Э.ЛУВСАНБАЛДАН
Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор
Өнгөрөгч зууны ерээд оны эхээр одон бүү хэл ойн медаль ч үгүй, ер нь энгэртээ гялайх ганц ч юмгүй хүмүүс хувийн атгаг санаагаар төрийн шагналын дээд нь болсон одон, медалийг үл тоомсорлосон дүр үзүүлж, голох нь их байлаа.
Хэрэв тийм хүнд аз дайрч, одон шагнавал дуртай нь аргагүй инээсээр хоёр гардан авдаг байв.
Одон тэмдэг нь улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө буюу хөдөлмөр бүтээлээр гарамгай гавьяа байгуулагсдын идэвх зүтгэлийг үе үеийнхэнд дуургасан үлдээхийн тулд анх үүсчээ.
Харин аливаад хойш суугчдад насан турш горьдсон ч эс олддогийг дурьдсу. Бидний өмнөх үе юуны учир хишиг гавьяа хүртэж байсныг эх сурвалжаас эргэн харъя.
ХААНЫ ХИШИГ-ЭРДЭНИЙН ОЧИР ОДОН
1911 онд тусгаар улс болсон даруйд Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг байлдсан цэрэг, дарга, жанжин, сайдуудын зэрэг дэвийг ялгаварлан үзэж, хааны зарлигаар хишиг хүртээдэг байжээ.
Жишээ нь: Дарьганга зэрэг зүүн өмнөд хязгаарыг хамгаалан тохинуулах цэргийг захирах сайд гүн Сумъяа, дэд түшмэл Бавуужав нар гамин цэрэгтэй удаа дараа байлдан, 500-гаадыг устгаж, зэр зэвсэг олзлон, газар орныг төвшитгөж, улсын сүрийг бадруулсны учир Ялгуун баатар цол, Тогосын отгот улсад туслагч гүн хэргэм, хошуу захирах тамга, Шударга баатар Бавуужавд тэргүүн зэргийг нь үе улируулан залгамжлах хишиг болгон тус тус шагнасан зарлигийг Монголын хаан гаргасан байна.
Энэ байлдаанд тэргүүлэн давшиж, үлэмж хүчлэн байлдсан, шарх олсон түшмэл цэргүүдээс удаа дараа байлдсанд нь баатар цол олгох, зэрэг дэв жинсгүйд нь VI зэрэг шагнах хүсэлтээ ирүүлэх, байлдаагүй ч байлдааны үеийн элдэв албанд хүчин зүтгэгсэд, хороо, ангийн жагсаалын дарга нарт таван лан мөнгө, аравны даргаас доош түшмэл цэргүүдэд гурван лан мөнгө, байлдаанд их буу, пулемёт тавьж (буудаж) онц хүчин зүтгэсэн орос сургагч Буянтад (тэр үед гадаадынханд монгол нэр давхар олгодог байв) тэргүүн зэргийн Эрдэнийн очир одон, орос сургагч Бадам, хэлмэрч Цэвэг нарт III, IV зэргийн Эрдэнийн очир одон шагнажээ.
Амь эрсдэгсдийн ураг саданд хоцроох хишгийг үе улируулан залгамжлуулах, хойтын буянд нь мөнгө олгохоор зарлигт дурджээ (Үндэсний түүхийн архив. хөмрөг № А-4, данс I, хадгаламжийн нэгж 173, тал I).
Монголын хаан зүүн, зүүн өмнөд хязгаарт болсон байлдаануудад агт уналга, орон байр зэргийг шуурхай нийлүүлж, дагаар ирэгчдийн хэргийг зохисоор шийдвэрлэсэн Егүзэр хамба хутагт Галсандашид Зүүн хязгаарыг тохинуулах сайдын тамга шагнасан зарлиг буулгасан байдаг.
Энэ мэтээр цалин цагаан мөнгөнөөс эхлээд тогосын өд бүхий отго, тэргүүн, дэдээс эхлээд (гууль, хөх, цагаан шил, оюу, номин, шүр гэх мэт) зургаан зэрэгтэй жинс, шудрага, зоригт, ялгуун, хатан, манлай зэрэг чимэг бүхий баатар, улсад туслагч гүн, түшээ гүн, бэйс, бэйл, ван, жүн ван, чин ван, хан, жанжин мэт хэргэм зэргийг үе улируулан залгамжлах урамшил шагналтай байв.
Эл цол хэргэмээ гадаадынханд ч хүртээдэг байсан. Үүний зэрэгцээ шашин, төрийн эрхийг хослон барьсан Монголын хаант засаг гадаадынханд зориулан тухайн нийгэм, төрийн онцлогийг агуулсан Эрдэнийн очир одон буй болгосноо олонд зарлаж, Гадаад яамнаас Нийслэл хүрээнд суугаа Оросын ерөнхий консулд явуулсан нугалбарт энэ тухай тодорхой дурджээ.
