“Монгол Улс бизнестээ эргэн ирлээ”. Улаанбаатар хот дахь тансаг зэрэглэлийн “Шангри-Ла” зочид буудлын нэг давхрын хүлээн авалтын танхимд “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ингэж хэлсэн юм. 2015 оны хамгийн гэрэл гэгээтэй, онцлох эшлэл энэ байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын зээлийг олон улсын 15 банк, таван улсын Засгийн газрын хөгжлийн агентлагаас авахаар болсон нь ч Монголын хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй.
Монголд бүртгэлтэй компани урьд хожид ийм хэмжээний санхүүжилт татаж байгаагүй юм. Энэ үйл явдлыг шинэ амжилт хэмээн монголчууд сэтгэл догдлон хүлээж авахгүй байх шиг.
10 гаруй тэрбум долларын өртөгтэй аварга цахилгаан станц, үүнээс гурав дахин илүү санхүүжилттэй нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр ярьж буй бидний анхаарлыг 4.4 тэрбум “ногоон” татахгүй нь. 10-хан тэрбум ам.долларын эдийн засагтай ч монголчуудын нүд дассантай холбоотой.
Монголын эдийн засаг 2015 онд барьц алдсан. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ үргэлжлэн унаж, валютын орлого багаслаа. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалтын урсгал тасрав. Улмаар ам.долларын хомсдолд орлоо.
“Ногоон”-ы ханш 2000 төгрөг шүргэж, эдийн засгийг “гацаах” зангуу болов. Төгрөгийн ханшийн сулралыг зогсоохоор Төвбанк бодлогын хүүгээ 13 хувь болгож нэмсэн. Хатуу бодлого зах зээлээс бэлэн мөнгийг хамж, цусны эргэлтгүй болголоо.
Мөнгөний нийлүүлэлт жилийн өмнөхөөсөө 52 тэрбум төгрөгөөр буурчихсан байна. Мөнгөгүйдсэн зах зээл ялаа шигээ бээрээд удав. Төсвийн алдаатай бодлого дотоодын зах зээлээс мөнгө татаж, эдийн засгийнхаа тэнхээг сорсоор байна.
Баримжаагаа алдсан Засгийн газар гадаадын зээл, тусламжаас зуурч авлаа. Ангал руу унахгүйн тулд ингэхээс өөр сонголт байсангүй. Ирэх жил орж ирэх гадаадын зээл тусламж дээр “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

“Оюутолгой” компани ирэх жил далд уурхайн бүтээн байгуулалтад нэг тэрбум орчим ам.доллар зарцуулна гэж удирдлагууд нь мэдээлж байна. 3000 орчим хүн шинээр ажилд авна. Тэднийх Монголын зах зээл рүү дор хаяж 700-800 сая ам.доллар урсгах нь.
3000 ажилтны цалин хөлс худалдаа, үйлчилгээний салбарт шингэх нь. Ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн бизнес идэвхжих нь. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхийг хүлээж буй хөрөнгө оруулагчид Тавантолгойн цахилгаан станцыг барих санал өгнө. Барилгын ажил ч удахгүй эхэлнэ.
Энэ бол бас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засагт нэмүү өртөг бий болгох мега төслүүдийн нэг юм. Хөрөнгө оруулагчид яг одоо Монголыг томруулдаг шилээр харж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ингэж Монголын эдийн засаг барьцтай боллоо.
Ирэх жил компаниуд бизнесийн төлөвлөгөөгөө арай өөдрөгөөр төсөөлөх биз. Ам.долларын ханш тогтворжих, Төвбанк бодлогоо зөөлрүүлэх нөхцөлийг “Оюутолгой” бүрдүүлчихлээ.
Олон улсын зах зээлд ажилладаг түншүүд нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд “Хэн ч уул уурхайд хөрөнгө оруулах дургүй байхад танай улс их хэмжээний санхүүжилт татаж чадсан нь гайхалтай” гэж ярьжээ.
Эрдэс түүхий эдээ борлуулж, орлого олдог бүх орны эдийн засаг хүнд байгаа. Тэд манайд атаархаж ч байж магадгүй.
Гэтэл манайхны дунд “Оюутолгой” төслийг эсэргүүцдэг хүн цөөнгүй бий. Хөрөнгө оруулалтын зардлаа хэтрүүлсэн гэж шүүмжилдэг нэг хэсэг байхад нэмж санхүүжилт татах ёсгүй гэж үзэх “нөхөртэй” ч таарна.
Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээс Монгол Улсын ногдол ашиг авах хугацаа хойшилсоор байна гэж санаа тавьдаг хүмүүс ч байгаа. Манайх ногдол ашиг авахгүй бол “Рио Тинто”-д ч хүртэхгүй.
Тиймээс хамтрагчаа хардах хэрэггүй юм. Дахин зардал хэтэрвэл “Рио Тинто” хариуцахаар болсон гэнэ. Маргаан дахин дэгдэхээс болгоомжилж ийм алхам хийсэн бололтой.
