Ирээдүйгээс бидэнд илгээмж явуулжээ. Юу гэж үү. Хүнсний бүтээгдэхүүн. Та дэлгүүрээс талх, боорцог зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад гэртээ ирээд хартал тэр чинь ирээдүйгээс ирсэн байх тохиолдол байсан л биз дээ.
Ийм тохиолдолтой таарсан олон хүн байдаг. Мэдээж ирээдүйгээс ирээгүй нь тодорхой л доо. Яасан ч байсан өнгөрсөн хугацаанд л үйлдвэрлэсэн байгаа. Гэхдээ хэзээ гэдгийг үйлдвэрлэгч нь л мэдэх байх.
Хэзээ үйлдвэрлэснийг нь мэдэх боломжгүй байгаа юм чинь яаж тээвэрлэж, хадгалж байсныг бодохоос ч аймаар.
Уг нь бид сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хичээдэг болсон. Гэтэл тэд маань ийнхүү “Үлгэр”-ийн арга хэрэглэж биднийг хуураад байх юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг саяхан шалгажээ. Ингэхдээ зөвхөн шошгон дээрх мэдээллийг нь шалгасан байна. Гэтэл давхардсан тоогоор 170 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн шошгын зөрчилтэй байж.
Хэн, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд ч байсан аж. Жишээлбэл, хүүхдүүдийн идэх дуртай “Наполеон” бялуу үйлдвэрлэдэг “Ариун хурын хишиг”, “Төгөлдөр”, “Гранд тотал”, “Дэлгэрэх бэйкэри” байгууллагууд шошгон дээрээ хаяг, холбоо барих утас, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэжээллэг чанар, гаж нөлөө, хориглох заалт зэрэг мэдээллээ бичээгүй байжээ.
Түүнчлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хугацааг урьдчилан нэг сараар түрүүлж тавьсан, үйлдвэрлэсэн огноо тавиагүй эсвэл огт шошгогүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн зөрчил илэрчээ.
Тухайлбал, “Pingu” нэртэй цөцгийтэй болон иштэй тараг үйлдвэрлэдэг “Орги үндэс” ХХК ийм зөрчил гаргаж байж. Иймэрхүү зөрчил гаргаж буй байгууллагуудын дийлэнх нь хүүхдүүдийн идэх дуртай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь бүр ч харамсалтай.
Худалдаж авсан зүйлийнхээ шошгыг харах дадал хүүхдүүдэд мэдээж байхгүй. Үнэндээ томчуудад ч ховор.
Зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжид хариуцлага тооцоход мөн л хүндрэлтэй байдаг талаар албаны хүн хэлсэн. Учир нь дээрхийн адил зөрчил гаргасан байгууллагыг хуульд зааснаар торгох болдог. Гэтэл холбогдох хуулиар хэтэрхий өндөр торгохоор заачихсан гэнэ.
Тодруулбал, арав орчим сая төгрөг. Энэ их мөнгөөр торгуулсан аж ахуйн нэгж дахин бизнесээ “өндийлгөнө” гэдэг хэцүү. Тэгэхээр байгууллагын дотоод хяналт муу байсан гэдгээр арай зөөлрүүлж, хуулийн этгээдийг 500 гаруй мянган төгрөгөөр торгодог аж.
Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ, хийж чаддаг, чадах бүхнээ өөрсдөө хийдэг болъё гэж буй энэ цагт нэг ч гэсэн үйлдвэрийн үүдийг барихгүй байх нь чухал л даа. Гэхдээ энэ дутагдлаа удаа дараа давтдаг юм биш биз. Тийм бол толгойг нь илэх биш харин ч авах нь зүйтэй.
Хүний амь, эрүүл мэндээс илүү үнэтэй үйлдвэр гэж энэ орчлонд байх ёсгүй. Гадаадаас импортоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний талаар бүр ч ярилтгүй.
