
“Нисэх, Яармаг чиглэлд орон сууцны олон хотхон, хороолол босож байна. 2030 он гэхэд хүн амын төвлөрөл тэнд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх хандлагатай. Тиймээс Сонсголон чиглэлийн авто замыг өргөтгөлөө. Гэвч гүүрнийх нь зорчих хэсэг нарийн учир тээврийн хэрэгслийн зохиомол ачаалал үүсдэгийг иргэд байнга хэлдэг.
Тиймээс Баянгол дүүргийн XX хорооны нутаг дахь Сонсголонгийн гүүрийг хүчитгэн, өргөтгөх шаардлагатай” хэмээн Д.Нанзаддорж нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа хэлж байв. Тэгвэл эл төлөвлөгөө ажил хэрэг болж, Сонсголонгийн шинэ гүүрний шавыг өчигдөр тавилаа.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих уг гүүрний барилгын ажлыг тус улсын “Бээжин юни-констракшн групп” компани гүйцэтгэнэ. Харин туслан гүйцэтгэгчээр “Ган гүүр” ХХК ажиллаж, “Гуанжу ванан констракшн” компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Бүтээн байгуулалтын хүрээнд Сонсголонгийн хуучин гүүрийг хүчитгэж, баруун талд нь шинийг барих юм. Тодруулбал, хуучин гүүрний суурийг сайжруулж, зорчих хэсэгт нь давхар хучилт хийх аж.
21.4 сая ам.долларын санхүүжилтээр, 2.5 жилийн хугацаанд гүйцэтгэх уг бүтээн байгуулалт замын хөдөлгөөний одоогийн ачааллыг 100 хувь арилгаж, ирээдүйд үүсэх түгжрэлийг нэг дахин бууруулах ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра онцоллоо.
Тэрбээр “Энэ хавар Улаанбаатар хотод дөрвөн томоохон гүүрний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Сонсголонгийн хуучин гүүр хоёр эгнээтэй. Тиймээс дэргэд нь мөн хоёр эгнээ гүүр барьж, дөрвөн эгнээ болгоно. Бүтээн байгуулалтын үеэр гүүрний зорчих хэсгийг хаахгүй, шаардлагатай тохиолдолд ЗЦА-тай хамтран энэ асуудлыг зохицуулах болно. Гүүр барихдаа явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлгийг хамтад нь стандартад нийцүүлэн хийнэ” гэв.
Дашрамд дурдахад, гүүрний ажилд шаардлагатай материалыг Монголын үйлдвэрүүдээс авах бөгөөд ойролцоогоор 500 хүнийг ажилтай болгох гэнэ.