Баянзүрх дүүргийн дугаар хорооны иргэн Б.Энхтөр найман хувийн хүүтэй зээлээр орон сууц худалдан авахаар есдүгээр сараас хойш хөөцөлджээ. Урьдчилгаа төлбөрөө төлж, 52 сая төгрөгийн зээл авах хүсэлтээ “Голомт” банкинд гаргасан байна. Түүний хүсэлтийг зээлийн хорооны хоёр шатны хуралдаанаар хэлэлцээд “боломжтой” гэсэн хариу ирүүлжээ.
Ингээд зээлийн гэрээгээ байгуулан ирэх оны нэгдүгээр сараас эргэн төлөлтөө хийж эхлэхээр тохиролцоод байсан аж. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт нэгэн найз нь “Найман хувийн хүүтэй зээл зогслоо” гэсэн мэдээг дуулгажээ.
“Голомт” банк руу утас цохин лавлахад “Харин тийм ээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж бүх банк найман хувийн хүүтэй орон сууцны зээлээ зогсоолоо. Хэсэг хугацаанд харзнаж байх уу” гэж хэлсэн байна.
Барилгын инженерээр ажилладаг тэрбээр “Орон сууцтай болох гэж дөрвөн жил урьдчилгаа төлбөрөө цуглуулсан. Зээлээ яг авах болоход нь зогсоочихлоо. Харамсалтай байна” гэж ярив.
Иргэн А.Базар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 16.3-т “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.
Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн гомдол гаргасан.
Бүр тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1-д “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй”, 27.2-т “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно”, 30.3-т “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна”, 30.4-т “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.
Уг хуулийн 30.1-д “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд барьцаалагчийн зөвшөөрөлтэйгөөр түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй” гэж заасан аж.
Уг гомдлыг Үндсэн хуулийн дээд суудлын хуралдаанаар хэлэлцээд “Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байна” гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц Баянзүрх дүүргийн дугаар хорооны иргэн Б.Энхтөрт орон сууц зээлээр аваад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалахдаа банкнаас зөвшөөрөл авахгүй байх эрхийг нээж өгсөн хэрэг. Харин арилжааны банкууд Цэцийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч зээл олгохоо зогсоов.
Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон “Энэ нь Монголын арилжааны банкуудад маш халгаатай шийдвэр боллоо... Зээлтэй иргэдийн хувьд өмнөх хуулиа мөрдөх учир ямар нэг эрсдэл үүсэхгүй.
Харин хамрагдахаар хүлээж буй иргэдийн хувьд хүнд байдал үүсэж байна. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлэх болно” гэж мэдэгджээ.
Цэцэд УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаярыг гомдол гаргасан гэж эндүүрэв. Иймээс найман хувийн хүүтэй зээлийг зогсоосон үйл явц улстөржилт дагуулсан. Нийгмийн сүлжээнийхэн “МАН-ынхан найман хувийн зээлийг зогсоолоо” гэж тэднийг чичилж байна.
Харин нөгөөдүүл нь “Бид зээл зогсоогоогүй” гэж учирласан. Ямартай ч Б.Энхбаяр гомдол гаргаагүйг Цэц мэдэгдлээ. Нийгмийн сүлжээнийхэн “Найман хувийн зээл зогсвол хүү нь 20 болно” гэсэн логикийг гаргаж тавьсан.
Орон сууцны зээлийн хүүг найм болгохоос өмнө 16-18 хувь байв. Үүнийг л логикоор тооцож гаргасан хэрэг. Гэтэл нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан Үндсэн хуулийн цэцийн гишүүд энэ өнцгийг шүүрч аван маргааныг өөр зүгт хандуулах оролдлого хийлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг “Цэц зээлийн хүүтэй холбоотой шийдвэр гаргадаггүй” гэж мэдэгдэв.
Цэц ийм шийдвэр гаргадаггүй нь үнэн. Харин орон сууцны зээлийн хүү 20 хувь болно гэдэг гүтгэлэг биш, зүгээр л логик хандлага.
Үүнийг тойрч улстөржихийн оронд найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгох гарц хайсан нь дээр. Тэгвэл Б.Энхтөртэй адил амьдрал ахуйгаа өөд нь татахаар тэмүүлж яваа залуусын хүсэл зоригт нийцэх бус уу.