Олон нийтийн хандлагаас “Оюутолгой” төсөл жижиг улстөрчийн ам мэхэнд унахааргүй болж торнижээ гэж дүгнэж болохоор байна. Мэдээж олон арван жил хэрэгжүүлэх мега төсөл тул зам зуурт нь олон даваа нугачаа таарч, сорих биз.
Чухам үнэн нь “Оюутолгой” төсөл Монголын эдийн засгийг өсгөх том хөдөлгүүр байх юм. Уг төслийн шууд нөлөөгөөр 2018-2019 онд Монголын эдийн засаг 35 их наяд төгрөг болж өснө гэж таамаглаад байгаа. Тиймээс л “Монгол бизнестээ эргэн ирлээ” гэж ам бардам хэлж буй за.
Т.ЭНХБАТ
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилтийн гэрээг баталгаажуулсан нь Монгол Улсын эдийн засагт ямар нөлөөтэй талаар эдийн засагч, шинжээчдээс тодрууллаа.
Ж.ДЭЛГЭРСАЙХАН (СЭЗДС-ийн багш, эдийн засагч):
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээг баталгаажуулсан нь Монгол Улсад шууд болон дам байдлаар эерэг нөлөөтэй.
Бүтээн байгуулалтад л гэхэд жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулна гэж байгаа. Гэхдээ хоёр сар, хагас жилд гэдэг ч юм уу Монголын саарсан эдийн засгийг өсгөхөд шууд нөлөөлөхгүй байж мэднэ.
Сүүлийн саруудад гадаадын үнэлгээний байгууллагууд Монголын зэрэглэлийг бууруулж, гадаад зах зээлд манай улсын тухай сөрөг хандлага бий болоод байгаа. Үүнийг өөрчлөхөд ач холбогдолтой.
Гэхдээ үүнээс гадна анхаарах зүйл бас бий. “Оюутолгой” төслийн анхан шатны бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн болон татвартай холбоотой асуудлыг тодорхой болгох шаардлагатай.
Үүнд судлаачид эргэлзэж байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр Монгол Улс уг төслийн 34 хувийг эзэмшдэг тул өр нэмэгдэж байгаа.
Уг төслөөс орж ирэх үр өгөөж болон өрийн харьцаа ямар байх вэ гэдгийг бодолцон, эрсдэлээ тооцох ёстой.
Ш.АЛТАНЦЭЦЭГ (Монгол дахь Дэлхийн банкны эдийн засагч):
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх нь бодлогын шинэчлэлийг аль болох бага зардлаар үргэлжлүүлэх, мөн төлбөрийн тэнцлийн эрсдэлийг зөөллөхөд чухал үүрэгтэй.
Гадаад эрэлт сул байгаа орчинд хөрөнгийн орох урсгал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх нь 2016 онд эдийн засгийн идэвхжил аажмаар сэргэхэд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна.
Нэг талаас бодлогын шинэчлэлийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх таатай боломж олгох бөгөөд эсрэг тохиолдолд энэ нь зардал өндөртэй байх талтай.
Гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь төлбөрийн тэнцлийн эрсдэл буурахад нөлөөлж, Монгол Улсын эдийн засаг урт хугацааны нөөц боломжоо бодит болгоход дэмжлэг үзүүлэх юм.
Үүний тулд хөрөнгө оруулалтын тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц бодлого, зохицуулалт шаардлагатай бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зохистой хэрэгжүүлэх нь мөн үүнд хамаарна.
Гадаадын хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй холбоотой тодорхойгүй байдлыг түргэн шуурхай, ил тод замаар арилгах нь Монгол Улс руу чиглэх хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй.
А.БИЛГҮҮН (Mongolian Investment Banking Group) MIBG компанийн гүйцэтгэх захирал:
-Оюутолгойн санхүүжилт батлагдсан нь үндсэн гурван эерэг нөхцөлийг бий болголоо гэж үзэж байна. Нэгдүгээрт, манай улсын эдийн засагт үзүүлэх шууд нөлөө нь ажлын байр бий болох, төрөл бүрийн татварууд, дотоодын ханган нийлүүлэгчдээс авах худалдаа, үйлчилгээ нэмэгдэх асуудал.
Энэ оны эхний есөн сарын байдлаар “Оюутолгой” компани Монгол Улсын төсөвт 160 орчим сая ам.долларын татвар, 40 гаруй сая ам.долларын нөөц ашигласны төлбөр төлсөн байна.
Мөн хугацаанд дотоодын ханган нийлүүлэгчдээс 210 орчим сая ам.долларын худалдан авалт хийсэн дүн бий. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ.
Эдийн засаг, хөрөнгө оруулалтын ийм муу үед төслийг үргэлжлүүлнэ гэдэг бол маш чухал. Оюутолгойг хөдөлгөж чадсан нь цаашлаад алт болон зэсийн хайгуулын шатанд буй олон төслийг санхүүжүүлэх нөхцөл бүрдүүлж байна.
Энэхүү мэдээнээс хамгийн их хожих боломжтой компаниуд нь “Erdene Re¬source Development”, “Xanadu Mines”, “Kincora Copper” юм. Гуравдугаарт, Монгол Улсын таваарын, ялангуяа зэс, алтны дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын зах зээлд эзлэх байр суурь бэхжинэ.
