Манай оронд 1980-1990 онд гадаад, дотоодын томоохон компаниуд судалгаа хийж, газрын гүний усны нөөц багасах магадлалтай учраас Улаанбаатар хотыг гадаргын усан хангамжийн системд шилжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Төр, засгаас хөрөнгө гаргаж судалгаа хийлгэж байжээ.
Тэдгээр судалгааны үндсэн дээр Туул гол, Тэрэлжийн бэлчирт далан байгуулах замаар усан сан үүсгэж, Улаанбаатар хотыг гадаргын усаар хангах боломжтой гэсэн тооцоо гаргасан нь ч бий.
Үүний дагуу өдгөө Туул голд усан цогцолбор байгуулах талаар ярих болсон билээ. Уг байгууламжийг барьснаар нийслэлчүүдийг гүний болон гадаргын усаар хослуулан хангах боломж бүрдэх юм.
Туул голын усыг боож, далан байгуулах замаар усан сан үүсгэж, цогцолбор байгуулснаар бид тус голын урсацыг тохируулдаг болно. Ган гачигтай жил цогцолбороос голынхоо урсацыг нэмж, тэтгэх боломжтой.
Хуртай бол урсацыг барьж, усан сангаа дүүргэнэ. Цогцолбор барьснаар 250.000 шоо метр усыг Улаанбаатар хотод нийлүүлэх төдийгүй усан хангамж 100 жил доголдохгүй гэсэн тооцоо бий.
Олон улсын жишгээр хаана усан сан байгуулна, тэр орчинд нь маш их чийг хуримтлагдаж, экологийн тааламжтай нөхцөл бүрддэг гэдэг. Үүн шиг манайхан ч усан сангийнхаа усыг ашиглаад зогсохгүй тухайн хэсгээ тохижуулж, эрүүл, цэвэр орчин бүрдүүлэхийг зорьжээ.
Мөн цогцолборынхоо хэрэгцээг хангах цахилгаан үйлдвэрлэж, голын, хурын, шар ус цэвэршүүлэх станц барьж, байгальд ээлтэй орчин бүрдүүлэхээр төлөвлөж буй юм.
Цогцолбор байгуулсан газраасаа Улаанбаатар хот руу ус дамжуулах шугам хоолой татахаас гадна Туул голын загас, ургамал амьтны эко системийг зохицуулж, загас үржүүлэх ч боломжтой гэнэ.
2020 ОНД УНДНЫ УС ХОМСДОХ АЮУЛТАЙ
Туул гол нь нийслэлийн ундны усны гол эх үүсвэр бөгөөд шинэ төсөл хэрэгжүүлэх талбай тус голын сав газрын 15.08 хувийг хамрах гэнэ. Гүний усаа хэмнэж, хайрлахгүй бол 2020 онд гэхэд л усны хомсдол нүүрлэх дохиог эрдэмтэн судлаачид өгөөд буй.
Гүний усны хэмжээ хязгаартай. Тиймээс Туул усан цогцолборыг барих ажлыг 1980 оноос хойш ярьсаар ирсэн. Гэвч ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргаагүй, бас энэ талаар ажил эхлэх тухай шийдвэр гаргах түвшинд төдийлөн авч хэлэлцээгүй байсан юм.
Усан цогцолборын ТЭЗҮ-ийн урьдчилсан шатны судалгаануудад үндэслэн ойролцоогоор 400 сая ам.долларын өртөгтэй бүтээн байгуулалт болно гэж үзэж байлаа. Тэгвэл өчигдөр Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэл, техникийн зураг боловсруулах талаарх хэлэлцүүлэг уулзалт болсон юм.
ТЭЗҮ-ийг гурван хувилбараар боловсруулжээ. Одоогоор санхүүжилтийг хаанаас, хэрхэн гаргах нь тодорхойгүй байгаа юм. Учир нь эхний ээлжид гурван хувилбар гаргасан бөгөөд дараа дараагийн судалгаа, дүгнэлтүүдэд үндэслэн аль оновчтойг нь сонгох шаардлагатай. ТЭЗҮ-г баталсны дараа санхүүжилтийг хэрхэхийг тодорхой болгох аж.
2020 ОНД ЦОГЦОЛБОРЫГ БАРЬЖ ДУУСГАХ БОЛОМЖТОЙ
Туул усан цогцолбор төслийн хүрээнд ТЭЗҮ, техникийн зураг төсөл боловсруулах ажлыг Ус сувгийн удирдах газар, нийслэлийн ЗДТГ-аас захиалга өгч, БНСУ-ын “Юшин инженеринг”, Монголын “Престиж групп” компани хамтран боловсруулжээ.
ТЭЗҮ-ийн эхний хувилбараар бол цогцолборыг Туул голын эх, Босгын гүүрийн орчимд барихаар тусгасан бол хоёрдугаар хувилбарт Туул, Тэрэлжийн голын бэлчирт барихаар тооцжээ. Харин гуравдугаар хувилбарт, Гачуурт, Налайхын дунд барихаар тусгасан байна.
Албаныхны зүгээс хэлэлцээд нөөц боломж, байгууламжийн хүчин чадал, байгаль орчны нөлөөлөл зэргийг харгалзаад эхний ээлжинд гуравдугаар хувилбарыг сонгохоор санал нэгдээд буй гэнэ. Гуравдугаар хувилбарыг сонговол Гачуурт, Налайхын дунд байрлах талбайн амралтын газар, суурьшлын бүсийг нүүлгэх шаардлага тулгарах аж.
Усан цогцолбор байгуулсанаар хүн амын өсөлт, хотжилтоос үүдсэн усны хомсдолыг арилгах боломж бүрдэх юм. Мөн дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ. Туул голын урсац тасрахаас сэргийлэхээс эхлээд нийслэлчүүдийг ундны усны гачигдалд оруулахгүй байх зэрэг олон давуу талтай. Мөн үерийн хор, хөнөөлөөс сэргийлэх, үерийн үед усыг хурдан хуримтлуулж авч, байгаль орчныг хамгаалах юм.
Санхүүжилт болон ажлын зураг, байршил зэрэг нь шийдэгдвэл цогцолборыг 4-5 жилийн дараа буюу 2020 он гэхэд барьж дуусах боломжтой гэнэ. ТЭЗҮ, техникийн зураг боловсруулах ажлын талаар хэлэлцүүлгээс гарсан нэмэлт санааг нэмээд ирэх сард батлуулах төлөвлөгөөтэй аж.
Үүний дараа хэн барих, ажлын зураг, хаана барих, санхүүжилт гэсэн асуудлуудыг нийслэлийн ЗДТГ болон Засгийн газар шийднэ гэсэн.
Ч.МӨНХЗУЛ