Импортын хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг урд хөршийнх эзэлж буй. Бидний үндэсний үйлдвэрийнх гэж боддог бүтээгдэхүүнүүдийг ч урд хөршөөс оруулж ирдэг гэх мэдээлэл бий. Тэндээс манай улс руу хуурамч будаа, өндөг, элдэв шавьж үүрлэсэн амттан гээд муу муухай болгон “урсаж” байна.
Хятадын сүү, газрын самар, самрын тосноос афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч бодис илэрч байв. Үүнээс шалтгаалан хүн ам нь ходоодны хорт хавдраар өвчилж буй орнуудын аман хүзүүнд манай улс давхиж явна.
Засгийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний болон тодорхой салбар, чиглэлийн 20 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй.
ХХААЯ хүнсний аюулгүй байдлын гол чиглэл, суурь болж буй Монгол Улсын Засгийн газрын 2009 оны хоёрдугаар сарын 4-ний 32 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг 2009-2016 онд хоёр үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Олон улсын хэмжээнд тухайн улсын хүнсний аюулгүй байдлыг хүнсний хангамж, баталгаа, бүтээгдэхүүний шимт чанар гэсэн цогц асуудлын хүрээнд авч үздэг аж. “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн зорилгод дээрх асуудлууд цогцоороо тусгагдсан гэнэ.
Хөтөлбөр иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөл бүрдүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд хоёр үе шаттайгаар (эхний үе шат 2009-2012 он, хоёр дахь үе шат 2013-2016 онд) дөрвөн чиглэлийн хүрээнд 13 зорилтыг хэрэгжүүлж буй юм. Энэ хөтөлбөрийг санаачлагч нар олон сайн, сайхан үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа аж. Бид ч бас найдъя.
Х.АЗЖАРГАЛ
ИНФОГРАФИК

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Та хэрэглэж буй хүнсээ аюулгүй гэдэгт итгэдэг үү?
Баянзүрх дүүргийн иргэн Ш.МЯГМАРСҮРЭН: Хүнсний аюулгүй байдалд сэтгэл дундуур байдаг. Ялангуяа лаазалсан бүтээгдэхүүнийг маш сайн шалгаж, авах хэрэгтэй. Манайхан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хугацааг өөрсдөө бичээд тэмдэглэчихдэг. Үүнд итгэхэд хэцүү.
Баянгол дүүргийн иргэн Л.БАТБААТАР: Үндэсний үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүн чанартай ч өндөр үнэтэй. Мэргэжлийн хяналтынхан гадаадаас ирсэн бүтээгдэхүүнийг хэр шалгадгийг мэдэхгүй.
Шинэ жил хаяанд ирж, төрөл бүрийн савласан бэлэг худалдаж эхэлжээ. Хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн нэлээд байна лээ. Гэвч манайхан хямд үнийг нь бодоод авчих юм. Мөн гудамжинд худалддаг орос хүнсний бүтээгдэхүүнүүд маш аюултай.
Өчигдөрхөн үйлдвэрлэсэн зайдас, молоко зэрэг бүтээгдэхүүн байх жишээний. Өчигдөр ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өнөөдөр Монголд ирчихдэг бол сайхан л байна. Манайхан хямд үнэ бус эрүүл мэндээ бодоосой.
Хан-Уул дүүргийн иргэн Э.ГАНБОЛД:
Нэгэнт зарж байгаа зүйлийг авахгүй, идэхгүй гээд яах вэ. Монголын үржил шимтэй хөрсөнд ургасан хүнсний ногоо болон ургамал, өвсөөр хооллосон малын мах, сүүний чанарт итгэдэг. Харин импортын бүтээгдэхүүнийг ёстой мэдэхгүй.
Баянгол дүүргийн иргэн П.ЭНХТУЯА:
100 хувь итгэлтэй байж чаддаггүй. Ер нь үндэсний үйлдвэрүүдийг л дэмждэг. Зарим хувийн үйлдвэрүүд шошгон дээрээ он, сар, өдрөө худлаа бичдэг юм билээ. Үүнийг болих хэрэгтэй. Манай гэр бүлийнхэн импортын бүтээгдэхүүнээс татгалздаг.