Үүнд: “Ноднин жил өвөл цаг манай яамнаас аливаа гадаад улсын сайд, түшмэдийг сайшаан хөхиүлэн шагнахаар олон улсын одонгийн дүрмийг үлгэрлэн, тэргүүн, дэд, гутгаар гурван зэрэгт Эрдэнийн солиболсон алтан очир бүхий одонгийн тухай 12 зүйлийг зохиож, дүрэм, хэмжээг тогтоосныг ... эрхэм Генералын консул сайд танд найртай сайны ёсоор мэдтүгэй хэмээн явуулсан” гэжээ.
Монгол, Оросын хооронд гэрээ байгуулахад хичээн зүтгэсэн Засгийн газрын төлөөлөгч, сайд Кростович, түүнийг дагалдан ирсэн түшмэл Элдаев, Нийслэл хүрээнд суугаа жүн ван зэрэг Оросын ерөнхий консул Лаев нарын долоон хүнийг Эрдэнийн очир одонгоор шагнасныг мэдэгдээд, “Эрдэнийн очир одонгуудыг дараа үйлдүүлж олгоно” хэмээн тамга дарсан бичгүүдийг (үнэмлэхүүдийг) шагнагдагсдад гардуулжээ.
Оросын хаан II Николайг тэргүүн I зэргийн (шижир алтан) Эрдэнийн очир одонгоор анх удаа шагнасан мэдээ байдаг. “1913 оны өвөл Петербург хотод анх хүмүүсийн нэрсэд Ерөнхий сайд бөгөөд Сангийн яамны сайд Владимир Николаевич Коковцов, Гадаад хэргийн яамны тэргүүн сайд Сергей Дмитрович Сазанов, Цэргийн яамны тэргүүн сайд Владимир Александрович Сухамлинов, Дотоод яамны тэргүүн сайд Александр Александрович Михайлов, өмнө өгүүлсэн Кростович нарт чин вангийн зэргийн Эрдэнийн очирыг шижир алтаар үйлдүүлж олгов” хэмээн бичсэн буй.

Харин Гадаад яамны дэд сайд А.Н.Николай Нийслэл хүрээнд байгаа Оросын ерөнхий консул нарын дөрвөн хүнд жүн вангийн зэрэг Эрдэнийн очирыг түрхэц алтаар үйлдүүлж олгосноо тэмдэглэсэн байдаг (МҮТА хөм-А-4, д-I, хн 171, т, 7). Энэ нь Эрдэнийн очирыг онцгой тохиолдолд шижир алтаар, бусдад нь түрхэц алтаар хийж байсны гэрч. Очируудыг зэсээр үйлдэж, алт түрхдэг байжээ.
Эл одонгууд 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын жилүүдэд тасалдангуй байсныг 1991 онд БНМАУ-ын Бага хурлаас сэргээж, дүрсийг шууд хуулбарласан нь нэг л хачин санагдана.
Очир гэдэг нь шарын шашины зан үйлд хэрэглэдэг хонхны дагуул билээ. Очирыг хөгжмийн зэмсгийг төлөөлж, эл одонд суулгасан юм болов уу гэхээр бас боломгүй. Монголд морин хуураас эхлээд бусад улс оронд давтагдахааргүй үндэсний хөгжмийн зэмсэг бий.
Шашин талаас нь үзэхээр Монголын орчин цагийн төр нь шашинаас тусгаар гэж Үндсэн хуульд тунхагласан.
Яахаараа бид шашины онцлох тэмдгийг төрийн шагналын төвшинд зориуд тавьсан юм бол? Энэ бол хуучнаа сэргээнэ гэдэгт туйлширч, түүний агуулгыг танин мэдээгүйтэй холбоотой юм биш байгаа.
Юутай ч төрийн дээд уламжлалт шагналын тухай анхаарах асуудлын нэг нь энэ мөн гэлтэй.
АРДЫН ТӨРИЙН УРАМШИЛ-БИЧИГ, ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН
Ардын хувьсгалын дараахан гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг хүчлэн байлдагсдыг шагнах нь зүй ёсных болжээ. Гэвч Үндсэн хуультай болж, зэрэг дэвийг шийдэх хүртэл уг асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэж тэр үед төр, засаг үзжээ.
1921 оны арванхоёрдугаар сарын 4-нд Монгол Улсын Засгийн газраа олон яамны сайдууд, Засгийн газрын зөвлөх түшмэл, нарийн бичгийн дарга, яамдын зөвлөх, эрхэлсэн түшмэл, нам, эвлэлийн төлөөлөгч хамтран хуралдсан 27 дугаар хурлын тогтоолд “Зүүн хязгаарыг батлан тохинуулах сайдаас тус хязгаарт баатарлан байлдаж, хүчин зүтгэсэн түшмэл, цэргүүдийг сайшаан хөхиүлэхийг эрж, нэрс сийрүүлэн, Цэргийн яамнаа мэдүүлснийг хэлэлцээд энэхүү хүчин зүтгэсэн түшмэл, цэргүүдийг сайшаан хөхиүлэх нь зүйтэй ч энэ хэр бидний Ардын засаг байгуулснаас нааш хараахан Үндсэн хууль тогтоож, зэрэг дэвийг тогтоон туурвиагүй тул харьяат түшмэл, цэргүүдийг энэ удаа хөхиүлэхийг түдгэлзэж, хүлээлгэхээр тогтов” гэжээ (МҮТА. хөм.1. д-I, хн. 09. т-62).