“Оюутолгой” компани 2016 онд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ 80 хүртэлх хувийг борлуулах гэрээ хийж чадаж буй энэ нөхцөлд урд хөршийн зах зээлийг Монголын бүтээгдэхүүнээс илүү хамааралтай болгоно.
10 жилийн өмнө БНХАУ-ын ДНБ 2.3 их наяд ам.доллар байсан бол энэ онд 11.3 их наяд болж өссөн. Тиймээс дэлхийн тэргүүлэгч эдийн засаг болохоор давшиж буй БНХАУ-ын зах зээлд Монгол Улс байр сууриа бэхжүүлэх нь нэн чухал.
Ч.ОТГОЧУЛУУ (“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч):
-Далд уурхайн бүтээн байгуулалтын үе шатанд жилд дунджаар нэг тэрбум ам.доллар манай эдийн засагт орно. “Оюутолгой” төслийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт эрчимжиж, 2018-2019 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 35 их наяд төгрөгт хүрэх боломжтой.
Мөн энэ төсөл дотоодын бизнес эрхлэгчдийг дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлтэй холбох гүүр болж өгнө. Ингэснээр бусад төсөл, хөтөлбөрт гадаадын зах зээлээс хөрөнгө татах боломж нэмэгдэнэ.
“Оюутолгой” төслийн санхүүжилтээс гадна үүнийг дагасан шууд бус хөрөнгө оруулалт ч өснө. Зэсийн үнэ болон бусад хүчин зүйлсээс хамаарч эдийн засаг 2019-2022 онд хоёр оронтой тоогоор өсөх боломж бий.
Гэхдээ мэдээж дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ, бодлогын тогтвортой орчин гэх зэрэг хүчин зүйлсээс хамаарна. Энэ онд л гэхэд төсвийн орлогын 10 орчим хувийг “Оюутолгой” компани дангаараа бүрдүүлэх боломжтой.
Цаашид баяжмалын агуулга, зэсийн үнэ, импортлох тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хэлбэлзлээс хамаарах хэдий ч ерөнхийдөө эерэг нөлөө үзүүлнэ.
Хамгийн гол нь “Оюутолгой” төслийг тойрсон дэд бүтэц, бүтээн байгуулалтын явцад нэмэлт орлого бүрдүүлэх боломжтой. Үүнд төмөр зам, цахилгаан станц, хайлуулах үйлдвэр гэх зэрэг багтана.
М.БОЛД: (“Хасбанк”-ны гүйцэтгэх захирал)
“Оюутолгой” төслийн эхний шатны хөрөнгө оруулалтын өгөөжөөр манай эдийн засаг хоёр оронтой тоогоор өссөн. Далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд ойрын нэг, хоёр жилийн хугацаанд эдийн засаг эрчимтэй өснө гэж харж байгаа.
Мөн энэ төслийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр манай эдийн засаг урт хугацаанд тогтвортой өснө. Үүнээс гадна валютын ханш тогтворжих суурь нь бүрэлдэнэ.
Зээлийн хүү буурах, үнэ ханш, инфляц тогтворжиход ч энэ хөрөнгө оруулалтын ач холбогдол их юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд олон монгол хүн орлоготой болно.
Мөн энэ төсөлд бараа, үйлчилгээ нийлүүлж буй дотоодын компаниудын бизнес хэдэн жилээр тогтвортой байна. Тиймээс энэ төсөл зогсолтгүй үргэлжилж л байвал сайн.
Б.ДӨЛГӨӨН (Эдийн засагч:)
-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр дараагийн долоон жилд дунджаар ДНБ-ий 4-9 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө орж ирнэ гэж таамаглаж байгаа.
Энэ хүрээнд эхний жилдээ л гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээгээр нэмнэ.
Оюутолгойн дараагийн шатны санхүүжилтийг баталснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт хэд дахин өснө гэсэн хүлээлт үүсгэх сонирхолтой бүлэг бий. Гэхдээ бид өөрсдийгөө тэгж хуурах хэрэггүй байх.
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жил 2011 онтой харьцуулбал (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 35 хувиар өссөн. Манай эдийн засаг өмнөхөөсөө илүү томорсон. Ийм үед 2010, 2011 онтой дүйцэхүйц хөрөнгө орж ирлээ ч гэсэн нөлөө нь багассан гэсэн үг.
Далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх шатныхаас бага байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор мөнгөний нийлүүлэлт хэр их болохыг би мэдэхгүй байна. Далд уурхайн бүтээн байгуулал-
тын ажил үргэлжлэх хугацаанд 600 сая долларын НӨАТ, импортын татвар авна. Энэ нь жилд дунджаар 86 сая ам.доллар болж буй.
Мөн төслийн хоёр дахь шатыг санхүүжүүлэхэд 6.8 тэрбум ам.доллар шаардлагатайгаас 4.4 тэрбум ам.долларыг гадаадын зах зээлээс босгож, бусдыг нь ашгаасаа санхүүжүүлнэ. Мэдээж гадаад валют орж ирвэл төгрөгийн ханш тогтворжино.
Ц.БОЛОР, Н.САНЖАА