
Иргэд орон нутаг руу нийтийн тээврийн унаагаар зорчихын тулд “Драгон” төвд очилгүйгээр www.teever.gov.mn сайтаар тасалбар захиалах боломжтой. Цаг хэмнэж, зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Автотээврийн үндэсний төвөөс өнгөрсөн жил ийм шинэчлэл хийсэн. Гэвч иргэд энэ талаар тодорхой мэдээлэлгүйгээс онлайнаар тасалбар захиалах нь ховор аж.
Тэгвэл ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв, “Метатек” компанийнхан “Драгон” зорчигч тээврийн төв, “Баянзүрх” авто вокзалд шинэ үйлчилгээ нэвтрүүлснээ өчигдөр танилцуулав. Тодруулбал, улс, хот хооронд зорчих тасалбар түгээх TVM (Ticket vending machine) машиныг дээрх хоёр газарт суурилуулжээ. Ингэснээр иргэд тасалбар авах гэж дугаарлах шаардлагагүй болж буй юм.
Тасалбар захиалахдаа хот хоорондын тээвэр гэсэн цэс рүү нэвтрэн, зорчих чиглэлийнхээ автобусны цаг болон суудлын дугаараа сонгоно. Дараа нь регистрийн дугаараа бүртгүүлж, төлбөр хийх картаа уншуулаад л болох гэнэ. TVM машин ердөө нэг минутын дотор тасалбар “үйлдвэрлэдэг”. Мөн НӨАТ-ын баримт авах боломжтой аж.
Автотээврийн үндэсний төвийнхний хэлж буйгаар эл төхөөрөмжийг 21 аймгийн Зорчигч тээврийн төв, томоохон худалдааны төвүүдэд суурилуулахаар төлөвлөжээ. Гэхдээ олны хөл хамгийн их байдаг дээрх газруудад нэг сарын хугацаанд ажиллуулан туршсаны дараа энэ асуудлыг шийдэх юм.
TVM машин цаг хэмнэж, шуурхай үйлчилнэ. Түүнчлэн 24 цаг ажиллах учраас иргэд хэдийд ч тасалбар захиалж болох нь. Туршилтын хугацаа дууссаны дараа мэргэжилтнүүд нарийвчилсан тохиргоо хийж, төмөр зам, агаарын болон нийтийн тээврийн тасалбарыг нэг доороос авах боломж бүрдүүлэх юм байна. Сонирхуулахад, TVM машин зохион бүтээхэд 15 мянган ам.доллар зарцуулжээ.