлийг сонирхсон учраас хатуу шийдэж л дээ. Ээжийнхээ мэргэжлийг өвлөж авъя гэдэг нь түүний хамгийн том мөрөөдөл гэдгийг охин ярилаа. “Энэ мэргэжлийн хамгийн сайхан тал нь юу ч байхгүй газарт өчнөөн хөдөлмөр зарцуулж барилга барих.

Дараа нь түүнийхээ үр шимийг биетээр харах нь бахархалтай байдаг. Ээжийгээ ажиллаж байхыг харахад бахархаж, хийж буй зүйлдээ шамдаж, түүнээсээ урам авдаг нь сайхан санагддаг” гэж тэр хэлсэн юм.
Л.Батсүх эмээ энэ жилээс хотод амьдрахаар иржээ. Уг нь тэр хотын хүн л дээ. Социализмын үед нийслэлд оёдолчин хийж байгаад тэтгэвэртээ гарсны дараа, 1994 оноос хөдөө очин мал маллаж эхэлсэн байна. Өнгөрсөн жил хөгшин нь өнгөрсөн учраас хүүхдүүдээ бараадан хотод ирчихээд буй аж. Эмээ зургаан ачаа гардан өсгөсөн гавьяатай.
Түүний нэг нь Ж.Энхчимэг. Ээж нь ажил ихтэй, аав нь багаас нь л орхиж явсан болохоор тэр гурван настайгаасаа л эмээ, өвөөгийн хүүхэд болсон байна. Охин эмээ, өвөөгийн гар дээр өссөн болохоор эмээ нь “Би бүх түүхийг нь мэднэ” гэж өмнөөс нь дуугарах аж.
“Багаасаа л ажилч, хичээнгүй, санаачилгатай. Сумандаа сургуулийг нь төгсгөдөг юм уу гэж бодсоноо өөрөө барилгын мэргэжил эзэмших сонирхолтой болохоор нь дэмжсэн. Сурлага сайтай байсан тул багш нар нь “Заавал сургуулийг нь төгсгө” гэж загнаж байсан. Гэсэн ч би охиныхоо хүслийг харгалзан үзээд явуулсан юм.
Гарын дүйтэй болохоор нь сайн сурч, амжилт гаргаж чадна гэдэгт нь итгэсэн хэрэг. Энэ жилээс дүү охиныг нь бас барилгын сургуульд оруулчихлаа. Дургүй байна лээ. Бөх болох юм гэнэ. Чөлөөт бөхөөр хичээллэдэг. Би түүнийг таашаадаггүй.
Ээж нь ажлын төлөө төрчихсөн хүн, байнга л ажилтай гээд явчихна. Юм бүхэнд авьяастай, барилга барихаас гадна, оёж шидэхдээ ч сайн. Харин Энхчимэг нэлээд эршүүд. Эмээ, өвөө дээрээ өссөн гэхэд эрхэлж нялцганахгүй” гэж эмээ ярилаа.
Заавал их, дээд сургуульд оруулалгүйгээр нэг нь ч гэсэн арай эрт хоолныхоо захад хүрч байг гэсэн сэтгэлээр эмээ нь коллежид орохыг зөвшөөрсөн гэсэн. Ерөнхий боловсролын сургуулиас ялгаатай нь төгсөхдөө мэргэжилтэй болдог нь эмээд таалагдсан юм байх.
Эх орны эздийг жинхэнэ утгаар нь МСҮТ-д бэлтгэж байсан үеийн хүн болохоор багш нарынх нь үгийг тоолгүй, өөрөө сурч, хичээж чадвал цаашид шат ахин сурч болно гэдгийг охиндоо сайн тайлбарлаж өгөөд л явуулсан гэнэ.

13.00 цаг. Тэр сургууль хүртлээ автобусаар 40 минут явдаг аж. Тэгэхдээ хоёр автобус дамжина. Гэрээс нь Баруун дөрвөн замд байдаг сургууль руу нь хүрэх автобус байдаггүй учир XXI хороолол хүрээд унаагаа сэлгэнэ.
Бидний уулзсан өдөр 14.00 цагт хичээлтэй байснаас нэг цагийн өмнө гэрээс гарлаа. Дадлага ажилтай өдрөө голдуу өглөө, онолын хичээлтэй бол 14.00 цагт ирдэг юм байна. Өнөөдөр онолын хичээлтэй өдөр нь. Тэдний анги механикийн үндэс гэх хичээлийг гурван цаг дараалан үзэх учиртай.
