“Жаст Ойл”, “Магнай трейд” ШТС-тай холбоотой гурван шатны шүүх хурлын шийдвэр болон банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой асуудал, шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл, АТГ-д шалгуулахаар өгсний хариу болон бусад хяналт шалгалтын талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өчигдөр мэдээллээ. Үүнээс товчлон хүргэе.
“Жаст Ойл”-д 925 сая, “Магнай трейд” -д 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулав
“Жаст Ойл”, “Магнай трейд” ШТС-ынхан 2013 онд үгсэн хуйвалдаж, нэгэн зэрэг, ижил хэмжээгээр шатахууны үнэ нэмсэн нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж ШӨХТГ-ынхан үзсэн. Ингээд “Жаст Ойл”-д 941 сая, “Магнай трейд”-д 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм. Үүний дагуу эдгээр байгууллага шүүхэд гомдол мэдүүлсэн ч гурван шатны шүүхэд ШӨХТГ ялалт байгуулжээ. Дээд шүүхээс манай байгууллагын албан шаардлага хуульд нийцсэн, ШТС-ууд үгсэн хуйвалдсаныг тогтоосон ч “Жаст Ойл”, “Магнай трейд”-ийнхэн өмнөх жилийн тухайн зөрчилтэй бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос хувь тооцож, торгууль ногдуулах шийдвэр гаргасан юм байна. Гэвч тэдгээр станцууд зөрчилтэй бүтээгдэхүүнийхээ орлогыг тус бүр гаргаж өгөөгүй учраас “Жаст Ойл”-д 925 сая, “Магнай трейд” 2.1 тэрбум төгрөгийн торгууль оноосон аж. Хэрэв үүнийг эсэргүүцвэл ШӨХТГ-т 30 хоногийн дотор гомдол мэдүүлэх эрхтэй гэнэ.
Банк, ШӨХТГ-ын хэнийнх нь зөв бэ
Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой анхан шатны шүүх хурлын шийдвэр банкныхны талд гарчээ. ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийг аль алийг нь зөрчиж байна гэж дүгнэсэн ч зөвхөн Өрсөлдөөний хуулийн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэжээ. “ШЕЗ-өөс шүүгчдийн олонх нь өр зээлтэй.Энэ нь асуудал болж байна” гэсэн учраас манай байгууллагаас шүүх хуралдаан шударга явагдахад эргэлзээ төрж, шүүгчид зээл авахдаа бусдаас давуу эрх эдэлсэн үү, эргэн төлөлт нь хэр байна, ялангуяа энэ хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүгчийн асуудал ямар байгааг тус зөвлөл болон АТГ-д хандаж шалгуулсан. “Шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх хуулиар олгогдоогүй” гэсэн хариу ШЕЗ-өөс ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийг хянах боломжгүй гэсэн үг. Харин АТГ-аас нэр бүхий хэдэн шүүгчийг шалгахад “шүүгч болохоосоо өмнө зээл авсан” гэсэн хариу ирүүлсэн” гэж Т.Аюурсайхан ярив.
Цахилгааны хэрэглээ, төлбөрөө хянах боломжтой
Гэр хороололд байрлуулсан цахилгааны зарим щитүүд тоолуурын заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийн тоолуурын заалтыг харах боломжгүй, хэдэн төгрөг төлснөө мэддэггүй, эрчим хүчний байцаагч төлбөрийн бичилт хийхдээ тоолуурын заалтын талаар мэдээлэл өгдөггүй зэрэг гомдол иргэдээс иржээ. Үүний дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дээрх зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн бөгөөд зөрчлийг бүрэн арилгажээ. Тодруулбал, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт болон түүний зөрүүг бичиж өгч, хэрэглэгчийн хэрэглээний талаарх мэдээллийг бүрэн өгдөг болсон аж.
Иргэдийн хохирлыг барагдуулна
ШӨХТГ-аас орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагааг шалгажээ. Шалгалтын үеэр “узелийн цахилгааны зардал”, “ус, дулаан дамжуулах төвийн зардал”, “насос тог” зэрэг нэрээр сар бүр нэг өрхөөс 2400-11.000 төгрөг хууль бусаар авч байсныг тогтоожээ. Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифт үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах ажиллагааны зардлуудыг тооцон баталдаг тул дээрх нэмэлт төлбөрийг авах нь Эрчим хүчний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг тус тус зөрчиж буй аж. Иймээс хохирол барагдуулах зорилгоор ШӨХТГ-аас иргэдийн төлбөрийн баримтыг төвлөрүүлж байгаа юм байна.
Ломбардууд “томоожсон”
Манай улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард 1100 орчим бий. Үүний 560 нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнд нийтлэг дутагдал бийг ШӨХТГ-ынхан хэллээ. Хуулиас давсан хэмжээгээр алданги тооцдог.Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд өдөрт үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцох байтал үүнээсээ илүү гаргадаг. Иргэдийн өмч хөрөнгийг зарсан ч илүү гарсан мөнгийг нь олгодоггүй. Тиймээс албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулсан. Ломбардууд Иргэний хуульд нийцүүлж, иргэдтэй байгуулдаг гэрээгээ шинэчлэн боловсруулсан гэнэ.
Мэдээллийн дараа тус газрын дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодруулав.
-Та яагаад өөрийгөө АТГ-т шалгуулахаар болов?
-2013 оны аравдугаар сарын 8-нд шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн гэсэн үндэслэлээр “НИК” ШТС-ыг 4.9 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр шүүхээс гарсан. Гэтэл шүүхийн энэ шийдвэр нь хэрэгжихгүй өдийг хүрлээ. Өнгөрсөн аравдугаар сард манай байгууллагад архивын газраас хяналт, шалтгалт хийсэн. Шүүхийн шийдвэрийг тэр даруйд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай тоо баримт манай байгууллагад байсан байна лээ. Тухайн асуудлыг хариуцсан улсын байцаагчийн ширээнээс тэр тоо баримт гарсан. Тус байцаагчийг энэ мэдээллийг нуун дарагдуулж, удаашруулсан гэж үзэж байгаа. Тиймээс ШӨХТГ-аас дотоод хяналтын ажлын хэсэг байгуулж, энэ нөхцөл байдлыг тодруулсан. Шүүхийн шийдвэр удааширсан нь манай байгууллагаас хамааралтай учраас түүнд нь өөрийгөө холбоотой, эсэхийг шалгуулахаар АТГ-д хандсан.
-Их хэмжээний торгууль тавьсан ч шүүхэд очоод эвлэрдэг гэж ярьсан нь тэр байцаагчид хамаатай асуудал уу?
- Үгүй ээ. Манай агентлагт байсан асуудал. Их хэмжээний торгууль тавьчихаад түүнийгээ гарын үсэг зураад хүчингүй болгодог, шүүхэд очоод эвлэрдэг асуудал байсан. Тухайлбал, “Номин” их дэлгүүрийг 1.1 тэрбум, “Миний дэлгүүр”-ийг 450 сая төгрөгөөр торгосон. Гэтэл шүүхэд очоод эвлэрийн гэрээ байгуулж, хэрэгсэхгүй болгож байсан шүү дээ.
Ч.Туяа