“Тэнгэрээс” төмөр унадгийг энгийн үзэгдэл шиг ойлгодог болох нь. Байсхийгээд л сануулдаг болов. Өнгөрсөн сард хотын төв замаар явж байсан машин дээр хурц үзүүртэй төмөр унасан.
Энэ явдал Сүхбаатар дүүрэг, Төв номын сан орчим болсон. Азаар хүний амь эрсэдсэнгүй өнгөрлөө гээд маргаашнаас нь хэргийг мартчихаж буй юм. Өнгөрсөн онд Төв шуудангийн өмнөх замаар зорчиж явсан нийтийн тээврийн хэрэгсэл дээр төмөр унасан. Автобусны зорчигчид хөнгөн гэмтэж байв.
Мөн “Тэнгис” кино театрын баруун талын барилгаас унасан төмөр авто замаар зорчиж явсан машин дээр унаж жолооч нь амиа алдсан хэрэг хуучраагүй. Эл явдлын дараа уг барилгын ажлыг зогсоон, арга хэмжээ авч байв.
Гэтэл дахиад л хэргийг мартаж, өнгөрсөн намраас барилгыг үргэлжлүүлэх болсон сураг ч дуулдаж байв. Түүнээс гадна ард, урдхан талд нь ямар нэгэн юм унасан ч амьд мэнд үлдсэн азтай иргэд холбогдох байгууллагад мэдэгдэлгүй өнгөрөх тохиолдол ч цөөнгүй гэнэ.
Барилгаас төмөр унаж, заримдаа хэн нэгний амийг авч, зарим үед хүн өртөлгүй өнгөрвөл “Аз дайрлаа” гэж баярладаг болох нь. Мэргэжлийн холбогдох байгууллагууд “Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасангүй. Хугацаатай үүрэг өгч, зөрчлийг арилгуулна. Торгоно” гэнэ.
Мөн ямар учиртайг нь шалгаж тогтооно гэх юм. Угтаа бол хэчнээн торгоод ч буцааж болохгүй амь, өдий төдий шалгалаа ч шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол нэмэргүй арга хэмжээ байлтай.
Хувцас гэж зүйрлэвэл ноорхой, өвлийн хүйтэнд жавар халхлахгүй хашаагаар барилгаа барих явцад хамгаалдаг. Гэхдээ бүгдийг нь ингэж хэлж болохгүй. Хотын төв орчмынх сүүлийн үед өнгө зүсэндээ нэлээд анхаарах болжээ.
Хашаанаас гадна дээрээс ямар нэгэн зүйл унаж магадгүй гэж сэрэмжилсэн нэг “юм” бий. Барилгынхан үүнийгээ саравч гэдэг юм билээ. Байшин явган хүний болон автозамтай ойролцоо, ямар нэгэн осол гарлаа гэхэд тэр хавиар нь явж буй хүмүүсийг аюулд өртөхөөс сэргийлэхийн тулд саравч барьдаг.
Тэдгээр саравчийг ажлын явцад энд тэндээс илүү гарсан юухан хээхнээр босгочихсон юм шиг эв хавгүй харагдах нь олонтаа. Зарим тохиолдолд хамгаалах нь битгий хэл өөрөө нурчих вий гэмээр найдваргүй санагдах нь ч бий.
Арав гаруйхан жилийн өмнө, хотын төвд одоогийнх шиг барилга байшин ингэж багшраагүй, арай сэлүүхэн байсан болов уу. Тэр үед л шинэ байшин баривал ийм хамгаалалт босгодог байсан болов уу гэлтэй, төдийлөн өсөж дэвжээгүй энэ хаалт хамгаалалтыг монголчуудын хэнэггүй зангийн тод жишээ гэмээр.

Гэтэл “Харин ч аюулгүй байдлаа хангачихсан нь их юм. Зарим газар огт алга” гэж зөвтгөх хүн цөөнгүй. Зарим нь “Ийм хачин юм байснаас байгаагүй нь дээр. Тэртэй тэргүй хамгаалахгүй” гэж мэдэмхийрнэ.
Хэдэн давхар байшин байлаа ч орой дээрээс нь ямар нэгэн юм унахад “тосоод авах” чадалтай, бат бөх байх нь хаалт, хамгаалалтын гол үүрэг
байх нь. Цаашлаад хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй гэсэн шаардлага ч хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журамд байдаг гэнэ. Энэ хамгаалалтын бүтэц ямрыг манай хотод олонтаа давтагддаг нэг дүр зургаар төлөөлүүлье.
Төмөр тулгуураар тогтоосон эв хавгүй модон саравч дээр ялаа шумуулаас хамгаалдаг юм уу гэмээр (ямар зориулалттай болохыг нь хараад ойлгож дүгнэхэд хэцүү), энд тэндээ цоорхойтой ногоон “юм” байдаг. “Ямар ч байсан хамгаалсан”, үүргээ биелүүлснээ илэрхийлчихэж болох л гүйцэтгэл.
Манай барилгынхны ихэнх нь хаалт, хамгаалалтаа хийгээд хэвшчихсэн нь маргаангүй үнэн. Энэ онд манайд 300 орчим барилга барьж буйн (өнгөрсөн намар ашиглалтад оруулсан, өдгөө он дамжин үргэлжилж буй барилгуудыг нэгтгэн тооцов) 80-90 хувь нь хаалт, хамгаалалтаа хэдийнэ хийчихсэн, ялангуяа хотын төв орчмынх бол бүгд л ийм “юмтай” болсон гэнэ.
Тэдгээрийн өнгө үзэмж нь ч дүүрч гэнэ. Харамсалтай нь, манай бичиг баримтууд нэлээд хоцрогдмол, хот “багширч” эхлээгүй сийрэг үеийнхээр тул бид хаанаас, юу ч унаж мэдэх аюулд амьдардаг болжээ.