1954 онд барилгын үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор байгуулсан анхны сургууль болох Барилгын политехникийн сургуулийн гадна, доторгүй оюутнууд шуугилдана. Хичээлийн I, II байранд онол, сургалтын танхим, дадлагын газар, лаборатори, спорт заал, урлагийн танхим, цайны газар, номын сан байдаг юм байна.
Тус сургууль барилгын 12 мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан, долоон мэргэжлээр тусгай дунд боловсролтой техникч, мөн долоон мэргэжлээр мэргэжил олгох түр сургалт, таван мэргэжлээр үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт явуулдаг.
Есдүгээр ангиа төгсөөд элссэн хүүхдүүд 2.5 жил сурч, бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан болно. Үүний дараа техникч мэргэжлээр 1.5-3 жил сурч болдог аж. Ж.Энхчимэг угсралтын техникчийн мэргэжлээр гурван жил сурах юм байна. Энэ ангиа дүүргэхэд барилгын даамал, мастер буюу инженерийн доод талын албан тушаалтнаар ажиллаж болдог аж.
14.00 цаг. Гурван цаг үргэлжлэх механикийн үндэс хичээл эхэллээ. Техникийн хичээлийг дан онолоор яривал ойлгоход түвэгтэй, ярвигтай юм. Тиймээс багш нь байнга амьдрал руу хөрвүүлэх арга хэрэглэх аж. “Тааруу инженер ажил дээр гарахаараа нүдний булай болно. Наад захын хүн та нарыг хуурна. Мэдлэггүй бол шүү дээ” гэж Г.Баянмөнх багш байн байн дурдана.
Энэ удаагийн хичээлийн сэдэв нь “Цахилгаан хөдөлгүүрийн бүтэц”. Энэ хичээлийг үзэж байгаа хүн заавал техникийн хэлээр ярьж сурах ёстой гэнэ. Манайхны монголчилж хэвшсэн олон үг хэллэгээс зайлсхийх хэрэгтэй аж.
Жанаам, амаржийн гэж ярих нь энэ ангийн хүүхдүүдийн хувьд байж боломгүй зүйл болохыг багш бас онцлох аж. Тэр зуураа нэгэн том компани хаяг дээрээ иймэрхүү буруу үг хэллэг биччихсэн байсан талаар толгой сэгсрэн ярьж байв.
15.30 цаг. Эхний цагийн завсарлага. Тэд багшаасаа “Завсарлая” гэж шалсаар цайны газар, дэлгүүр хоршоо орохоор ч юм уу алга болцгоов. Энхчимэгийн хувьд жигнэмэг аваад буцан ангидаа орж ирэв. Тэгээд “Оюутан болох гоё. Цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлдэг, олон найз нөхөдтэй болж, сайхан дурсамжууд бүтээж байгаа нь сайхан.
Ангийнхнаа их үнэлдэг, бие биедээ тусалдаг, нийтэч, хичээл зүтгэл сайтай, олонх нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ирсэн, суурь мэдлэг сайтай. Өнгөрсөн жил ангийнхнаа сайн таньж мэдэж чадаагүй, дотно байж чадаагүй.
I ангидаа дэлхийн тэмцээнд орох бэлтгэл хийгээд нэлээд завгүй байсан болохоор заримынх нь нэрийг ч мэддэггүй байжээ. Харин өнгөрсөн есдүгээр сараас найзалж, дотно болсон” гэсэн юм.
“Оюутны амьдралд олон зүйлээр дутагддаг нэг хэцүү тал бий” гэж тэр бас хэлсэн. Аливаа зүйлийг шинээр хийе гэж сэтгээд зорьсон ч боломж бололцоо тааруу байдаг нь хэцүү гэж тайлбарлалаа. Үргэлж гэр бүлийнхнээ, ах, дүүгээ “холгох” хэцүү гэнэ.
Унаа, хоол, заримдаа ном, дэвтэр авах гээд багагүй мөнгө хэрэг болдог. Түүнийгээ гэрийнхнээсээ л авна. Өдөрт дунджаар 5000 төгрөг зарцуулдаг байх. Мөнгө хэрэг болохгүй үе гэж бараг байхгүй гэв. Гэхдээ нөгөө талаар гэрийнхнээсээ сургалтын төлбөр гэж авахгүй байгаадаа тэр баярладаг аж.
Ур чадварын тэмцээнд амжилттай оролцож, улсдаа манлайлсан учраас сургууль нь үнэгүй сурах урилга өгсөн байна. Анхан шат буюу коллежийн өмнөх анги нь төлбөргүй. Харин ч сардаа 45.000 төгрөгийн тэтгэлэгтэй байжээ. Коллежийн төлбөр нь жилийн 520.000 төгрөг байдаг гэнэ.
