Улаанбаатар хот санхүүгийн төв болно гэвэл та итгэх үү? Итгэдэг хүмүүс нь Улаанбаатарт санхүүгийн чөлөөт бүс байгуулах хуулийн төсөл боловсруулж байна. Ажлын хэсэгт нь УИХ-ын гишүүн Л.Болд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал нар багтаж буй.
“Арай оффшор бүс биш биз” гэж лавлахад албаны эх сурвалж “Биш ээ, зүгээр л санхүүгийн бүс байх юм” гэж хариулав. Санхүүгийн зохицуулах хороо гол ажлыг нь нугалж байгаа аж. Ямар учир начиртай ажил амжуулж байгааг нь СЗХ-ны дарга З.Нарантуяагаас тодруулахыг хичээсэн боловч тусыг эс олов. Эрхэм дарга саналыг минь хойш тавиад халгаасангүй.
Санхүүгийн зах зээлд идэвхтэй ажилладаг хоёр хүнтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Эхнийх нь “Цаадуул чинь Дубай явж ирээд л ийм ажил сэдсэн. Санхүүгийн чөлөөт бүс байгуулах санаачилга эртэднэ. Монголын санхүүгийн зах зээлд дутагдаж буй олон зүйл бий.

Замын-Үүдийн чөлөөт бүсэд захиргааны байр барьж, зам тавьсан ч хөрөнгө оруулагчид
тоож ирсэнгүй
Түүнийгээ эхлээд хийх хэрэгтэй” гэсэн юм. Дараагийнх нь “Эхлээд бондын зах зээлээ олон улсад таниулмаар байна. Монголын санхүүгийн зах зээлийг олон улсын жишигт хүргэхийн тулд маш олон ажил хийх шаардлагатай. Үүнийгээ эхэлж хийчихээд чөлөөт бүсийн тухай ярих хэрэгтэй” гэв.
Уг нь эх сурвалжийнхаа нэрийг дурдвал зүйд нийцнэ. Даанч ижил байр суурьтай хоёр хүн маань СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг тул нэрээ нууцлахыг хүсэж “хаяагаа манав”.
Чөлөөт бүс гэсэн ойлголтын араас татваргүй, аливаа хязгаарлалт үйлчлэхгүй бүс нутаг гэсэн санаа дагалддаг. СЗХ-ныхон татваргүй бүс байгуулчихвал санхүүгийн байгууллагууд манайхыг зорино гэж тооцож байгаа бололтой.
Явцуу хүрээнд боловсруулж буй уг хуулийн төсөл нэгэн цагт ил болох нь дамжиггүй. Гагцхүү УИХ-д өргөн барихаасаа өмнө санхүүгийн чөлөөт бүс байгуулах нь ямар ач холбогдол, үр ашигтайг тодруулах хэлэлцүүлэг өрнүүлээсэй.
Чөлөөт бүс нэрийн дор хэн нэгэнд давуу эрх олгох санаачилга хэсэг бүлгийн дунд гарч, түүнийгээ ханцуй дотроо хууль, тогтоол болгон боловсруулаад УИХ-аар батлуулдаг гажиг тогтоод буй. Үүний нэг жишээ бүү болоосой гэж хүсэх байна.
Дорнод аймгийн Халх гол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тогтоолыг УИХ гэрлийн хурдаар баталчихсан нь гайхаш төрүүлээд зогсохгүй олны эсэргүүцэлтэй тулгараад буй. Одоо уг тогтоолыг цуцлуулахаар парламентын олон гишүүн нэгдээд байна. Тогтоолыг тойрсон маргаан хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах санаачилгын мөн чанарыг олонд таниулав.
Чөлөөт бүс байгуулахдаа байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг суурь судалгааг огт хийгээгүй нь тодорхой болсон. Тэд ямар төрлийн тариа ургуулахаа ч төсөөлөөгүй шийдвэр гаргуулсан байв.
Эцэст нь Өвөрмонголын өөртөө засах орны Хянган аймгийн захиргаанаас хөдөө аж ахуйн бүс байгуулахыг лообийдож байгаа нь тодорхой боллоо. Ямар ч тооцоо судалгаа, олигтой үндэслэлгүй саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүлээж аваад УИХ-д өргөн мэдүүлэхийг зөвшөөрсөн нь хачирхалтай.
ХХААЯ-наас чөлөөт бүс байгуулах тогтоолын төсөл өргөн барьсныг хуульчид эрх зүйн үндэслэлгүй гэж тайлбарладаг. Аж үйлдвэрийн яам эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлыг хариуцаж байгаа учраас тэдний мэдэх асуудал гэж тэд ХХААЯ-ныхныг буруутгав.