ДЭЛХИЙН ЖИШИГ
БНСУ хүнсний аюулгүй байдалд хяналт тавьдаг үндэсний дөрвөн байгууллагатай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2003 онд хийсэн судалгаагаар зөвхөн АНУ-д гэхэд л хүнсний аюулгүй байдлаас болж 76 сая хүн эрүүл мэндээрээ хохирч, 325.000 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 5000 хүн нас барсан байдаг. Тиймдээ ч энэ асуудалд дэлхийн улс орон бүр анхаарал хандуулж буй.
Хүнсний аюулгүй байдалд хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, орц найрлага төдийгүй хадгалалт, тээвэрлэлтийг чухалд тооцон хамруулдаг.
БНСУ-ын Хүнс, эмийн захиргаа 1945 онд байгуулагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих чиг үүрэг бүхий Боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, Импортын далайн бүтээгдэхүүн зэрэг хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьдаг дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж буй аж.
БНХАУ-ын хувьд хүнсний ногоо, жимс жимсгэнэ хамгийн их анхаарал татаж буй. Тиймээс тус улсын Засгийн газар газар тариалангийн бүтээгдэхүүний савлагаа, химийн нэмэлт бодис хэрэглэсэн эсэхэд тавих хяналтаа чангатгаж, эл ажлыг гүйцэтгэх Үндэсний хүнс, эмийн захиргааг байгуулжээ.
Америкийн нэгдсэн улсын Хүнс, эмийн захиргааны байгууллага нь тус улсын 56 мужийн 48-д нь салбартай. 1993 онд тус байгууллага хүнсний бүтээгдэхүүнийг химийн нэмэлт бүтээгдэхүүн орсон эсэх, генийн өөрчлөлттэй эсэх зэрэг онцлогоор нь төрөлжүүлэн ангилж, кодолсон.
Ингэснээр хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа кодоор нь ялгаж, сонголтоо хийх боломж олгосон юм. Өдгөө уг код таван төрөлтэй болоод буй.
Хүнсний аюулгүй байдлыг ханган ажилладаг 15 агентлаг байдгаас үндсэн хоёр агентлаг болох Хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн хяналтын алба нь мах, махан бүтээгдэхүүн, өндөг, өндгөөр хийсэн бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг хариуцдаг бол бусад хүнсний аюулгүй байдалд Хүнс, эмийн захиргаа хяналт тавьдаг аж.
О.УНДАРМАА
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
О.Нарантуяа: Хүнсний аюулгүй байдал алдагдуулвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлж торгоно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяатай ярилцлаа.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Иргэдээс баяр, наадмын үеэр хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэх санал гомдол их ирдэг.
-Иргэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон 1200, 1234, 1284 гэсэн тусгай дугаарт иргэд санал гомдлоо илэрхийлэх боломжтой.
Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан баг хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарт, норм журмыг ерөнхийд нь хянаж ажиллана.
Түүнчлэн 14 хоногийн өмнөөс МХЕГ-аас хүнсний бүтээгдэхүүн болон тэсэрч дэлбэрэх аюултай бараа бүтээгдэхүүнд хяналт тавих зорилгоор бусад мэргэжлийн байгууллагад хамтарч ажиллах санал тавьж, албан бичиг хүргүүлсэн.
Аливаа баяр наадам дөхөхөөр хүнсний бүтээгдэхүүний чанар доголдож байна гэсэн санал гомдол их ирдэг. Иймд түргэн муудаж, илч чанараа алдан, хүний эрүүл мэндэд хор хохирол учруулдаг бүтээгдэхүүнд хяналт тавихаар тусгай баг ажиллаж байгаа.