Ангид нь 28 хүүхэд сурч төгссөнөөс тэрбээр ганцаараа сурлага, хөдөлмөрөөрөө манлайлж, дэвшихдээ үнэгүй сурах урилга авсан юм байна. Дээр нь улсаас өгч буй сарын 70.000 төгрөгөө авдаг. Түүнийгээ ядаж л унааны зардалдаа зарцуулчихдаг аж.

16.10 цаг. “Энэ хөдөлгүүрийн хөргөлтийн системийг сайтар тайлбарла” гэх зэргээр дадлагын хичээл өрнөнө. Тэд танхимд биш, дадлагын байранд очиж, үзсэн хичээл болох цахилгаан хөдөлгүүрийг биетээр үзэж, хаана нь юу байгааг, тэр нь ямар учиртай болохыг тайлбарлаж байв.
“Амьдрал дээр байдаг энгийн асуулт асууж байгаа шүү. Та нар түүнийг онолтой холбож тайлбарлана” гэж багш санууллаа. Ажил дээр гарангуутаа мэдлэг, чадвараа хэрхэн харуулах, юуг, хэрхэн энгийнээр, гарын доорх материалаар шийдэх вэ гэдэг нь тэдний сурах ёстой гол зүйл аж.
“Цахилгааны лент хөдөлмөр хамгааллын хэрэгсэл мөн үү” гэхэд оюутан “Мөн” гэж хариуллаа. Багш түүнээс баталгаа шаардав. “Цахилгааны шалбарсан утсыг ороохгүй бол тэндээс гал гарах магадлалтай” гэж сурагч хариулна.
Харин багш “Би үүний эсрэг байна. Хэрэв энэ нь хөдөлмөр хамгааллын хэрэгсэл мөн юм бол чи ажилдаа гарахдаа биеэ түүгээр бүтэн ороогоод гарах ёстой. Энэ бол ажлын багаж, материал болохоос биш, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл биш” гэх зэргээр дадлагын хичээлийг байнга бодит байдалтай холбон ярих аж.
Тус сургуулийн хүүхдүүд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон нь бусдадаа их урам өгчээ. “Би оролцох хүсэлтэй байна, яаж бэлдэх вэ” гэж багш нараасаа асуух хүүхэд олширсон байна. Багш нар ч манай сургалт зөв чигээр явж байна, олон улсын жишгээс хоцроогүй юм байна гэж урам авсныг онцолж байсан юм.
Дэлхийн ур чадварын тэмцээнд бэлдсэнээр багш нарын заах арга барилд асар их өөрчлөлт гарсан гэнэ. Жишээ нь, зөвхөн барилгын өргийн хувьд л гэхэд урьд нь зөвхөн шулуун өрөг хэрхэн өрөхийг заадаг, энэ ажил зөвхөн байшин барихад л хэрэгтэй гэдэг талаас нь хардаг байсан бол өдгөө өрөг бол нэг талаас урлаг гэж хардаг болсон, түүгээр зөвхөн байшин барих биш, хөшөө дурсгал ч хийж болохыг ойлгох болсон гэнэ.
Энхчимэгийн ангийн хүүхдүүдийн сурлагын чанар 85 хувиас буурдаггүй аж. Энэ нь тухайн хүүхэд багшийн заасан зүйлийг нүдээрээ харж ойлгон, мэдлэг эзэмшиж буйтай холбоотой гэж сурагчид хэллээ. Ямар ч ангид олон төрлийн хүсэл эрмэлзэл, бодол санаа, дүнгийн ялгаатай хүүхэд байдаг.
Энхчимэг шиг хүсэж сонирхсондоо, энэ мэргэжлийг заавал эзэмшинэ гэж ирсэн хүүхэд байхад яах гэж байгаа, ямар мэргэжилтэй хүн болох, юу сурахаа мэдэхгүй хүүхдүүд ч бий. Харин тэдний ангид ийм “тэнэмэл” хүн бараг байхгүй, голдуу л өөрийн хүслээр мэргэжил эзэмших гэж ирсэн байна. Энэ нь ч сурлагын амжилтад нөлөөлдөг гэсэн.
“Томъёог хэн ч цээжилж болно. Харин түүнийг амьдрал дээр хэрэгжүүлж, ялгаж сурах л чухал. “Механикийн үндэс гэдэг хичээлийн хэрэглэгдэхүүн бидний амьдралд өдөр тутамд тохиолдож байдаг зүйлс учраас онолыг зайлшгүй машин техник дээр үзэх ёстой. Техникч гэдэг нь техникээ мэддэг хүн байх ёстой юм. Түүнийг нь сайн багш зааж өгөх ёстой.
