
5 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 145 дахь өдөр бөгөөд он дуусахад 220 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 31 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 30, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2413.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 350.70, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: “Хот төлөвлөлтийн хямралаас залхаж байна” сэдэвт хэвлэлийн хурал болно.
- "Үрслэгийн чанараас үлэмж ургац" хүнсний ногооны үрслэгийн үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний хойд талбайд зохион байгуулагдаж байна.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын өмгөөлөгчдийн холбооны НЗДТГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ..
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн болон сонгуулийн хар машины асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 13.00 цагаас Эко автомашин импортлогчид, Автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, Тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна.
- 2009 онд Хойд Солонгос улс хоёр дахь цөмийн зэвсгийн туршилтаа явуулжээ.
- 2011 онд алдарт "Опра Уинфригийн шоу"-ны хамгийн сүүлчийн нэвтрүүлэг цацагджээ.
- 1977 онд "Оддын дайн" театруудаар цацагдаж эхэлжээ.