“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээлийн гэрээг өчигдөр албан ёсоор баталгаажууллаа.
“Монгол шиг хөгжиж буй оронд энэ хэмжээний зээл өгч буй нь дэлхийн уул уурхайн түүхэнд байхгүй” хэмээн онцолсон “Rio Tinto” группийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүхийн хэлснээс үзвэл дэлхийн санхүүгийн байгууллагуудын Монголд, Оюутолгойд итгэх итгэл алдарчихаагүй бололтой.
Монголын төр, засгийн бодлого, шийдвэр нь эрх баригч намын фракцуудын ашиг сонирхлоос хараат болчихоод байгаа энэ үед “Оюутолгой” төсөл маш их хэмжээний зээл авч чадсан нь “Rio Tinto”-гийн нэр хүнд, үйл ажиллагаанд дэлхийн санхүүгийн байгууллагууд итгэл хүлээлгэсэнтэй холбоотой байх талтай.
Гэхдээ өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан ч маргааш нь иргэний хөдөлгөөнийхний шахалт, шаардлагаар гацаадаг арга барилтай манай улстөрчид үүнийг хэрхэн хүлээн авч, цаашид яаж ч өөрчлөхийг таашгүй.
Барьцгүй бодлого, таашгүй улстөржилтөөс болж өнөөдөр Засгийн газар байтугай УИХ-ын шийдвэрт гадаадынхан байтугай бид өөрсдөө ч итгэх аргагүй болчихоод байна шүү дээ.
Хэрэв улстөрчид, “эх орончдын” ямар нэгэн эсэргүүцэл, тохиролцоогүйгээр энэ зээлийн гэрээ бизнесийн зарчмаараа хэвийн үргэлжилбэл шинэ оны эхний улиралд 500 сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр байгаа юм.
Монголбанкны мэдээллээр 2014 оны эхний хагас жилд 377.8 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсантай харьцуулахад энэ 2015 онд 50.2-хан сая ам.доллар буюу 87 хувиар унасан үед “Оюутолгой”-гоос 500 сая ам.доллар орж ирэхээр болж буй нь элгээрээ эвхэрч буй эдийн засагт уртаар амьсгалах боломж олгоно.
Гэвч ганц “Оюутолгой”-д итгэж найдаж, хүлээж горьдсоноор эдийн засаг өндийх боломжгүй.
Уул уурхайн салбарт үүссэн сүүлийн хэдэн жилийн үнэ ханшийн уналт, төр засгийн тодорхойгүй бодлого, орон нутгийнхны үл ойлголцлоос үүдээд гадаадынхан Монголд хөрөнгө оруулахаас болгоомжилж, зарим нь хаширч, бас харзнаж буй.
“Тавантолгой”, “Гацуурт” гээд том төслүүдэд уяатай ботго мэт аргамжаатай долоо найман жил, хоёр гурван парламентын нүүр үзэж буй гадаадын том хөрөнгө оруулагчдаас эхлээд хайгуулын ажил хийх гэж ганц хоёр жил оролдоод “Бүтэхгүй юм байна” хэмээн Монголоос гараад явж буй топ компаниуд олширлоо.
Уг нь тэд Монголын эдийн засагт их, бага хэмжээгээр тус нэмэр болсоор ирсэн. Ялангуяа BHP, “Peabody”, “Ca¬meco Mongol”, “Vale” гээд дэлхийн хэмжээнд үнэлэгддэг компаниуд Монголд хөрөнгө оруулахаар орж ирсэн нь Монголын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Гэвч тэд бас л тэсэлгүй нүүр буруулж буй бололтой.
Уул уурхайн үндэсний ассоциаци гэж уул уурхайн компаниудыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний төрийн бус байгууллага бий. Энэ ассоциаци уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын гишүүн компаниудынхаа эрх ашгийг хамгаалдаг.
Гэвч төр, засаг мэргэжлийн байгууллагын дуу хоолойг үл ойшоодог, илэрхийлсэн байр суурийг нь хэн нэг гадаадын компанийн захиалга хэмээн хардаж, хянадгаас ассоциаци гишүүдийнхээ, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын өмнөөс үг хэлээд ч нэмэргүй болсон.
Энэ нь төрд ч, төрийн бус байгууллагад нь ч эрх ашгийг нь хамгаалах орон зай хумигдсан гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд орон зайгүй болгосоор байна. “BHP”, “Peabody”, “Ca¬meco”, “Vale”, “Вестерн проспектор”, “Коммод” гээд компаниуд Уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүнчлэлээс татгалзжээ.
Үүнтэй холбоотойгоор эзэмшиж буй тусгай зөвшөөрлөө албан ёсоор буцаасан гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа эсэхийг АМГ-аас сонирхлоо. Харамсалтай нь үүнтэй холбоотой нэгтгэсэн судалгаа, тайлан байдаггүй бололтой.
Албан ёсны http://www.mram.gov.mn цахим хуудастаа 2014 оны арванхоёрдугаар сараас хойших хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн мэдээллээ шинэчлээгүй нь АМГ-ын мэдээлэл хэр зэрэг хаалттай болсныг харуулж байна.
