
Хуурайшилтаас үүдэлтэй түймэр сүүлийн үед нэлээд гарч байгаа. Тиймээс иргэд хөдөө, хээр болон ил задгай газарт гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж буй. Иргэдийн хайнга, хэнэггүй байдлаас болж уржигдар Үндэсний соёл амралтын хүрээлэнд гал гарчээ. Тодруулбал, эл хүрээлэнгийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлага ОБЕГ-т тухайн өдрийн 17.50 цагт ирсэн гэнэ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажиллан, галыг унтраасан байна. “Ажилтнууд нь шар өвс шатаах гэж байгаад гал алдсан” гэж Гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Мягмаржав хэллээ.
Хуурайшилт ихтэй үед өнжмөл шар өвс, ногоо шатаахгүй байхыг онцгой байдлын албаныхан анхаарууллаа. Хашаан дахь шар өвсөө шатаах гэж байгаад 12 айлын хашаа, хоёр байшин галдсан харамсалтай хэрэг саяхан гарсан билээ.