
Шинэчлэн баталсан Арбитрын тухай хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.
-Ардчилсан нийгэмд шилжсэний дараа баталсан хуулиудыг өдгөө ээлж дараалан шинэчилж байна. Арбитрын тухай хуулийг шинэчлэн батлах шалтгаан юу байв?
-Хэд хэдэн шалтгаан байсан. Юуны түрүүнд хууль зүйн талаас нь тайлбарлая. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Арбитрын тухай хуулийг шинэчилж, эрх зүйн харилцаанд оролцогчдын эдийн болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх боломж, сонголт бүрдүүлэх зорилт тавьсан.
2003 онд анх Арбитрын тухай хуулийг НҮБ-ын загвар хуулийн дагуу баталсан ч манай улс уг загвар бүхий хуулийг нутагшуулсан орны жагсаалтад хараахан бүртгүүлж чадахгүй л байна. Энэ нь Монгол Улсын арбитрын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал сул байна гэсэн үг. Тиймээс НҮБ-ын зөвлөмж болон бусад үндэслэлийг харгалзаж Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулсан. Нөгөө талаас практик үндэслэлүүд ч байсан.
Тухайлбал, 2015 онд шүүхээр хянан шийдүүлсэн иргэний хэрэг 40600 орчим байсны 53 хувийг нь шүүх хуралдаанаар хэлэлцжээ. 2016 онд ч энэ тоо өссөн. Гэтэл арбитрт шийдүүлж буй хэрэг, маргааны тоо 100-гийн дотор л багтаж байна. МҮХАҮТ-ын дэргэдэх арбитр 2014 онд 41, 2015 онд 70, 2016 оны эхний найман сарын байдлаар 110 маргаан хүлээж авч 58 маргааныг л шийдсэн байх жишээтэй.
Энэ ч үүднээс шүүхийн ачааллыг бууруулах, шүүхийн бус замаар хэрэг, маргаан хянан шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор уг хуулийг хэлэлцүүлэн батлуулсан.
-Арбитрын хүлээн зөвшөөрөгдөх байдал сул байгаа нь иргэдийн энэ талаарх мэдлэг, мэдээлэл муутай холбоотой юм шиг. Эсвэл арбитраар шийдвэрлэсэн хэрэг, маргаан итгэл төрүүлэхүйц бус байна уу.
Ямар шинэ хөшүүрэг суулгаж өгсөн бэ?
-Хоёр талтай юм. Арбитрын тухай хууль, тогтоомжийг сурталчлах, шүүхийн бус журмаар хэрэг, маргаан шийдвэрлүүлэх боломжийн талаар иргэдэд хүргэж чадаж байна уу гэдэг нэг асуудал. Хүлээн зөвшөөрөгдөх байдалтай нь холбоотойгоор арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх боломжийн талаар иргэд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх талтай.
Нөгөө талаас хууль, эрх зүйн хүчин зүйл шууд нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, арбитрын шийдвэр хэрэгждэг байх ёстой гэдэг талаас нь харж шинэчилсэн. Мөн талууд арбитраа чөлөөтэй сонгодог, шүүхэд хандсанаас илүүтэй зардал мөнгө, цаг хугацаа хэмнэхээс гадна мэргэшсэн этгээдээр хэрэг, маргаанаа шийдүүлэх бололцоог уг хуулиар нэмэгдүүлж, улмаар биелэгддэг байх чиглэлд зорьж боловсруулсан.
Ингэхдээ шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах арга механизмыг илүү тодорхой болгож, нарийвчилж өгсөн.
-Арбитр хараат бус, шударга шийдвэр гаргах үндэслэл нь юу юм бэ?
-Арбитр өөрийн гэсэн онцлогтой. Талууд хэнээр хэрэг, маргаан шийдвэрлүүлэх вэ гэдгээ сонгодог. Өөрөөр хэлбэл, хоёр тал арбитрыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулъя гэж тохирвол нэг, нэг хүнээ сонгоод, тэр хоёр нь гуравдагч этгээдийг сонгодог. Тэгэхээр эрх ашгийн зөрчил үүсэж, хараат бус байдал алдагдах нь харьцангуй гайгүй.
Үндсэндээ талуудын сонголтын л асуудал гэж хэлж болно. Шинэ хуульд арбитраар ажиллаж болохгүй хүмүүсийг тодорхой зааж өгсөн. Цаашид тодорхой төрлийн маргааныг шүүхийн бус замаар шийдэх болоцоог нэмэгдүүлэх үүднээс арбитрыг хаана байгуулж болохыг нарийн тусгасан.
Тодруулбал, байнгын болон түр арбитртай байх бөгөөд байнгын арбитрыг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хэрэглэгч, үйлдвэрчний эвлэлийн болон төрийн бус бусад байгууллагын дэргэд байгуулж болохоор заасан. Энэ нь тухайн арбитрын дүрэм, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, бүрэлдэхүүн нь өргөн сонголттой байхад эерэг нөлөөтэй.
-Арбитрын шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээний тухайд тодруулахгүй юу?
-Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар “урьдчилсан тогтоол” гэж зүйл гаргаж болох, улмаар энэ нь баталгаатай хэрэгждэг байх, үүссэн хор хохирлыг аль тал хүлээх вэ гэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан гэсэн үг.
-Парламентын хэлэлцүүлгийн явцад зарим гишүүн дагалдан өргөн мэдүүлсэн төслүүдтэй холбоотойгоор шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байсан.
-Бидний судалгаагаар 80 гаруй хууль, тогтоомжид тодорхой төрлийн хэрэг, маргааныг зөвхөн шүүхээр шийдүүлнэ гээд заасан нь арбитраар хэрэг, маргаанаа шийдүүлэх боломжийг багасгаж байгаа юм. Тухайлбал, зарим хуульд өөрчлөлт оруулснаар Эрчим хүчний хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хувь хүмүүсийн хооронд үүсэх маргааныг шүүхээр биш, арбитраар шийдүүлэх боломжтой гэсэн үг.
Зарим гишүүний хэлж байсанчлан уг хуультай холбоотойгоор төрийн аль нэг байгууллага арбитрт дуудагдах нөхцөл үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, аливаа хэрэг, маргааныг шууд арбитраар шийдүүлэх ёстой гэж хуульчилж байгаа хэрэг биш.