Мөн арванхоёрдугаар сарын 31-ний орой Чингисийн талбайд монголчууд баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
Иймд төв талбай дээр хүний эрүүл мэндэд халгүй бараа бүтээгдэхүүн борлуулах боломжтой иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дүүрэг бүрээс сонгон шалгаруулах журам баталсан.
-Хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах бараа бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?
-Хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих эрх, үүрэг нь МХЕГ-т бий. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс ажил үүргийн ерөнхий чиглэлийг гаргаж, түүнд нь хяналт тавих үүрэгтэй.
-Лабораторийн дүгнэлтээр хүнсний аюулгүй байдал алдагдсан гэж үзвэл улсын байцаагч ямар арга хэмжээ авах эрхтэй вэ?
-Анхааруулах, торгох, албан шаардлага тавих болон албан бичиг хүргүүлэх эрхтэй. Онц ноцтой зөрчил, дутагдал удаа дараа гаргасан тохиолдолд үйл ажиллагааг нь түр зогсоодог.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон хуурамч хүнс үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, түүгээр үйлчилсэн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож болно.
-Сүүлийн жилүүдэд ирээдүйгээс бараа бүтээгдэхүүн зарах нь бий. Үүнийг хэрхэн цэгцэлж байна вэ?
-Үүнийг хаяг шошгоны зөрчилд тооцдог. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд ч энэ төрлийн хэргийг шийдвэрлэх зүйл заалт бий. Түүний дагуу тохирох арга хэмжээг авна.
-Хүүхдийн бэлэгнээс хугацаа дууссан бараа өнөө жил ч гарах юм биш биз?
-Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнээр хүүхдийн бэлэг боох зөрчил өмнөх жилүүдэд их байсан. Иймд МХЕГ энэ төрлийн зөрчлийг арилгахаар эртнээс ажиллаж эхэлсэн.
А.ТҮМЭННОМИН
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Мэргэшсэн хүн байхгүйгээс зөрчил гардаг
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн ахлах байцаагч Д.Бадамжаваас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд илэрдэг зөрчил ямар байна вэ?
-Манай газар 2011 оноос хойш эрсдэлд суурилсан хяналт, шалгалт нэвтрүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан шалгалтуудаа хяналтын хуудас ашиглаж хийдэг болоод байгаа.
Ингэхдээ зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа зэрэг төрөл бүрийн аргуудыг хэрэглэж буй. Энэ онд бид хэд хэдэн чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Уг шалгалтын дүнгээс үзэхэд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрсдэл өнгөрсөн оныхоос нэлээд хувиар буурсан.
-Үйлдвэрүүдэд гардаг түгээмэл зөрчил нь юу вэ?
-Түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авах болон буцаан олгох, дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх нийтлэг журам зэрэг журмуудыг жижиг үйлдвэрүүд хангалтгүй хэрэгжүүлдэг.
Мөн эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлууд нэвтрүүлээгүй зөрчил нийтлэг байна.
-Яагаад журмаа биелүүлдэггүй юм бол?
-Үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, худалдаанд нэвтрүүлж буй бэлэн бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх ёстой байдаг. Томоохон үйлдвэрүүд борлуулалтын программ хангамж хийж, бүртгэлээ хийдэг.
Уг программ үнэтэй учир жижиг үйлдвэрүүд тэр бүр нэвтрүүлж чадахгүй байгаа. Мөн энэ талын мэргэшсэн хүн байхгүй учраас зөрчил гардаг.
-Үйлдвэрийн эрүүл ахуйн орчин стандартад нийцдэг үү?
-Үйлдвэрийн барилга, байгууламж, ажилчид, тэдний хувцаслалт ямар байх ёстойг зааж өгсөн байдаг. Гэтэл энэ зохистой дадал мөн л жижиг үйлдвэрүүдэд төдийлөн хангалтгүй.
Дунд болон том үйлдвэрүүд уг зохистой дадлуудыг нэвтрүүлж эхэлсэн. Үүний үр дүнд эрсдэл нь өнгөрсөн оны мөн үеэс нэлээд буурсан.