Ер нь манайд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, ялангуяа уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын гарсан, орсныг бүртгэдэг, хянадаг учир шалтгаанд нь үнэлэлт дүгнэлт өгдөг төрийн байгууллагын мэдээлэл, судалгаа гэж байна уу? Дэлхийн хэмжээний том компаниудын Монголтой холбоотой үйл ажиллагаа, мэдээллийг монголчууд бид олон улсын хэвлэлээс л олж уншиж, хэзээ хойно мэддэг нь төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, нээлтэй бус байдалтай холбоотой.
Ёс зүйтэй үйл ажиллагаагаараа олон улсад үнэлэгддэг “Англо-Американ” компани энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монгол дахь салбараа хааж, Монголоос гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн.
Гурван жилийн өмнө Монголд оффисоо нээснээс хойш тус компани 2015 онд Говь-Алтай аймагт хайгуулын гурван лицензийг гурван жилийн хугацаатай эзэмшжээ. Гэвч тэд дөнгөж авсан лицензийнхээ үр дүнг үзэлгүй Монголоос гэнэт гарах болсон нь сонин.
“Тус компани удирдлагын болон үйл ажиллагааныхаа зардлыг танахаар төлөвлөж Монголоос гарсан” хэмээн албаныхан тайлбарласан. Харин үнэндээ бол орон нутгийнхны эсэргүүцэл, учир нь олдохгүй улс төрийн байдал зэргээс үүдэн “Сентерра гоулд” шиг хамаг хөрөнгөө аргамжуулахаасаа өмнө монголчуудад “баяртай” хэмээн хэлснийг ажилтнууд нь ярьж байна.
Дээрх мэдээллүүдээс харахад таван жилийн өмнө олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй, хариуцлагатай дэлхийн акул, гигантуудыг цуглуулж асан Монголд өнөөдөр хэн үлдэв? Ад үзэж, хөөгдөж туугдсаар үлдсэн нь “Rio Tinto”, “Сентерра гоулд” гээд л дуусчээ.
Гадаадын хөрөнгө оруулалттай гэх компаниудын жагсаалтад хэний ч үл мэдэх хачин сонин нэртэй БНХАУ-ын голдуу хөрөнгө оруулагчид л үлдсэнийг АМГ-ын мэдээллээс харж болно.
Энэ бүгдээс үзэхэд Монголд ойрын хэдэн жилдээ үр дүнгээ шууд үзүүлэх мега хэмжээний хөрөнгө оруулалт Оюутолгой Таантолгой, Гацууртаас өөр үлдсэнгүй. Зөвхөн Оюутолгойн далд уурхайг хөдөлгөснөөр Монголын эдийн засаг жаахан амьсгаа авна уу гэхээс биш сэргэж өндийхгүй.
Тиймээс нэг сэхээ авсан дээрээ Тавантолгой, Гацууртаар дараагийнхаа “амь зуулгаа” хурдан залгуулахгүй бол уул уурхай, барилгын салбарыг залгиж буй мөнгөгүйдлийн зовлон нийгмийг тэр чигт нь залгих нь байна.
Тавантолгойн ордыг ашиглах үйл явц улстөрчдийн балгаар тодорхойгүй хугацаагаар хойшилж, тендерт шалгарсан олон улсын хөрөнгө оруулагчид хүлээсээр байгаа.
Төмөр замын төслийг япончууд судлан ТЭЗҮ-ийг энэ арванхоёрдугаар сард багтаан танилцуулна гэсэн бол УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн 40 гишүүний гарын үсэгтэй Тавантолгойн гэрээний “шинэчилсэн” төслийг өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн барьсангүй.
Тиймээс Тавантолгой энэ жил лав хөдлөх нь байтугай шийдэгдэх хөг нь өнгөрөв бололтой. Харин иргэний хөдөлгөөнийхний балгаар УИХ-аар хэлэлцэх ч үгүй хойшлогдсоор байгаад одоо “гацаа Гацуурт” нэртэй болсон “Гацуурт” төслийн хувьд “Сентерра гоулд”-ынхан Монголоос одоо бүр залхаж гүйцсэн байх.
Шийдвэл шийдээд, шийдэхгүй бол тэрнийгээ хэлээд өгчихвөл Монголд муу муухайгаараа хэлүүлэн байж хоргодоод байхгүй л байх.
Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, бүх мэдээлэл, тайлан, санхүүжилт нь нээлттэй энэ компанийн хувьд хувьцаа эзэмшигчид нь Гацууртыг хөрөнгийн үнэлгээнээс “хасах” санал гаргаж буй нь аргаа барсан шийдвэр.
Тав зургаан жилийн өмнө дэлхийд алдартай хөрөнгө оруулагчид борооны дараах мөөг шиг Улаанбаатарт багширч, хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогчдоор зочид буудлууд дүүрч, дэлхийн брэндүүд “Централ тауэрт” түрээслэх зай талбайгаа булаацалдаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэж асан сайхан цаг алсарсаар байна. Цаашид бид юугаар, яаж эдийн засгаа сэргээх вэ?
Хөрөнгө оруулагчид төр, засгийн тодорхойгүй байдал, хэзээ шийдэгдэх нь үл мэдэгдэх хугацаагүй хүлээлтээс залхаж байна. Ихэнх нь бидэнд “баяртай” гэж хэллээ. Харин бид хөрөнгө оруулагчдаа“баяртай” хэмээн хөөж явуулсаар байх нь улс орны эрх ашиг мөн гэж үү.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