Гэтэл ХХААЯ-ныхан хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах ажлын “гол дүрд” тоглосоор байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ХХАА-н сайд Р.Бурмаад “Чөлөөт бүс байгуулах манай яамны хариуцах ажил биз дээ” гэж хэлсэн удаа бий.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт чөлөөт бүс байгуулах өөр нэгэн төслийг ханцуй дотроо боловсруулж суугаа. Тэрбээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Бичигтийн боомтын ойролцоо худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буй юм.
Тэнд чөлөөт бүс байгуулах тогтоолын төслөө хянуулсан боловч Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гээд буцаажээ. Мөнөөх Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргуулж дуулиан тарьсан ХХААЯ-ныхан баруун хилийн ойролцоо дахиад нэгийг байгуулахаар ярьж буй.
Ханцуй дотроо боловсруулж, УИХ-ын гишүүдээр дэмжүүлэхээр зэхэж буй чөлөөт бүс байгуулах төсөл олширсоор л байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын шаардлагад чанд нийцсэн, тээвэр, газар зүйн байрлалын хувьд гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахад тохиромжтой, зохих чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж гадаадын зах зээлд гарах боломж илүүтэй байх гэж чөлөөт бүс байгуулах шалгуурыг томъёолжээ.
Мөн үйлдвэрлэл, нийгмийн зохих дэд бүтэцтэй, эсвэл шинээр бүрдүүлэхэд дөхөмтэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц нөхцөлтэй байх гэсэн шалгуур бий. Манай чөлөөт бүсийн төслүүд энэ шалгуур үзүүлэлтийг хангадаг уу?
Монгол Улсын Засгийн газар чөлөөт бүс байгуулахаар 2003 оноос хойш зориод амжилт олоогүй л байгаа. Иймээс шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй байна гэж дүгнэхээс өөр аргагүй. Чөлөөт бүс байгуулахын өмнө, шалгуур үзүүлэлт хангах эсэхийг нь тодруулахын тулд өргөн хэлэлцүүлэг хийх шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл, үр ашгаа өгөх, өгөхгүйг нь сайтар шинжлэн дүгнэж ярилцах хэрэгтэй. Монголчууд үр ашгаа өгдөг, ач тустай, хугарч нугардаггүй эдийг “чөмөгтэй” гэж ярьдаг. Үнэхээр чөлөөт бүс “чөмөг”-тэй байх, эсэхийг сайтар сонжих учиртай.
Хэн нэгэн улстөрчийн тархинд буусан санаа бүрийг биелүүлэхээр ажиллавал төсвийн мөнгө ч хүрэлцэхгүй. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бүс байгуулах ажилд 55.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч үйл ажиллагаа явуулж байгаа чөлөөт бүс одоогоор нэг ч алга.
Замын-Үүд, Алтанбулаг бол Монгол Улсын гадаад худалдааны гол боомт. Эдгээрийг түшиглэн чөлөөт бүс байгуулах ажил амжилт олохгүй удлаа. Манай чөлөөт бүсүүд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нөхцөл бүрдүүлж чадаагүй хэрэг.
Харин БНХАУ, манай Засгийн газар хооронд тохиролцоонд хүрч Замын-Үүд Эрээний дунд хил дамнасан чөлөөт бүс байгуулахаар ярилцаж байна. Хятадын тал санаачилгыг гартаа авч, хил дамнасан чөлөөт бүсийн төлөвлөлтийг гаргаснаа танилцуулжээ.
“Хятад Монголын экспо-2015”-д оролцож, төлөвлөлттэй танилцсан хүмүүс “Монголын нутагт ажилчдынх нь хотхон байрлаж, Хятадын талд үйлдвэрүүд нь баригдах юм байна лээ. Хятадууд манай нутагт үйлдвэр барихгүй байх бодлоготой байна” гэж ярив. Дахиад санал бодлын зөрөлдөөн гарах бололтой.
Дэлхийд 3000 гаруй чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж, 600-700 тэрбум ам.долларын худалдааны эргэлт үүсгэдэг гэсэн тооцоо бий. Монгол Улс худалдаа, эдийн засгийн тав, хөдөө аж ахуйн хоёр, санхүүгийн нэг чөлөөт бүстэй болох нь.
Гэвч бодитой ажил хэрэг болох нь аль вэ? Ханцуй дотроо тохиролцсон санаачилгыг биш, ажил хэрэг болж, эдийн засагт үр өгөөжөө өгөх төслийг сайтар сонжиж байж дэмжье.
Т.ЭНХБАТ