-Худалдаанд гарч буй бүтээгдэхүүн хоёр хоноод л муудаж байна гэдэг. Энэ юунаас шалтгаалдаг юм бэ?
-Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах хүртэл тогтоосон горимд хадгалдаг. Энэ мэт гомдлын мөрөөр бид үйлдвэрлэл эрхлэгч болон худалдагч дээр нь очиж, хамтарсан шалгалт хийдэг.
Үйлдвэрүүд бүтээгдэхүүнийг тогтоосон горимд хадгалж байна уу гэдэгт дотоод хяналтаа тавьдаг.
Гэтэл зарим худалдагч бүтээгдэхүүний шошгонд заасан хэмд хадгалаагүй байсан. Тэгэхээр худалдааны төвүүд үүнийг анхаарах ёстой.
-Ирээдүйгээс ирсэн бүтээгдэхүүн ямар учиртай вэ?
-Хэд хэдэн ийм гомдол манайд ирсэн. Бүр баримттай ханддаг. Зарим үйлдвэр шөнийн ээлжинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ маргаашийнх нь он, сарыг тавьчихдаг.
Мөн уг зөрчил хадгалалтын хугацаа урттай бүтээгдэхүүн дээр гардаг. Тодруулж хэлбэл, ийм бүтээгдэхүүний он, сарыг хойшлуулж тавиад байгаа юм.
Угтаа үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн тухайн өдрийнхөө огноогоор л явах ёстой. Тиймээс бид холбогдох арга хэмжээ авч байгаа.
-Зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн өдрийг балаар дугуйлсан байдаг. Ингэж болдог юм уу?
-Огноог тэгж бичих ёстой гэсэн стандарт байхгүй. Үйлдвэрлэгч өөрөө огноогоо бүтээгдэхүүний сав, боодол дээр тавих ёстой. Гэхдээ яаж тавих нь тэр хүмүүсийн асуудал.
Г.БАЯР
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил бүрэн арилаагүй гэв
Нийслэлийн төв, зүүн хэсгийн зүүн хэсгийн оршин суугчдын голлон үйлчлүүлдэг “Баянзүрх” худалдааны төвд очлоо. Тус төвийн лангуу түрээслэгчид өдөр бүр бараагаа шинээр татдаг аж.
Гэсэн ч худалдагчид бүтээгдэхүүний орц, найрлага, үйлдвэрлэсэн хугацааг тэр бүр шалгаж авдаггүй гэнэ. Зарим өдөр сүү, сүүн бүтээгдэхүүн гашилчихсан ирэх тохиолдол гардаг бөгөөд зарим бүтээгдэхүүний баглаа, боодол бүрэн бус байдаг ажээ.
Ийм тохиолдол бүрийг худалдагч гаднаас нь хараад мэдэх боломжгүй бөгөөд худалдан авагчид бараагаа буцаахаар ирэхэд нь л мэддэг гэнэ. Энэ талаар сүү, сүүн бүтээгдэхүүний худалдагч Дарь “Зун ууттай сүү гашилчихсан ирэх нь элбэг. Сүү, сүүн бүтээгдэхүүний хадгалах хугацаа богино байдаг.
Бид ирсэн бүтээгдэхүүнээ хөргөгчинд хадгалдаг ч зарим үед хоёр хоноод л гашилчих нь бий. Тэгэхээр хадгалах горим нь өөр байдаг юм уу, эсвэл үйлдвэрлэгдээд удсан сүү ирдэг байх.
Эхний өдөр бүтээгдэхүүн нь зүгээр байсан болохоор сүү гашилсан нь бидний буруу болох нь бий. Заримдаа бүтээгдэхүүн хүргэсэн түгээгчийн буруу ч болдог” гэв.
Үүнээс гадна хиам, элэгний нухаш дотроос бүлх маягийн зүйл гардаг тухай гомдол хэрэглэгчдээс олон очдог ажээ. Ялангуяа нарийн хиам дотроос ийм зүйл гарах нь их байдаг аж.