Тэгэхдээ тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн гавьяа зүтгэлийг үнэлэн үзэхийг эрхэмлэдэг байв. 1923 оны наймдугаар сард Засгийн газрын 23 дугаар хурлаас “Ноднин жилийн хоёрдугаар сард Дотоод ба Цэргийн яамнаас харгис дайсныг хядан сөнөөхөд онц хүчин зүтгэсэн түшмэл, цэргүүдийг сайшаан хөхиүлээд, амь эрсдэгсдийн хойтын буянд шагнах мөнгийг нэхэмжлэн ирэхийг түр хойшлуулсан.
Одоо Сэцэн хан аймгаас цэрэг Авирмэд, Ширнэн нарын 14 хүний хойтын буянд 490 лан мөнгө олгуулахыг хүссэнийг ёсоор болгон батална” гэжээ (МҮТА хөм.1, д-1, хн-165, т-28-29).
Мөн оны намар харгис хулгай Дамбийжанцанг устгахад ихэд арга хүч хэрэглэсэн сайд бэйс Дугаржав, дарга Балдандорж, Нанзад нарт тус бүр 1000 янчаан, хамт очсон дөрвөн цэрэгт нэг бүр 500 янчаан улсаас олгожээ (дээрх нэгж. т-145-147).
Ардын засгийн эхэн үед Эрдэнийн очироор шагнах журмыг түр мөрдөж байв. Тухайлбал: 1922 оны долдугаар сард ЗХУ-аас Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрхт төлөөлөгч А.Я.Отхинд олгосон №1 тоот үнэмлэх бичигт дурдахдаа: “Зөвлөлийн засагт Орос улсын Гадаад явдлын яамнаас Нийслэл хүрээнд суугаа эрхэм орлосон төлөөлөгч Отхин ... таны бие манай Нийслэл хүрээнд хүрч ирснээс нааш хоёр улсын найрамдлыг улмаар бататгах зэргийн элдэв хэрэгт чин үнэн санаагаар чармайн зүтгэж, ихэд тусламж үзүүлсэн.
Үүнд “Ардын засгийн газар, ард түмэн ихэд сайшаан баярлах учир Эрдэнийн очир одон шагнав” гэжээ.
1923 оны арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын 50 дугаар хурлаас Цэргийн яамны дайчлан бүртгэх хэлтсийн сургагч Меркуловыг Монгол Улсын албанаа удтал чармайн зүтгэснийг сайшааж, туслагч гүн зэргийн Эрдэнийн очир, 125 төгрөгөөр шагнажээ.
1924 онд Улсын анхдугаар их хуралд Дотоод яамны сайд Навааннэрэн илтгэхдээ “Аливаа гавьяа байгуулагсдад хуучныг журамлан жинс цол олгох нь зохилдохгүй болсон учир гавьяаг тэнцүүлэн, гадаадын боловсон улсын дүрмээр Эрдэнийн одон тэмдэг олговоос зохихыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж, одон тэмдгийн маяг, дүрмийг төлөвлүүлэхээр тогтсон” гэжээ.
Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхээр БНМАУ-ын цэргийн болон бичгийн гавьяаны одон тэмдгүүдийн дүрс олныг зуруулснаас ЦЯЯ-ны Бичиг зохиох хэлтсийн зураач Сампилын загварыг сонгон шалгаруулж, 1925 оны зургадугаар сарын 19-нд Засгийн газрын 21 дүгээр хурлаас баталжээ.
Эдгээр одон тус бүр гурван зэрэгтэй, түүгээр шагнах дүрмийг боловсруулан хэвлүүлсэн байна.
Жанжин Сүхбаатартай хамт ард олны эрх чөлөөний төлөө чармайн зүтгэсэн Лосол, Дамбадорж, Цэрэндорж нарт 1926 оны арванхоёрдугаар сарын 31-нд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 71 дүгээр хурлаар Бичгийн гавьяаны I зэргийн одон, Чойбалсан, Жадамба, Магсаржав нарт Цэргийн гавьяаны I зэргийн одон шагнасныг маргааш нь Улсын IY их хуралд мэдээлжээ.
Тэр цагаас хойш Бичгийн гавьяаны одон нь Аж үйлдвэрийн гавьяаны, 1940-өөд оноос Хөдөлмөрийн гавьяаны одон нэртэй болов. Цэргийн гавьяаны одонг Цусан гавьяаны, Байлдаан гавьяаны улаан тугийн, Байлдааны гавьяаны одон гэж нэрлэх болсон билээ.
Үргэлжлэл бий