Улсын маань нийслэлийн гудамжинд алхах, гишгэх газар олдохгүй байна. Хэн нэгэн хаа таарсан газраа нус, шүлсээ хаяснаас ийм байдалд хүрчээ. Урдхан талд алхаж байгаад хажуу тийшээ хараад шүлсээ хаяхад нь шүлсэн “бороо” нүүрэн дээр буух нь энүүхэнд.
Харин гадаадын өндөр хөгжилтэй орнуудад тэжээвэр амьтан нь гудамжинд бие зассан тохиолдолд торгодог, нийтийн эзэмшлийн талбайд шүлсээ хаях хориотой байдаг гэж тухайн улсад очоод ирсэн хүмүүс ярьдаг.
Тэгвэл Улаанбаатар хотын удирдлагууд энэ мэт энгийн соёлч байдлаас эхлээд нийслэл хотод өрнөж буй явдлыг дүрэмтэй байлгах ажлыг 2013 оноос эхлүүлсэн.
Ингэхдээ “Ач холдинг” ХХК-ийг хотын дүрэм боловсруулах зөвлөх байгууллагаар шалгаруулж, ажлын хэсгийнхнийг АНУ-ын Денвер хотод туршлага судлуулсан юм. Тус хот нь уур амьсгалын өөрчлөлт зэргээрээ манайхтай төстэй учир дүрмийг нь судалж, түүнээс эш татан дүрмийн төсөл боловсруулахаар болсон.
Нийт 107 үйлдлийг журамлах уг дүрэм батлагдвал нийслэлийн иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, ая тухтай орчинд оршин суух боломж бүрдэнэ гэж байв. Улмаар 2015 оноос хотын дүрмийн төслийг боловсруулж, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлээд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн.
Гэвч өдий хүртэл төсөл бэлэн болоогүй, хэзээнээс нийтэд сурталчилж, хэрэгжүүлэх нь тодорхой бус байна. Анх хотын засаглалыг бэхжүүлэх үүднээс дүрмийг яаралтай боловсруулах нь зүйтэй хэмээн 2013 оны долдугаар сард тухайн оны төсвийн тодотголоор 400 сая төгрөг дүрэм боловсруулах ажилд төсөвлөжээ.
Мөн 2014 оны төсөвт нэмж 200 сая төгрөг суулгасан аж. Энэ мэтээр жил бүр нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө тусгадаг юм байна. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр “2012 оноос л хотын дүрэмтэй болно гэж ярьж буй. Гэвч одоогоор ИТХ-д танилцуулсан зүйл алга.
Жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөдөг ч чухам юу хийснийг нь мэдэхгүй байна” гэв. Харин дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсгийн зарим гишүүн “Хэд хэдэн дүрэм бэлэн болсон.
Төсөвлөсөн хөрөнгийг гадаадын хотуудад туршлага судлах, судалгаа хийх, Улаанбаатар хотын дүрэм боловсруулах ажилд зориулж байгаа. Тодорхой саналуудыг тусгасны дараа ирэх тавдугаар сараас хэрэгжүүлж эхлэх байх” гэв.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар дээрх хөрөнгөөр дагуул хотуудын дүрмийг боловсруулан, хэрэглэж эхэлжээ. Мөн 50 гаруй салбар дүрмийн төслийг боловсруулсан сурагтай.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
ХОТЫН ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХАД БАГАГҮЙ
ХУГАЦАА ШААРДАГДАЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэлээс хотын дүрэм хэзээнээс хэрэгжих талаар тодрууллаа.
-Улаанбаатар хот дүрэмтэй болох зорилт тавьсан. Дүрмийн төсөл боловсруулах ажил ямар шатанд явна вэ?
-“Хот, аймгуудыг иргэдэд нээлттэй, иргэдийн оролцоотой асуудлаа шийддэг байхад чиглэсэн дүрэмтэй болгоно” гэж Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Хотын дүрэм боловсруулах төслийг 2013 онд эхлүүлсэн.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын тоо эрс нэмэгдэж, эдийн засаг өсөж, нийгмийн харилцаа өргөжихийн хэрээр хуримтлагдаж буй олон асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан, тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох зорилгоор нэгдүгээрт, холбогдох хууль тогтоомжид хот дүрэмтэй байх зохицуулалтыг бий болгох, хоёрдугаарт нь хотын дүрэм боловсруулах, гуравдугаарт нийслэлийн дагуул хот байгуулах, дүрмийг нь батлах ажлыг гүйцэтгэж байна.
-Өнгөрсөн онд хотын дүрмийг боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх ёстой байсан боловч амжаагүй гэсэн. Хэдэн дүрэм боловсруулаад байгаа бол?
-Хотын багц дүрэм нь Үндсэн дүрэм болон хотын эдийн засаг, нийгмийн амьдрал, аж ахуйн үйл ажиллагааны аливаа нэг хүрээний асуудлыг зохицуулсан салбар дүрмүүдээс бүрдэнэ. Олон улсын туршлага, дэлхийн хотуудын жишгийг баримтлан хотын Үндсэн дүрэм болон 57 салбар дүрэм боловсруулахаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар бид бэлэн болсон 54 дүрмийн төслийг хүлээн авч, хууль тогтоомжид нийцүүлэх, нийслэлийн харьяа байгууллагуудын саналыг авч, тусгах ажлыг зохион байгууллаа. Дүрмийн төслийг иргэдээр хэлэлцүүлэх ажлыг хийж эхлээд байна.
-Бэлэн болсон дүрмүүдээ тэгээд хэзээ иргэдээр хэлэлцүүлэх юм бэ?
-Зарим дүрмийг батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор нийслэлийн дагуул Багануур, Налайх хотыг байгуулж хотын Үндсэн дүрэм батлахыг Налайх хотын иргэдийн 96.9 хувь, Багануур хотын иргэдийн 95.6 хувь нь дэмжиж баталсан.
Үүний дагуу нийслэлийн ИТХ нийслэлийн дагуул хотууд байгуулж, хотын Захирагчийг иргэдээр нь сонгууллаа. Мөн хотын өмч, төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, Захирагчийн ажлын албыг байгуулж, дүрэм, бүтэц, орон тоог баталсан.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд хот дүрэмтэй байх нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг УИХ шийдвэрлэвэл Улаанбаатар хот дүрмээ батлах эрх зүйн орчин бүрдэнэ.
Дээрх хуулиудад өөрчлөлт оруулах, хотын дүрэм батлах асуудлаар ирэх дөрөвдүгээр сард иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Уг төсөлд нэлээд хөрөнгө зарсан ч үр дүн нь гарахгүй байгаа талаар ИТХ-ын зарим төлөөлөгч хэлж байна.
-2013 онд “Хотын багц дүрэм боловсруулах” төслийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж явуулсан. Сонгон шалгаруулалтаар шалгарсан төслийн гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа, маш их судалгаа шаарддаг. Тиймээс төслийн санхүүжилтийг нийслэлийн он, оны төсөвт суулган, гэрээний дагуу олгож байна.
Г.ЦЭЦЭГ