Худалдагчид энэ талаар бараа түгээгч нарт хэлдэг ч зөрчлөө арилгадаггүй гэнэ. Энэ мэтээр цаашлаад лаазалсан, даршилсан бүтээгдэхүүний талаарх гомдол түгээмэл юм байна.
Хүнсний бүтээгдэхүүний чанар, хадгалалтын талаар Баянзүрх дүүргийн VI хорооны иргэн Д.Надмидтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Баянзүрх захад худалдаж буй бүтээгдэхүүн өдөр тутам шинэчлэгддэг гэдэг ч зарим үед хүүхдийн сүү, компот зэрэг бүтээгдэхүүн муудчихсан байх нь бий.
Компот доторх жимс нь шилнийхээ дээд хэсэг рүү хөөрчихсөн бол муу байдаг гэж зурагтаар ярихыг сонссон. Гэтэл зарж буй бүхий л компот тийм байдаг. Тэгэхээр бид хадгалах горим зөрчсөн бүтээгдэхүүн иддэг шиг байгаа юм.
“Багро” гэх дотоодын үйлдвэрийн дарсан өргөст хэмхийн гол нь нүхтэй, зөөлөрчихсөн байдаг. Энэ мэтийг мэргэжлийн байгууллага нь шалгах ёстой шүү дээ.
Тэгж чадахгүй байгаа учраас өдөр тутмын хүнсэндээ аюултай бүтээгдэхүүн хэрэглэж байна. Зарим бэлэн гурил, хоолны хачирыг хаана хийсэн нь тодорхойгүй байдаг шүү дээ. Ялангуяа кимчи зэрэг халуун ногоог савлачихсан граммаар зарж байна” гэсэн юм.
Бүтээгдэхүүний хаяг, шошгын зөрчил харьцангуй багасаж байгаа гэх ч мэргэжлийн байгууллага болон үйлдвэрлэгчээс өгдөг мэдээлэл нь зөрүүтэй байдаг талаар нэгэн худалдагч хэлсэн юм.
Хотдог, бургер, кимбаб зэрэг бэлэн бүтээгдэхүүнийг гурав хоног хадгалж болно гэж шошго дээр нь бичсэн байдаг аж. Гэтэл эрүүл мэндийн байгууллага дээрх бүтээгдэхүүнийг хийснээс хойш гурван цагийн дотор идэх ёстой гэдэг гэнэ.
Тиймээс дээрх бүтээгдэхүүнийг худалдахад төвөгтэй байдаг аж. Түүнчлэн “маргааш”-ийн бүтээгдэхүүн ирээдүйгээс ирэх зөрчил мэр сэр гардаг гэв. Уг зөрчил гурилан бүтээгдэхүүн дээр гол төлөв ажиглагддаг гэнэ.
Зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноог балаар зурсан байдаг. Үүнд хүмүүс их эргэлздэг аж. Харин зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноог нэг өдрөөр түрүүлж дарах зөрчлийг ихэнхдээ тухайн ажилтны хариуцлагагүй үйлдэл гэж тайлбарладаг.
Тодруулбал, “Маргааш”-ийн бүтээгдэхүүний талаар компаниас тодруулаад “Сав баглаа, боодол хариуцсан ажилтан нь он, сараа андуурчихсан байна лээ” гэх тайлбарыг хэлдэг гэнэ.
Харин зарим нь “Бид бүтээгдэхүүний сав, баглааг олноор нь захиалж хийлгэдэг. Савлахдаа л баглаа, боодлынхоо хугацааг анзаарахгүй уутлачихдаг” гэдэг юм байна.
Ийнхүү хүнсний бүтээгдэхүүн худалдагчид болон худалдан авагчид хаяг шошго, хадгалалтын талаарх хэл ам арилаагүй байгааг хэлэв.
Г.ЦЭЦЭГ