Лекц явуулж буй багш оюутнуудаа уйдааж болохгүй. Уйдсан оюутан хичээлээ анхаарахгүй. Техникийн хичээлийн онцлог нь сэтгэн бодох чадвар байнга шаарддаг учраас хичээлийн дундуур оюутнуудаа сэргээх ёстой. Үүний тулд би гурван минутын завсарлага өгч байна.
Нэг бүлэг хичээлийг зааж дуусаад дараагийнх руу орохдоо ингэж завсарлаж, амрах ёстой. Техникийн хичээлийг хүнд хүргэхэд тун хэцүү” гэж машин, механизмын багш Г.Баянмөнх хэлсэн юм.
17.00 цаг. Дадлагын хичээлийн үеэр “Барилгын өргийн мэргэжил хүнд үү” гэхэд Энхчимэг “Үгүй” гэж хариулсан. Яагаад ингэж эрс шийдэмгий барилгачин болохыг хүссэн, түүнийхээ төлөө зүтгэж байгаа, тэр хугацаандаа нэг ч удаа шантарч байгаагүй энэ бяцхан охины талаар түүнийг дэлхийн ур чадварын тэмцээнд ороход нь бэлдэж байсан, ангийнх нь багш Б.Төгсжаргалаас асуулаа.
“Өргийн ажлыг зөвхөн эрэгтэй хүн л хийдэг гэх ойлголтыг манай Энхчимэг халсан. Тэдэнтэй эн тэнцүү тэмцээнд оролцож ялсан. Түүний давуу тал нь барилгын ажлын зургийг маш сайн уншдаг, мөн зургаа ч сайн зурдаг. Тэвчээртэй.
Энэ мэт давуу талаараа дотоодод болсон шат дараатай таван удаагийн тэмцээнд оролцон түрүүлээд Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох болсон юм. Барилгын өрөг угсрагчийн ажил барилгын үндсэн гол элементийн нэг. Эмэгтэй хүнд хэцүү ч эрэгтэйчүүдээс илүү нарийн мэдрэмжтэй ажилладаг нь том давуу тал. Энхчимэг ч энэ давуу чанараараа ялгарсан.
Тэр танихгүй хүнд нээлттэй биш. Харахад их зантай ч юм шиг. Өөртөө их итгэлтэй, бардам. Санамсаргүй харсан хүнд онгироо юм шиг. “Танай шавь чинь царай муутай мөртлөө их зантай” гэж хэлэхийг сонсож л байлаа. Бага зэрэг зөрүүд” гэж тэрбээр хэлсэн юм.
Барилгачин болохыг хүсдэг охин Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохын өмнө БНСУ-д хоёр жил дараалан явж, бэлдсэн, вакуумжуулсан сургалтад хамрагдсан байна.
Төгсөө багш түүнийг хоёр жил бэлдсэн ч яг тэмцээнд явах болоход англи хэлгүй гэх шалтгаанаар хамт явж чадалгүй өөр байгууллагын инженер залуу дагуулан явуулсанд тэрбээр нэлээд харамсаж, хүүхдийн сэтгэлзүйд өөрчлөлт орсон байж магадгүй, тэр нь амжилтад нь нөлөөлсөн байх талтайг дуулгаж байсан юм.
Ж.Энхчимэг ч Төгсөө багшийнхаа тухай “Ээжтэй маань эн зэрэгцэхээр дотно хүн” гэж тодорхойлсон юм. Гэсэн ч тэрбээр хааяа түргэн зангаасаа болоод багшаа гомдоох тохиолдол ч цөөнгүй гэнэ.
Өнгөрсөн хоёрдугаар сард хамгийн сүүлчийн шалгаруулалтад орохын өмнөх өдөр ажилд нь тусалж байсан найзтайгаа муудалцаж, тэр нь “Чи чадвар муутай” гэж хэлснээс болж багшдаа “Би тэмцээнд орохгүй” гэж хэлээд уйлуулж байсан удаатай гэнэ.
Уйлж, гомдсон багш нь “Чамайг ийм хүүхэд гэж арай ч бодсонгүй” гэж хэлж байсныг нь бодохоор багш минь хөөрхөн санагддаг гэж Энхчимэг хэлсэн юм.
