
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэдтэй. Гэвч цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас тэдний 70 гаруй хувь нь сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж чаддаггүй гэнэ. Тиймээс тус дүүрэг дэх ахуйн үйлчилгээний барилгыг засаж, цэцэрлэг болгох санаачилгыг дүүргийн удирдлага гаргажээ.
Энэ ажилд 260 орчим сая төгрөг хэрэгтэй гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хотын даргатай уулзах үеэрээ хэлсэн байна. Энэ санаачилга ажил хэрэг болбол 80-аад хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэх аж.
Мөн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 40 хувь нь гурван ээлжээр хичээллэж буй. Иймд сургуулиуд гурван ээлжээр хичээллэдгийг халах, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх нь тус дүүргийнхний хувьд тулгамдсан асуудал болжээ.