Уг шийдвэрийг эцэслэн гаргахаас өмнө зарим байгууллага санал, зөвлөмжөө Үндсэн хуулийн цэцэд хүргүүлж байжээ.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Цэцийн энэхүү дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5.1-д “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, 5.4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийлүүлэн эдийн засгаа зохицуулна” гэж заасантай зөрчилдсөн, санхүүгийн зуучлалыг хумих, активын чанарыг муутгах, системийн шинжтэй тогтворгүй байдал үүсгэх, эдийн засгийн хөгжлийг зогсоох үр дагавартай байна” гэж сануулсан байна.
Тэгвэл Монголын банкны холбооноос “Зээл авсан хүн барьцаа хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр худалдах эрхтэй болсноор өмчлөлийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих боломжийг хумина.
Нэг гэрчилгээг хэд хуваан бүртгэж, хэсэг тус бүрээр давхар барьцаална. Зарим хэсгийг худалдах, бэлэглэх, арилжих зэргээр бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцааны бүртгэлийг нуун дарагдуулахыг үгүйсгэхгүй.
Барьцаанд тавьсан хөрөнгийг худалдан авах сонирхолтой хүн байхгүй тул хууран мэхлэх явдал газар авна. Арилжааны банкны шаардлага хангахгүй байгаа иргэн, өөр этгээдээр зээл авахуулж, түүнээс орон сууцыг худалдаж авч буй байдлаар судалгаагүйгээр зээл авах боломжийг бүрдүүлнэ.
Барьцаа хөрөнгөөр хэд хэдэн этгээдэд шилжсэний дараа сүүлчийн өмчлөгчөөс барьцааны үүрэг шаардах хууль зүйн гарц байхгүй. Банк зөвшөөрсөн эсэхээс үл хамааран үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл хийх, бусдад түрээслүүлэх, ашиглуулах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих болно.
Олон өмчлөгчтэй хөрөнгийн маргаан ихэснэ. Цаашид олгох бүхий л зээлийн барьцаа хөрөнгө хэдэн арван өмчлөгчтэй болж өөрчлөгдөх боломжтой” гэх мэтээр амьдрал дээр үүсэж болох сөрөг талуудыг анхааруулсан зөвлөмж хүргүүлсэн аж.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар эдийн засагчид ч байр сууриа илэрхийлээд эхэллээ. “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг фэйсбүүк хуудастаа “Хэрэв зээл авсан хүний хөрөнгөтэй байх эрх яригддаг юм бол зээл өгсөн (хадгаламж эзэмшигч) хүний хөрөнгөтэй байх эрх яасан бэ.
Байр ч, мөнгө ч тэр адилхан л хөрөнгө шүү дээ. Нэг нь хөрөнгө болох байраа барьцаалаад нөгөө нь хөрөнгө болох мөнгөө өгөөд явуулсан байна. Ойлгож ядаад байх юм юу байна” гэж хувийн үзэл бодлоо хуваалцжээ.
Эдийн засагч Б.Дөлгөөн “Зөвхөн үл хөдлөх хөрөнгө ч биш, тэтгэвэр, халамжаас өөр төрлийн барьцаатай зээл олгоход банкуудад эргэлзээтэй боллоо гэж харж байна” гэв. Олон талын байр суурийг нэгтгэн дүгнэхэд Цэцийн шийдвэр үнэмлэхүй зөв биш агаад түмэн зүйлийн ээдрээ дагуулжээ.
Гэвч Цэцийн дээр тэнгэр л байдаг гэдэг. АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хамтран Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг Үндсэн хууль болон эдийн засаг, зах зээлийн шаардлагад нийцүүлэн өөрчилж, даруй батлахаа мэдэгдээд байна.
Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэхийн тулд хуулиа өөрчлөхөөс өөр гарц үгүй.
Дашрамд дурдахад, найман хувийн хүүтэй зээл олгож буй нь Б.Энхтөр шиг залуусыг орон сууцжуулах зорилгыг зөвхөн агуулаагүй. Найман хувийн зээл утаанаас эхлээд хүрээлэн буй орчин, нийгмийг эрүүлжүүлэх юм.
Хэрэглээний эдийн засгийг хуримтлалынх болгож хувиргана. Эцэст нь чинээлэг дундаж давхаргын хүрээг тэлэхэд онцгой нөлөө үзүүлэх юм. Чинээлэг дундаж давхарга нь “зузаан” бол тухайн улсын эдийн засаг тогтвортой байдаг жамтай. Үүнийг иргэн баян бол улс баян гэж онож хэлжээ.
Т.ЭНХБАТ