Учир нь ямар ч баримт бичиг үзсэн “Чи хашаа барьж, хамгаалалт хийх ёстой” гэж дурдсанаас биш, түүнийгээ хэр чанартай, ямар материалаар хийх ёстойг заагаагүй аж. Юу “бүтээх” нь тухайн компанийнхны сонголт болж таардаг байна.
Жишээ нь, хамгаалалт нэртэй ч хамгаалах чадваргүй өнөөх “ногоон”-ны зориулалт нь байшин дээрээс ямар нэгэн зүйл унахад газарт хүргэхгүй тогтоон барих чадвар.
БНСУ-д барилгын хамгаалалтад хэрэглэдэг ийм торон дээр 100 кг-ийн туухай дөрвөн метрийн өндрөөс унагаж үзээд, стандарт хангаж буй, эсэхийг нь тодорхойлж, барилгын хамгаалалтад хэрэглэдэг аж.
Гэтэл манайд ийм стандарт байхгүй, эрхзүйн хувьд хамгаалалт ямар байхыг бүрэн заагаагүй учраас аж ахуйн нэгжүүд хамгийн хямдыг нь авчихдаг байна. Компаниуд нүглийн нүдийг гурилаар хуурдаг гэсэн үг.
Гэхдээ энэ байдлаар нь шалтаглаж тэднийг буруутгаж болохгүй. Дүрэм журмаа жин тан мөрдөж буй тул шүүхийн байгууллагад хандлаа ч тэднийг дийлэхгүй.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс энэ талаар “Сүүлийн үед манай аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ харьцангуй сайжирч байна.
Гэхдээ түүнээс илүү сайжруулах хэрэгтэй. Одоо бидний хийх ёстой хамгийн гол зүйл нь барилгын нийт төсвийн 1.5 хувиас доошгүйг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд зарцуулдаг болгох.
Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар хүн бүр цэцэрлэгт байхаасаа эхлээд сурах шаардлагатай байна. Боловсролын системд хэрхэн тусгах талаарх стандартыг боловсруулсан. Энэ талаар БСШУЯ-нд хандсан өдий хүртэл шийдээгүй.

Олон улсын жишгээс харахад хамгийн бага осол эндэгдэл гарч буй орнууд хүүхдүүддээ цэцэрлэгт байхаас нь эхлээд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай заасан байдаг юм. Манайд болохоор ийм арга хэмжээ бүр хаягдчихаад байна шүү дээ” гэж ярьсан.
Өдгөө барилгын аюулгүйн хашаа, хаалтуудыг Барилгын талбайн түр хашааны MNS 5414:2004 стандарт болон нийслэлийн ИТХ-ын 2013 оны зургадугаар сард баталсан Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын дагуу босгодог юм байна.
Түр хашааны стандартад барьж буй барилгаас юм унаж, явган хүний замаар явж буй хүмүүст аюул учруулж болзошгүй бол тухайн хэсэгт саравчтай хашаа барьж өгвөл зохих талаар дурджээ.
Гэхдээ тухайн хашааны урт, өргөн, тэр байтугай нимгэн зузаан ямар байхыг бүрэн заагаагүй, саравчтай хашааны уртыг барилгын талбайн зохион байгуулалтын зургаар шийдвэрлэнэ гэжээ. Аж ахуйн нэгжүүдэд өөрсдөө шийдэх эрх ингэж олдсон байгаа юм.
Харин 2013 онд баталсан нийслэлийн ИТХ-ын журам үүнийг бодвол арай боловсронгуй. Барилга үйлдвэрлэлийн талбайн хамгаалалтын хашаа нь гурван метрээс багагүй өндөртэй, хотын өнгө үзэмжид нийцсэн байх, иргэд явах хэсэгт хамгаалалтын үргэлжилсэн саравчтай байна.
Саравч нь ачаалал даах чадалтай байх ёстойг заажээ. Мөн барилгын өндрийн дагуу 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3.5 метрээс багагүй өргөнтэй хамгаалалтын хэрэгсэл суурилуулах, салхивч, шугам хоолой, шат хонгил болон өндрөөс унаж болзошгүй бүсийн хаалт, хамгаалалт, нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой гэнэ.
Бас л юу хийхийг заасан хэрнээ, чанарыг нь орхигдуулсан байгаа юм.
Энэ дутагдалтай байдлыг хэдийнэ олж хараад, хэрхэн сайжруулахыг хүссэн мэргэжлийн хяналтын байгууллагынхан арга хайгаад эхэлсэн аж.
Эхний ээлжинд салбарынхаа яаманд хандаж, энэ чиглэлийн стандарттай болж, түүнийхээ дагуу хөдөлмөр хамгааллын хэрэгслийг нягт нарийн шалгадаг болох тогтолцоонд шилжих санал гаргасан байна.
Тодруулбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн оны наймдугаар сард Барилга, хот байгуулалтын яаманд хаалт, хамгаалалтыг стандарчлах санал хүргүүлснээ хэлж байсан юм. Мөн өдгөө хаалт, хамгаалалт ямар байх ёстой талаар ул суурьтай судалж шинжилж буйгаа ч дуулгасан юм.
Тэр ч байтугай зөвхөн хашаа саравч биш, хамгаалалтын бүс, малгайг ч чанаржуулахад гэмгүй гэнэ. Бүс, малгай нь бас стандартгүй юм байх. Шалгаад л, хариуцлага хүлээлгээд л байхад осол гараад л (энэ оны эхний 11 сард барилгын 22 осол гарч, 13 хүн амиа алдаж, мөн тооны хүн гэмтсэн) байгаагийн учир нь чанарын стандартгүйнх юм байжээ.
Ч.МӨНХЗУЛ