Тэр үед түрэмгий уур, хэлэх гэсэн зүйлээ шууд хэлдэг, хүнийг гомдоно гэж бодохгүй хэлчихдэг зангаасаа болж ийм байдалд ордог тал бий гэж бас өөрийгөө шүүмжилсэн. Тэрбээр Норберт Хомм гэх герман багшдаа бас маш их талархаж явдаг юм билээ.
Угсралтын техникчийн ангийг ХБНГУ-ын төслийн хүрээнд нээсэн, тус сургуульдаа анхдагч аж. Тус сургууль өмнө нь барилгын техникчийн мэргэжлийн ангитай байсан, өдгөө угсралтын техникч гэдэг шинэ анги нэмчихээд байгаа гэнэ.
Орчин үед барилга барих техниологи өөрчлөгдөж байгаа учраас шинэчлэгдэж буй технологийн талаар түлхүү үздэг, нийгмийн хэрэгцээгээр угсралтын техникчийн шинэ анги нээх шаардлага зүй ёсоор тулгарсан гэнэ. 2А анги 16 хүүхэдтэй, түүнээс гадна дөрвөн охин байдаг аж.
Энэ мэргэжил орчин үетэй хөл зэрэгцэж, цаг үеийн шаардлагаар гарч иржээ. Жишээ нь, бүрэн цутгамал барилга гэхэд өргийн ажил шаарддаггүй.
Германы төслөөр хэрэгжүүлж буй сургалт нь багш төвтэй биш, багш уншаад бичүүлээд тайлбарлаад явдаг байсан бол энэ аргаас зайлсхийж, сурагч төвтэй сургалтууд явуулж байна. Ингэхээр хичээл тоглоом хэлбэрээр, эмх цэгцгүй юм шиг харагдах ч тэндээс хүүхдүүд асар их зүйл сурч ойлгож чаддаг байна.
19.00 цаг. Энхчимэгийн энэ өдрийн хичээл дууслаа. Шударга, зорьсондоо хүрэхийн төлөө тууштай зүтгэдэг хүнд дуртай, хоёр нүүртэй, тэвчээргүйд дургүй энэ охин архитектурч болохыг мөрөөддөг юм билээ. Сургуулиа төгсөөд цаашид дахиад сурна. Барилгын зураг унших, ойлгох, зурахдаа авьяастай учраас ингэж мөрөөддөг юм байна.
Гэхдээ сургууль нь түүнд төгсөөд багшлах санал тавьчихсан байгаа аж. Тиймээс тэрбээр сургууль төгсөөд багшлангаа үргэлжлүүлэн сурах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн хамгийн ойрын мөрөөдөл нь эмээдээ зуслангийн байшин барьж өгч, ач зээтэй өнөр өтгөн байлгахыг хүсэж буй гэсэн. Төгсөө багш түүнийг өөртөө дагалдан багш хийлгэж байгаад багш болгох сонирхолтой аж.
Төгсөө багш энэ талаар “Би удахгүй тэтгэвэртээ гарах цаг болчихно. Тэр үед дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож, энэ чиглэлээрээ нэлээд амжилт гаргадаг БНСУ-ын туршлагаас судалж байсан хүний туршлага манай сургуулийн бусад оюутнуудад хүрэх ёстой учраас сургуулиас түүнийг багшлуулах шийдвэр гаргасан” гэсэн юм.
Тэр бага ангидаа тийм ч сайн сурдаггүй байжээ. Гэрийнхэн нь маш муу сурч байна, энийг одоо яана гэж боддог байсан гэнэ. Үүнээс болж, загнаж, хааяа гар хүрэх тохиолдол ч байсан гэнэ. Гэхдээ дунд ангид орохдоо хичээлдээ нэлээд сайжирч, төгсөхдөө бол сургуульдаа тэргүүлэх хэмжээний сурагч болсон гэнэ. Тэр эрчээ алдалгүй, одоо ч тэр хичээлдээ сайн гэж багш нар нь үнэлсэн юм.
Дүүдээ үлгэр жишээч эгч, ээжийнхээ хувьд сайн охин байхыг үргэлж хүсдэг энэ охин “Техникийн мэргэжил маш гоё. Хамгийн сонирхолтой хичээл. Бүх хичээлдээ жигд сайн. Бүгдэд нь 90 хувиас дээш дүн авдаг” гэж хариулах хэмжээнд хүртлээ сайжирсан энэ охин үеийнхээ хүүхдүүдэд сонгосон замаасаа ухралгүй, үргэлж ахихын төлөө хичээгээрэй гэж хэлүүлсэн шүү.
Ч.МӨНХЗУЛ